Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02096

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01679 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй хариуцагч ЧЗт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгччийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн намайг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, хөдөлмөрийн гэрээний ажиллах горимыг нэг хоногт ажлын 8 цагаар, 7 хоногт 40 цаг ажиллахаар, ТҮ-3-5 шатлалын албан тушаалын цалин 569 585 төгрөг байхаар, cap бүр ажлын үр дүнг харгалзан ур чадварын нэмэгдэл 25 хувь хүртэл нэмэгдэл цалин авахаар Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасны дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг гэрээний 2.10, 3.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор, мөн гэрээний 3.4.г-д ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлэнэ гэж Хөдөлмөрийн гэрээнд тус тус заасан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал, өргөдөл гаргаагүй бөгөөд ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хуульчилсан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж, дуусгавар болгож ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн аль нэгийг үндэслээгүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Маргад-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч А.Быг /KIA OPIRUS/ тээврийн хэрэгслийг хариуцсан жолоочоор ажиллуулахаар томилсон. Гэсэн хэдий боловч А.Б нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдоржын жолооч буюу Нийслэлийн Авто баазын /06-15, Volkswagen/ тээврийн хэрэгслийг унаж байсан. Улмаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно. /KIA OPIRUS/ тээврийн хэрэгсэл нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс дүүргийн үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд шатахуун зарцуулалт их буюу 100км-т 35-40литр шатахуун зарцуулдаг, явах эд анги нь ойр ойрхон эвдэрдэг тул үйлчилгээнд 2019 оны 12 сараас хойш явуулах боломжгүй байгаа юм. Дүүргийн зүгээс А.Быг /HYUNDAI STAREX/ тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор томилон ажиллах саналыг тавьсан боловч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох D ангилалгүй байсан тул боломжгүй байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр уулзаж Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төв-ийн харуулаар ажиллах санал тавьсан бөгөөд А.Б нь саналыг хүлээн авахаас татгалзсан болно. Нэхэмжлэгч А.Б нь 1 cap гаруй хугацаанд албаны хэрэгцээний тээврийн хэрэгсэл жолоодоогүй буюу сул цалин авч байсан. Төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах үүднээс А.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ажилтан албан хаагчдаа КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж А.Быг өөр ажилд томилон ажиллуулах нөөц бололцоог эрэлхийлж дүүргийн Тамгын газрын дарга удаа дараа ажлын байрны санал тавьсан боловч хүлээн авч байгаагүй болно.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/94 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Быг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 331 790 /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч А.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 68 258 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Маргад-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргуулах шаардлагатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай буюу ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн төр захиргааны авто баазаас /06-15 УНУ/ тээврийн хэрэгслийн жолоочийг хаанаас хэрхэн томилдог, тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг дүүргээс томилж болдог эсэх талаар албан бичгээр тайлбар гаргуулж авах нь шаардлагатай гэж үзэн шүүгчид шүүх хуралдааны явцад хүсэлтээ гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д зааснаар тус шүүхийн шийдвэрт давж заалдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч ЧЗт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/94 дугаар тушаалыг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-4, 32-33/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч А.Быг Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочын албан тушаалаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэсэн байна. /хх.5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Быг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/94 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлснийг нь хуульд нийцээгүй гэж дүгнэн ажилд нь эгүүлэн тогтоосон нь хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэл заасан боловч тээврийн хэрэгслийн жолоочийг хаанаас томилдог, тухайн тээврийн хэрэгслийг дүүргээс томилж болдог эсэхийг тодруулахаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхисон нь буруу биш байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх зөв тооцож, ажил олгогчоос 3 331 790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дахь заалттай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.