Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/01327

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 183/ШШ2023/01327

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод байрлах, Э  ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, Н.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: 211 346 785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.​

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э  ХХК нь Н.Б-т холбогдуулан газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Н.Б нь Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан ба тус компанийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газар дээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор Э  ХХК болон иргэн Н.Б нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ү ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.  Тус гэрээний 2.4-т заасны дагуу худалдагч тал эрхийн доголдолгүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төрлийн өр төлбөргүй, санхүүгийн аливаа асуудалгүй хувьцааны эрхийг худалдан авагч талд 100 хувь хүлээлгэн өгснөөр Э  ХХК хувьцааны төлбөрийг 100 хувь төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Энэхүү гэрээгээр худалдагч тал  Ү ХХК-ийн ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 3 га газрын төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч худалдагч Н.Б-ийн зүгээс гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа тус газрын төлбөрийг төлөх боломжтой байгаагаа илэрхийлсэн тул бид түүний амлалтад итгээд төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100 хувь төлсөн. Гэвч газрын төлбөрийг 2011 оноос хойш огт төлөөгүй байсан ба Э  ХХК нь түүний Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа төлөх ёстой байсан төлбөрийг алдангийн хамт 211 346 785 төгрөгийг Хан-Уул дүүргийн газрын албанд төлсөн тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх заалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчин эрхийн доголдолтой буюу бусдын өмнө өр төлбөр хүлээсэн компанийн эрхийг шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн зохицуулалтын хүрээнд Н.Б нь 2019 оны 8 дугаар сар хүртэл Ү ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсны хувьд дээр дурдсан төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн этгээд байсан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан. Иймд иргэн Н.Баярцэцэгээс газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч Н.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117.1-т тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд газрын төлбөрийг Ү ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Гэвч тус баримт нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн баримт байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сард Н.Б-ийн хувьд тус компанийн хувьцаа эзэмшигч биш болсон байсан. Н.Б нь 2013 оноос 2018 оны хооронд тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2019 онд Эй жи жи ХХК-д өөрийн 100 хувийн хувьцаагаа шилжүүлэн худалдсан. Н.Б нь 2010 онд газар эзэмшиж, ашиглах эрхтэй байсан, үүний дагуу аялал жуулчлалын цогцолборын дэд бүтцийг бий болгож, хашаа барьж, зураг төслийг хийж, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн байсан боловч яг бодитоор ажил болгож үйл ажиллагаагаа явуулаагүй. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон захирамжийн дагуу гэрчилгээ олгогдсон, гэрчилгээнд үндэслээд гэрээ байгуулахыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгоод, мөн газрын албанд төлбөрийг төлөөд явах ёстой байсан.  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөр төлөгч хэн бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Б гэдэг хүн газрын гэрээ байгуулсан байна уу, газрын төлбөрийг шаардсан байна уу, газрын төлбөр төлөгдсөн байна уу гэдэг асуудлуудыг тодорхой болгох үүднээс эрх бүхий байгууллагууд руу шүүхийн журмаар маш олон удаа баримт гаргуулахаар шаардсан. Гэвч дээрх баримтууд ирээгүй тул нэхэмжлэгч талын газрын төлбөр төлсөн гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй байна. Хариуцагч Н.Б нь Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа тухайн компаниа газар ашиглах эрхтэй байсан, эрхийн хугацаа нь 2018 онд дууссан. 2018 онд газар эзэмших, ашиглах гэрээгээ сунгуулах гээд хөөцөлдсөн боловч гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд эрхийг нь сунгаж өгөхгүй гэх хариуг өгсөн. Дээрх асуудлыг шийдэх боломжгүй байсан тул төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хаяхгүйн тулд өөр хүнд худалдахаар Ремакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай гэрээ байгуулсан. Үүний дагуу 2019 оны 02 дугаар сард Э  ХХК-ийн захирал н.Ганцэцэг ирж уулзсан. Анх зуучлалын гэрээгээр төслийн үнийг 1.9 тэрбум төгрөгөөр худалдах байсан боловч газрыг ашиглах эрхийг сунгах гэж 3 сарын хугацаанд хөөцөлдсөн боловч бүтээгүй. Энэ үед н.Ганцэцэг нь бидэнд газрыг арай хямд үнээр худалдаж авъя, өөрсдөө газрын эрхийг сунгуулаад цаашид үйл ажиллагаагаа явуулъя гэх саналыг тавьсан.  Үүний дагуу 1.9 тэрбум байсан үнийн дүнг 1.1 тэрбум төгрөг болгож бууруулсан. Ингээд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед н.Ганцэцэг нь 50 хувийг урьдчилж төлөөд, газрын асуудлаа шийдсэний дараа 50 хувийг шилжүүлье гэх саналыг тавьсан. Ийнхүү 5 дугаар сард 500 000 000 төгрөгийг урьдчилж шилжүүлээд компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа 7 дугаар сард 394 дүгээр захирамж гарч, газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан. Газар ашиглах эрх сунгагдаад ямар ч асуудалгүй болсон учир 8 дугаар сард үлдэгдэл төлбөрөө өгч, 100 хувийн хувьцааг бүрэн худалдаж авсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг харахад тухайн үед төлбөрийг төлөлгүйгээр гурвалсан гэрээ байгуулж, газар ашиглах эрхийг сунгасан гэж харагдаж байна. Хэрэв ямар нэгэн асуудалтай гэдгийг ойлгож байсан бол нэхэмжлэгч 8 дугаар сард үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байсан. Нэхэмжлэгч тал нь өөрсдөө хариуцна гэж анх тохиролцож гэрээ байгуулж, үнийн дүнг буулгаж авсан. Гэтэл одоо өөрсдөө ашигтай байдал үүсгэж, төлбөр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шударга бус байна гэв.

                                                                                                                                           

3. Нэхэмжлэгч талаас,  талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Э  ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019-78 дугаар хамтран ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэх тухай албан бичиг, Э  ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22/20-34 дүгээр нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16/66 нэхэмжлэлийн баримт, Хас банк ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр гүйцэтгэх хүсэлт, Хас банк ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн орлогын маягт, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримт, Хас банк ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын баримт, Хаан банк ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/25 дугаар албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №2020/140 дүгээр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, хариуцагч Н.Б-ийн Э  ХХК-д хүргүүлсэн гэрээний тухай тайлбар, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ү ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Хас банк ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр гүйцэтгэх хүсэлт, Ү ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Хас банк ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эскроу данс нээлгэх хүсэлт, мөн өдрийн 5003071191 дугаартай эскроу дансны үйлчилгээний гэрээ, Хас банк ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн мэдэгдэл, талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ, Хас банк ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн мэдэгдэл, мөн өдрийн 5002863689 дугаартай эскроу дансны үйлчилгээний гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

  5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Ү ХХК-ийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгай хаягт бүртгэлтэй газрын 2012 оноос хойших газрын төлбөр тооцооны дэлгэрэнгүй лавлагаа, төлбөр барагдуулсан байдлын тодорхойлолт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/394 тоот Ү ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан тушаал, Ү ХХК-ийн тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураглал, хамгаалалтын захиргаатай байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус сайдын 2019 оны А/394 тоот Ү ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан тушаалын хуулбар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Э  ХХК-ийн 2020 оны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 4/21 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай тогтоол, Нийслэл Улаанбаатар хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Гацуурт, Жаргалант, Туул тосгоны газрын төлбөр тогтооход тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг түр хугацаагаар хэрэглэх газрын бүсчлэлийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоол, Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэлийн газар эзэмших, ашиглах, зориулалтын ангилал, 1 м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжээ, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаар газрын үнэлгээний зэрэглэл, /бүс/-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол, газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №2020/140 дугаартай Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал, Ү ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Сономжамцын иргэний үнэмлэхийн хуулбар, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар тусгай хамгаалалтай газар нутаг газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичиг, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Э  ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой хувийн хэргийг бүхэлд нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...Н.Б нь Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компанийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газар дээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор Э  ХХК болон иргэн Н.Б нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ү ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.  Тус гэрээний 2.4-т зааснаар худалдагч тал нь эрхийн доголдолгүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төрлийн өр төлбөргүй, санхүүгийн аливаа асуудалгүй хувьцааны эрхийг худалдан авагч талд 100 хувь хүлээлгэн өгөх буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 3 га газрын төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч  Н.Б-ийн зүгээс гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа тус газрын төлбөрийг төлөх боломжтой байгаагаа илэрхийлсэн тул Э  ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг 100 хувь төлсөн. Гэвч тус газрын төлбөрийг 2011 оноос хойш огт төлөөгүй байсан ба Э  ХХК нь Н.Б-ийн Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа төлөх ёстой байсан төлбөрийг алдангийн хамт 211 346 785 төгрөгийг Хан-Уул дүүргийн газрын албанд төлсөн. Иймд худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх заалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.д заасны дагуу Н.Баярцэцэгээс газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1, 117.1-т тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд газрын төлбөрийг Ү ХХК-ийн өмнөөс төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн боловч тус баримт нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн баримт байх бөгөөд энэ үед Н.Б Ү ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон байсан тул хамааралгүй байна. Н.Б нь 2010 онд газар эзэмшиж, ашиглах эрхтэй байсан, үүний дагуу аялал жуулчлалын цогцолборын дэд бүтцийг бий болгож, хашаа барьж, зураг төслийг хийж, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн байсан боловч яг бодитоор ажил болгож үйл ажиллагаагаа явуулаагүй. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон захирамжийн дагуу гэрчилгээ олгогдсон, гэрчилгээнд үндэслээд гэрээ байгуулахыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгоод,  газрын албанд төлбөрийг төлөөд явах ёстой байсан боловч гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч Н.Б нь Ү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа тухайн компаниа газар ашиглах эрхтэй байсан, эрхийн хугацаа нь 2018 онд дууссан, 2018 онд газар эзэмших, ашиглах гэрээгээ сунгуулах гээд хөөцөлдсөн боловч гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд эрхийг нь сунгаж өгөхгүй гэх хариуг өгсөн. Дээрх асуудлыг шийдэх боломжгүй байсан тул төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хаяхгүйн тулд 1.9 тэрбум төгрөгөөр худалдахаар зуучлалын компанитай гэрээ байгуулсан байсан боловч н.Ганцэцэг нь бидэнд газрыг арай хямд үнээр худалдаж авъя, өөрсдөө газрын эрхийг сунгуулаад цаашид үйл ажиллагаагаа явуулъя гэх саналыг тавьсныг зөвшөөрч үнийн дүнг 1.1 тэрбум төгрөг болгож бууруулсан. Гэрээ байгуулах үед н.Ганцэцэг нь 50 хувийг урьдчилж төлөөд, газрын асуудлаа шийдсэний дараа 50 хувийг шилжүүлье гэх саналыг тавьж, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа 7 дугаар сард 394 дүгээр захирамж гарч, газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан. Ингээд ямар ч асуудалгүй болсон учир 8 дугаар сард үлдэгдэл төлбөрөө өгч, 100 хувийн хувьцааг бүрэн худалдаж авсан. Ийид нэхэмжлэгч тал  өөрсдөө хариуцна гэж анх тохиролцож гэрээ байгуулж, үнийн дүнг буулгаж авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шударга бус байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э  ХХК болон хариуцагч Н.Б нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Н.Б-ийн эзэмшлийн Ү ХХК-ийн 10 000 ширхэг, 100 хувийн хувьцаа болон тус компанийн ашиглалтад байгаа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Энхтайваны аманд орших 2.99 га газарт хэрэгжүүлэх төсөл, дэд бүтцийн хамтаар нийт 1 150 000 000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон худалдан авагч Э  ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 500 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 325 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 325 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан талаар маргаагүй.

 

5. Хариуцагч Н.Б-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан Ү ХХК-д Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны А-77 тоот тушаалын хавсралтаар, Хан-Уул дүүргийн нутагт орших, Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаагаар ашиглах Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2013/10 дугаар гэрчилгээг олгосон байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр дээрх газар ашиглах эрх, Ү ХХК-ийн хувьцааны хамт Э  ХХК-д шилжсэн байх бөгөөд гэрээний 2.4 дэх заалтаар худалдагч буюу Н.Б нь компанийн бусдад өгөх өр төлбөрийг 100 хувь шийдэн, санхүүгийн аливаа өр төлбөр зөрчилгүйгээр хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ.

 

7. Ү ХХК 2012 оноос хойш 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 16/2943 дугаар албан бичгээр ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тооцохоор хуульчилсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захирамж гарч гэрчилгээ олгогдсоноор бүртгэгдсэн гэж тайлбарласан тул ийнхүү бүртгэгдсэнээр газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

 

9. Хариуцагч Н.Б ...2018 онд газар эзэмших, ашиглах гэрээгээ сунгуулах гэхэд гурвалсан гэрээ байгуулагдаагүй гээд эрхийг сунгаж өгөөгүй. Дээрх асуудлыг шийдэх боломжгүй байсан тул, нэхэмжлэгчийн ...газрыг арай хямд үнээр худалдаж авъя, өөрсдөө газрын эрхийг сунгуулаад цаашид үйл ажиллагаагаа явуулъя гэх саналыг тавьсныг зөвшөөрч үнийн дүнг 1.1 тэрбум төгрөгөөр худалдсан гэж маргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, хэргийн 81 дүгээр талд авагдсан Н.Б Э  ХХК-д хүргүүлсэн ...гэрээ байгуулахаас өмнөх хугацааны тухайн компанид хамаарах өр төлбөрийн асуудлыг худалдагч тал хариуцахаар заасан ба үүгээр дахин гэрээний дээрх заалтыг баталгаажуулж, ...иргэн миний бие хариуцахаа нотолж байна гэх тайлбараар түүний дээрх татгалзал үгүйсгэгдэж байна.

 

10. Иймд нэхэмжлэгч Э  ХХК дээрх тооцоо нийлсэн актаас хариуцагчид хамаарах хугацааны төлбөрт нийт 211 346 785 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдох тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч Н.Б-с 211 346 785 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 214 683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 214 683 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э  ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Б-ээс газрын төлбөрт төлсөн 211 346 785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э  ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 214 683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 214 683 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ