Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2020/02547

 

        2020 оны өдөр

08 сар      18  р                                               184/ШШ2020/02547

 

                                    

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г овогт Н.О /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  байр, тоот

Хариуцагч: Б овогт Н.О /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо,  дугаар байр,  тоот

7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, гэрч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг Н.Одонтунгалагтай байгуулж, 7,000,000 төгрөгийг Н.О Хаан банкны 5007652090 тоот дансанд шилжүүлж, энэ талаарх баримтаа нотариатын тэмдэглэлээр баталгаажуулсан. Тухайн үед хариуцагч нь “Хархорин” худалдааны төвд байрлах 18 тоот үйлчилгээний талбайг надад 7,000,000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн бөгөөд худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулаагүй. Гэтэл дээрх үйлчилгээний талбайн өмчлөгч нь биш байх бөгөөд “Хархорин хүрээ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан түрээслэгч нь Н.О биш, харин түүний нөхөр Б.Б байсан болохыг миний бие 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийхээ дараа олж мэдээд мөнгөө буцаан шаардахад өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэгэнт тухайн үйлчилгээний талбайг надад худалдах эрх Н.О байхгүй, бидний хооронд бичгээр байгуулагдсан ямар нэгэн гэрээ байхгүй тул хариуцагчийн дансанд шилжүүлсэн 7,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Н.О-с 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О би Н.О-ийг танихгүй, Н.О надаас лангуу худалдан аваагүйн дээр лангууг түрээслээгүй. Би Хархорин худалдааны төвд 18 тоот үйлчилгээний талбай буюу лангуу ажиллуулж байгаад 2019 оны 7 сараас Ш.М-д зарж, түүнээс хойш би Хархорин худалдааны төвд үйлчилгээ явуулаагүй.  Гэтэл 2020 оны 4 дүгээр сард Ш.М надруу утсаар яриад би чамаас авсан Хар хорин худалдааны төвийн 18 тоот лангууг зарах гэсэн юм чи нотариат ороод өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Үүний дагуу Н.Одгийвийг дагуулж ирээд нотариатаар орсон. Миний дансруу Н.О 7,000,000 төгрөгөө шилжүүлээд би тэр дор нь буцаагаад Ш.М 5280070967 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би Н.О-г огт танихгүй бөгөөд шүүхээс Н.О-ийн гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад сураг тавихад Ш.М, Н.О хоёр танилууд одоо Н.О нь Хархорин худалдааны төвд 18 тоот лангууг ажиллуулдаг гэсэн. Би Н.О-т тус лангууг худалдаж, түрээсэлсэн зүйл байхгүй. Иймд Н.О-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Н.О-т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Хар хорин” худалдааны төвийн 18 тоот лангууг худалдана хэмээн хариуцагчийн авсан 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийг авсан тухайд маргахгүй, харин авсан мөнгийг ашиглаагүй, Ш.М-д шилжүүлсэн, бидний хооронд эрх зүйн харилцаа  үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Н.О 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийг Хаан банкинд эзэмшдэг 5007652090 тоот дансаар шилжүүлэн авч, Ш.М-д тухайн өдөр нь 6,993,500 төгрөгийг түүний Хаан банк дахь 5280070967 тоот дансанд шилжүүлсэн болох нь  “Мөнгө хүлээлцэх тухай” хэлцэл, тухайн данснуудын дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 5, 27, 34 /

Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн мөнгө өгч авалцсан тухай хэлцэл гэх баримтаас үзэхэд хариуцагч Н.О нь Ш.М-д “Хар хорин” худалдааны төвийн 17, 18 тоот лангууг түрээслэх эрхээ шилжүүлэхээр тохиролцож, түүнээс 10,000,000 төгрөгийг авсан, Ш.М 18 тоот лангууг буцаах болоход нэхэмжлэгч Н.О-с авсан 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна.

“Хар хорин хүрээ” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 2020/86 тоот албан бичиг, түүний хавсралт,  2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/116 тоот  албан бичигт 18 тоот лангууны түрээслэгч нь Б.Б /РД:/ болох, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Н.О төлсөн нь нотлогддог. /хх-ийн 34, 57/

Зохигчдийн хооронд 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр  байгуулсан “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” гэх баримт нь талуудын хооронд чухам ямар хэлцэл хийсэн талаар бус харин нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө төлсөн болохыг нотлох зорилготой байна.

 Хариуцагч нь “Хар хорин хүрээ” ХХК-ийн өмчлөлийн лангууг бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй, түрээслэгч бус этгээд байх бөгөөд лангууг өмнө түрээслэж байсан Ш.М-д  мөнгийг нь буцаан өгсөн атлаа нэхэмжлэгч Г.О-д мөнгийг нь өгөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Ш.М-д төлөх ёстой төлбөрөө нэхэмжлэгч Г.Одгийвээс авч төлсөн, Г.О болон Ш.М хооронд иргэний эрх зүйн  харилцаа үүссэн гэж үзэхээргүй  байна. 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заажээ. 

Иймд хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.О-оос  7,000,000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-оос 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ