Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01036

 

Б.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2003 дугаар магадлалтай,

Б.С-ын нэхэмжлэлтэй,

Д.Б, “Л-И” ХХК-д холбогдох,

Орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч “Л-И” ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Б-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны, 3 давхрын, 9 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 10А байрны, 3 давхрын, 10 тоот, 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагч ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, уг автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б эс зөвшөөрч маргаан бүхий орон сууцуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10А байрны, 9 тоот хаягт байршилтай, 41.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10А байрны, 10 тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхонд байрлах 3 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.С-ыг тус тус тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10А байрны, 9 тоот хаягт байршилтай, 41.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон,  10А байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,650 төгрөг, хариуцагч Д.Б-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л-И” ХХК-аас 257,950 төгрөгийг, хариуцагч Д.Б-гаас 704,700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2003 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ын хариуцагч Д.Б-д холбогдох Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10 А байрны, 9 тоот хаягт байршилтай 41.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10А байрны 10 тоот хаягт байршилтай 71.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагч “Л-И” ХХК-д холбогдох Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхонд байрлах 3 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн “хариуцагч “Л-И” ХХК-аас 257,950 төгрөгийг, хариуцагч Д.Б-гаас 704,700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 2003 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд “... Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” талаар зохицуулсан. Талуудын тайлбар, өмчлөх эрхийг олж авсан цаг хугацаа зэргээс маргааны зүйл болсон орон сууцуудын өмчлөх эрх хариуцагч Д.Б-д шилжих үед уг орон сууцуудад айл амьдарч байсан, уг айлуудтай гэрээ байгуулсан талаар тэрээр мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Гэвч орон сууцууд гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд буюу хариуцагч “Л-И” ХХК-ийн өмчлөлд байхгүй, хариуцагч Д.Б-гийн өмчлөлд байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэжээ. Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.Б нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх талаар давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. Ийнхүү хууль ёсны өмчлөгчийн талаарх бодитой дүгнэлт гаргахын тулд хамгийн түрүүнд өмчлөх эрх хэнд эхэлж үүссэн талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Б.С нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд, уг барилгын А байрны 71.46 м.кв талбайтай, 1-р орцны 3 өрөө, 10 тоот байр, А байрны 1-р орцны, 3 давхрын 1 өрөө, 41.3 м.кв талбайтай, 09 тоот байр, 03 тоот автозогсоолыг тус тус захиалахаар “Л-И” ХХК-тай 2015.01.29-ний өдөр 43 болон 44 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээ, 2016.06.30-ны өдөр 03 тоот автозогсоол захиалгаар бариулах гэрээ зэргийг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд уг гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь мөн хангалттай нотлогдож байгаа юм. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих тухай гэрээнүүдийн 3.4-т “...Гүйцэтгэгчийн дансанд 100 хувь төлбөр орж ирснээр 2.2-т заасны дагуу өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлэх.” гэж заасан. Хэрэгт авагдсан 2017.06.30-ны өдрийн байдлаарх “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад Б.С- болон “Л-И” ХХК нар тооцоо нийлж, улмаар Б.С- тооцооны үлдэгдэлгүй гэж харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасны дагуу тухайн орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх Б.С-т 2017.06.30-ны өдрийн байдлаар үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.30-ны өдрийн 8942 дугаартай захирамжаар хариуцагч “Л-И” ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан, Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж “Л-И” ХХК-ийн өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти хотхоны 10А, 10Б байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Д.Б- нь маргаан бүхий 10А байрны 09 болон 10 тоот орон сууцуудын өмчлөгчөөр 2019.02.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. Дээрх үндэслэлээр Б.С-т өмчлөх эрх түрүүлж үүссэн гэж үзэх хангалттай үндэслэл байна.

4.2. Магадлалд “... Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан ба гэрээний үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. Учир нь хариуцагч “Л-И” ХХК нь уг хөрөнгийн өмчлөгч бус Д.Б- нь гэрээний тал биш байна ...” гэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэжээ. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ “... Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" талаар зохицуулсан. Талуудын тайлбар, өмчлөх эрхийг олж авсан цаг хугацаа зэргээс маргааны зүйл болсон орон сууцуудын өмчлөх эрх хариуцагч Д.Б-д шилжих үед уг орон сууцуудад айл амьдарч байсан, уг айлуудтай гэрээ байгуулсан талаар тэрээр мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Б.С- өмчлөх эрхийг шударгаар олж авсан, харин Д.Б- өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.  

5. Хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 2003 дугаар магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Б-гийн “...Б.С-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А байрны, 3 давхрын, 09 тоотын 41.3 м.кв 1 өрөө орон сууц, 10 тоотын 71.46 м.кв 3 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх...” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагч Д.Б- нь уг орон сууцуудыг өмчлөх эрхтэй этгээд мөн боловч нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шударга бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй” хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Сөрөг нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь маргаан бүхий орон сууцуудыг хууль ёсоор өмчлөх эрхтэй бөгөөд тэрээр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан журмын дагуу өөрийн хууль ёсны өмч болохыг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000674800 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б- нь маргаан бүхий орон сууцуудын өмчлөгчөөр бүртгүүлсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2018 оны)-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1-д нийцсэн болох нь тогтоогдсон. Д.Б- нь маргаан бүхий орон сууцуудын хууль ёсны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч Б.С-ын эзэмшлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан аргаар эрхээ хамгаалуулахаар гаргасан хууль ёсны шаардлага юм.

5.2. Бодит байдал дээр “Л-И” ХХК болон иргэн Б.С- нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг байжээ гэж үзэхээр байгаа боловч тэд тухайн хүсэл зоригоо хуульд заасан журам, хэлбэрийн дагуу баталгаажуулаагүй болох нь баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 2015.01.29-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор зохицуулсан. Хэлбэрийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ...” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бол мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг. Улсын бүртгэлд үндэслэсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авахдаа хэний эзэмшилд байгаагаар бус, харин улсын бүртгэлд хэн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхойлох учиртай. “Л-И” ХХК болон Б.С- нарын хооронд 2015.01.29-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих тухай 43, 44 дугаартай гэрээнүүд нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т заасанд нийцээгүй байгаад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

5.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулахаас өмнө маргаан бүхий орон сууцуудын байршиж буй барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг барилга нь 2016.11.02-ны өдөр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн тухай хууль (2009 оны)-д нийцүүлж гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011.01.17-ны өдрийн 38 дугаар “Журам, загвар, маягт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан бөгөөд уг журамд “... захиалгаар орон сууц барих тохиолдолд тухайн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага, улсын бүртгэлд мэдүүлэг гаргах журам, бүртгүүлээгүйгээс гарах үр дагавар ...” зэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Тухайлбал “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлд “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх” гэсэн хэсгийн 4.3.2-т “... тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, ... хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна;...” гэж, 4.3.3-т “... мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай ...” гэж тус тус заасан. Журмын дээрх зохицуулалтаар “Л-И” ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч Б.С-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан талаарх мэдээллийг гарган өгч байгаагүй болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй холбоотой баримтуудаар тогтоогдож байгаа.

5.4. “Л-И” ХХК болон Д.Б- нар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэсэн заалт болон 2014.12.27-ны өдөр байгуулсан 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний 6.1, 2015.03.31-ний өдөр байгуулсан 02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан, гэрээний 4.1-д зааснаар “... “Л-И” ХХК нь гуравдагч этгээдтэй орон сууц борлуулах гэрээ байгуулах тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж, зөвшөөрлийг авах үүрэг хүлээсэн ...” боловч 2015.01.29-ний өдөр нэхэмжлэгч Б.С-тай 43, 44 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д заасныг зөрчиж, тухайн гэрээний нэг тал болох Д.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Б.С- болон “Л-И” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийн “... хууль зөрчсөн ... хэлцэл...”, 56.1.8-ийн “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д тус тус хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хууль, гэрээний эрх зүйн хэм, хэмжээгээр хамгаалагдсан хариуцагч Д.Б-гийн эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн шийдвэр гаргасан.

5.5. “Л-И” ХХК болон Б.С- нарын хооронд 2015.01.29-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих тухай гэрээнд “Л-И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар гэж бичиж, гарын үсэг зурагдсан байна. Гэтэл уг гэрээг байгуулагдах үед “Л-И” ХХК-ийн захирлаар А.Лхагвасүрэн гэдэг хүн байсан болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлээр нотлогдоно. Нэхэмжлэгчийн “Л-И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.С-ыг маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшигч гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг тус тус зөрчсөн хууль бус үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Б-гийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.С- хууль ёсоор эзэмшиж байгаа хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийсэн болох нь тогтоогдсон. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2003 дугаар магадлалын Хянавал хэсэгт хийсэн хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэр, магадлалын Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, түүний сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Нэхэмжлэгч Б.С-аас хариуцагч Д.Б-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны, 3 давхрын, 9 тоот, 41.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 10А байрны, 3 давхрын, 10 тоот, 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч “Л-И” ХХК-д холбогдуулан тус хотхоны 3 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б- эс зөвшөөрч маргаан бүхий хоёр орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

8.   Нэхэмжлэгчээс “... миний бие 2014 онд Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А байрны 3 өрөө, 10 тоот байр, 1 өрөө, 9 тоот байр, 3 тоот авто зогсоолыг захиалахаар А.Лхагвасүрэнтэй амаар хэлцэл хийж төлбөрийг төлж эхэлсэн. 2014.12.22-ны өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийг захирал А.Лхагвасүрэнгийн дансанд шилжүүлсэн. 2014.12.30-ны өдөр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот дахь 3 өрөө байрыг 92,430,000 төгрөгт тооцон бартер хийсэн. 2014.12.30-ны өдөр 59,840,000 төгрөгийг “Л-И” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2016.06.24-ний өдөр 28,000,000 төгрөгийг компанийн захирлын хүсэлтээр барилга хариуцсан нярав Д.Золзаяагийн дансанд шилжүүлсэн. 2016.06.30-ны өдөр авто зогсоолын төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2017.07.30-ны өдөр “Л-И” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн, нягтлан бодогч О.Оюунчимэг нартай нийт 132,760,000 төгрөгийг төлсөн тухай тооцоо нийлж, акт үйлдэн гарын үсэг зурсан. Ийнхүү 2 байрны үнэ, авто зогсоолын үнийг 100 хувь төлж дуусгасан тул “Л-И” ХХК нь надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Эхэндээ “... удахгүй гэрчилгээ гаргаж өгнө, байрандаа орж бай” гэдэг байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас “Л-И” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн нь солигдсон гэсэн ба тус компанийг төлөөлөн уг байрыг хариуцаж байгаа Г.Одбаяр “баримтуудаа аваад ир, бүрэн төлсөн айлын гэрчилгээг гаргаж өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй ... Гэрээний дагуу миний өмчлөлд шилжих орон сууцуудыг “Л-И” ХХК нь иргэн Д.Б-д шилжүүлж миний өмчлөх эрхийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэснийг,

хариуцагч “Л-И” ХХК-аас “... Хөрөнгө оруулагчтай маргаан гарч байх үед орон сууцуудад өмнө нь гэрээтэй айлууд амьдарч байсан гэдгийг Д.Б- мэдэж байсан. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь зөвшөөрч байна. Харин 2 байрны өмчлөлийн асуудлыг шүүх шийдвэрлэх байх, 09, 10 тоот орон сууцны төлбөрийг хүлээн авсан талаар маргахгүй, бид тооцоо нийлсэн ...” гэж зөвшөөрсөн бол, 

хариуцагч Д.Б- “... 2014.12.22-ны өдөр “Л-И” ХХК-тай 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 144 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. “Л-И” ХХК-аас 2015.03.31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Л-И” ХХК-аас гаргасан саналыг үндэслэн гэрээг 2 удаа сунгасан, 2016.03.11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б-д мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Гэтэл “Л-И” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж Б.С- гэдэг хүнтэй 2015.01.29-ний өдөр гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна ... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргажээ. 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “... “Л-И” ХХК нь Д.Б-гийн зөвшөөрлийг авалгүй хэлцэл хийсэн, Б.С- нь өнөөдрийг хүртэл Д.Б-гийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас өмчлөх эрх зөрчигдсөөр байгаа тул хоёр орон сууцыг Б.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү ...” гэснийг нэхэмжлэгч тал “хүлээн зөвшөөрөхгүй” гэнэ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэвч хариуцагч Д.Б-д 2019.02.21-ний өдөр маргааны зүйл болох 2 орон сууцны өмчлөх эрх шилжсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Б- нь маргаж буй 2 орон сууцыг хариуцагч “Л-И” ХХК-ийн өмчлөлийн зүйл биш, улмаар өмчлөх эрхийн бүртгэл буруу болохыг мэдсэн байх боломжтой, иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зохицуулалтаар Д.Б-г орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч Б.С- нь 2 орон сууцны үнийг бүрэн төлсөн тул маргааны зүйл болж буй 09, 10 тоот орон сууц, мөн 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй, харин нэхэмжлэгчийн “өмчлөлд шилжүүлэхийг даалгах” агуулга бүхий шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй. Хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлэхийг хүссэн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.С-ыг тогтоосон тул хариуцагч Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй ...” гэж дүгнэсэн.

10. Харин давж заалдах шатны шүүх “... Хариуцагч Д.Б-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг буруу болох талаар хэрэгт баримтгүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн үүргийг бодитойгоор биелүүлэхийг шаардаж байгаа шаардлага хангагдах боломжгүй, маргааны зүйл болон орон сууцууд үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээдийн өмчлөлд байхгүй байхад  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Д.Б- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авсан тул орон сууцны хувьд шударга эзэмшигч мөн, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв ...” гэж анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэлт хийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

11. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл үндэслэлтэй, харин хууль хэрэглээний хувьд залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч “Л-И” ХХК-ийн хооронд маргаан бүхий хоёр орон сууц болон 03 тоот авто зогсоолыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, харин хариуцагч “Л-И” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн хоёр орон сууцыг хариуцагч Д.Б-д шилжүүлсэн, тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

13. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий хоёр орон сууцыг өмчлөх эрхтэй гэж маргаж буй энэ тохиолдолд хариуцагч Д.Б-гийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар шилжүүлж авсан эсэх, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасан “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэсэн зохицуулалт үйлчлэх эсэхийг шүүх шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар баталгаажсан Д.Б-гийн улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох юм.  

14. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Л-И” ХХК-аас маргаан бүхий хоёр орон сууцыг худалдан авахаар 2014.12.22-ны өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийг төлснөөр талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдэж, 2015.01.29-ний өдөр бичгээр гэрээ байгуулагдсан, 2017.07.30-ны өдөр талууд төлбөрийн тооцоо нийлж акт үйлдсэн, 2017 онд байр ашиглалтад орсноор “Л-И” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна. Харин хариуцагч Д.Б-гийн хувьд 2014 онд хариуцагч “Л-И” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. 2015 оны 03, 10 дугаар сард гэрээний хугацааг хоёр удаа сунгасан, 2016.03.11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээ 2016.04.11-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч “Л-И” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул Д.Б- нь шүүхэд хандан, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар хариуцагч “Л-И” ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан, Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж “Л-И” ХХК-ийн өмчлөлийн байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019.02.21-ний өдөр Д.Б-гийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрх шилжсэний дотор нэхэмжлэгчийн шаардаж буй “Ласти таун” хотхоны 10А байрны 09, 10 тоот хоёр орон сууц багтсан байна.     

15. Дээр дурдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүнийг сунгасан гэрээний 5.2.3-т “Гүйцэтгэгч тал нь ямар ч нөхцөлд уг барилгын үлдэгдэл санхүүжилт болон борлуулалтыг бүрэн хариуцна” гэж, мөн хамгийн сүүлд буюу 2016.03.11-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 7.5-д “Гүйцэтгэгч нь хөрөнгө оруулагчийн барьцаанд шилжүүлсэн, гэрээний хавсралтад заасан орон сууцыг 2016.06.30-ны дотор бусдад худалдан борлуулах үүргийг хүлээх бөгөөд орон сууц худалдан борлуулсан тухай бүртээ төлбөрийг нь хөрөнгө оруулагчид төлөх бөгөөд хөрөнгө оруулагч нь худалдагдсан тухайн орон сууцыг нэн даруй барьцаанаас чөлөөлж байна”, 7.6-д “Хөрөнгө оруулагч нь энэ гэрээний 7.5-д заасан орон сууц худалдан борлуулсан орлогоос 2,000,000,0000 төгрөгийг бүрэн хүлээн авсны дараа барьцаанд үлдсэн бусад орон сууцыг чөлөөлөн гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө” гэж заасан байх бөгөөд мөн өдрөө 46 айлын орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин уг барьцааны гэрээнд нэхэмжлэгчийн хоёр орон сууц барьцаалагдаагүй байжээ. Ийнхүү хариуцагч нарын хооронд үндсэндээ 2015 оноос хойш хөрөнгө оруулалттай холбоотой маргаан үүсэж, 2017 онд шүүхийн журмаар шийдвэрлэгдэн, 2019 хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн, энэ хооронд барилга бүрэн ашиглалтад орж, орон сууцууд нь бусдын эзэмшилд шилжсэн бодит нөхцөл байдлын үед хариуцагч Д.Б-гийн хувьд “Л-И” ХХК нь дээр дурдсан гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд (маргаан бүхий) орон сууцыг бусдад борлуулсан эсэх, бусдын эзэмшилд шилжсэн эсэхийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна. Ялангуяа нэхэмжлэгчийн орон сууц нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болоогүй байхад Д.Б- нь 2019 онд өмчлөх эрхийг шилжүүлж өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ “тухайн орон сууцыг бусдад худалдсаныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, нэгэнт өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажсан тул нэхэмжлэгч маргах эрхгүй” гэж тайлбарлаж буй нь талуудын тэгш, шударга ёсны зарчимд (Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1) нийцэхгүй юм.

16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 болон 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчим нь ч гэсэн “шударга ёсны зарчим”-ыг агуулж байгаа нь “... өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол хамаарахгүй”, “... Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, ... -аас бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэснээс тодорхой харагдаж байх тул “тухайн хөрөнгө бусдын өмчлөлд байх боломжтойг мэдсээр байсан ч өрсөж бүртгүүлсэн л бол эрх нь хамгаалагдана” гэж тайлбарлах боломжгүй.

17. Ийнхүү хариуцагч Д.Б-гийн өмчлөх эрх үгүйсгэгдсэнээр нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Л-И” ХХК-аас шаардах эрх үүсэх тул аль аль хариуцагчид нь холбогдуулж гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй. Харин шүүх шийдвэртээ хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд хамааралтай Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1,  мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг хэрэглэсэн нь оновчгүй байгааг дээрх байдлаар (Хянавал хэсгийн 13-16) залрууллаа.

18. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Б-гийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх буюу улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл байгаа эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, дүгнэлгүйгээр “... хариуцагч Д.Б-гийн дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийг буруу болох талаар хэрэгт баримтгүй байна, ... маргааны зүйл болон орон сууцууд үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээдийн өмчлөлд байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.  

19. Иймд “... Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.Б нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх талаар давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй ... Талуудын тайлбар, өмчлөх эрхийг олж авсан цаг хугацаа зэргээс маргааны зүйл болсон орон сууцуудын өмчлөх эрх хариуцагч Д.Б-д шилжих үед уг орон сууцуудад айл амьдарч байсан, уг айлуудтай гэрээ байгуулсан талаар тэрээр мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна ...” гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ... Д.Б өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

20. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагч Д.Б-гийн “орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол бүхэлдээ үгүйсгэгдэнэ.

21. Автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч “Л-И” ХХК-ийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч буйгаа хяналтын шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. 

22. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн гомдлыг хангаж, хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүхийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 962,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д.Б-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                                                                                                  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД