Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Нарны хороолол 25 дугаар байр 604 тоотод оршин суух, 1981 онд төрсөн 39 настай, Боржигон овогт С.Л.

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40д байр 85 тоотод оршин суух, 1981 онд төрсөн 39 настай, Цэцэн сартуул овогт Л.Ц

Гэрээнээс татгалзаж 2.683.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Л, хариуцагч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Л миний бие нийтийн сүлжээнд байрлуулсан зарын дагуу Л.Ц-с 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр агаар замаар үүсэх халдварт өвчнөөс хамгаалах 24 цаг зүүх зориулалттай амны маскыг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр тооцож нийт 3070 ширхэг амны хаалтыг 3.070.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдрөө Л.Ц-н Х-Б дахь дансанд мөнгийг шилжүүлсэн. Л.Ц амны хаалтыг Герман улсад үйлдвэрлэсэн чанартай, 16-48 цаг зүүнэ гэж хэлсэн боловч гэртээ ирж задалж үзэхэд маш нимгэн маск байсан. Маскны хайрцаг дээрх зааврыг англи хэлнээс орчуулуулахад хүнсний зориулалттай хэрэглэх маск байсан тул 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Л.Ц-н 95769030 дугаарт залган холбогдож энэ байдлыг хэлж буцаая гэхэд боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн маск агаар замаар дамжих халдвараас хамгаалахгүй, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулагдсан маск байсан талаар Л.Ц-т утсаар мэдэгдэхэд одоо надад бэлэн мөнгө байхгүй гэсэн мөн утасны цаана нэг эмэгтэй явдаг газраараа яваад аваарай гэж хариулсан. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзсан тул 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллагаар энэ хүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоолгосон. Иймд маскны үнэ 2.610.000 төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгний хамт 2.680.200 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 02 дугаар сард Герман улсаас 6000 ширхэг маск гаалиар оруулж ирсэн. Нийтийн сүлжээнд зар тавьсан. Корона гарсан амны хаалт ховор байсан үе. С.Л Т-Б ХХК-наас холбогдож байна гэж утсаар яриад 5000 ширхэг маск авъя гээд үлдсэн 3070 ширхэг маскийг худалдан авч үнэ 3.070.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдож таныг эрэн сурвалжилж байна ирж уулз гэсэн. С.Л надаас маскийг аваагүй бол өөр авах зөндөө хүн байсан. Гэтэл өдий хүртэл хадгалсан дээр нь одоо маскны үнэ буурсан. Иймд би 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэх 1.610.000 төгрөгт тооцож принтерийн хор өгөх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Л.Ц-с 2.683.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж амны хаалтны үнэ 2.610.000 төгрөг, зардал 70.200 төгрөг нийт 2.680.200 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Зохигч талууд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарын дагуу Герман улсад үйлдвэрлэгдсэн 3070 ширхэг амны хаалтыг 3.070.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг шилжүүлсэн болох нь тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, амны хаалтны үнэд 2.610.000 төгрөг нэхэмжилсэнг хариуцагч төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, тэрээр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1.610.000 төгрөгт тооцож принтерийн хор өгөх санал гаргасан боловч нэхэмжлэгч саналыг зөвшөөрч талууд эвлэрээгүй тул амны хаалтны үнэ 2.610.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 70.200 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч шаардлагыг нотолсон баримтгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.Лхамноржингоос худалдаж авсан 2610 ширхэг амны хаалтыг гаргуулж хариуцагч Л.Ц-т олгож, хариуцагч Л.Ц-с амны хаалтны үнэ 2.610.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгож, үлдэх нэхэмжлэлийн 70.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Л.Ц-с 2.610.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгож, үлдэх 70.200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Л-с худалдаж авсан 2610 ширхэг амны хаалтыг гаргуулж хариуцагч Л.Ц-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.878 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-с 56.710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА