Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02077

 

С.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02341 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Лгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Цт холбогдох гэрээнээс татгалзаж 2 680 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нийтийн сүлжээнд байрлуулсан зарын дагуу Л.Цаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр агаар замаар үүсэх халдварт өвчнөөс хамгаалах 24 цаг зүүх зориулалттай амны маскыг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр тооцож нийт 3070 ширхэг амны хаалтыг 3 070 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдрөө Л.Цын Хаан банк дахь дансанд мөнгийг шилжүүлсэн. Л.Ц амны хаалтыг Герман улсад үйлдвэрлэсэн чанартай, 16-48 цаг зүүнэ гэж хэлсэн боловч гэртээ ирж задалж үзэхэд маш нимгэн маск байсан. Маскны хайрцаг дээрх зааврыг англи хэлнээс орчуулуулахад хүнсний зориулалттай хэрэглэх маск байсан тул 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Л.Цын 95769030 дугаарт залган холбогдож энэ байдлыг хэлж буцаая гэхэд боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн маск агаар замаар дамжих халдвараас хамгаалахгүй, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулагдсан маск байсан. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзсан тул 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллагаар энэ хүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгосон. Иймд маскны үнэ 2 610 000 төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгний хамт 2 680 200 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 дугаар сард Герман улсаас 6000 ширхэг маск гаалиар оруулж ирсэн. Нийтийн сүлжээнд зар тавьсан. Корона гарсан амны хаалт ховор байсан үе юм. С.Л “Таван богд” ХХК-аас холбогдож байна гэж утсаар яриад 5000 ширхэг маск авъя гээд үлдсэн 3070 ширхэг маскийг худалдан авч үнэ 3 070 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдож таныг эрэн сурвалжилж байна ирж уулз гэсэн. С.Л надаас маскийг аваагүй бол өөр авах зөндөө хүн байсан. Гэтэл өдий хүртэл хадгалсан дээр нь одоо маскны үнэ буурсан. Иймд би 1 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэх 1 610 000 төгрөгт тооцож принтерийн хор өгөх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Л.Цаас 2 610 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгож, үлдэх 70 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Лгоос худалдаж авсан 2610 ширхэг амны хаалтыг гаргуулж хариуцагч Л.Цт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 878 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Цаас 56 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Л.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бодит байдал дээр анхан шатны шүүх хариуцагч Л.Ц надаас нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх санал байна уу гэж асуусан бөгөөд шүүгчийн энэ асуултын хүрээнд хариуцагч би 1 000 000 төгрөг бэлнээр 1 610 000 төгрөгт принтерийн хор бодож өгч болно гэж эвлэрлийн санал тавьсан. Харин нэхэмжлэгч уг эвлэрлийн саналыг хүлээж аваагүй. Гэтэл шүүх хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдэх ёстой байтал эвлэрлийн санал болгож асуусан миний тайлбарыг мушгин гуйвуулж нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй гэж тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэл болгосонд маш гомдолтой байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа өөрийн хариу тайлбартаа тодорхой бичиж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид эд хөрөнгийг болоод эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгч, нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнээ хүлээн авсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө цааш нь зарж чадаагүй маскаа үндэслэлгүйгээр буцаана хэмээн гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Л.Цт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2 680 200 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч дээрх маскийг “Герман улсад үйлдвэрлэсэн чанартай, агаар замаар үүсэх халдварт өвчнөөс хамгаалах 24 цаг зүүх зориулалттай, 16-48 цаг зүүнэ” гэж зар тавьсан учраас худалдаж авсан, гэтэл худалдан авсан маск нь хүнсний зориулалттай байсан” гэсэн тайлбар гаргасан байна.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...С.Л надаас маскийг аваагүй бол өөр авах зөндөө хүн байсан. Гэтэл өдий хүртэл хадгалсан дээр нь одоо маскны үнэ буурсан” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн 5 дугаар талд “Хаан банк” ХХК-ийн шилжүүлэг хийсэн хуулгаас үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Ариунболдын 5020031686 тоот данснаас  хариуцагч Л.Цын 5007709999 тоот дансанд 3 070 000 төгрөгийг шилжүүлсэн буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх.5/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч С.Л хариуцагч Л.Цаас худалдан авсан маск нь агаар замаар дамжих халдвараас хамгаалахгүй, чанарын шаардлага хангахгүй, хүнсний бүтээгдэхүүнд зориулсан маск худалдсан гэсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд гэрээний үнэд шилжүүлсэн 2 610 000 төгрөгийг буцаан авахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шилжүүлсэн маск нь өөрөө хоол хүнсний зориулалтаар буюу шүүлтүүрийн хувьд өөр агуулгатай маск өгсөн байна гэсэн нөхцөлийг заагаад хэрэгт шилжүүлэн өгсөн маскны зориулалтыг заасан баримтыг өгсөн байна. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан орчуулгын баримтаас үзэхэд С.Лгийн худалдаж авсан маскны тайлбар нь англи хэл дээр байх тул нэхэмжлэгчийг маскны зааврыг нь уншиж, ойлгож авах боломжтой байсан гэж үзэх боломжгүй. Тухайн маскны зааврыг монгол хэл дээр өгсөн болохоо хариуцагч нотлоогүй байна.  

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан худалдан авагч доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдана. Нэхэмжлэгч С.Л худалдаж авсан маскаа хүнсний зориулалттай болохыг хүлээн авах үедээ мэдэж байсан эсхүл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдлыг хариуцагч тал баримтаар нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Л.Ц нэхэмжлэгчид эд хөрөнгийн болоод эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Л.Цаас 2 610 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгосон шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.