Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02078

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02705 дугаар шийдвэртэй Н.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, 12 452 780 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад, Д.Оюу, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаартай шийтгэх тогтоолоор тодорхой эрүүгийн хэргээс гадна зарим иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэсэн. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх хэсэгт нэхэмжлэгч Н.Бийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг “Интерпей” ХХК-иас нийт 1 305 775 781 төгрөгийг гаргуулж Анод Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу “Интерпей” ХХК-д холбогдох хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 14300054/04 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудастай танилцсан. Төлбөр төлөгч “Интерпей” ХХК-ийн төлбөл зохих нийт төлбөр 1 305 775 781 төгрөгийг Н.Баас гаргуулахыг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар шийтгэх тогтоолд Найгал овогтой Батхуягаас төлбөр гаргуулах ямар нэг заалт байхгүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу “Интерпей” ХХК-иас нийт 1 305 775 781 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хувьцааны ногдол ашиг авдаггүй хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулж байгаа нь хууль бус юм. Түүнчлэн, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Бийн Хас банкны цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийж, Ү-2205022343 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 6 дугаар байр 22 тоот хүүхдүүдийн хамт дундаа хамтран өмчлөх байр, мөн байрны зоорийн давхарт байрлах Ү-2205031440 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 11/09 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 4/2947 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл Н.Бийн төлбөр төлөгч “Интерпей” ХХК-д оруулсан хөрөнгө болон компанийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцдоггүй байсан нь компанийн дүрэм болон компани байгуулах гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс тодорхой харагддаг. Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд тогтоолын 14 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөнд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөнд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно гэж заажээ. Гэтэл төлбөр төлөгч “Интерпей” ХХК-ийн хөрөнгийн бүртгэл болон тайлан тэнцэлд Н.Бийн ямар нэгэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэлгүй бөгөөд Төлбөр-төлөгч “Интерпей” ХХК-иас гаргуулах 1 305 775 781 төгрөгийг Н.Баар төлүүлэх хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Н.Бийн Хас банкны цалингийн данснаас 5 107 719 төгрөг, Төрийн банкны тэтгэврийн 104500832821 тоот данснаас 5 289 725 төгрөг нийт 10 397 444 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас татсан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Н.Бт холбогдуулж 1 305 775 781 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Н.Бийн Хас банкны цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийж буй хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Ү-2205022343 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 6 дугаар байр 22 тоот миний хүүхдүүдийн хамт дундаа хамтран өмчлөлийн байр, мөн байрны зоорийн давхарт байрлах Ү-2205031440 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Бийн Хас банкан дахь цалингийн, Төрийн банкан дахь өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийсэн нийт 10 397 444 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр эх тогтоолоор “Интерпей” ХХК-иас 1 305 775 781 төгрөгийг гаргуулж банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичигт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөгч “Интерпей” ХХК нь 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон мөн шүүхийн шийдвэрт заасан төлбөр барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Н.Б нь “Интерпей” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг ба 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тайлбар авч тэмдэглэл хөтлөн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулахад өөрийн цалин болон тэтгэврээс хувийн суутгал хийхийг хүлээн зөвшөөрч данс сэргээх тухай хүсэлт гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад гүйцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч “Интөрпей” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Н.Б бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Монгол банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны, “Анод банк” ХК дахь эрх хүлээн авагч хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-196 дугаар шаардах шилжүүлэх гэрээ 40/2014/ЭХА-197 дугаар шаардах шилжүүлэх гэрээний дагуу Монгол банк нь нийт 1 305 775 781 төгрөгийг “Интерпей” ХХК-иас шаардах эрхтэй болсон. Монгол банкны зүгээс төлбөр төлөгч “Интерпей” ХХК-иас гаргуулах төлбөрийг барагдуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд төлбөрийг барагдуулахдаа хуулийн дагуу явуулж байгаа гэж ойлгож байгаа болно. Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасныг баримтлан төлбөрийг барагдуулах ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022343 дугаарт бүртгэгдсэн Баянгол 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байр, 22 тоотод байршилтай, 58 м.кв талбай 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031440 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байрны зоорины давхарт байрлалтай, 15 м.кв талбайтай №22 дугаартай авто зогсоолыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 12 452 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бор овгийн Найгалийн Батхуяг /рд:ФМ57012937/-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 439 798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 439 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюу нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 44.2.13-т заасан ажиллагаа явуулахад төлбөр төлөгч “Интерпэй” ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, арилжааны банканд данс эзэмшдэггүй, үлдэгдэлгүй болох нь эрх бүхий байгууллага болон арилжааны банкнуудаас авсан лавлагаа, мэдээллээр тогтоогдсон тус компанийг 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын “Asia payment systems” ХХК, Б.Ариунжаргал, Н.Б үүсгэн байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10/13 тоот албан бичгээр тогтоогдсон. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон  харилцах данс битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “Интерпэй” ХХК-ийн үүсгэн байгуулагч 10 хувийн хувьцаа эзэмшигч Н.Бийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Интерпэй” ХХК-ийн үүсгэн байгуулагч 10 хувийн хувьцаа эзэмшигч Н.Бт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгч, тайлбар авахад Н.Б нь “Интерпэй” ХХК 10 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн цалин болон тэтгэврийн 50 хувиар суутгал хийлгүүлэн, төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулах талаар бичгээр хүсэлт гаргасан тул түүний цалин орлогоос суутгал хийгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулах үүрэгтэй Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөнд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөнд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно гэж заасан. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Интерпей” ХХК нь 291 250 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, гурван үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч Н.Бийн оруулсан хөрөнгө нь 58 250 000 төгрөг гэж бүртгэгдсэн байна гэж үзжээ. Гэтэл дээрх оруулсан хөрөнгө оруулсан хөрөнгө нь компанийн тайлан тэнцэлд түүний хувийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй байна. Мөн оруулсан хөрөнгийг 58 250 000 төгрөг гэж үзвэл Н.Б нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн хувь хэмжээний дагуу хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байна. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын дагуу “Интерпей” ХХК түүний үүсгэн байгуулагчдаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан түүний Хас банкин дахь цалингийн, Төрийн банкин дахь өндөр насны тэтгэврийн данснуудаас 12 452 780 төгрөгийн суутгалыг буцаан гаргуулах, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-5, 203/

Хариуцагч НШШГГ нь дээр дурдсан суутгал хийж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан үндэслэлээ Н.Б нь “Интерпэй” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэж тайлбарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэсэн гэж тайлбарласан байна.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар шийтгэх тогтоолын 14 дэх заалтаар “Интерпэй” ХХК-аас 1 305 775 781 төгрөг гаргуулж “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. /1хх.135-202/

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Интерпей” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байх ба уг компани нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас шүүхийн шийдвэр 6 жилийн хугацаанд биелэгдээгүй тул хувьцаа эзэмшигч “Ашиа Пэймент Системс”/Asia paement systems/ ХХК, Б.Ариунжаргал, Н.Б нарын нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 1 306 175 781 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, тус компанийн 10 хувийг нэхэмжлэгч Н.Б эзэмшдэг болох нь тогтоогдсон болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14300054/04 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр нэхэмжлэгч Н.Бт 1 305 775 781 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлд “нэхэмжлэгчийн тэтгэвэр болон цалин дээр 50 хувиар суутгал хийе” гэхэд нэхэмжлэгч “за ойлголоо” гэж бичигджээ. /1хх.226-227/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн Хас банкин дахь цалингийн, Төрийн банкин дахь өндөр насны тэтгэврийн данснуудаас 12 452 680.22 төгрөгийн суутгал хийгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /1хх.228-230/

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заажээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна”  гэж заасан. Гэтэл зохигчдын тайлбараас үзэхэд хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн данснаас нь суутгаж авсан мөнгөн хөрөнгө нь түүний цалингийн болон тэтгэврийн орлого байх бөгөөд эдгээр орлого нь компанийн эд хөрөнгөтэй холбоотой зааглагдаагүй хөрөнгө биш тул нэхэмжлэгчийн цалин, тэтгэврээс суутгал хийснийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхгүй юм.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн дарга, ахлах гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/9885 дугаартай Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоотоор нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022343 дугаарт бүртгэгдсэн  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байр, 22 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, дээрх үл хөрөнгөтэй холбоотой лавлагааг гаргуулж ирүүлэхийг даалгаснаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205031440 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гааль 6 байр, зоорийн давхар 22 тоот хаягт байрлах 58 м.кв талбай 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /2хх.24-25/

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Х.Сэлэнгэ, хамтран өмчлөгчөөр Н.Б, Б.Индира, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031440 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байрны зоорины давхарт байрлалтай, 15 м.кв талбай бүхий №22 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр Х.Сэлэнгэ, Н.Б, Б.Индира, Б.Инга нар бүртгэгдсэн байна./1хх.111-113/

Дээрх орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэж заасан нэхэмжлэгч нь дээрх компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хуулийн уг заалтад хамаарахгүй байна.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байр, 22 тоотод байршилтай, 58 м.кв талбай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 6 дугаар байрны зоорины давхарт байрлалтай, 15.м.кв талбай бүхий №22 дугаартай авто зогсоол нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө байхад бусдын өмчлөх эрхэд халдан битүүмжилсэн байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасанд нийцэхгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “...Н.Б нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн хувь хэмжээний дагуу хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.