Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 02003

 

 

 

 

 

 

 

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Сын хариуцагч Д.Болормаа, Л.И ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндсэн, орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Д.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Л.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.С миний бие 2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А байрны 71.46 м.кв талбайтай, 1 дүгээр орцны 3 өрөө, 10 тоот байр, А байрны 1 дүгээр орцны 3 давхарын 1 өрөө, 41.3 м.кв талбайтай 9 тоот байр, 3 тоот авто зогсоолыг тус тус захиалахаар А.Лхагвасүрэнтэй амаар хэлцэл хийж төлбөрийг нь төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 60 000 000 төгрөгийг өөрийн дүү Б.Бумдариас зээлж, А.Лхагвасүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.С миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын 3 өрөө байраар бартер хийж, 144 айлын орон сууцны хотхонд захиалсан 2 ширхэг орон сууцны үнэнд тооцож арилжаа хийх тухай Л.И ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн саналыг зөвшөөрч, өөрийн өмчлөлд байсан эрхийн Ү-2204062447 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, /13361/ Боржигон гудамж 13/5 байр, 4 тоот хаягт байршилтай, 51.35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Л.И ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнд итгэмжлэлээр олгосон. Уг 3 өрөө орон сууцны үнийг 51.35 м.кв* 1 800 000 төгрөг буюу 92 430 000 төгрөгт тооцон бартер хийсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 59 840 000 төгрөгийг Л.И ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 28 000 000 төгрөгийг “Плитаны үнэ”-нд төлсөн. Байрны үнэндээ суутгаж тооцож болно” гэж А.Лхагвасүрэн захирал гуйхаар нь Дарханы 4 өрөө орон сууцаа барьцаалж, 30 000 000 төгрөг Голомт банкнаас зээлж 28 000 000 төгрөгийг барилга хариуцсан нярав Д.Золзаяагийн дансанд шилжүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авто зогсоолын төлбөрт 20 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Л.И ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн, нягтлан бодогч О.Оюунчимэг нартай байрны үнэнд төлсөн төлбөрийн тооцоо нийлж, нийт 132 760 000 төгрөг төлсөн тухай акт үйлдэж гарын үсэг зурсан. Дээрх байдлаар захиалсан 2 ширхэг байрны үнэ, 3 тоот авто зогсоолын үнийг 100 хувь төлж дуусгасан тул Л.И ХХК надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Эхлээд Л.И ХХК нь “удахгүй гэрчилгээ гаргаж өгнө, байрандаа орж бай” гэдэг байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас Л.И ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн нь солигдсон гэх ба тус компанийг төлөөлөн уг байрыг Дарханд хариуцаж байгаа Г.Одбаяр баримтуудаа аваад ир, бүрэн төлсөн айлын гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл 2 байр, авто зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд миний захиалсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м.кв талбайтай 1 өрөө байр, 71.46 м.кв талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар өөрчилж байна. Дээрх гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул Л.И ХХК нь гэрээнд заасны дагуу гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл гэрээний дагуу миний өмчлөлд шилжих орон сууцнуудыг Л.И ХХК нь иргэн Д.Болормаад шилжүүлсэн байна. Миний бие гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байтал үл хөдлөх хөрөнгүүдийг Д.Болормаад шилжүүлэн өгсөн нь миний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд хариуцагч Д.Болормаад холбогдуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м.кв талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м.кв талбайтай, 10 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Болормаад даалгуулах, хариуцагч Л.И ХХК-д холбогдуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 3 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Л.И ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

   Хариуцагч  Л.И ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.С нь Л.И ХХК-д холбогдуулж Дархан-Уул аймагт байрлах 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 9 тоот 1 өрөө байр, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр  тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Л.И ХХК-ийг хамгийн анх Ц.Батаа гэж хүнээс шилжүүлэн авсан. Би Л.И ХХК-ийн нягтлан бодогч нь байсан. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Л.И ХХК-ийн хувьцааг А.Лхагвасүрэн гэж хүн рүү буцаан шилжүүлсэн. Миний хувьд 2017 оны сүүлээс эхлээд Л.И ХХК-ийн барьсан байрнууд дээр давхцал гарсныг мэдсэн.  Нэхэмжлэгч Б.Сын хувьд уг байруудыг захиалан авахаар Л.И ХХК-тай гэрээ хийж байхад өмчлөлийн бүртгэл буюу улсын бүртгэл хийгдээгүй байсан. Харин 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн дагуу хариуцагч Д.Болормаад нийтдээ 44 айлын орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Болормаагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээнд маргааны зүйл болох 9, 10 тоот байрнууд орсон. Хөрөнгө оруулагч болон талуудын хооронд маргаан гарч байх үед орон сууцнуудад өмнө нь гэрээтэй айлууд амьдарч байсан гэдгийг Д.Болормаа мэдэж байсан. Манай  Л.И ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь зөвшөөрч болно. Авто зогсоол улсын бүртгэгдээгүй байгаа. Харин Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” хотхоны 10 А байрны 9 тоот 1 өрөө байр, 10А байрны  10 тоот 3 өрөө байрны өмчлөлийн асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Автозогсоол болон 9, 10 тоот орон сууцнуудын төлбөрийг Л.И ХХК нь нэхэмжлэгч Б.Саас мөнгөөр болон бартер хэлбэрээр хүлээн авсан тал дээр маргахгүй, бид тооцоо нийлсэн гэжээ.

 Хариуцагч Д.Болормаагийн шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Болормаа нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л.И ХХК-тай 1 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8.470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Л.И ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 2 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Болормаад гэрээ байгуулах талаар мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1-т “...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “...Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна...” гэж, 6.1-т “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 6.1-д “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасан болон Д.Болормаатай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.С гэгч хүнтэй 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А блокын 09 тоотын 1 өрөө болон 10 тоотын 3 өрөө орон сууцнуудыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон. Л.И ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Болормаагийн эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Болормаа Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л.И ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Ингээд Л.И ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ны 10А блокын 09 тоотын 1 өрөө, 10 тоотын 3 өрөө орон сууцнууд болон бусад орон сууцнуудыг Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсыг бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Л.И ХХК нь Д.Болормаагийн зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь Д.Болормаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ны 10А блокын 9 тоотын 1 өрөө, 10 тоотын 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Д.Болормаа нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л.И ХХК-тай 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8.470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. Л.И ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах тухай гэрээг байгуулж, Л.И ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн. Л.И ХХК уг асуудлаар хөрөнгө оруулагч Д.Болормаагийн зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал зөвшөөрлийг нь авалгүй хэлцэл хийж Б.С нь өнөөдрийг хүртэл Д.Болормаагийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас түүний өмчлөх эрх зөрчигдсөөр байна. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А байрны 3 давхарын 9 тоотын 41.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 10 тоотын 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг Б.Сын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ. 

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.С мөн. Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 2 орон сууцыг чөлөөлөх үүрэггүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхонд байрлах 3 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Сыг тус тус тогтоож, 2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон,  10 А байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 650 төгрөг, хариуцагч Д.Болормаагийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.И ХХК-иас 257 950 төгрөгийг, хариуцагч Д.Болормаагаас 704 700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Л.И ХХК-ийн хооронд үүссэн харилцааг “...2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 43. 44 тоот гэрээг “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, ... гэж нэрлэсэн хэдий ч гэрээнүүдийн агуулгыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тусгагдсан гэрээний харилцаа гэхээс илүүтэй мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ... ” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Л.И ХХК болон иргэн Б.С нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй гэрээ болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулахаас өмнө  маргаан бүхий орон сууцнуудын байршиж буй барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг барилга нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдсон. Л.И ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч Б.Стай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан талаархи мэдээллийг гарган өгч байгаагүй болох нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй холбоотой баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурьдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дах хэсэгт заасны дагуу хэн нэгэн этгээдийн зүгээс Д.Болормаагийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй, түүний өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл Д.Болормаагийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, өмчлөх эрх нь хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон түүний нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хууль ёсны, үнэн зөв гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Д.Болормаагийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Б.Сыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн нь дээр дурьдсан хуулиудад нийцээгүй. Д.Болормаагийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Л.И ХХК болон Д.Болормаа нар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн заалтад нийцүүлэн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 6.1, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 02 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1-т зааснаар "...Л.И ХХК нь гуравдагч этгээдтэй орон сууц борлуулах гэрээ байгуулах тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж, зөвшөөрлийг авах үүрэг хүлээсэн боловч Л.И ХХК нь нэхэмжлэгч Б.Стай 43, 44 тоот "Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 487.1 дэх хэсгийн “... талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна ...” гэснийг зөрчиж, тухайн гэрээний нэг тал болох Д.Болормаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Б.С болон Л.И ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өмнөх өмчлөгч Л.И ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж маргааны зүйл болсон орон сууцнууд Д.Болормаагийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Д.Болормаа нь “маргаан бүхий орон сууцнууд”-ыг хууль ёсоор өмчлөх эрхтэй болох нь нотлогдож байгаа. Д.Болормаа нь маргаан бүхий орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч Б.Сын эзэмшлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан аргаар эрхээ хамгаалуулахаар гаргасан хууль ёсны шаардлага юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Б.Сын нэхэмжлэлээс маргаан бүхий орон сууцнуудтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 10 А байрны 3 давхарын 10 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагч Л.И ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, уг авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.И ХХК зөвшөөрч, хариуцагч Д.Болормаа эс зөвшөөрч маргаан бүхий дээрх орон сууцнуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 8 470 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Л.И ХХК улсын бүртгэлд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдэж, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн актаар уг орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан байна. /1хх242-243/

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Л.И ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн хаягийн 10 А байрны 3 давхарын 10 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц захиалгаар барих гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун 144 айлын орон сууцны хотхоны 3 тоотын авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. /1хх6-16/

Б.С болон Л.И ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зохигчид гэрээгээр төлөх төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх болон байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа, гэрээ цуцлах нөхцөл, төлбөр бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх үүсэх нөхцлийн талаар тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.И ХХК-д орон сууц болон авто зогсоол захиалгаар бариулах гэрээний төлбөрт нийт 132 760 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, талуудын тайлбараар нотлогдсон. /1хх9-23/

Хариуцагч Л.И ХХК, Д.Болормаа нар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээгээр Д.Болормаа нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдах 144 айлын 8 470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад 1 000 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. 2015 оны 03 дугаар сарын 31, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдах 144 айлын 8 470 м.кв талбай бүхий орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон нийт 2 667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /1хх122-131/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 дугаартай захирамжаар хариуцагч Л.И ХХК-аас 2 500 000 000 төгрөг гаргуулан, Д.Болормаад олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л.И ХХК-ийн өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол, Ласти хотхоны 10А, 10Б байрны орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Д.Болормаа нь маргаан бүхий 10 А байрны 9 тоот, 10 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. /2хх52-53, 56, 69,125/

Хариуцагч Д.Болормаагийн дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг буруу болох талаар хэрэгт баримтгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт ”Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардаж байгаа шаардлага хангагдах боломжгүй, маргааны зүйл болох орон сууцнууд үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээдийн өмчлөлд байхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” талаар зохицуулсан. Талуудын тайлбар, өмчлөх эрхийг олж авсан цаг хугацаа зэргээс маргааны зүйл болсон орон сууцнуудын өмчлөх эрх хариуцагч Д.Болормаад шилжих үед уг орон сууцнуудад айл амьдарч байсан, уг айлуудтай гэрээ байгуулсан талаар тэрээр мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Гэвч орон сууцнууд гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд буюу хариуцагч Л.И ХХК-ийн өмчлөлд байхгүй, хариуцагч Д.Болормаагийн өмчлөлд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Болормаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан ба гэрээний үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. Учир нь хариуцагч Л.И ХХК нь уг хөрөнгийн өмчлөгч бус, Д.Болормаа нь гэрээний тал биш байна.

Нэхэмжлэгч нь 3 тоот авто зогсоолыг 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчийн хувиар эзэмшиж байна.

Гэрээний үүргийг хариуцах этгээдэд холбогдуулан хохирлоо шаардах, бусад байдлаар шаардлага гаргах, улсын бүртгэлийн талаар маргах нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А байрны 9 тоот хаягт байршилтай 41.3 м.кв 1 өрөө орон сууц, 10 тоот хаягт байршилтай 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч Д.Болормаа нь уг орон сууцнуудыг өмчлөх эрхтэй этгээд мөн боловч нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шударга бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй. Б.С болон Л.И ХХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг олж авсан тул 41.3 м.кв 1 өрөө орон сууц, 71.46 м.кв 3 өрөө орон сууцны хувьд шударга эзэмшигч мөн. Өөрөөр хэлбэл, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд тухайн хөрөнгийн хувьд өөрийгөө өмчлөгч гэдгээ нотлох, нөгөө талын эзэмшил хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцнуудыг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, өмчлөлийн зүйл шилжсэн цаг хугацааны байдлаар тогтоогдсон учраас нэхэмжлэгчийг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй, хариуцагч нь түүний эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сын хариуцагч Д.Болормаад холбогдох Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10 А байрны 9 тоот хаягт байршилтай 41.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10 А байрны 10 тоот хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагч Л.И ХХК-д холбогдох Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхонд байрлах 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дах заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрлчөн “хариуцагч Л.И ХХК-аас 257,950 төгрөгийг, хариуцагч Д.Болормаагаас 704 700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                                 Б.НАРМАНДАХ