Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02705

 

 

 

 

2020          07           29                                      101/ШШ2020/02705

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, 12,452,780 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Оюу, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Оргилсайхан, иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Б.Болорцэцэг, Л.Түвшинтогос, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаартай шийтгэх тогтоолоор тодорхой эрүүгийн хэргээс гадна зарим иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэсэн. Тус 0034 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх хэсэгт нэхэмжлэгч Н.Б-ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг “И” ХХК--иас нийт 1.305.775.781 төгрөгийг гаргуулж Анод Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Тус Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар шийтгэх тогтоолын “И” ХХК--д холбогдох хэсгийг 2013 оны  11 дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 14300054/04 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудастай танилцсан бөгөөд дээрх мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч “И” ХХК--ийн төлбөл зохих нийт төлбөр 1.305.775.781 төгрөгийг Н.Б-аас гаргуулахыг мэдэгдсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх мэдэгдлийн дагуу явагдаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж заажээ. Үүнээс үзэхэд 2013 оны 11дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичигт Улсын бүртгэлийн 9015029016 дугаартай, 5138108 регистрийн дугаартай ”И” ХХК-иас 1.305.775.781 төгрөгийг гаргуулж Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор тогтоолоо. гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт байгаа. Үүнээс төлбөл зохих нийт 1.305.775.781 төлбөрийн төлбөр төлөгч нь Н.Б- биш “И” ХХК- болох нь тодорхой харагдана.

Түүнчлэн, Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын Албаны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай" тогтоолын 2 дугаар хэсэгт төлбөр төлөгч “И” ХХК--ийн битүүмжлэгдсэн данснаас 1.305.775.781 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн банк дахь 100900198707 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсүгэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичиг болон төлбөр барагдуулах ажлын албаны дээрх тогтоолоор төлбөр төлөгч нь “И” ХХК- болох нь тодорхой байтал 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-д төлбөр төлөгч “И” ХХК- гэснийг Найгал овогтой Батхуягаас 1,305,775,781 төгрөгийг гаргуулах гэж өөрчилж төлбөл зохих нийт төлбөрийг нэхэмжлэгч Н.Б-аас төлөхөөр болгож хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна" гэж заажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар шийтгэх тогтоолд Найгал овогтой Батхуягаас төлбөр гаргуулах ямар нэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл Н.Б- нь 1.305.775.781 төгрөгийг өөрийн эд хөрөнгөөр хариуцан төлөх ямар ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байтал хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу “И” ХХК--иас нийт 1,305,775,781 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчиж компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хувьцааны ногдол ашиг авдаггүй хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулж байгаа нь хууль бус юм. Түүнчлэн, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Б-ийн Хас банкны цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийж, Ү-00000003эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 байр  00 тоот  хүүхдүүдийн хамт дундаа хамтран өмчлөх байр, мөн байрны зоорийн давхарт байрлах Ү-00000040 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 11/09 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 4/2947 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тус тогтоол болон хариу мэдэгдэх хуудсыг үндэслэл нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”.гэж Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэж заасны дагуу төлбөр-төлөгч “И” ХХК--д Н.Б-ийн оруулсан хөрөнгө тодорхой зааглагдаагүй гэж үзэж гомдлыг хангахаас татгалзлаа гэжээ. Гэтэл Н.Б-ийн төлбөр-төлөгч “И” ХХК--д оруулсан хөрөнгө болон компанийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцдоггүй байсан нь компанийн дүрэм болон компани байгуулах гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс тодорхой харагддаг.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд тогтоолын 14 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөнд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөнд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно. гэж заажээ. Гэтэл төлбөр төлөгч “И” ХХК--ийн хөрөнгийн бүртгэл болон тайлан тэнцэлд Н.Б-ийн ямар нэгэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэлгүй бөгөөд Төлбөр-төлөгч “И” ХХК--иас гаргуулах 1.305.775.781 төгрөгийг Н.Б-аар төлүүлэх хуулийн болон бодит үндэслэлгүй юм.

Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Н.Б-ийн Хас банкны цалингийн данснаас 5.107,719 төгрөг, Төрийн банкны тэтгэврийн 1000000001  тоот данснаас 5,289,725 төгрөг нийт 10,397,444 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас татсан байна. Зүй нь Компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан, тооцоо судалгаагүй зээл олгосон удирдлагын хариуцлагагүй үйлдлээс болж үүссэн их хэмжээний өрийг үүнд ямар ч хамааралгүй жижиг хувьцаа эзэмшигч хүний хувийн өмч хөрөнгөөр төлүүлж байгаа нь гэмгүй хүнийг гэмт хэрэгт хилсээр ялласантай адил үйлдэл юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2–т заасныг үндэслэл болгон Н.Б-ийн Хас банкны цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийж буй хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Ү-00000003эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 байр  00 тоот  миний хүүхдүүдийн хамт дундаа хамтран өмчлөлийн байр, мөн байрны зоорийн давхарт байрлах Ү-00000040 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өнөөдрийг хүртэл Н.Б-ийн Хас банкан дахь цалингийн, Төрийн банкан дахь өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийсэн нийт 10,397,444 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр эх тогтоолоор “И” ХХК--иас 1.305.775.781 төгрөгийг гаргуулж банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичигт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөгч “И” ХХК- нь 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон мөн шүүхийн шийдвэрт заасан төлбөр барагдуулах үүргээ биелүүлээгүй байна.

Найгал овогтой Батхуяг нь “И” ХХК--ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг ба 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тайлбар авч тэмдэглэл хөтлөн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулахад өөрийн цалин болон тэтгэврээс хувийн суутгал хийхийг хүлээн зөвшөөрч данс сэргээх тухай хүсэлт гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад гүйцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч “Интөрпей” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Н.Б- бүртгэгдсэнийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Н.Б-т холбогдуулж 1,305,775,781 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг  тогтоож хүчингүй болгох, Н.Б-ийн төрийн төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснаас суутгал хийж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14300054/05 дугаартай цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тогтоолын хүчингүй болгох, Ү-00000003улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 байр ны 00 тоот  Н.Б-ийн хүүхдүүдийн хамт дундын хамтран өмчлөлийн байр, мөн байрны зоорийн давхарт байрлах Ү-00000040 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу Хас банкны цалингийн данс болон Төрийн банкны тэтгэврийн 1000000001  тоот данснаас нийт 10,397,444 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өнөөдрийг хүртэл Х.Батхуягийн Төрийн банкны тэтгэврийн 10450083821 тоот данснаас суутгал хийж байгаа бөгөөд нийт 12,452,780 төгрөгийг суутгасан байна гэв.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх хэсэгт 10,397,444 төгрөг гэснийг 12,452,780  төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч  Б.Оргилсайхан шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29..5, 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэл болгон Н.Б-ийн Хас банкны, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас суутгал хийж буй хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Ү-00000003улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 байр ны 00 тоот  байр, байрны зоорийн давхарт байрлах Ү-00000040 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гараашийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, данснуудаас суутгал хийсэн 12,452,780 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор “И” ХХК--иас 1,305,775,781 төгрөгийг гаргуулж Анонд банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Монгол банкны, “Анонд банк” ХК дахь эрх хүлээн авагч хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-196 дугаар шаардах шилжүүлэх гэрээ 40/2014/ЭХА-197 дугаар шаардах шилжүүлэх гэрээний дагуу Монгол банк нь нийт 1,305,775,781 төгрөгийг “И” ХХК--иас шаардах эрхтэй болсон.

Монгол банкны зүгээс төлбөр төлөгч “И” ХХК--иас гаргуулах төлбөрийг барагдуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд төлбөрийг барагдуулахдаа хуулийн дагуу явуулж байгаа гэж ойлгож байгаа болно.

Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ”., 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн  эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасныг баримтлан төлбөрийг барагдуулах ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна гэв.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Н.Б-ийн “Хас банк” ХХК-ийн цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас 12,452,780 төгрөгийн суутгалыг буцаан гаргуулах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000003дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр , 00 тоот од байршилтай, 58 мкв талбай 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000040 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр ны зоорины давхарт байрлалтай, 15.м.кв талбай бүхий №22 дугаартай авто зогсоолыг тус тус битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар Шийтгэх тогтоолын 14 дэх заалтаар     “И” ХХК--иас 1,305,775,781 төгрөгийг гаргуулж Анонд банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 350 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор “И” ХХК--д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1-р х.х-ийн 135-202, 89, 2-р хх-ийн 19 дүгээр тал/

 

Хариуцагч нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0034 дугаар Шийтгэх тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 350 дугаартай гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “И” ХХК--ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан байх ба “И” ХХК- нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй улмаас шүүхийн шийдвэр 6 жилийн хугацаанд биелэгдээгүй тул хувьцаа эзэмшигч “Ашиа Пэймент Системс”/Asia paement systems/ ХХК, Б.Ариунжаргал, Н.Б- нарын нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 1,306,175,781 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, тус компанийн 10 хувийг нэхэмжлэгч Н.Б- эзэмшдэг болох нь тогтоон, улмаар нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн төлбөр 1,307,775,781 төгрөгийг төлөх  мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж, тухайн өдрөө нэхэмжлэгчийн хөрөнгийн мэдүүлгийг тогтоон, хувьцаа эзэмшигчийн хувьд 10 хувийн хувьцаанд ногдох төлбөрийг төлөхийг мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна./1-р хх-ийн 204-228 дугаар тал/

 

Хариуцагч  нь нэхэмжлэгч Н.Б-ийг “И” ХХК--ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд  130,000,000 гаруй төгрөгийг төлөх үүрэгтэйг, хэрхэн төлөх талаар саналыг асууснаар Н.Б- нь өөрийн орлого болох цалин, тэтгэврийн 50 хувиар төлөх тухай хүсэлтийг гаргажээ./1-р хх-ийн 227-230 дугаар тал/

 

Ийнхүү 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14300054/07  дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн Төрийн банкны 1000000001 , Хас банкны 5002599177 тоот данснуудыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээж, нэхэмжлэгчийн цалин болон тэтгэврийн данснаас нийт 12,452,680.22 төгрөгийг суутгасан нь баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 232, 2 хх-ийн 82 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.”,122.2-т “Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргах эрхтэй.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000003дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр , 00 тоот од байршилтай, 58 м.кв талбай 2 өрөө орон сууцын өмчлөгч нь Х.С , хамтран өмчлөгчөөр Н.Б-, Б.И , Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000040 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр ны зоорины давхарт байрлалтай, 15 м.кв талбай бүхий №22  дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр Х.С , Н.Б-, Б.И , Б.Иа нар бүртгэгдсэн байна./1-р хх-ийн 111-113 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.”,  49.7.-д “Үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь бүртгүүлбэл зохих бусад хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилснээс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.”, энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ”Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.” гэж тус тус заасан.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн дарга, ахлах гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/9885 дугаартай Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоотоор нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000003дугаарт бүртгэгдсэн  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  ГЕГ-ын ажилчдын 0 байр , 00 тоот од байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, дээрх үл хөрөнгөтэй холбоотой лавлагааг гаргуулж ирүүлэхийг даалгаснаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000040 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гааль 6 байр, зоорийн давхар 00 тоот  хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /2-р хх-ийн 24-25 дугаар тал/ 

 

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд тус ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлтэй талаар хариуг нэхэмжлэгчид өгсөн баримт хавтас хэрэгт авагдсан. /1-р хх-ийн 110 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Хуульд заасан уг журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэйг ойлгоно.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаар өөрийн гэсэн ялгагдах зүйл, шинжтэй бөгөөд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх, эзэмшиж байгаа эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг иргэний эрх зүйн харилцааны оролцогч юм.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж, 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь ““И” ХХК- нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй улмаас хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Н.Б- өөрийн цалин, тэтгэврийн орлогын 50 хувиар төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч хүсэлтээ бичсэн. Үл хөдлөх хөрөнгийн эрхийг хязгаарлахдаа хамтран өмчлөгч нарт мэдэгдээгүй ч зөвхөн Н.Б-т ногдох хэсгийг битүүмжилсэн”  гэх тайлбарыг гаргасан. 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “И” ХХК- нь 291,250,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, гурван үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч Н.Б-ийн оруулсан хөрөнгө нь 58,250,000 төгрөг гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн болон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс “И” ХХК--ийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан хуулийн заалттай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Мөн хавтас хэрэгт Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шүүхэд баримтаао ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны 3/4985 албан тоотоос үзэхэд нэхэмжлэгч Н.Б-аас нийт 12,452,680 төгрөгийн суутгалыг суутгасан тогтоогдож байх тул дээр дурдсан хууль бус ажиллагааны улмаас хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д .”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар хариуцагчаас 12,452,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу явуулсан ажиллагаа нь  Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар төлбөр төлөгч “И” ХХК--ийн эд хөрөнгө нь түүний хувьцаа эзэмшигч Н.Б-ийн  эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр тус нэхэмжлэгчийн бусадтай хамтран өмчилж буй орон сууцыг битүүмжилсэн, мөн түүний цалин болон тэтгэврээс суутгал хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Н.Б-ийн “Хас банк” ХХК-ийн цалингийн, Төрийн банкны өндөр насны тэтгэврийн данснуудаас 12,452,780 төгрөгийн суутгалыг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000003дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр , 00 тоот од байршилтай, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000040 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр ны зоорины давхарт байрлалтай, 15.м.кв талбай бүхий №22 дугаартай авто зогсоолыг тус тус битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 439,798 төгөргйиг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн           Ү-00000003дугаарт бүртгэгдсэн Баянгол 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр , 00 тоот од байршилтай, 58 м.кв талбай 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000040 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ГЕГ-ын ажилчдын 0 байр ны зоорины давхарт байрлалтай, 15.мкв талбайтай №22 дугаартай авто зогсоолыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 12,452,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б/рд:/-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 439,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 439,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                   Б.УНДРАА

 

                                                                               Д.ЦЭРЭНДОЛГОР