Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02084

 

 

 

 

 

 

 

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ын хариуцагч А-од холбогдуулан 3 920 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Аын 1 433 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Аоос приус-30 маркийн 36-94 УАЕ улсын дугаартай автомашиныг худалдан авсан, А урьдчилгаа 3 200 000 төгрөгийг шилжүүлэн, автомашины 02 дугаар сарын 20-ны төлөлт болох 723 200 төгрөгийг “Ж  ББСБ” ХХК-ын дансанд шилжүүлсэн. Тухайн үед сарын төлөлтөө төлөөд явахаар тохиролцсон боловч цаг үеийн байдлаас болоод миний ажил зогсож, сардаа төлөх төлбөрөө 20 хоногоор хэтрүүлэхэд ББСБ нь автомашиныг шууд хураасан. Хэд хоногийн дараа “Ж  ББСБ” ХХК-тай холбогдож автомашинаа авах гэхэд А аваад явсан гэж хэлсэн. А надад автомашиныг “Ж  ББСБ” ХХК-д худалдсан гэж хэлсэн. А бидэнд автомашиныг “Ж  ББСБ” ХХК хурааж аваад худалдан борлуулсан гэж худал хэлж надад мөнгө болон автомашины аль аль нь ч үлдэлгүй би 3 920 000 төгрөгийн хохиролтой байна. А нь “Ж  ББСБ” ХХК-д автомашины үнийг бүрэн төлж барагдуулаагүй, эд хөрөнгийн өмчлөгч болоогүй байхдаа надтай худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. А нь автомашины эзэмшигч бөгөөд автомашиныг захиран зарцуулах эрхгүй байхдаа надад автомашиныг зарсан нь хууль бус үйлдэл юм. Би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “А” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь намайг автомашин ашиглах явцад уг гэмтэл гарсан болохыг нотлохгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Бнь автомашин авахдаа “Ж  ББСБ” ХХК-д зээлийг төлөхөөр тохиролцсон боловч зээлийн төлбөр тасалдуулж, автомашинд эвдрэл гэмтэл учруулсанд гомдолтой байна. Бнь Аоос 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр приус-30 маркийн 36-94 УАЕ улсын дугаартай автомашиныг худалдаж авахаар тохирч Бнь урьдчилгаа 3 200 000 төгрөг болон тухайн автомашины 02 дугаар сарын 20-ны төлөлт болох 723 200 төгрөгийг “Ж  ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Талууд гэрээ хийгээд автомашиныг чинь авъя гээд нотариат дээр очиход нотариат тухайн үед энэ гэрээг хийх боломжгүй эзэмшигч нь өөр хүн байна гээд гэрээг батлаагүй. Хийсэн хэлцлийг харахаар н.Жаргалсайханы мөнгө Б.Ариунболдын данс руу орсон харагдаж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б нь 38-94 УАЕ улсын дугаартай автомашиныг ашиглаж байх хугацаанд уг автомашины жолооны хүрдний эд ангийг эвдсэн, арын гупер дээр хонхойлгож будаг болон гуперыг хагалсан, арын гуперын доод 2 түгжээг хагалсан, дотор салоны хэсэгт учирсан хохирлын үнэлгээ 675 000 төгрөг гарсан. Үнэлгээ хийлгэхэд 38 000 төгрөг төлсөн. Мөн рулийн аппарат, урд амортизатор, босоо тэнцүүлэгч, гарыг солих шаардлагатай гэж эдгээр эд ангиудыг худалдан авч засуулсан 720 000 төгрөгийн зардал гарсан ба засварын хөлсийг баримтгүй боловч 55 000 төгрөг төлсөн. Иймд Б-ын эзэмшилд байх хугацаанд автомашинд учирсан хохирол 675 000 төгрөг, 720 000 төгрөг, 38 000 төгрөг нийт 1 433 000 төгрөгийг Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Алтангэрэлийн Ариунболдоос 3 920 000 төгрөгийг гаргуулан Ц Б олгож, Б-оос 88 000 төгрөгийг гаргуулан А-од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 345 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 77 670 төгрөг, хариуцагчийн төлсөн 37 878 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Аоос 77 670 төгрөгийг гаргуулан Ц.Батболдод, Б-оос 4550 төгрөгийг гаргуулан А-од тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Худалдан авагч Бнь Тоёота приус-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгасан энэ хугацаанд “Ж  ББСБ” ХХК-д зээлийн эргэн төлөлтөнд 723 200 төгрөгийг Бтөлсөн гэдэг. Энэхүү үйл баримтад талууд маргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс уг тээврийн хэрэгсэлийг зээлийн гэрээний дагуу эзэмшдэг талаар мөн “Ж  ББСБ” ХХК-ын өмнө А нь сар бүр эргэн төлөлт хийдэг гэдгийг хэлцэл хийгдэх үед буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан гэдгийг нэхэмжпэгчийн тайлбараас тодорхой нотлогддог. Хариуцагч Аын өмнөөс нэхэмжлэгч Бнь “Ж  ББСБ” ХХК-ын өмнө үүрэг хүлээж сар бүрийн эргэн төлөлтийг хийхээр, мөн энэхүү үүрэг хүлээсний хариуд нь Тоёото приус-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай автомашиныг Бавахаар талууд тохиролцсон талаар хэргийн оролцогчид маргадаггүй билээ. Хариуцагч, нэхэмжлэгч нар “Ж  ББСБ” ХХК-ын сар бүрийн эргэн төлөлтийг хэрхэн төлөх талаар тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч 723 200 төгрөгийг “Ж  ББСБ” ХХК-д төлсөн байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн “Ж  ББСБ” ХХК-д төлсөн 723 200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөх ёсгүй төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэж үзэж байгаа бол “Ж  ББСБ” ХХК-д төлсөн 723 200 төгрөгийг “Ж  ББСБ” ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрөө унаж ашиглаж байсан хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг төлөхөөр тохиролцсон байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-д холбогдуулан 3 920 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 1 433 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Тоёота приус маркийн 36-94 УАЕ дугаарын автомашиныг худалдан авахдаа урьдчилгаа 3 200 000 төгрөг төлж, сар бүр 723 000 төгрөгийг “Ж  ББСБ” ХХК-д 27 сар төлнө гэх бичгийн баримт хэргийн 4 дүгээр талд авагдсан байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шийдвэрлэх боломжгүй.

Хэргийн 42 дугаар тал дах тээврийн хэрэгслийн гэрчилгээнд маргааны зүйл болох Тоёота приус маркийн 36-94 УАЕ дугаарын автомашины өмчлөгчөөр “Ж  ББСБ” ХХК бүртгэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б нь “Ж  ББСБ” ХХК-д сар бүр зээл, зээлийн хүүд 723 000 төгрөг төлөхөөр тохирсон гэж зохигчид тайлбарласан боловч “Ж  ББСБ” ХХК нь ямар үндэслэлээр автомашиныг хураан авсан, мөн тус банк бус санхүүгийн байгууллагатай хариуцагч Аын байгуулсан гэрээ, хэлцлийн агуулга хэрэгт ач холбогдолтой. Энэ талаар талууд маргаагүй гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнэд төлсөн мөнгөө шаардаж буй үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагчийн шилжүүлж буй эд хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолтой байсан эсэхийг анхаараагүй нь буруу болсон байна.

 

Учир нь маргааны үйл баримт тогтоогдоогүйгээс гадна хариуцагчийн автомашиныг захиран зарцуулах эрхтэй байсан эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай нөхцөл байдал байна. Иймд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй буюу барьцаат зээлийн, фидуцийн зэрэг аль нэг төрлийн гэрээгээр өмчлөх эрх нь хязгаарлагдсан эд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд уг эд хөрөнгийг эрхийн зөрчилтэй гэж үзэх ба нэхэмжлэгч тал уг нөхцөл байдлыг мэдсэн эсэх нь мөн хэрэгт ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар А нь “Ж  ББСБ” ХХК-тай ямар эрх зүйн харилцаатай байсан талаарх нотлох баримт авагдаагүй байхад дээр дурдсан эрхийн доголдолтой холбоотой асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар шүүхийн зүгээс эрх, үүргийг тайлбарласан тохиолдолд талууд хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, бүрдүүлэх улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар мэтгэлцэх ажиллагаа бүрэн хийгдэх боломжтой болно. Хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 907 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

Талуудын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг үйл баримтад маргаагүй гэж шүүх дүгнэлт хийсэн байна.

Бичгээр хэлцэл хийсэн хэлцлийн дагуу урьдчилгаа 3 200 000 төгрөг сар бүр буюу 27 сарын хугацаанд тодорхой мөнгөн дүн төлөх талаар тохиролцсон хэлцэл хийсэн гэдэг үйл баримт дээр талууд маргаагүй. Энийг хийсэн бичгээр гаргасан баримт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгөө шаардаж байгаа гол үндэслэл бол шилжүүлэн өгсөн буюу худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн автомашин өөрөө эрхийн доголдолтой байсан эсэх талаар анхаарах ёстой. Иргэний хуульд зааснаар доголдол гэдэгт эрхийн болон биет байдлын доголдолын талаар дурдсан байгаа. Иймд эрхийн доголдол гэдэг нь тухайн эд зүйлтэй холбоотой бусад этгээдийн эрхээр хөндөгдсөн байх юм бол тэр үндэслэлээр гэрээнээс татгалзсан буюу энэ нөхцөл байдал хамаарна. Хэрэгт авагдсан баримтаар ББСБ руу сар бүр мөнгө төлнө гэдэг үүргийг Бхүлээсэн талаар бичгийн баримт байгаа боловч энэ нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй. Талууд энэ талаар тайлбарлаж байгаа. Хэрэгт авагдсан баримтыг үзэхээр автомашин өөрөө ББСБ-ын өмчлөх эрхэд эрхтэй гэсэн ойлголттой баримт байна. Хэрвээ Бнь өөрөө хүү ийм ийм зүйлийг өгье автомашиныг авахдаа ББСБ-ын хувьд ямар үндэслэлээр автомашиныг хураан авсан. ББСБ-тай А нь ямар гэрээ хэлцэлтэй байсан бэ гэдэг энэ нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой. Энэ талаар талууд маргаагүй гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Тэгэхээр хэргийг дахин шийдвэрлүүлэх шаардлагатай. Учир нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхэд хамаарах маргааны үйл баримт тогтоогдохгүй байна. Автомашиныг захиран зарцуулах эрхгүй байж автомашин шилжүүлсэн нь буруу юм гэдэг ийм зүйл бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна. Тэгэхээр хэрвээ захиран зарцуулах эрхгүй буюу өөр ямар нэгэн лизингийн эсхүл барьцааны, фидуцийн зэрэг аль нэг төрлийн гэрээгээр эрх нь хязгаарлагдсан эд хөрөнгө шилжүүлсэн байх юм бол өмчлөх эрх өөрөө хязгаарлагдсан эд хөрөнгө шилжүүлсэн байгаа тохиолдолд энэ эрх нь зөрчилтэй гэх байдлыг нэхэмжлэгч тал мэдсэн эсэх гэдэг нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой. Тэгэхээр талуудын өөрсдийнх нь тайлбараас үзвэл сар бүр банк бус санхүүгийн байгууллага руу мөнгө шилжүүлнэ гэсэн ийм тохиролцоо байгаа тохиолдолд бол эрхийн доголдлын талаар огт мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт байгаа баримт дээр шууд үндэслэж нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болон Ариунболд тэр ББСБ-тай ямар эрх зүйн харилцаатай байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг эрхийн доголдлын талаар мэдсэн мэдэх боломжтой байсан гэх зэргээр эцэслэн дүгнэлт хийх боломжгүй. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлал гарч байна.