Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 508

 

“Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн:             М.Батсуурь                        

Шүүгчид:                             Б.Мөнхтуяа,

                                             Д.Мөнхтуяа,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204080772 дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэл, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаар тогтоолын 6 дахь заалтаар 7 дугаар байрны 13 тоотыг Д.Х-д өмчлүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х-тай гэрээ байгуулахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0561 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий /2009 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 151.6, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын тухайн эд хөрөнгийг Д.Х-ын нэр дээр хувьчилсан хэсэг /6 дугаар заалт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080772 дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 151 дүгээр зүйлийн 151 дүгээр зүйлийн 151.4, 151.5, 151.6-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Д.Х-ын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0561 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш г т” ХХК-ийн “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 6 дахь заалт, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2204080772 дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3, 151.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Х-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын гудамж 7 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш г т” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн маргаан бүхий байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөн барилгажуулах орон сууцны жагсаалтад хамрагдсан болохыг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11/645 дугаартай  албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, үүний дагуу бүртгэлийн хэлтсээс мэдээллийн санд шүүлт хийж, 7 дугаар байранд бүртгэлтэй байсан нийт 12 айлын өмчлөгч бүрийн мэдээллийг хүргүүлсэн.

4. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д заасны дагуу 7 дугаар байр нийт 12 өмчлөгчтэйгөөр бүхэлдээ мэдээллийн нэгдсэн сангаас хасагдсан байтал 2016 онд шинээр 13 тоот гэх бүртгэл хийсэн байгаа нь бүртгэл үнэн зөв байх, бүртгэл нэгдсэн байх зарчмуудыг алдагдуулсан үйлдэл болсон. Энэ талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан, анхан шатны шүүх энэ баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атал давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

5. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, сууцны тооллого хийж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах”, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулна” гэж тус тус заасан. Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд 13 тоот гэх сууцыг хувьчлах үед магадлан шинжлэх хэсэг гэж байгуулаагүй, дүгнэлт үйлдэгдээгүй гэх тайлбарыг өгсөн байдаг.

6. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 7 дугаар байрны 13 тоот гэх ашиглалтын зардал огт төлөгдөж байгаагүй болох нь Хилийн 0288 дугаар ангиас ирүүлсэн Ашиглалтын төлбөрийн талаарх жагсаалтаар тогтоогдсон. Ийнхүү 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хувьчлагдах нөхцөл хангагдаагүй зэрэг дээрх зүйл заалтууд бодит байдал дээр зөрчигдчихөөд байхад давж заалдах шатны шүүхээс зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

7. Гэтэл анх гуравдагч этгээд Д.Х-д 7 дугаар байрны техникийн өрөөг Улаанбаатар төмөр замын Барилга, орон сууцны 2 дугаар ангийн даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн. Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангиас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 88/616 дугаартай албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолын дагуу Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн УБТЗ-ын орон сууц хувьчлалаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 7 дугаар байр нь хувьчлагдсан, үндсэн хөрөнгөөс хасагдсан бөгөөд барилгын зураг болон холбогдох бүх материал СӨХ-д шилжсэн байна...” гэж ирүүлсэн.

8. Орон сууц хувьчлах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “Хувьчлагдсан сууцны өрөөнүүдийг нэгээс дээш гэр бүл өмчилж байгаа бол тухайн сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө /гал зуух, ариун цэврийн өрөө, агуулах, сууцны тагт, өрөө хоорондын талбай зэрэг/-ийг дундаа хамтран өмчилнө. Уг эд хөрөнгийг хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна...” гэж заасны дагуу 7 дугаар байр нь 2003 онд эзэмшигч бүртээ хувьчлагдсанаар УБТЗ- ын эзэмшлээс хасагдаж, бүхэлдээ 12 айл өрхийн өмчлөлд шилжсэн байтал дундын эзэмшлийн техникийн зориулалттай өрөөг нь 2014 онд Улаанбаатар төмөр замаас эзэмшүүлэн олгосон хууль бус үйлдлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

9. Ийнхүү Орон сууц хувьчлах товчооны 02 дугаартай тогтоолоор Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг зөрчин 13 тоот хэмээн нэрлэж, эзэмших эрх олгох эрхгүй байгууллагаас эзэмшүүлэн олгосон гэрчилгээнд үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолоор баталсан Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журмын 10-т “Дэт бүтцийн улсын хяналтын алба болон Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн орон сууцны бүх байшинг хувьчлахгүй...” гэж заасныг зөрчиж Д.Х-д хувьчилсан хууль бус үйлдэл байхад хариуцагч нарын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

10. Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Засаг даргын А/151 захирамжийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 7 дугаар байрны өмчлөгч бүрийн буюу нийт 12 айл өрхийн мэдээллийг буцаан хүргүүлсэн. Ийнхүү Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу бүх ажиллагаа хийгдэж “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ’"-г өмчлөгч бүртэй 2016 онд байгуулсан бөгөөд захирамж хүргэгдсэнээр тухайн байр бүхэлдээ мэдээллийн сангаас хасагдах зохицуулалттай байхад Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

11. Дахин төлөвлөлтийн сургаар 1 сууцанд давхар өмчлөгч гарч ирэх, шинэ байр баригдсаны дараа гэнэт шинэ өмчлөгч гарч ирэх зэргээр ашиг хонжоо олох гэсэн, төслийг гацаасан үйлдэл их гардаг ба харьяа бүртгэлийн хэлтсээс өмчлөгчдийн мэдээллийг авч, Засаг даргын захирамж хүргүүлснээр мэдээллийн сангаас хасалт хийх зохицуулалт нь үүнээс урьдчилан сэргийлсэн, жинхэнэ өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж буй зохицуулалт юм. Д.Х нь өрх толгойлсон, олон хүүхэдтэй амьдралын бололцоогүй гэдэг боловч тухайн УБТЗ-ын эзэмшүүлэх бичгээр олгосон техникийн өрөөнд 2 жилийн хугацаанд огт амьдарч байгаагүй, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.О-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, буцаад Д.Х-д шилжсэн өөрчлөлтүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Х нь огт биечлэн ирж байгаагүй, зөвхөн УБТЗ-д хамт ажилладаг гэх Ж.О нь итгэмжлэлээр оролцож байгаа зэрэг үйлдлээс харахад Д.Х гэж ядарсан эмэгтэй байртай болох гээд байгаа бус түүний нэрийг ашиглаж, Ж.О гэгч этгээд ашиг хонжоо олох гэж буй үйл явдал гэж харж байгаа. Энэ талаарх баримтууд хэргийн материалд авагдсан боловч давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

12. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

14. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “гуравдагч этгээд Д.Х-г орон сууцны өмчлөгч биш тул гэрээ байгуулахгүй” гэж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон гуравдагч этгээдээс “хувьчлах шийдвэр хуульд нийцсэн” гэж тус тус маргасан байна.

/Нэхэмжлэлийн шаардлагын тухайд/

15. Маргаан бүхий орон сууц нь анх Улаанбаатар төмөр замын өмчлөлд байсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц эзэмших эрхийн бичгээр 7 дугаар байрны 13 тоот, 18 мкв талбайтай сууцыг Улаанбаатар төмөр замд үйлчлэгч ажилтай Д.Х-д шилжүүлсэн, тэрээр техникийн зориулалттай өрөөг засч тохижуулан, хүн амьдран суух боломжтой болгож, өмчлөх эрх үүссэн болох нь хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч С.Г, Т.О нарын мэдүүлэг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 91/1051 дүгээр албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/2244 дүгээр албан бичгээр тус тус тогтоогджээ.

16. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн зориулалттай орон сууцны өрөөг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь уг орон сууцыг хувьчлан авах эрхтэй, энэ эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд 13 тоот өрөөг хувьчилсан захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй тухай давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

17. Нэхэмжлэгчийн “техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглосон байхад хуулийн заалтыг зөрчиж, гуравдагч этгээдэд хувьчилсан” гэх гомдлын тухайд: 1999 оны Орон сууцны тухай хуульд 2011 онд өөрчлөлт орж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байна. Гэхдээ хэрэгт хамааралтай үйл баримт нь 2011 оноос өмнөх харилцаанд хамаарч байх тул тухайн үед үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх зарчмын дагуу нэхэмжлэгчийн нэрлэн заасан хуулийн зохицуулалтыг энэ маргааны үйл баримтад  хэрэглэхгүй байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол гарч, техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчид нь өмчлүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгаж байжээ. Тухайн үеийн харилцааг зохицуулж байсан дээрх тогтоолын үндсэн дээр Улаанбаатар төмөр замд уг техникийн өрөөг эзэмших эрх үүссэн, уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул хувьчлах шийдвэр хууль зөрчөөгүй байна.

18. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 7 дугаар байрыг оршин суугаа иргэдэд хувьчлахдаа одоо маргаж байгаа техникийн зориулалттай өрөөг хувьчлаагүй, хожим гуравдагч этгээдэд шилжүүлсэн, тухайн өрөөнд хүн амьдран сууж, бодит байдалд нийтийн бус тодорхой хувь этгээдийн буюу гуравдагч этгээдийн эзэмшил үүссэн тул уг техникийн өрөөг “сууц өмчлөгчдийн дундын эзэмшлийн хөрөнгө” гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн “техникийн зориулалттай өрөөг Улаанбаатар төмөр зам эзэмшүүлэх эрхгүй” тухай гомдол үндэслэлгүй.

19. “Тухайн өрөөнд гуравдагч этгээд амьдарч байгаагүй” гэх гомдлын тухайд  гэрч тус хорооны Засаг дарга С.Г-ийн “уг өрөөнд орон гэргүй, ахмад настанг оруулсан, Х энэ хүнтэй нэг удаа уулзаж байсан бөгөөд бид ахмад настай, хөл муутай хүнийг байрнаас гаргаж чадахгүй гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.О-ийн “Х эхэлж амьдарч байсан” гэх мэдүүлгээс үзэхэд гуравдагч этгээдийг тухайн сууцанд амьдраагүй гэж буруутгах боломжгүй, түүнээс үл хамаарах шалтгаанаар өөр этгээд амьдарч байсан, нөгөө талаар нэгэнт орон сууцыг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй этгээдээс хувьчлах шийдвэр гарсан тул гуравдагч этгээдийн эрх хамгаалагдахаар байна.  

20. Хариуцагчийн “3 талт гэрээ байгуулагдсаны дараа хувьчлах шийдвэр гарсан, улсын бүртгэлд бүртгэсэн” тухай тайлбар нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, цаг хугацааны хамаарлыг буруу тодорхойлсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар тухайн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон, энэ үйл баримтаас өмнө гуравдагч этгээд болон Улаанбаатар төмөр замын эзэмшил үүссэн байсан тул гуравдагч этгээдийг маргаан бүхий өрөөг эзэмших эрхгүй гэж үзэхгүй.

21. Анхан шатны шүүх “Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг гаргалгүйгээр хувьчлах эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл байна” гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд Төмөр замын байрыг хувьчлах явцад тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэхийг тогтоох Магадлан шинжлэх ажлын хэсэг байгуулагдаж ажиллаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, харин захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд биечлэн шалгах замаар шийдвэр гаргасан, энэ байдал нь тухайн хувьчлах ажлыг зохион байгуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохоос гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл биш юм.

            /бие даасан шаардлагын тухайд/

22. Гуравдагч этгээд Д.Х нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргажээ.

23.Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151..6 дахь хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргах байна. Уг харилцааг нарийвчлан зохицуулсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журмын 1.3, 5.1.4 дэх хэсэгт зааснаар нийслэлийн Засаг дарга нь дахин төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн эрх ашгийг эрхэмлэн, төрөөс иргэний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зарчмыг хэрэгжүүлэх юм.

24. Мөн журмын 4.2.1, 4.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэрийг сууц өмчлөгчид хүргүүлэх, ажлын даалгавар танилцуулах, санал авах зэргээр сууц өмчлөгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй байна. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь сууц өмчлөгч иргэн нэг бүрийг судлаагүй, бодит байдалд бусдын эзэмшил үүссэн байгааг анхаараагүй буруутай байна.

25. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох эрхтэй. Иймээс захиргааны байгууллагад гэрээ байгуулахыг хуулиар үүрэг болгосон тул сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны өмчлөгчтэй нөхцөл сайжруулах 3 талт гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.

26. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151..3 дахь хэсэгт “шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь Нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заажээ. Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой захиргааны гэрээ байх бөгөөд гуравдагч этгээдийн тухайд дээр дурдсан хуулиар гэрээ байгуулахыг шаардах эрх үүссэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан шийдэл зөв байна.

27. Харин төсөл хэрэгжүүлэгч болох нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журмын 1.5, 2.3.4 дэх хэсэгт зааснаар орон сууцны барилгыг дахин төлөвлөх, барилгажуулахаар сонгогдон шалгарсан тохиолдолд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулах үүрэгтэй байна. Гагцхүү мөн журмын 9.3 дахь хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгч тохиролцон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж болох бөгөөд ийнхүү худалдан авсан тохиолдолд 3 талт гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байна. Иймээс шүүхээс 3 талт гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь төсөл хэрэгжүүлэгчийн орон сууцыг худалдан авах, гэрээний үнийг харилцан тохиролцох эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.   

28. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0561 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ 

         ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ