Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02106

 

 

 

 

 

 

 

 

 

О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О-ын хариуцагч Од холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг Одай байгуулж, 7 000 000 төгрөгийг Од-ийн Хаан банкны 5007652090 тоот дансанд шилжүүлж, энэ талаарх баримтаа нотариатын тэмдэглэлээр баталгаажуулсан. Тухайн үед хариуцагч нь “Хархорин” худалдааны төвд байрлах 18 тоот үйлчилгээний талбайг надад 7 000 000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн бөгөөд худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй. Гэтэл дээрх үйлчилгээний талбайн өмчлөгч нь биш байх бөгөөд “Х” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан түрээслэгч нь Од биш, харин түүний нөхөр Б байсан болохыг миний бие 7 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийхээ дараа олж мэдээд мөнгөө буцаан шаардахад өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэгэнт тухайн үйлчилгээний талбайг надад худалдах эрх Од байхгүй, бидний хооронд бичгээр байгуулагдсан ямар нэгэн гэрээ байхгүй тул хариуцагчийн дансанд шилжүүлсэн 7 000 000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Одаас 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Од би О танихгүй, О надаас лангуу худалдан аваагүйн дээр лангууг түрээслээгүй. Би Хархорин худалдааны төвд 18 тоот үйлчилгээний талбай буюу лангуу ажиллуулж байгаад 2019 оны 7 дугаар сараас М-д зарж, түүнээс хойш би Хархорин худалдааны төвд үйлчилгээ явуулаагүй. Гэтэл 2020 оны 4 дүгээр сард М надруу утсаар яриад би чамаас авсан Хар хорин худалдааны төвийн 18 тоот лангууг зарах гэсэн юм чи нотариат ороод өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Үүний дагуу О дагуулж ирээд нотариатаар орсон. Миний дансруу Н.Одийв 7 000 000 төгрөгөө шилжүүлээд би тэр дор нь буцаагаад М-ны5280070967 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би О огт танихгүй бөгөөд шүүхээс Оийн гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад сураг тавихад М, О хоёр танилууд одоо О нь Хархорин худалдааны төвд 18 тоот лангууг ажиллуулдаг гэсэн. Би От тус лангууг худалдаж, түрээсэлсэн зүйл байхгүй. Иймд Оийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Одаас 7 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Одгийвт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч О нь хариуцагч Од холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаадлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхээс нэхэмжэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгч нь нэхэмжпэлдээ худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Маргааны зүйл болох Хар хорин худалдааны төвийн 18 тоот лангууны түрээслэгч нь Б болох нь “Х”ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/116 тоотоор нотлогдож байгаа, мөн 5007652090. дугаартай хаан банкны данс нь Бын данс гэдэг банкны хуулгаар тус тус нотлогдож байгаа. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүрэгт гэж тайлбарлаж байхад шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, лангууны түрээсийн өмчлөгч биш байсан байна гэдэг нэрийдлээр Одаас мөнгө нэхэмжилсэн. Б-ын данс руу мөнгийг нь хийсэн, Хар хорин 5 давхарын 18 тоотын лангууны гэрээ худалдаж” гэсэн гүйлгээний утган дээр бичээд хийсэн байдаг. О тус 18 тоот лангууг худалдан аваад түрээс төлсөн баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Лангууны түрээсийн өмчлөгч Б байсныг мэдсэнгүй гэх үндэслэл байхгүй, Бын данс руу мөнгө нь орсон байдаг. Б уг лангууг О-ын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, өмнө худалдан авсан М нь Хар хорин худалданааны төв барьцаа болгон 1 500 000 төгрөг авдаг. байсан энэ барьцааны мөнгөө төлж чадахгүй байна, мөнгөтэй болохоороо нэр дээрээ шилжүүлж авна гээд шилжүүлээгүй байсан юм. Үүнийг нь шүүх 2 лангууг 1 лангуу зарсан мэтээр, мөн Б, О хоёрын дундын дансыг ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Б, О нарын хоорондын асуудлыг Од надад холбогдуулан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” Иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохоор зохицуулсан ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан. Хэлцлийн шинж нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн, эрх зүйн дагуу, үйлдэл /эс үйлдэхүй/ байдаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан үндэслэлээр Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иймд дээр үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тоггоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч О нь хариуцагч Од холбогдуулан 7 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “...Хархорин худалдааны төвд байрлах лангууг 7 000 000 төгрөгөөр худалдан авахаар шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан гаргуулна” гэж, хариуцагч “...О нь надаас лангуу худалдаж аваагүй, 2019 онд М-д лангууг худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргажээ.

 

Хэргийн 45 дугаар талд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мөнгө авч өгсөн хэлцэл гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “О-д нь М-д “Х”ХХК-ийн 5 давхрын 17, 18 тоот лангууг худалдахаар тохиролцож, 10 000 000 төгрөг хүлээн авч, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохиролцсон” агуулга бичигджээ.

 

Гэрч М “... нэр шилжүүлэх мөнгөгүй учраас лангууг болъё гэхэд танд өгөх мөнгө байхгүй... лангууг зараад мөнгөө олж ав гэсэн... лангууг зарах зар тавьсан чинь Одгийв ирээд гэрчилгээг харахад миний нэр дээр биш байсан учраас танд мөнгө өгөхгүй эзэмшигчтэй нь уулзана гэсэн... Од тэр хоёр нотариатаар орсон... хоёр сая төгрөгний алдагдалтай мөнгөө олж авсан” гэж мэдүүлжээ.

 

Мөн хэргийн 5, 27 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар нэхэмжлэгч О нь хариуцагч Од 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэнээ нотлох зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж  нотариатаар гэрчлүүлжээ. /хх3-4 тал/

 

Хэргийн 57 дугаар тал дах “Х” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/116 тоот албан бичигт “Хархорин худалдааны төвийн ХҮТ-3 барилгын 5 давхарын 18 тоот лангууг Б нь түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцалсан” гэсэн байна.

 

Хариуцагч Од нь дээрх мөнгөн хөрөнгийг өөрийнх нь дансыг ашигласан, дансаар мөнгө орж шилжигдсэн, нэхэмжлэгчээс мөнгөн төлбөрийг авах эрхтэй байсан, бусад этгээдийн үүргийг дамжуулан авсан гэж тайлбарласан боловч уг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Од нь “Х”ХХК-ийн 5 давхарын 17, 18 тоот лангууг захиран зарцуулах эрхгүй, түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмших эрхгүй атлаа гэрч М-д 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч М лангууг буцаасан тул Оээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө шилжүүлэн авсан байна. Иймд нэхэмжлэгчээс 7 000 000 төгрөгийг шилжүүлэн авснаар хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр өөрт хөрөнгөжсөн байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан хөрөнгөө буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэг гэж тайлбарлаж байхад шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, лангууны түрээсийн өмчлөгч биш байсан, мөн Б, О нарын хоорондын асуудлыг надад холбогдуулсан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ