Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01979

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01979

 

 

Т-1 СӨХны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01989 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т-1 СӨХны хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351 575 төгрөг, нотариатын хөлс 6 300 төгрөг, нийт 357 875 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т-1 СӨХны гүйцэтгэх захирал Ж.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Э Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 дугаар байрны 51 тоотын 35 м.кв талбай бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэл өмчлөн, оршин суудаг. Гэтэл 2018 оны 8-12, 2019 оны 1-12, 2020 оны 1-5 дугаар саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр нийт 351.575 төгрөгийг төлөлгүй, сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Иргэн Б.Э тухайн төлбөрийг төлөхгүй байсан тул өмнө нь нэг удаа шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан. Үүний дараа буюу 2018 оны 8 дугаар сараас хойших өнөөдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөхийг шаардахад “Төлөхгүй, шүүхээрээ шийдвэрлүүлээд ав” гэж хэм амаар доромжилж, чирэгдэл учруулж байна. Иймд Б.Эээс сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 351.575 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би энэхүү байранд оршин суусан цагаас хойш сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн төлбөр бүрийг цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл бидний төлсөн мөнгө болон подвалын байрнуудыг түрээслэсний орлого гэж 80.000.000 төгрөгөөс дээш орлого олдог байгууллага бидний эрх ашгийн төлөө ажилладаггүй, сууц өмчлөгчийн холбооны дарга өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс ажилладаг. Нэг ч удаа бидэнд санхүүгийн тайлангаа танилцуулж, олон нийтэд мэдээлж байгаагүй. Би шударга хүн учир шударга хөдөлмөрлөхийг сууц өмчлөгчдийн холбооноос шаарддаг. Гэтэл тавьсан шаардлага биелүүлдэггүй. Мөн жижүүргүй байранд ямар жижүүрийн мөнгө гэж 7.500 төгрөг, 9.000 төгрөг авдаг нь ойлгомжгүй байна. Мөн камер байгаа эсэх нь тодорхойгүй байхад байнга камерны засварын мөнгө гэж нэмж мөнгө нэхдэгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өвчтэй хүн асардаг учир 200.000 төгрөгийг төлж чадна, үлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Эээс “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 351.575 төгрөг, нотариатын хөлс 6.300 төгрөг, нийт 357.875 /гурван зуун тавин долоон мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Т-1 СӨХны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т-1 СӨХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Учир нь нотариатын үйлдэлд СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолыг гэрчлэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бүх гишүүдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг эх хувиас нь өнгөтөөр хуулбарлан гарын үсэгтэй холбооны тамга дарагдсан хэсгийн хажууд дахин холбооны тамга дарж тухайн баримтыг хуулбарлан хэргийн материалд анх өгсөн. Хэрэв шүүхийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэхээр байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан. Мөн дундны өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудал бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлээгүй, шийдвэрлэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтад СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол шийдвэр, түүний хавсралт хэрэгт авагдсан байхад, тухайн бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т-1 СӨХ /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Б.Эт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 351 575 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6 300 төгрөг нийт 357 875 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... бүх гишүүдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг эх хувиас нь өнгөтөөр хуулбарлан гарын үсэгтэй холбооны тамга дарагдсан хэсгийн хажууд дахин холбооны тамга дарж тухайн баримтыг хуулбарлан хэргийн материалд анх өгсөн. Шүүх шаардлагатай бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, талуудад нотлох баримт бүрдүүлэхийг санал болгох эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар СӨХ-ны төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй боловч, төлөх төлбөрийн хэмжээ, дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой гарсан зардал, айл өрхийн хураамжийг тогтоосон журмын дагуу төлөх ёстой.

 

 Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг нотлосон баримтаа гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсний дагуу нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгөөгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Хэргийн 15,18 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд уг баримтад тодорхой мөнгөн дүн бичсэн боловч энэ нь нийт сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан айл өрхийн төлбөл зохих төлбөрийн талаарх шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 387 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

                                                                        Б.НАРМАНДАХ