Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02407

 

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02407

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:АА-д холбогдох,

 

3 920 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

 

А.Аын 1 433 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А.Аоос приус-30 маркийн 36-94 УАЕ улсын дугаартай машиныг худалдан авсан, А.А урьдчилгаа 3 200 000 төгрөгийг шилжүүлэн, машины 02 дугаар сарын 20-ны төлөлт болох 723 200 төгрөгийг Ж Э Б К ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Тухайн үед би тухайн машиныг сарын төлөлтөө төлөөд явахаар тохиролцсон боловч цаг үеийн байдлаас болоод миний ажил зогсож, сардаа төлөх төлбөрөө 20 хоногоор хэтрүүлэхэд ББСБ нь машиныг шууд хураасан. Хэд хоногийн дараа Ж Э Б К ББСБ-тай холбогдож машинаа авах гэхэд А.А аваад явсан гэж хэлсэн. А.А надад машиныг Ж Э Б К ББСБ-д худалдсан гэж хэлсэн. А.А бидэнд машиныг Ж Э Б К ББСБ хурааж аваад худалдан борлуулсан гэж худал хэлж надад мөнгө болон машины аль аль нь ч үлдэлгүй би 3 920 000 төгрөгийн хохиролтой байна. Иймд А.А-оос 3 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А овогтой А-оос Приус 30 маркийн 36-94 УАЕ улсын дугаартай машиныг худалдан авсан. А.Аод урьдчилгаа 3 200 000 төгрөгийг дансаар шилжүүлэн, тухайн машины 02 дугаар сарын 20-ны төлөлт болох 723 200 төгрөгийг Ж Э Б К ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Тэр үед Ц.Б нь тухайн машины сарын төлөлтөө төлөөд явахаар тохиролцсон хэдий ч цаг үеийн байдлаас болж ажил зогсож сардаа төлөх төлбөрөө 20 хоногоор хэтрүүлэхэд ББСБ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй машиныг шууд хураасан байдаг. Үүнээс хэд хоногийн дараа Ж Э Б К ББСБ-д байгаа машинаа авах гээд Ж Э Б К ББСБ-тай холбогдоход машиныг А.А авч явсныг хэлсэн байдаг. А.А харин бидэнд машиныг ББСБ бусдад худалдсан гэж хэлсэн. А.А бидэнд машиныг ББСБ хурааж аваад худалдан борлуулсан гэж худал хэлэн хууран мэхэлсний улмаас Ц.Б мөнгө болон машингүй үлдэж 3 920 000 төгрөгийн хохирол амссан тул А.Аоос 3 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.Б нь авто машин авахдаа ББСБ-д зээлийг төлөхөөр тохиролцсон боловч зээлийн төлбөр тасалдуулж, машинд эвдрэл гэмтэл учруулсанд гомдолтой байна гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б нь А.Аоос 2019 оны 02 дугаар сарын 14-нмй өдөр Приус 30 маркийн 36-94 УАЕ улсын дугаартай машиныг худалдаж авахаар тохирч Ц.Б нь урьдчилгаа 3 200 000 төгрөг болон тухайн машины 02 дугаар сарын 20-ны төлөлт болох 723 200 төгрөгийг Ж Э Б К ББСБ-д шилжүүлсэн байдаг. Талууд гэрээ хийгээд машиныг чинь авъя гээд нотариат дээр очиход нотариат тухайн үед энэ гэрээг хийх боломжгүй эзэмшигч нь өөр хүн байна гээд гэрээг батлаагүй байдаг. Хийсэн хэлцлийг харахаар Ж-ы мөнгө Б.А-ын данс руу орсон харагдаж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:Ц.Б нь 38-94 УАЕ улсын дугаартай машиныг ашиглаж байх хугацаанд уг машины жолооны хүрдний эд ангийг эвдсэн, арын гупер дээр хонхойлгож будаг болон гуперийг хагалсан, арын гуперийн доод 2 түгжээг хагалсан, дотор салоны хэсэгт учирсан хохирлын үнэлгээ 675 000 төгрөг гарсан. Үнэлгээ хийлгэхэд 38 000 төгрөг төлсөн. Мөн рулийн аппарат, урд амортизатор, босоо тэнцүүлэгч, гарыг солих шаардлагатай гэж эдгээр эд ангиудыг худалдан авч засуулсан 720 000 төгрөгийн зардал гарсан ба засварын хөлсийг баримтгүй боловч 55 000 төгрөг төлсөн. Иймд Ц.Бын эзэмшилд байх хугацаанд машинд учирсан хохирол 675 000 төгрөг, 720 000 төгрөг, 38 000 төгрөг нийт 1 433 000 төгрөгийг Ц.Боос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Б нь 36-94 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 сар 24 хоног ашиглах явцдаа машинд учруулсан хохирлыг нэхэмжлэгч Ц.Боос гаргуулж өгнө үү. Ц.Б нь тус тээврийн хэрэгслийг ашиглаж байх хугацаанд эд ангийг эвдсэн мөн арын гупр дээр хонхойлгож будаг болон  гуприйг хагалсан, арын гуперийн доод 2 түгжээг хагалсан бөгөөд гупр доторх хөөсөн хамгаалалт алга болсон, хөгжим эвдэрсэн, машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг үрэгдүүлсэн. Хариуцагч талаас шинжээч томилуулж уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад нэхэмжлэгч талын учруулсан хохирлын үнэлгээг хийлгүүлсэн. Уг авто машинд гадна кузов болон дотор салоны хэсэгт учирсан хохирлын үнэлгээ 675 000 төгрөг гарсан.Үнэлгээ гаргуулахад 38 000 төгрөг төлсөн.Мөн рулийн аппарат, урд амортизатор, босоо тэнцүүлэгч, гарыг солих шаардлагатай гэж худалдан авч засуулсан бас 720 000 төгрөгийн зардал гарсан. Ц.Б нь машиныг зарахаар фэйсбүүк сүлжээнд зар байршуулсан байсан. Засварын хөлсөнд 55 000 төгрөг төлсөн. Иймд Ц.Боос уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгах хугацаандаа учруулсан хохирол 1 433 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би А.Атой зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээнд А.Аод 3 200 000 төгрөг өгөөд үлдсэн төлбөрийг 27 сарын хугацаанд сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон боловч А.А нь энэ тухайгаа ББСБ-д мэдэгдээгүй бөгөөд би зээлдэгчийн өмнөөс эхний сарын төлөлтийг хийсэн боловч дараагийн сарын төлөлтийг хийх боломжгүй болоход ББСБ-аас машиныг хураан авсан ба машинаа авах гэхэд А.Аод өгч явуулсан байсан. А.А нь   Ж Э Б К ББСБ-д машины үнийг бүрэн төлж барагдуулаагүй, эд хөрөнгийн өмчлөгч болоогүй болоогүй байхдаа надтай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. А.А нь машины эзэмшигч бөгөөд машиныг захиран зарцуулах эрхгүй байхдаа надад машиныг зарсан нь хууль бус үйлдэл юм. Би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээ нь намайг машин ашиглах явцад уг гэмтэл гарсан болохыг нотлохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Машин нь орж ирэхэд ийм байсан гэдгийг хэлсэн байгаа. Хойд гупр нь цуурсан байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй, бусад эд зүйл эвдрээгүй байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь А.Аод холбогдуулан авто машин худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 3 200 000 төгрөг, машины  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн төлөлт 720 000 төгрөг нийт 3 920 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.А нь авто машин ашиглаж байх хугацаандаа учруулсан хохиролд 1 433 000 төгрөгийг Ц.Боос гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

 

Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А.Аоос Toyota Prius-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай авто машиныг худалдах авахаар болж, урьдчилгаанд 3 200 000 төгрөг төлж, сард 723 000 төгрөгөөр 27 сарын хугацаанд Ж Э Б К ББСБ-д төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Улмаар Ц.Б нь авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан, авто машины үнээс 3 200 000 төгрөгийг А.Аод төлсөн, мөн Ж Э Б К ББСБ-д 723 200 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Гэтэл Ж Э Б К ББСБ нь дээрх Toyota Prius-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай авто машиныг Ц.Боос 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан, улмаар тухайн авто машиныг А.А нь Ж Э Б К ББСБ-гаас авсан гэх үндэслэлээр Ц.Б нь А.Атой байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна.

 

Худалдан авагч Ц.Б нь Toyota Prius-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй болсон тул тухайн авто машины төлбөрт төлсөн 3 200 000 төгрөг болон Ж Э Б К ББСБ-д төлсөн 723 000 төгрөгийг А.Аоос шаардах эрхтэй байна.

 

Иймд А.Аоос 3 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Харин Ц.Б нь тухайн авто машиныг А.Аоос 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээж аваад 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан байх бөгөөд А.А нь тухайн авто машиныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан байна.

 

А.А нь Toyota Prius-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай авто машинд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ашид Билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд уг авто машинд 675 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

Гэвч Toyota Prius-30 маркийн, 36-94 УАЕ улсын дугаартай авто машин нь хэний эзэмшилд байхдаа энэхүү 675 000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

А.А нь авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.Бод бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн тухайгаа хуульд заасан журмаар нотлоогүй байна.

 

Иймээс хойд гуперийн үнэ 50 000 төгрөг, үнэлгээний зардал 38 000 төгрөг нийт 88 000 төгрөгийг Ц.Боос гаргуулан Б.А-д олгож, сөрөг шаардлагаас үлдсэн 1 345 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Алтангэрэлийн Ариунболдоос 3 920 000 /гурван сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, Ц.Боос 88 000 /наян найман мянган/ төгрөгийг гаргуулан А.Аод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 345 000 /нэг сая гурван дөчин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 77 670 төгрөг, хариуцагчийн төлсөн 37 878 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Аоос 77 670 /далан долоон мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулан Ц.Бод, Ц.Боос 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан А.Аод тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН