Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 602

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Чанцалням нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О 

Хариуцагч: Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсэг

2. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дүгээр тушаалын Д.Оад холбогдох хэсэг

3. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсэг

4. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах  

5. Урьд эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын *** дугаар дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, *** дугаар эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, иргэдийн төлөөлөгч Ш.Долгорсүрэн  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.И нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот тушаалаар хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн хийхдээ тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.О миний биеийг ямар ч үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан "Хороо хариуцсан мэргэжилтэн"-ээр томилж шийдвэрлэсэн. /Хөдөлмөрийн сайдын 2015 оны "Аймаг нийслэлийн дүүргийн хэлтсийн дүрэм, бүтэц орон тоог батлах тухай" 127 тоот тушаалаар баталсан бүтэц хийх бүдүүвчинд миний эрхэлж буй ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан/ нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д "Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн", 23.1.2-д "Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон" тохиолдолд байгууллага, ажил олгогчийн санаачлагаар ажил, албан тушаал бууруулахаар хуульчлан тогтоож өгсөн хуулийн заалтыг баримтлаагүй зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Миний бие тус хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургалт хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн Боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн, Ажлын шинэ байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,  Ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалуудыг шат дараалан хашиж, байгууллагын менежертэй жил бүр хуулийн дагуу "Үр дүнгийн гэрээ" байгуулан ажиллаж, гэрээнд заасан ажил үйлчилгээг бүрэн биелүүлж "А" буюу "маш сайн", "В" буюу "бүрэн хангалттай" үнэлгээтэй дүгнүүлэн ажиллаж ирсэн.

Ш.И  нь  Д.О   миний  биеийг  "Хороо   хариуцсан мэргэжилтэн"-ээр томилоод тун удалгүй 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ***тоот тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах хууль бус шийдвэр гаргалаа. 2015 оны 10 дугаар сард улсын хэмжээнд "Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" болохтой холбогдуулан Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус хэлтэст шалгалтаар ирж, хэлтсийн ажилтай танилцсан ба тус Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдаас хууль тогтоомжийн тестээр шалгалт авах болж, миний зүгээс нийт албан хаагчдыг бүрэн хамруулах шаардлага тавьсны төлөө Ш.И нь буруутгаж, гар хуруугаараа чичлэн дайран давшилж, "Чамтай хамтран ажиллахгүй, зайл", "Чамайг хална", "Чи халагдаад эмнэлэгтээ хэвтээрэй" гэж хашгичин, дахин дахин "Хөөш чи, хөөш чи" хэмээн чичилж, "зайл" хэмээн хөөж ёс зүйгүй авирлан, миний нэр төрд халдсан болно. Ш.Иын энэ ёс зүйгүй үйлдэл, хүний нэр төрд халдсан асуудлыг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэст миний бие өргөдөл гарган хандсан болно.

Ш.И нь Д.О миний биеийг ажлаас халах тухай тушаалдаа ёс зүйн хэм хэмжээ сахиагүй, хэлтсийн удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, байгууллагын нэр хүндийг эрхэмлээгүй зөрчлүүдийг гаргасан гэх ба хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэх "дүгнэлт" гэгчийг үндэслэсэн байна. Ш.Иын гомдлоор Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх "Ёс зүйн хороо" /бүрэлдэхүүн нь; М, О, А/ хуралдсан гэх боловч, бичгээр гаргасан гомдол байхгүй, ажлын бус цагаар /21 цагаас хойш/ шөнийн цагаар хуралдсан, миний биеийг оролцуулж тайлбар мэдээлэл аваагүй, ямар ч нотлох баримтгүй, надад мэдэгдээгүй ба хуралдаанаас гаргасан "шийдвэр"-ийг үзүүлэхгүй, нуун дарагдуулж, надад одоо хүртэл танилцуулаагүй болно. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ын 1.2-д заасан "Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийг баримтлах, 2.5.2-д "гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах", 2.5.4-д "гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх", 4.2-д "Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тусын хуралдаанаар хэлэлцэнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Ш.И нь дээрх /2015.09.15-ний ***/ тушаалаар Хэлтсийн ахлах мэргэжилтнээр төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, Л.Мөнгөнцэцэгийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дуааар зүйлийн 17.1-д заасан "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа "төрийн жинхэнэ албан хаагчдаас" үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэсэн заалтыг зөрчсөн.

Иймд Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн *** тоот, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***тоот, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***, ***, **** тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, төрийн албан хаагч миний эрх ашгийг хангаж, хууль тогтоомж зөрчсөн Ш.Ит хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Дэвзээ овогтой О нь хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга Ширэм овогтой Ит холбогдуулж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ***тоо ттушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/69 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ***тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А71 тоот тушаал"-уудыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7356  дугаар шүүгчийн захирамжаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ***тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн **** тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийи *** тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн билээ.

Хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга Ш.И нь нэхэмжлэгч Д.Оын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг тус шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. Багануур дүүргийн Хөдөлмөрийи хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаартай тушаалын тухайд:

Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн **** тоот "Аймаг, нийслэлийн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай" тушаалаар Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинэ бүтцийн дагуу чөлөөлөх, томилох хууль зүйн үр дагавар гарч ирж *** дугаартай "Албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаал гаргасан. Энэ тушаал нь бүтэц орон тоог шинэчилэн батлахын тулд Хөдөлмөрийн хэлтсийн нийт 14 албан тушаалтныг чөлөөлсөн тушаал байгаа юм. Энэхүү тушаалын үр дүнд нэхэмжлэгч Д.Оын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж үзэж байна.

2. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот тушаалын тухайд:

Хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Хөдөлмөрийм хэлтсийн бүтэц орон тоог шинэчилэн батлахдаа төрийн захиргааны албан тушаалтнуудын цалингийн шатлалыг тогтоох шаардлагатай тул Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын *** дугаартай "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал тогтоох, нэмэгдэл олгох тухай" тушаал гаргасан. Энэхүү тушаал нь захиргааны байгууллага дотогшоогоо чиглэсэн буюу дотоод зохион байгуулалтын шинжийг агуулсан, захиргааны актын үндсэн шинжид хамаарахгүй, гадагш чиглээгүй захиргааны шийдвэр болно. Иймд тус шаардлагаар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

3. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын  15-ны  өдрийн *** тоот тушаалын тухайд: 

Дээр дурьдсан Хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу бүтэц орон тоог өөрчлөн, шинэчилж байгуулахын тулд нэр бүхий хүмүүсийг албан тушаалд томилж *** дугаартай "Албан тушаалд томилох тухай" тушаал гаргасан.

Тухайн үед Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр архивын улсын үзлэг ирэхээр төлөвлөгдсөн байсан бөгөөд нэхэмжлэгч Д.О нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байсан. Ажлын хэсгийн ахлагч байсан ч архивын улсын үзлэг ирэх бэлтгэлийг хангаагүй буюу ажлын байрны зорилго, зорилтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч Д.Оыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгон Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас Сум /баг/ хороонд хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн болгож албан тушаап бууруулсан.

4. Нэхэмжлэгч Д.О нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэмж хэмжээг зөрчсөн, байгууллагын нэр хүндийг гутаасан бөгөөд энэ нь Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх ёс зүйн хорооны хурлын шийдвэрээр нотлогдсон. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсгийг зөрчсөн, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албанаас халагдаж, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч Д.Оыг буцаан томилох боломжгүй, эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь эцсийн байдлаар дараахь нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Үүнд: 

1. “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсэг

2. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дүгээр тушаалын Д.Оад холбогдох хэсэг

3. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсэг

4. Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах  

5. Урьд эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын *** дугаар дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, *** дугаар эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Шүүх нэхэмжлэгчийн “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дүгээр тушаалын Д.Оад холбогдох хэсэг”, “2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсэг”, “2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”, “2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын *** дугаар дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, *** дугаар эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар: 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалаар хөдөлмөрийн салбарын 2015 оны бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан тус хэлтсийн нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн ба тус тушаалаар Д.Оыг хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ. 

Улмаар Д.Оыг Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Сум /баг/ хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр албан тушаал бууруулан томилсон байна.

Хариуцагч нэхэмжлэгч Д.Оыг албан тушаал буруулж, Сум /баг/ хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон үндэслэлээ “Архивын улсын үзлэгт бэлтгэх үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй гэж тайлбарладаг .

Маргаан бүхий акт буюу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалд “Архивын улсын үзлэгт бэлтгэх үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй” гэсэн шалтгаан, үндэслэлийг заагаагүй байна. 

Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах харилцааг тусгайлан, нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг  баримтлаагүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар 23.1-д  “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах 2 үндэслэлийг заажээ.Энэ нь 

• 23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

• 23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон

Зөвхөн дээрх 2 үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах хуулийн зохицуулалттай. 

Цаг хугацааны хувьд ч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаал үндэслэлгүй байна. 

Учир нь архивын үзлэг нь тус хэлтэс дээр 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан байх ба харин Б/16 дугаар тушаал 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байна. 

Тодруулбал Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр архивын улсын үзлэг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар  болон Хэлтсийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл , Багануур дүүргийн Прокурорын газрын прокурорын 575 дугаар тогтоолоор  тус тус нотлогдож байна.

Иймд албан тушаал бууруулсан үндэслэл нь нотлогдохгүй байх ба албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Мөн Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ. 

Мөн тогтоолын  8-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдэгт бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албан төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно” гэж заажээ. 

Нэхэмжлэгч Д.О нь дээр дурдсан “ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан” зэрэг байдал тогтоогдоогүй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал тогтоох, нэмэгдэл олгох тухай” ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар: 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал тогтоох, нэмэгдэл олгох тухай” ***дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар тус хэлтсийн ажилтнуудыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг баталсан ба уг тушаалаар Д.Оыг “сум /баг/ хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн” ТЗ-4-3 ангилал зэрэглэлд хамааруулан цалинжуулахаар тогтоосон байна. 

Дээрх тушаалаас үзэхэд “Ажилд томилох тухай” тус хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаал гарахаас цаг хугацааны хувьд өмнө нэхэмжлэгчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг тогтоосон алдаатай байна. 

Зүй нь албан тушаалд томилохоос өмнө тус албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг тогтоох боломжгүй ба энэ үндэслэлээр тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

  Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосон үндэслэлийг дээр тайлбарласан ба энэхүү хүчингүй болгосон үндэслэлтэй 2015 оны 09 дүгээр сарын 14-ний ***дүгээр тушаалыг шүүхээс хүчингүй болгосон үндэслэл адил болно.  

“Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Оыг ажлаас халах тухай” ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар: 

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Оыг сум /баг/ хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсан байна. 

“Ажлаас халах тухай” ***дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажлаас халахдаа “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиагүй, хэлтсийн удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, байгууллагын нэр хүндийг эрхэмлээгүй,  ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн” зэрэг шалтгаан үндэслэлүүдийг заасан байна.  

Дээрх ***дугаар тушаалд заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиагүй, хэлтсийн удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, байгууллагын нэр хүндийн эрхэмлээгүй,  ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн” зэрэг шалтгаан, үндэслэлүүд нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба хариуцагч мөн эдгээр шалтгаан үндэслэлүүдийг нотлохгүй байна. 

Тодруулбал нэхэмжлэгч төрийн албан хаагчийн тодорхой ямар ёс зүйн хэм хэмжээг сахиагүй буюу ёс зүйн ямар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх ба Хэлтсийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлээс  үзэхэд ёс зүйн ямар зөрчил гаргасан нь нотлогдохгүй, тодорхойгүй байна.

Мөн “хэлтсийн удирдлагын тодорхой ямар шийдвэрийг биелүүлээгүй, хариуцсан ямар ажлаа хангалтгүй биелүүлсэн, ямар зөрчил гаргасны улмаас байгууллагын нэр хүндийг эрхэмлээгүй нөхцөл байдал бий болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан байна.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ыг баталсан байна.

Тус журмын 1.4-д “Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан  байна. Зөрчил гаргасан албан хаагч  уг  баримт  материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан ба Д.Оад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх журмыг зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан байна. 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Оыг ёс зүйн хорооны хуралдаанд оролцуулаагүй, тайлбар хийх боломжоор хангаагүй, сахилгын  шийтгэл  ногдуулах  баримт, үндэслэлийг урьдчилан танилцуулах, дахин шалгалт явуулахыг шаардах гэх мэт эрхээр хангаагүй болох нь  нотлогдож байна.

Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар: 

Дээрх ***дугаар тушаал нь нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй, нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчөөгүй буюу хөндөөгүй байна. 

Учир нь тус тушаалаар хөдөлмөрийн салбарын 2015 оны бүтэц, орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан тус хэлтсийн нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн байна. 

Уг ***дугаар тушаалаар бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаас шалтгаалж, үүнтэй уялдуулан нийт албан хаагчдыг хэлбэрийн хувьд чөлөөлсөн болохоос биш зөвхөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаал биш юм. 

Энэхүү ***дугаар тушаалаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, харин нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан томилсон тус хэлтсийн даргын Б/16 дугаар тушаалын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна. 

Иймд Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байх тул тус тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

Шүүх Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын холбогдох тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг  Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж байгаа гэж тайлбарлаж буй боловч Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №1/81 тоот албан бичгээр “Өнөөдрийн байдлаар ...Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж байгаа талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж” тайлбарлаж байна. 

 Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн эрх зүйн байдал ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн тохиолдолд тус хөдөлмөрийн хэлтсийн чиг үүргийг шилжүүлэн авсан төрийн байгууллага энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.   

Д.Оын ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 947,810 (есөн зуун дөчин долоон мянга найман зуун арван) төгрөгөөр тооцож, 2015 оны 09 дүгээр  сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хүртэл нийт 10,687,252 (арван сая зургаан зуун наян долоо мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтануудыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал тогтоох, нэмэгдэл олгох тухай” ***дүгээр тушаалын Д.Оад холбогдох хэсгийг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсгийг, мөн тус хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Оыг ажлаас халах тухай” ***дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Оыг урьд эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” ***дугаар тушаалын Д.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Оад 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,687,252 (арван сая зургаан зуун наян долоо мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгийг олгож, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ