Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00241

 

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2066 дугаар магадлалтай,

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

Г.Нямсүрэн,******* нарт холбогдох

 

5,567,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, мөн хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******,*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******,******* нараас*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,567,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нь ...гэрээний дагуу 11,600,000 төгрөг төлөхөөс 9,025,500 төгрөг төлсөн, 2,574,500 төгрөг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан*******,******* нараас 3,367,200 төгрөгийг гаргуулж *******,******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,200,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2066 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, мөн хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Бид нэхэмжлэгчийн шаардсан 3,367,200 төгрөгөөс 2,574,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 792,700 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргасан байдаг. Миний бие нэхэмжлэгч *******ын Хаан банкны 5063400668 дугаартай данс болон нөхөр н.Баярсайханы Хаан банкин дахь 5029458043 тоот дансанд нийт 400,000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд хугацаагаа тодорхой санахгүй байсны улмаас шүүхэд эдгээр данснуудын хуулгыг гаргуулахаар хүсэлт тавьсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, зээлийн үндсэн төлбөрөөс дээрх мөнгөн дүнг хасч тооцолгүй алданги бодсон нь алдангийн хэмжээ өндөр гарахад нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие товлосон цагаас хоцорч, миний эзгүйд шүүх хурал явагдсан бөгөөд энэ талаарх гомдлыг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж чадаагүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т нийцжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, ...анзын гэрээг бичгээр хийнэ, ...алданги нь анзын нэг төрөл, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4.-т тус тус зохицуулжээ.

 

7. 2019.10.17-ны өдрийн Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нар зээлийн төлбөрт 9,025,200 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, гэрээний хугацаа өнгөрсөн үндэслэлээр үлдэгдэл төлбөрт алданги тооцож, нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,600,000 төгрөг, нийт 11,600,000 төгрөг төлөхөөс 9,025,200 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 2,624,800 төгрөг, үүнээс хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгч нарын зөвшөөрсөн 380,000 төгрөгийг хасч үлдэх 2,244,800 төгрөгт алданги 50 хувиар тооцож, 1,122,400 төгрөгийг нэмж, нийт 3,367,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцсэн, шийдвэр, магадлал хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

8. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 116 дугаар зүйлийн 116.3.-т зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарт нэхэмжлэлийг 2020.06.22-ны өдөр гардуулж өгсөн, 2020.08.03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг хэлэлцэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь нотлох баримт бүрдүүлэх, шүүхэд гаргах өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Түүнчлэн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, ...хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч бусдад төлбөр шилжүүлсэн гэх баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой, улмаар дээрх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

9. Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01987 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2066 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, мөн хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.10.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД