Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0832

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0832

Улаанбаатар хот

 

 

Г.Б, С.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Г, нэхэмжлэгч С.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээд Д.Г, П.Н, гуравдагч этгээд П.Н-ийн өмгөөлөгч С.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б, С.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г, П.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г-ийн нэр дээр нэгж талбарын ............дугаар газрыг бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Б, С.Ц нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэл нарын зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс “нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх журмаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэсэн нь буруу юм.

Нэхэмжлэгч бид уг маргаан бүхий газар дээрх гараашийг 1998-1999 онуудад худалдан авч, илээр тасралтгүй 20 орчим жил эзэмшиж ашиглаж байна. Баянзүрх дүүргийн Газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох акт” үйлдэн  жил бүр газрын төлбөр төлж ирсэн. Энэ нь Газрын тухай хуулийг 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасантай нийцэж шүүхээс дүгнэсэн. Гэвч газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаагүй тул газартай холбоотой хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь иргэн Д.Г, П.Н газар эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч бидний гарааш уг маргаан бүхий газар дээр байрлаж байсан, энэ талаар хариуцагч гуравдагч этгээд огт маргадаггүй. Маргаан бүхий газрыг эзэмшиж буй Д.Г, П.Н нарт уг газрыг хууль заасан журмыг зөрчин газар эзэмших эрхийг олгоогүй байхад шүүх хуульд нийцсэн гэж буруу дүгнэсэн байна.

Иргэн Б.Ц нь нэгж талбарын .......... дугаартай 100 м.кв газрыг эрх эрхийг өөрийн охин Д.Г шилжүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” 6712 дугаар гэрээ байгуулан, нөхрийн хамт уг газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасан байдаг. Гэвч Нийслэлийн Засаг дарга дээрх нэгж талбарыг ....... дугаартай газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй, харин нэгж талбарын ........ /ХХ-114/ дугаартай нэхэмжлэгч бидний гарааш байрлаж буй газрыг эзэмшүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн А/947 дугаар захирамж гаргасан байдаг. Энэхүү захирамжаар иргэн П.Ц-ын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх нэрээр шинэ газар эзэмших эрхийг иргэн Д,Г, П.Н нарт олгосон юм. Энэ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас томилогдсон ажлын хэсгийн шинжээчийн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээлэлд бүртгэгдсэн нэгж талбарын ........... дугаар бүхий 100 м.кв талбайтай газрыг нэгж талбарын .............дугаар бүхий 100 м.кв талбайтай газартай давхцуулж үзэхэд ямар нэгэн давхцалгүй байна гэсэн дүгнэлтээр тогтоогддог.

Иргэн Б.Ц эзэмшүүлсэн газар дээр бусдын барилга байгууламж баригдсан тул дээрх хүсэлт гаргасан иргэдэд шилжүүлэн эзэмшүүлэхдээ нэгж талбарыг өөрчлөн, зөвшөөрөлгүй гараашийн газар чөлөөлүүлэх талаар нотариатын баталгаа гаргуулж авсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хурлын дүгнэлт гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан хэмээн хариуцагч тайлбарладаг.

Гэвч бусдын газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ уг газрын байршил, эргэлтийн цэгийг өөрчлөн шилжүүлэх зохицуулалт Газрын тухай хууль, холбогдох журамд тусгагдаагүй, ийм эрх хэмжээг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба болон Газар барилгажилтын зөвлөлд олгогдоогүй юм.

Газрын байршил, эргэлтийн цэг өөрчлөгдөж байгаа бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу шинээр газар эзэмших хүсэлтийг холбогдох баримтын хамт газрын албанд гаргах учиртай. Гэвч уг маргаан бүхий газрыг эзэмшигчид энэхүү газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших хүсэлтийг өнөөдрийг хүртэл гаргаагүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч бид өөрийн гарааш байрлаж буй уг маргаан бүхий газрыг холбогдох хууль журмын дагуу эзэмшихээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргахад дээрх иргэдийн газартай давхацсан гэдэг үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан. /Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 10/1416 дугаар албан бичиг/

Газар эзэмших эрхийг анх хүсэлт гаргасан иргэнд олгохоор заасан атал нэгж талбарын .............. дугаартай маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг огт гаргаагүй иргэдэд эзэмшүүлж, эдгээр иргэдийн эзэмшиж буй газартай давхацсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч бидний газар эзэмших хүсэлтийг хүлээн авахгүй, өөрийн эд хөрөнгөө эзэмшиж ашиглах эрхийг хязгаарлан, хохирч байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, орон сууцны 14 дүгээр байрны зүүн урд талд иргэн Б.Ц-д 2 жилийн хугацаатай 0.01 га газар ашиглах эрх олгосон байна. Түүний газар эзэмших эрхийн хугацаа 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогджээ.

Харин Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар /хугацаа дууссанаас хойш 4 жил шахмын дараа/ Б.Ц-ын газар ашиглах эрхийг 5 жилээр сунгасан байна. Тэрхүү сунгасан гэх хугацаа нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байхад дахин 1 жил 2 сарын дараа 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А/501 дүгээр захирамжийг гаргаж 2 жилээр сунгажээ.

Б.Ц нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн охин Д.Г-т шилжүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 6712 дугаар гэрээ байгуулж, Д.Г нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нөхөр П.Н-ийн хамт уг газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн 1 жил 8 сарын хугацаатайгаар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас “...иргэн Д.Г, П.Н нарт эрх шилжүүлэн олгосон нэгж талбарын ............... дугаар бүхий газрын эргэлтийн цэгийг өөрчлөн, нэгж талбарын .............. дугаар бүхий газар болгож өөрчлөөгүй байсан бол бидний гарааш байрлах газартай давхцахгүй байсан. Газар эзэмших эрх шилжүүлэхдээ хуучин нэгж талбарын дугаараар буюу тухайн байршлаар шилжүүлэх ёстой” гэж маргаж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ тайлбарлаж байхад анхан шатны шүүх тэрхүү үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/501 дүгээр захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газар дээр бусдын барилга байгууламж баригдсан тул иргэн Д.Г, П.Н нарт шилжүүлэн эзэмшүүлэхдээ нэгж талбарыг өөрчлөн, зөвшөөрөлгүй гараашийн газар чөлөөлөх талаар нотариатаар баталгаа гаргуулж авсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хурлын дүгнэлт гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамж гарсан” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар одоо 0.01 га газрыг эзэмшиж байгаа Д.Г, П.Н нарын газар нь анх Б.Ц-д 2002 онд эзэмшүүлсэн тэрхүү газар биш байна.

Өөрөөр хэлбэл, 2002 онд Б.Ц-д эзэмшүүлж байсан газрыг биш огт өөр газрыг Д.Г, П.Н нарт шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд ийнхүү өөр газар буюу нэхэмжлэгч нарын гарааш байрлаж байсан газрыг давхцуулан эзэмшүүлжээ.

Иргэн Г.Б, С.Ц нар нь  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины тоосгон гараашийг 1997-1998 онуудад худалдан авч эзэмшиж эхэлсэн, өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлж байсан нь тогтоогдсон, хойшид ч өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах хууль ёсны ашиг сонирхолтой болох нь тогтоогджээ.

Ийм байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Г, П.Н нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх журмаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж үзсэн нь буруу байна.

Нөгөө талаар хариуцагчийн зүгээс “...Б.Ц-ын газар дээр өөр барилга баригдсан” гэж тайлбарладаг. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь биш болохоо Д.Г, П.Н нарын зүгээс илэрхийлж байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас Б.Ц-ын газар эзэмших эрх 2004 онд дууссаны дараа тэрээр 2008 он болтол хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байна.

Чухамхүү Б.Ц-ын газар эзэмших эрх дуусгавар болсон учраас тухайн газарт өөр этгээдэд газар эзэмшүүлж, улмаар уг этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө барьсан байж болохоор байна. Ийм учраас Б.Ц-ын анх эзэмшсэн газрыг шилжүүлэх боломжгүй болсон тул Д.Г-т өөр байрлалд “Газар эзэмших эрх шилжүүлэх” захирамж гаргасан гэж үзэхээр байна. Нэгэнт өөр газар эзэмшүүлж байгаа бол энэ нь хууль зүйн агуулгаараа “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай ойлголт биш шинээр “газар эзэмшүүлэх” тухай ойлголт болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр энэ нь зохицуулагдахгүй, газрын чөлөөлснийхөө дараа бусдад тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 33 дугаар зүйлд заасан журмаар захиргааны акт гаргах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г, П.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Д.Г-ийн нэр дээр ............. дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн Нийслэлийн Газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, С.Ц нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100, Нийслэлийн Газрын албанаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч  Г.Б, С.Ц нарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР