Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182ШШ2020/01679

 

 

 

 

 

 

 

 

                      2020        07         29

                 182/ШШ2020/01679

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А.Бын нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Ч Гт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн Нийтлэг үйлчилгээний албаны жолооч А.Б намайг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Нэхэмжлэгч миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, хөдөлмөрийн гэрээний ажиллах горимыг нэг хоногт ажлын 8 цагаар, 7 хоногт 40 цаг ажиллахаар, шатлалын албан тушаалын цалин 569.585 төгрөг байхаар, cap бүр ажлын үр дүнг харгалзан ур чадварын нэмэгдэл 25 хувь хүртэл нэмэгдэл цалин авахаар Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасны дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг гэрээний 2.10, 3.4-т заасны дараах байдлаар тохирч гэрээ байгуулсан Үүнд: МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмын дагуу аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол аль нэг талын санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар, Ёс зүйн ноцтой зөрчил, дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, Бүтэц орон тооны өөрчлөлтөөр тухай ажлын байр шилжсэн, хасагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор, Мөн гэрээний 3.4.г-д Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлэнэ гэж Хөдөлмөрийн гэрээнд тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг 38.1.1-т ажилтан санаачилсан, 38.1.2-т ажил олгогч санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахыг зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал, өргөдөл гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд хуулийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн  хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5.”мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, 40.1.6-т “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон”, 40.1.7-т “контрактад заасан үндэслэл буй болсон” гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хуульчилсан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх нөхцөл байдлын аль нь ч үүсээгүй байхад Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж, дуусгавар болгож ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн аль нэгийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэлээр болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг “хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хууль, дотоод журамд заасан аль нэг тал үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүсээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй, дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдал үүсээгүй, бүтэц орон тооны өөрчлөлтөөр тухай ажлын байр шилжиж хасагдаагүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын  дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч А.Быг тээврийн хэрэгслийг хариуцсан жолоочоор ажиллуулахаар томилсон. Гэсэн хэдий боловч А.Б нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Д жолооч буюу Нийслэлийн Авто баазын  тээврийн хэрэгслийг унаж байсан. Улмаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Д нь өдрөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно.  тээврийн хэрэгсэл нь өдрөөс дүүргийн үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд Шатахуун зарцуулалт их буюу 100км-т 35-40литр шатахуун зарцуулдаг, явах эд анги нь ойр ойрхон эвдэрдэг тул үйлчилгээнд 2019 оны 12 сараас хойш явуулах боломжгүй байгаа юм. Дүүргийн зүгээс А.Быг  тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор томилон ажиллах саналыг тавьсан боловч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох D ангилалгүй байсан тул боломжгүй байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өдөр уулзаж Чингэлтэй дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-ийн харуулаар ажиллах санал тавьсан бөгөөд А.Б нь саналыг хүлээн авахаас татгалзсан болно. Нэхэмжлэгч А.Б нь 1 cap гаруй хугацаанд албаны хэрэгцээний тээврийн хэрэгсэл жолоодоогүй буюу сул цалин авч байсан. Төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах үүднээс А.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ажилтан албан хаагчдаа КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж А.Быг өөр ажилд томилон ажиллуулах нөөц бололцоог эрэлхийлж дүүргийн Тамгын газрын дарга удаа дараа ажлын байрны санал тавьсан боловч хүлээн авч байгаагүй болно.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч Гт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын дугаар тушаалыг хүчингүй болгох, Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь А.Быг тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор томилон ажиллах саналыг тавьсан боловч “D” ангилалгүй байсан, мөн Хайрхан хөгжлийн төвийн харуулаар ажиллах санал тавьсан боловч А.Б нь хүлээн зөвшөөрөөгүй, дугаартай автомашины жолоочийг Авто баазаас томилох болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Б нь Нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч А.Быг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн байна. /хавтас хэргийн 5 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч А.Быг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ.  

   

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг баримтлан ...“ ийн тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочоор томилон ажиллах саналыг тавьсан боловч “d” ангилалгүй байсан, мөн “Хайрхан хөгжлийн төвийн” харуулаар ажиллах санал тавьсан боловч А.Б нь хүлээн зөвшөөрөөгүй, дугаартай автомашины жолоочийг Авто баазаас томилох болсон. А.Б нь 1 cap гаруй хугацаанд албаны хэрэгцээний тээврийн хэрэгсэл жолоодоогүй буюу сул цалин авч байсан. Төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах үүднээс А.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон байх ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг заалтыг заавал баримтлах зүйл заалтыг баримтлаагүй түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс уг тушаалыг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дарга ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч А.Быг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн даргын дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Быг Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход А.Бын 2020 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 2.855.820 төгрөгийг 3 сард тооцоод /2.855.820 төгрөг : 3сар/ дундаж цалин 951.940 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 951.940 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод /951.940 төгрөг : 22 хоног/ 43.270 төгрөг болж байна.

 

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 2020 оны 7 дугаар сарын 29-ийг хүртэлх хугацааны цалин 3.331.790 төгрөгийг хариуцагч даргаас гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгож шийдвэрлэв. 

     

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ч газрын даргын дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Быг Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.331.790 /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч А.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Ч даалгасугай.     

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Чаас улсын тэмдэгтийн хураамжид 68.258 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ДАВААСҮРЭН