Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 316

 

 

 

 Б.Б, Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Гантулга, Б.Хулангоо, Б.Тэнгис, шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч А.Очбадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 206 дугаар магадлалтай, Б.Б, Д.М нарт холбогдох 201726010722 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, Б.Б, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Б.Хулангоо, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 12 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 1-нд эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Б овогт Б.Б;

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 1997 оны 4 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шүүхээс уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  2005 оны 3 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, Б овогт Д.М.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Д.М нарын бүлэглэж хохирогч Д.Гийг алсан хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар бүх насаар нь хорих ял,

шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 14 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 563 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 384 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3.550.000 төгрөг, шүүгдэгч Д.Маас 3.355.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цд 7.100.000 төгрөг олгуулах, амь хохирогч Д.Гн төрсөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Д.М нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “Миний бие хоёр хүний амь настай холбоотой хэрэгт холбогдон бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдсэн ч гэсэн дээрх шүүхийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур явдаг ба хяналтын шатны журмаар дараах асуудлуудыг хянан шийдвэрлүүлэхийг хүсч гомдол гаргаж байна.

Г.Гг алсан гэх хэргийн талаар. Тухайн цаг хугацаанд надтай хамтран амьдарч байсан Г.Гн үхлийн шалтгаан нь Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийг нас барахаас 48-72 цагийн өмнө авсан гэмтлээс үүдэлтэйг тодорхойлсон байдаг. Хэргийг шалгах явцад нас барахаас нь өмнө намайг зодсон гэх ямар ч нотолгоо олдоогүй ба зөвхөн хэргийн гэрч нарын 2-3 хоногийн өмнө Б.Б, Г.Г нар хоорондоо зодолдож, алалцсан гэсэн ам яриа нь яллах үндэслэл болсонд гомдолтой байдаг юм. Нэр бүхий гэрч нар зөвхөн нас барахаас нь хэдхэн цагийн өмнөх үйл явдлыг л гэрчилдэг. Зодолдсон гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг хэн нь ч зааж чаддаггүй ба талийгаачийн биед үүссэн олон тооны шарх сорвийг намайг үүсгэсэн болгож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлж зүйлчилснийг эрс эсэргүүцэж байна. Үүнийг байнгын согтуу байдаг хүмүүсийн үгсэн тохирсон мэдүүлгийг эх сурвалжгүйгээр үнэлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч нь нэр бүхий гэрчүүдэд мөнгө өгч нөлөөлөн мэдүүлэг авсныг ч гэрчүүд мэдүүлдэг ба энэ тухайгаа гэрч нар манай өмгөөлөгчид мэдэгдэж байсан баримт байдаг. Энэ нь байнгын архидан согтуурдаг хүмүүсийн худал мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. 2017 оны 4 дүгээр сарын 13-аас 14-ний шилжих шөнө талийгаач Г.Г гэмтэл авч нас барсан гэж үзэж байгаа бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг минь бага ч болов хөнгөлж өгнө үү.

Хохирогч Д.Гийг алсан гэх хэргийн талаар. Энэ хэргийн гэрч нар бүгд өмнөх хэргийн гэрчүүд байдаг ба хууль зүйн талаасаа надтай ашиг сонирхлын зөрчилтэй, өмнө нь найз Г.Ггээ намайг хэрхэн алсан гэдэгт итгэсэн, надад өширхсөн хүмүүс, мөн миний эсрэг мэдүүлэг өгсөн надтай хамт энэ хэрэгт холбогдсон Д.Мын эхнэр, эхнэрийнх нь төрсөн эгч, тэдний найз нар гэх зэргээр хэргийн гэрч байх шаардлага хангаагүй хүмүүс байдаг.

Хамгийн ноцтой хууль зөрчсөн үйлдэл нь Д.М анхнаасаа хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн. Түүний цохилтоос хойш талийгаач Д.Г ямар ч идэвхгүй, хөдөлгөөн хийлгүй газар дээрээ нас барсан байхад зөвхөн дээрх гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгч Д.Гийн амь хохирсныг нарийвчлан тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт байхгүй байхад бүлэглэн хүний амь нас хохироосон гэж дүгнэн зүйлчилснийг эсэргүүцэж байна. Дээрх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгалгүй хэт нэг талыг баримтлан ялласанд гомдолтой байна. Хууль бус үйлдэлдээ ял шийтгэл эдлэх нь шударга ёсонд нийцэх ч гэлээ буруу зөрүү мэдүүлэг, эсрэг сонирхол бүхий “бүлэг” архидан согтуурагчдын худал үгээр хүний бүх насны амьдралыг торны цаана өнгөрүүлэх шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимтай үл нийцэж байна. Энэ бүхнийг хянуулахаар хандаж байгааг хүлээн авч хуулиа дээдлэн шударга ёс, ардчилсан ёсоо бэхжүүлэн, иргэнийхээ эрхийг хүндэтгэн шударгаар хянан шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М гаргасан гомдолдоо: “Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дараах үндэслэлүүдийг хянан, шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.

Миний үйлдсэн хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их гэмшиж явдаг. Миний бие Б.Бтай бүлэглэн үйлдсэн гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би талийгаач Д.Гтой энгийн найз нөхдийн харилцаатай, хамт архи уудаг байсан ба ямар нэгэн байдлаар Б.Бтай үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдыг алах санаа зорилго, шалтгаан байгаагүй билээ. Талийгаач нь Б.Бтай ямар учир шалтгааны улмаас маргалдсаныг мэдээгүй. Харин архи уучихаараа талийгаач бид хоёр хоорондоо таарч тохирдоггүй, зодоон  цохион хийдэг байсан нь үнэн юм. Хэрэг болдог өдөр талийгаач над руу цохих гэж дайрахад нь би шанаан тус газарт нь 2 удаа цохин газарт унагаснаа мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр нь хүлээн мэдүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд миний эхнэр Отгонбаярын төрсөн эгч Б.Адъяасүрэн намайг энэ хэрэгт холбогдуулахгүйн тулд амь хохирогчийг Б.Б зодсон гэж худал мэдүүлэг өгсөн юм. Мөн гэрч Б.Батчулуун хэрэг гарсан өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ талийгаачийг Д.М зодсон гэж мэдүүлсэн байдаг ба 2017 оны 11 дүгээр сарын 22-нд дахин өгсөн мэдүүлэгтээ худал мэдүүлэн Б.Б талийгаачийг зодсон хэмээн худал хэлж эхэлсэн байдаг. Анхны өгсөн мэдүүлгээ өөрчлөх болсон учир шалтгааныг манай хадам эгч Б.Адъяасүрэн надад тайлбарлахдаа намайг энэ хэргээс салгаж авах, Б.Б нь тэдний найз болох талийгаач Г.Гг зодож амь насыг нь хохироосон гэх хэрэгт шалгагдаж байсан учир энэ хэрэгт давхар холбогдуулан яллуулах зорилготой байгаа гэдгээ тайлбарлаж байсан юм. Миний бие бусдын ятгалганд авталгүй талийгаачийг хоёр удаа цохиж газарт унагааснаар амь хохирогч дахин босч ирээгүй талаар, өөрөөр хэлбэл миний үйлдэл төгссөнөөс хойш талийгаач амиа алдсан болохыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр хүлээж мэдүүлсэн байгаа.

Энэ хэрэгт хэт яллах талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг хийгдсэнийг дараах тайлбараар хүргэхийг хүсч байна. Гэрч Б.Батчулуун хэрэг гарсан өдөр Б.Б бид хоёрыг хэрэгт ямар оролцоотой байсныг маш тодорхой гэрчилж байснаа ямар учир шалтгааны улмаас мэдүүлгээсээ буцсан зэргийг шалгаж мэдүүлгийн зөрүүг огт арилгаагүй. Б.Бын эсрэг талийгаач Г.Гн найз нөхдийнх нь зөрүүтэй, хүнлэг бус мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн, Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан миний эрх зүйн байдлыг дордуулан “бүлэглэн хүн алсан“ гэх хуулийн хүнд зүйл хэсгээр намайг яллаж байгаад гомдолтой байгаа ба миний амьдралын 14 жил, бас нэг хүний бүх насны амьдралын асуудлыг тодорхой нэгэн учир шалтгаантай хэсэг бүлэг хүмүүсийн зөрүүтэй, үнэнийг үгүйсгэсэн худал мэдүүлгүүдээр яллах үндэслэл болгосныг эрс эсэргүүцэн, уг асуудлыг дахин хянан магадлан шийдвэрлүүлэхийг хүсч байгаад оршино. Архи ууж хүн зодон, түүний улмаас хүний амь нас хохироосныг хүлээн зөвшөөрч байгаа боловч “бүлэглэн” хэмээн хүндрүүлэх нөхцөл байдалтай ялласан хуулийн зүйл заалтыг дахин хянаж, миний гэмт үйлдэлд тохирох хуулийн зөв зүйл заалтаар хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байгааг минь хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Б.Бын хохирогч Г.Гг алсан гэх гэмт хэргийн тухайд. Прокуророос шүүгдэгч Б.Быг хохирогч Г.Гг 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө зодож алсан гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүхээс Б.Б нь хохирогчийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зодсон, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө дахин зодож алсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үхэлд хүргэсэн гэмтэл үүссэн цаг хугацаанд тохируулан дүгнэж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 дүгнэлтэд “тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт... гэх зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн байна. /2017.04.14-ний 07.10 цагт задлан шинжилгээ хийсэн, тэр үед нас бараад 4-6 цаг болжээ” гэж дүгнэсэн, 1хх-42-43/

Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан "гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэстэй.

Ийнхүү шүүхээс гэм буруутайд тооцохдоо хохирогч Г.Гн Б.Батчулуун, Ч.Энхтуул хоёрт хандан хэлсэн "бид хоёр алалцаж байгаад ирлээ" гэх бусад баримтаар давхар тогтоогдоогүй, ганцхан мэдүүлгийг үндэслэн “Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 11-нд хохирогчийг зодсон байна” гэж дүгнэсэн. Мөн энэ хэргийн гол гэрчүүд болох Б.Батчулуун, Ч.Энхтуул нарын мэдүүлгийг хууль бус арга хэрэглэн авсан болох нь Б.Батчулууны 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлгээ үнэн зөв өгөөрэй гээд 3000 төгрөг өгөөд Ч.Энхтуул бид хоёрыг хоолонд оруулсан” гэх мэдүүлгээр тогтоогддог. /4хх-27/

Б.Б, Д.М нар бүлэглэн хохирогч Д.Гийг алсан гэх гэмт хэргийн тухайд. Энэ хэрэгт мөн л эхний хэргийн гэрчүүд болох Б.Батчулуун, Ч.Энхтуул нар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тэдний мэдүүлгүүд болон гэрч Ж.Болормаа, Б.Адъяасүрэн нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд Б.Батчулуун, Ч.Энхтуул нарын удаа дараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Хэрхэн зөрж, мэдүүлгүүд нь өөрчлөгддөг талаар товч, тодорхой байдлаар анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаартай шүүхийн тогтоолд дурдсан.

Тодруулбал, Б.Батчулуун 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "...Б талийгаач Гийн энгэрээс нь заамдаж байгаад нүүрнийх нь дух хэсэг рүү байх, гэхдээ сайн хараагүй, ямар ч байсан нүүр рүү нь мөргөөд унагаачихсан. Б талийгаачийг мөргөж унагасны дараа М хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан нэг зүйлээр талийгаачийн толгой руу 2-3 удаа цохиж, гуяны хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. М учраа мэдэхгүй Батбаярыг дагаж хүн нийлж зодож байгаа харагдсан..." /2хх-224/ гэж,

Ч.Энхтуул 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "...М, Г, Б гурав хоорондоо маргалдаад байсан. Эхлээд Батбаяр талийгаачийн нүүр лүү шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Батбаяр, Мандахбаяр хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан..." /2хх-136/,

Ж.Болормаа 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "...М Гийг газар бөгсөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа цохиж байхыг хараад..." /2хх-130/,

Б.Адъяасүрэн Сүглэгмаа гэсэн нэрээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "...тэгтэл Батбаяр газар унагаад нүүр ам руу нь цохиод байх шиг байсан. Мандахбаяр бас хамт байсан..." /хх-133-134-2хх/, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Авъяасүрэн нэрээр "...Б Гийн ам, хамар хэсэг рүү духаараа мөргөж цус гаргасан, тэгээд хавсарч газар унагаасан..." /2хх-225/ гэж болсон нэг л үйл баримтыг өөр өөр байдлаар мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн Б.Батчулуун 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр "...Г босож ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юмыг барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон" /2хх-154/ гэж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэхдээ “М Бын талийгаачийг мөргөж унагасны дараа хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг зүйлээр талийгаачийн толгой руу 2-3 удаа цохиж, гуяны хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн..." /2хх-224/, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүх хуралдаанд “...Мандахбаяр баруун гараараа талийгаачийг баруун хацарт нь нэг цохисон. Мандахбаяр төмрөөр цохиогүй..." гэж эрс зөрүүтэй мэдүүлсэн, Ч.Энхтуул 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "...Эхлээд Б талийгаачийг нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Б, М хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан..." /2хх-136/, шүүх хуралдаанд "...М гартаа ямар нэгэн юм бариагүй, халаасандаа гараа хийсэн зогсож байсан, би сайн харсан...” гэж мөн л эрс зөрүүтэй мэдүүлсэн.

Эдгээрээс үзэхэд гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах болон бусад хуульд заасан арга хэрэгслээр нөхцөл байдлыг сэргээн дүрслүүлж, Б.Б, Б.М нарын хэн нь ямар үйлдлүүд хийсэн болохыг тогтоолгох шаардлагатай байна. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "худал мэдүүлэх"/

Эдгээрээс дүгнэж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсгийн "шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан" гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Батчулуун, Ч.Энхтуул нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан" гэх нөхцөл байдал тогтоогддог юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаартай шийтгэх тоггоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 207 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгалт хийлгэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Хулангоо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгтэй танилцахад тус хэрэгт хэд хэдэн эргэлзээтэй байдлууд байхад шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Үүнд:

Прокуророос шүүгдэгч Б.Быг “...2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ...иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан. ...” гэж яллах дүгнэлт үйлджээ.

Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 тоот дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх-42-43, Зхх-32-34/ зэргээс үзэхэд талийгаач нь үхэлд хүргэх гавал тархины гэмтлийг нас барахаасаа 48-72 цагийн өмнө авсан болох нь тогтоогдсон байдаг. Дээрх дүгнэлтийн талаар шинжээч эмч О.Болор, Г.Энхбаатар нар ч тодорхой тайлбарлаж мэдүүлэг өгсөн.

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч нарын тайлбарт хөтлөгдөн “Б.Б нь амь хохирогч Г.Гг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зодсон, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэж хэргийн үйл баримтыг дүгнээд Б.Быг гэм буруутайд тооцсон.

Уг хэргийн гол гэрч болох Б.Батчулуун, С.Энхтуул, А.Дэлгэрмаа нар зөвхөн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд “Б.Б нь талийгаач Гг зодож байгаа сонсогдсон” тухай л мэдүүлдэг. Харин тухайн өдрөөс 48-72 цагийн өмнө буюу талийгаачийн үхэлд хүргэх гэмтэл авсан гэх 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б нь талийгаачийг зодсон эсэхийг нүдээр харсан, чихээр сонссон хүн огт байхгүй. Энэ талаар хэн ч мэдүүлдэггүй. Зөвхөн талийгаач Г нь “Б бид хоёр зодолдоод, алалцаж байгаад ирлээ” гэж ярьж байсан талаар сонссоноо дамжмал байдлаар мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч Г.Гн үхэлд хүргэх гэмтэл авсан гэх 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б нь түүнийг хаана, яаж, ямар шалтгааны улмаас цохиж зодсон болохыг нотлох баримт хавтаст хэрэгт огт байдаггүй, хэргийн нотолбол зохих байдал хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Харин давж заалдах шатны шүүх “2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ... иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь ... гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан...” гэж дүгнэжээ. Дээрх байдлуудаас үзэхэд хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй нь үхэлд хүргэх болсон гэмтлээ чухам хэдний өдөр, хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас олсон болох нь тодорхойгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдоогүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Мөн Б.Б нь хохирогч Д.Гийн амь насыг хохироосон гэмт хэргийн тухайд гэрч Б.Батчулууны “Бадаараа гацаа хочтой Гг ... заамдаж боож баруун тийш түүхий эдийн цэг рүү унагаасан. Тэгтэл Г босч ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юм барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон. Тэгтэл зүүн талаараа газар унаад эвхрээд хэвтсэн. Духны хэсгээс нь цус гарч байсан....” /2хх-154/ гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Б, Д.М нарын мэдүүлгүүд болон гэрч Ж.Болормаагийн “би түүхий эдийн цэгээс шуудай аваад гараад иртэл Г нь суучихсан, М нь толгой руу нь гараараа цохиж байхыг харсан. ...“Б нь ээжтэйгээ уулзана гээд яараад явчихлаа” гэж байсан. ...” /2хх-130-132/ гэх мэдүүлгүүдээр давхар нотлогддог.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г нь “тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон.

Заамдаж боож унагаах, эсхүл ам, эрүү хэсэг буюу урдаас нь мөргөхөд тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус харвалт зэрэг тархи толгойн баруун талд учирсан гэмтлүүд чухам яагаад, ямар учраас үүсдэг болохыг шинжээч эмч нар тайлбарлалгүйгээр зөвхөн “ам, эрүү хэсэгт мөргөхөд дээрх гэмтлүүд үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд Б.Бын үйлдлүүд хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдож, тогтоогдоогүй. Гэтэл шүүх дээрх эргэлзээ бүхий байдлууд байсаар байхад Б.Бт бүх насаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Тус хэргийг 2017 оноос хойш одоог хүртэл шалгаж, хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцаасан боловч тус хэргийн гол гэрч нар хэрэг болох үед бүгд согтуу байснаас хэргийн талаар тодорхой мэдүүлдэггүй, эсхүл мэдүүлгээ өөрчилж, зөрүүтэй мэдүүлгүүд өгөөд байдаг тул хавтаст хэрэгт бүхий л нотлох баримтыг шалгасан гэж харагдахаар байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Б.Бт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шат шатны шүүхүүд нь хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх үндэслэл байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар /талийгаач Гг 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө онц харгис хэрцгийгээр алсан гэх/ үйлдлийн талаар:

Хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Харин онц харгис хэрцгийгээр гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно. Онц харгис хэрцгий гэдэг нь эмнэлгийн ойлголт биш учраас түүний байдлыг нь шүүх эмнэлэгийн шинжилгээнд хамааруулж үзэхгүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг анхааралгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Б.Быг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн шууд бус санаатай байсан гэж дүгнэснээс үзвэл Б.Б нь өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдээгүй болох нь харагддаг.

Мөн шүүхээс талийгаач Гд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр олон тооны шархад хамаарах талаар тусгай мэдлэгийн шинжээчдээс дүгнэжээ гэж үзсэн нь дээрх онол практикийн дүгнэлттэй зөрчилдөж байна.

Гэрч Б.Батчулуун, Ч.Энхтуул нар нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх-33-36, 70-77/ анхан шатны шүүхийн үндэслэл болгоод байгаа “талийгаач Гэрэлт-Ирээдүй нь 3 хоногийн өмнө ирэхдээ алалцаад ирлээ” гэх зүйлийн талаар мэдүүлдэггүй ба 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 тоот дүгнэлт гарснаас хойш шинжээч эмчээс 3-4 удаа мэдүүлэг авсны дараагаас Б.Батчулуун, Ч.Энхтуул нарын 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан авсан байх магадлалтай учир нь мэдүүлгүүд нь өөрчлөгдсөн байдаг.

Учир нь өмгөөлөгч над руу 2017 оны 10 дугаар сарын үед гэрч Б.Батчулуун, Ч.Энхтуул нар утсаар холбогдож ярихдаа “сая байцаагчаас бид хоёрт мөнгө төгрөг өгч мэдүүлэг авсан” талаар ярьсан бөгөөд энэ талаар 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хурал дээр гэрч Батчулуунд шүүх бүрэлдэхүүн хууль сануулан үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталсны дараа өмгөөлөгч миний асуултанд “мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлгээ үнэн зөв өгөөрэй гээд 3000 төгрөг, Ч.Энхтуул бид хоёрыг хоолонд оруулсан” гэх мэдүүлгээс үзэхэд гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нараас 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр авсан мэдүүлэг нь яагаад өөрчлөгдсөн болох нь харагдаж байх ба хууль бус арга хэрэглэн гэрчид нөлөөлөн авсан мэдүүлэг болох нь тогтоогдож байна.

Шинжээч эмч Болор /1хх-67-68/ мэдүүлэгтээ “Талийгаач Гн биед үүссэн гэмтлүүд нь 48-72 цагийн хооронд үүссэн байх боломжтой гэмтлүүд бөгөөд бүгдээрээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ...Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай гэх мэдүүлэг. Гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нар нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Талийгаач Гг архи уухаараа татаж унадаг, 2-3 удаа татаж унахыг нь харсан, унахаараа толгойгоороо савж унадаг талаар мэдүүлсээр байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шинжээч Болор мэдүулэгтээ унаж, ойчих үед талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл авах магадлал багатай гэснээс огт учрах боломжгүй гэж дүгнээгүйг шүүх орхигдуулж, хэт нэг талыг барин миний үйлчлүүлэгчийг буруутган шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар талийгаач Г, Г нарыг буюу хоёр хүнийг алсан гэх үйлдэл нь хоёр буюу түүнээс дээш олон хүнийг алсан гэдэг нь нэг санаа зорилгоор нэгэн зэрэг буюу богино хугацааны дотор хэд хэдэн хүнийг алахыг хэлнэ. Хэрэв хоёр ба түүнээс олон хүнийг нэг санаа зорилгоор бус өөр өөр цаг хугацаанд үйлдсэн бол дахин гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилнэ гэх хууль зүйн ойлголттой зөрчилдсөн хууль бус дүгнэлт хийн Б.Бын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар талийгаач Гийг Мтай бүлэглэн алсан гэх үйлдлийн талаар:

Гэрч Ж.Болормаа /2хх-130-132/ мэдүүлэгтээ: "...Би шуудай аваад гараад иртэл Б ээжтэйгээ уулзана гээд яараад явчихлаа гэж байсан. Тэр үед Г газар суучихсан байх үед М толгой руу нь гараараа цохиж байхыг хараад Отгонтуяаг очиж нөхрийгөө аваач, хүн аллаа гэтэл Отгонтуяа очиж салгасан... ” гэх мэдүүлэг.

Гэрч Б.Батчулуун /2хх-154/ мэдүүлэгтээ: “...Бадаарай /Б/ ...Гг ...заамдаж боож баруун тийш түүхий эдийн цэг рүү харж унагаасан юм. Тэгтэл Г босч ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юм барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон. Тэгтэл зүүн талаараа газар унаад эвхрээд хэвтсэн” гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /2хх-234-235/ талийгаач Д.Гийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийн нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ гэх.

Дээрх гэрч нар нь хэргийн талаар үзсэн харснаа үнэн зөвөөр мэдүүлсэн байх бөгөөд М, Б нь бүлэглэсэн болох нь харагдахгүй байх ба талийгаач Гийн үхэлд хүргэх гэмтэл нь хэний цохилтоос үүссэн болох нь хэргээс болон дүгнэлтээс тодорхой харагддаг.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр Прокурорын тогтоолд “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /73хх-93-95/

“Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгий аргаар, бүлэглэж, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, хоёр ба түүнээс олон хүнийг санаатай алсан ... бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ ...” гэж заасан байна.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүнийг, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ...хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэхь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.”

Прокурорын хууль буцаан хэрэглэсэн энэхүү тогтоол нь Б.Бын хувьд үнэхээр эрх зүйн байдлын дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Монгол улс 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нэгдэн орсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 3-ны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль батлагдсан ба /шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд цаазаар авах ялын оронд бүх насаар хорих ял оногдуулахаар тусгасан/ цаазаар авах ял түдгэлзсэн билээ.

Б.Бт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулах ял нь хугацааны хувьд хөнгөрч байгаа хэдий ч бүх насаар оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан цаазаар авах ялын оронд шинээр орж ирсэн зохицуулалт юм. Гэтэл Б.Бт эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гээд бүх насаар хорих ялыг улсын яллагчаас санал болгож, шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй бүх насаар нь хорих ялыг оногдуулсан нь Б.Бын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоол, магадлалын эргэлзээ бүхий дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдлуудыг анхааран үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зйүлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх зарчмын дагуу зүйлчлэлийг зөвтгөж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бт ашигтайгаар шийдвэрлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч А.Очбадрал хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн гэх шинж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад байхгүй. Шүүгдэгч Д.М нь зодоон болсны дараа үйлдлээрээ хамтран оролцоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Иймд Д.Мын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэхь заалтад заасан гэмт хэргийг, Д.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэхь заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх Б.Бт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Мт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэхь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулжээ. Гэрч Б.Батчулуун, Ч.Энхтуул, С.Төмөрөө нар нь амь хохирогч Г.Гг Б.Б нь нүхэн дотор зодоод байсан, зодсоны улмаас бие нь муудаад түргэн, цагдаа дуудсан гэж мэдүүлснийг хөндлөнгийн гэрч Дэнсмаа давхар нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Гд үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл гэдэг. Энэ гэмтэл нь дээрх 3 гэрчийн мэдүүлгээр хохирогч 3 хоногийн өмнө Батбаярт зодуулсан, энэ талаар хэлсэн, тэрээр нүхнээс гаралгүй 2 хоног өвчин намдаах эм ууж, Б.Бт дахин зодуулж, нас барсан болох нь тогтоогдсон.

Амь хохирогч Гийг Б.Б, Д.М нар бүлэглэн зодож байхад Болормаа, Энхтуул, Батчулуун, Адъяасүрэн гэх 4 гэрч байсан, гэрчүүд өөр өөрсдийнхөө харсан өнцгөөс эхлээд Б.Б нь мөргөж, араас нь Д.М нь хацар нүүр рүү нь цохьсон гэж тодорхой мэдүүлсэн.

Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад зааснаар 14 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. 

Харин Б.Бт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11-т зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэхэд эргэлзээ төрж байна. 

Б.Бын хувьд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад үйлдсэн Г.Гг зодож алсан, шинэ хууль үйлчилж эхэлсний дараа Д.Мтай бүлэглэн Д.Гийг зодож алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар бүх насаар нь хорих ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэхээр байна. 

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзсан, шинээр мөрдөж буй хуулинд цаазаар авах ялын оронд бүх насаар нь хорих ял оногдуулах өөрчлөлт оруулсан байна. 

Монгол улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенц”-д 1964 онд нэгдэн орсон, 2012 онд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын нэмэлт 2 дугаар протоколд нэгдэн орсноор 2015 оны шинэчлэн найруулсан хууль батлагдаж, Эрүүгийн хуулинд цаазаар авах ялын оронд бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгажээ. 

Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн байна. 

Хуучин хууль үйлчилж байх болон шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт шинэ хуульд орж ирсэн бүх насаар нь хорих ял оногдуулах ялыг шүүхээс оногдуулсан нь шүүгдэгч Б.Бын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэсэн дүгнэлтийг хийж байна. 

Иймд шүүгдэгч Б.Быг дээр дурдсан 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулахдаа хорих ялын дээд хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцэхээр байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б, Д.М, өмгөөлөгч Х.Гантулга, Б.Хулангоо, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 31 дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархайн хуйх, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, бага тархины няцрап, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан,

шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Гийг “Ч.Энхтуултай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зодсон, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө зодож алсан гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчөөгүй байна.

Мөрдөгч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх тэдгээр нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, үнэн зөв эсэхийг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх, бусад баримтыг няцаан үгүйсгэх замаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн шаардлагыг хангасан гэж үзэв.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Гг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мөн таталт уналтын шинж тэмдэг илрээгүй, түүнд учирсан олон тооны гэмтлүүд нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай, харин зодуулсны улмаас үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд түүнийг татаж унасан талаар шүүгдэгч Б.Бын өгсөн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлгээр хангалттай няцаан үгүйсгэгдсэн, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гг удаан хугацаанд үргэлжлүүлэн зодож, биед нь олон тооны гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүх хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгох тул шүүгдэгч Б.Бын 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө амь хохирогч Г.Гг онц харгис хэрцгийгээр зодож алсан, мөн шүүгдэгч Д.Мтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч Д.Гийг зодож алсан хэргүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцсэн байна.

Иймд нэр бүхий 2 хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг Д.Б учруулсан нь нотлогдоогүй талаар шүүгдэгч Б.Б, Д.М, өмгөөлөгч Х.Гантулга, Б.Хулангоо нарын хяналтын журмаар гаргасан, мөн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 14 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Бын амь хохирогч Г.Гг онц харгис хэрцгийгээр зодож алсан хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу 2002 оны Эрүүгийн хуульд “Бүх насаар нь хорих ял”-ын төрөл хуульчлагдаагүй байхад үйлдэгдсэн ба шүүгдэгч Д.Мтай бүлэглэн амь хохирогч Д.Гийг зодож алсан хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдэгджээ.

Шүүгдэгч Б.Бын амь хохирогч Г.Гг онц харгис хэрцгийгээр зодож алсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулсныг 20 жил хорих ял болгож өөрчлөх талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар 20 /хорь/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “бүх насаар нь” гэснийг “20 жил” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 206 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, Б.Б, өмгөөлөгч Х.Гантулга, Б.Хулангоо, Б.Тэнгис нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                       ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН