Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0525/з |
Дугаар | 500 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 500
Х.А-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: М.Батсуур,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын Х.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0564 дүгээр магадлалтай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын Х.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0564 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай” гэсний урд “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2,” гэж нэмж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэг буюу 3 дахь хуудсанд шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг илтэд буруу тайлбарлаж нэхэмжлэгч Х.А гэрээ байгуулах үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн.
4. Гэтэл нэхэмжлэгчид яамны зүгээс газар ашиглуулах шийдвэр гаргаж, мөн газар ашиглах гэрчилгээг нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон байтал өнөөдрийг хүртэл гэрээгээ хамгаалалтын захиргаа, дүүрэгтэй байгуулахгүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.
5. Мөн магадлалын 4 дэх хуудсанд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04-ний өдөр мэдээлсэн.
6. Яам гэрээг байгуулах субъект биш бөгөөд нэхэмжлэгч, хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргын үүргийг яамны үүрэг мэтээр шүүх илтэд буруу тайлбарласан.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд хэргийн оролцогч, 77 дугаар зүйлд шүүх хуралдааны оролцогч нарын тухай заасан. Харин Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар ашиглах гэрээг Дүүргийн Засаг дарга, Хамгаалалтын захиргаа байгуулахаар зохицуулсан.
8. Уг хэрэгт Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүхэд яагаад гурвалсан гэрээг байгуулаагүй, эсхүл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас байгуулаагүй эсэхийг шалгаж, шүүхэд эрх, ашиг сонирхлоо хамгаалах нөхцөл боломжоор хангалгүй процессын хуулийг зөрчсөн байна
9. Иймд, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч Х.А-т Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн газар ашиглах гэрчилгээгээр “1.7 га” газар ашиглах эрх олгосон, улмаар Сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “газрын төлбөр төлөөгүй, газрыг ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “газар ашиглах гэрээ байгуулахаар удаа дараа захиргааны байгууллагад хандсан боловч гэрээ байгуулаагүй, ийм учраас газрын төлбөрийг төлж чадаагүй” гэж маргажээ.
12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ажуй нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга болон Хамгаалалтын захиргаа байгуулах зохицуулалттай байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нэгэнт гарсан байхад газар ашиглах гэрээг холбогдох захиргааны байгууллагаас байгуулаагүй, энэ нь нэхэмжлэгчээс хамаараагүй, газар ашиглах гэрээ байгуулснаар газар ашиглагчийн эрх, үүрэг үүсэх тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
13. Нэхэмжлэгчийн тухайд газар ашиглах гэрээ байгуулахаар захиргааны байгууллагад хандаж байсан болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1025 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/1547 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон байна. Иймээс газар ашиглах гэрээ байгуулагдаагүй үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Шүүхүүд “нэхэмжлэгчийг гэрээ байгуулах үүрэг хүлээхгүй” гэж дүгнээгүй, харин газар ашиглах гэрээ байгуулах гурван талын үйлдэл тус бүрд дүгнэлт хийж, захиргааны байгууллагын “газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай тогтоол батлагдсаны дараа гурвалсан гэрээг байгуулахаар” хүлээлгэж байсан нөхцөл байдлыг харгалзаж, “итгэл хамгаалагдах” зарчмыг үндэслэн захиргааны байгууллагаас шалтгаалан газар ашиглах “гэрээ байгуулагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглагчийн хувьд хүлээх үүрэг тодорхой болох бөгөөд энэхүү маргааны тухайд газар ашиглах гурвалсан гэрээг байгуулаагүй учраас төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй тул нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй юм.
15. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон, тодорхой байх шаардлагатай, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй, энэхүү үүргээ захиргааны байгууллагаас хэрэгжүүлээгүй буруутай байна.
16. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага гаргах эрхтэй, ийнхүү эрхээ эдлэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргаас холбогдох баримтыг аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй буруутай байх тул хариуцагчийн “яам гэрээ байгуулах субъект биш бөгөөд нэхэмжлэгч болон Хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргын үүргийг яамны үүрэг мэтээр хуулийг буруу тайлбарласан” тухай гомдол үндэслэлгүй.
17. Шүүхүүд хуулийн дээрх заалтыг “эцсийн шийдвэр гаргах” Яамны чиг үүргийн хүрээнд тайлбарласан болохоос “Яамыг гэрээ байгуулах үүрэгтэй” гэж тайлбарлаагүй, “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах” тухай гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, газар ашиглах эрхийг олгох, цуцлах шийдвэр гаргах эрхтэй Яамны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
18. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зохицуулсан Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0564 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ