Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02066

 

 

 

 

 

 

 

 

 

У, Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У, Н нарын хариуцагч Н, Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 567 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: У, Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч Н, хамтран зээлдэгч Энарт 10 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдүүлэгч нь энэхүү зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг Нгийн эзэмшлийн Хаан банкны 5032895259 тоот дансанд шилжүүлж, үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгчид нь гэрээнд заасны дагуу зээлээ буцаан төлж дуусгах үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Гэрээний дагуу 10 000 000 төгрөг шилжүүлэх байсан боловч хариуцагч нар өмнөх зээлийн үлдэгдэлд 1 549 500 төгрөгийг суутгуулсан. Хариуцагчийн зөвшөөрөхгүй байгаа 380 000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй. Иймд хариуцагч Н, Энараас зээлийн үндсэн төлбөр 2 624 800 төгрөг, алданги 2 624 800 төгрөг, нийт 5 567 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У, Н нартай 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн боловч Нгийн дансанд 8 070 500 төгрөг орсон. Уг зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөг шилжүүлэх байсан боловч 8 070 500 төгрөг шилжүүлсэн. 1 549 500 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэлд суутгаж авсан. Харин 380 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах хүсэлтэй байна. Үүнээс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5 714 500 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 325 200 төгрөг төлсөн. Үүнээс 14 200 төгрөгийг хасч тооцоход 9 025 500 төгрөг төлсөн байгаа. Гэрээний дагуу 11 600 000 өгөх ёстой байсан боловч 9 025 500 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжлэгч нарт 2 574 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Н, Энараас 3 367 200 төгрөгийг гаргуулж У, Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 200 500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 68 825.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч бид нарын хувьд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан үүргийн хүрээнд бичгээр тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 2 574 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс хариуцагч бидний тооцоолол, тайлбарыг хүлээн авалгүй нэг талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллоо илүү гаргаж, илүү мөнгө нэхэмжлээд хурал дээр үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг 50 хувиас хэтрүүлэн тооцсон гэж үзэж байна. Гэрээг бичгээр байгуулсан тухайд маргаагүй боловч зээлдэгчийн хувьд бол бичгээр байгуулсан гэрээний үнийн дүнг зээлдэгч талд бүрэн шилжүүлэх хуулиар тогтоосон үүрэгтэй атал нэхэмжлэгч нар нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй гэдгийг шүүхээс харгалзан үзэж шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 792 700 төгрөгийн үнийн дүнгээр багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч У, Н нар нь хариуцагч Н, Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 567 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч У нь зээлдэгч Н, Энарт 10 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-5/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөг зээлдүүлэхээс өмнөх зээлийн үлдэгдэл 1 549 500 төгрөг болон 380 000 төгрөгний тооцоо байсныг суутгаж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н нь 8 070 500 төгрөгийг Нгийн Хаан банкин дах 5032895259 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 7, 24 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Уг зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгчид хариуцагч нь үндсэн зээл 10 000 000 төгрөг зээлийн хүү 1 600 000 төгрөг нийт 11 600 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч Н, Э нар нь нэхэмжлэгчид 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 9 025 200 төгрөг төлсөн талаар хэн аль маргаангүй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нар гэрээний 3.5-д “зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр алданги төлнө” гэж зааснаар алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2 244 800 төгрөг, алданги 1 268 312 төгрөг, нийт 3 367 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23 575 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ