Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 614

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хэрдэг овогт М*******ын О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах” тухай Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч М.О*******, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М******* овогтой О******* нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Р.Чингисийн Б/504 дугаар тушаалаар ажлаас халагдаж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Авлигатай тэнцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэгчээр, цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан М.О*******г бусдад авлига зуучилсан гэх үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.О*******ын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарсан. Энэхүү тогтоолд хэн нэгэн гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.

М.О******* нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа 2015 оын 10 дугаар сарын 07-ны өдөр хамт ажилладаг Б.Б*******гоос мөнгө зээлсэн байдаг. 

М.О*******гийн ахуйн хэрэгцээнд тодорхой хэмжээний мөнгө хэрэг болоод түр зээлэх мөнгө байна уу? гэж сураад явж байх энэ үед Б.Б******* Ч.А*******гаас хохиролд авсан мөнгө байсан тул орой өгөөрэй, хохирогчид нь өгөх мөнгө байна гээд 500.000 төгрөгийг нь зээлүүлсэн байдаг. 

М.Одонхуү бол энэ хэргийн талаар ямар ч ойлголтгүй өөрийн үүрэгт ажлаа хийгээд явж байсан албан хаагч болно.

Дээр дурдсанаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэргийн сэжигтэн Ч.А*******г хариуцан түр авч явж байсан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа Цогтсайхан гэгч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ашиг сонирхол нэгдмэл байсан гэж үзэж болохоор БНХАУ-ын иргэн Ч.А*******тай үгсэн, түүний үгээр албаны шалгалт хийж байгаа нэрийн дор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж ажиллахдаа М.О*******г хахуул авсан, зуучилсан байна. “Хэргийн хохирогч хохирлын мөнгө авахгүй гэж бидэнд хэлсэн” гэж баримтгүй гүтгэлэг материал бүрдүүлэн М. О*******г ажлаас нь халуулах тушаал гаргуулсан байдаг.

М.О******* нарыг асуудалд холбогдуулаад, авлигатай тэмцэх газраар шалгуулахаар өгсөн ч хэргийг эцэслэн шийдтэл ажлаас нь түдгэлзүүлдэг жишгээр хандаж болох байтал өөрсдийнхөө зохиосон ажиллагаагаар “Үнэнд нийцэхгүй танилцуулга” гаргаж Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хуралд оруулж эднийг шууд ажлаас нь халуулсан нь хууль зөрчсөн гэдгийг дахин давтан дурдаж байна.

М.О******* нь хахуулийн гэмт хэрэгт огт хамааралгүй юм. Ч.А*******тай нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, мөнгө нэхэж байгаагүй тэднийг мөнгө өгч авалцахад байгаагүй, мөнгө өгч авалцсаныг мэдээгүй, харин ч Ч.А*******г нэг удаа М.О*******, Б.Б******* нарыг дагаж хоолны газар ороход нь түүнтэй хамт хоол идэхгүй гээд захиалсан ундаа, цайгаа орхиод гарсан байдаг.

М.О*******гийн ахуйн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй болсон тул хамт ажилладаг хүмүүсээсээ мөнгө сураад явж байсныг ажпын газрынхан нь гэрчилдэг ба М.О******* өөрийнхөө утаснаас 2015 оны 10 сарын 07-ны өдөр буюу Б.Б*******гоос мөнгө зээлэхээс өмнөхөн бусад руу мессэж бичиж мөнгө асууж байсан нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан болно.

Мөн ажлаас халсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Р.Чингисийн Б/504 дүгээр тушаалыг гардуулан өгөөгүй ба өгөхийг хүссэн боловч гарган өгөөгүй болно.

М.О*******гийн зүгээс Нийслэлийн Прокурорын Газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарч хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Р.Чингист хандан ажилд эгүүлэн тогтоон өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч Цагдаагийн Ерөнхий Газраас 2016 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 26/1544 дүгээр албан бичгээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэсэн хариу өгсөн болно” гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.О*******г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,3-д заасныг үндэслэн Төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ ..иргэн...захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас, эсхүл мэдсэнээс 30 хоногийн дотор” гомдлоо гаргахаар, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол" шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасан.

Нэхэмжлэгч М.О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тушаалыг гардуулан өгөөгүй ба өгөхийг хүссэн боловч гарган өгөөгүй болно...” гэсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “30 хоногийн хугацаа” нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч “...хүлээн авсан эсхүл мэдсэн"-ээс эхлэн тоологдох тул “мэдсэн” тохиолдолд заавал гардан авсан байхыг шаардахааргүй байна. 

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байхад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаартай утсанд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Энхзулаас “Манай нөхөр БНХАУ-ын иргэн Апмазаас Баянзүрх дүүргийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч М.О*******, ахлах дэслэгч Б.Б******* нар хэргийг чинь хэрэгсэхгүй болгосон тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед 1.500.000 төгрөг яаралтай авчирч өг...гэж дарамтлаад байна" гэх мэдээлэл ирсний дагуу Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс албаны шалгалт явуулсан.

Албаны шалгалтаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б******* нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн шалгаж буй эрүүгийн хэргийн холбогдогч БНХАУ-ын иргэн Чин овогт Апмазаас “хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө" гэж хэлж 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан, хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.О******* нь дээрх хууль бус үйлдлийн талаар мэдэж байсан атлаа нуун дарагдуулсан, Б.Б*******гийн бусдаас хууль бусаар авсан мөнгийг авч хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул уг асуудлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байдаг.

М.О*******гийн үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь хууль дээдлэх зарчмын хүрээнд ... 4.1.1.Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл дэг журмыг чанд баримтлах", “4.1.4 Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “...терийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэсэн төрийн алба хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн байна.

Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч М.О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт иргэн Н.Энхзул “Манай нөхөр БНХАУ-ын иргэн Алмазаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч О*******, ахлах дэслэгч Б******* нар хэргийг чинь хэрэгсэхгүй болгосон тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед бидэнд 1.500.000 төгрөг яаралтай авчирч өг янз бүрийн хүн амьтанд хэлэх юм бол зүгээр орхихгүй шүү гэж 88018034 дугаартай утаснаас залгаж манай нөхрийг дарамтлаад байна” хэмээн гомдол гаргасныг Суурийн телефон /126/ утсаар ирүүлсэн гомдол, мэдээлэл, санал, хүсэлт хүлээн авах бүртгэлийн дэвтэрт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 45 минутад тэмдэглэн хүлээн авсан байна.

Уг гомдлыг хүлээн аваад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдээлэл шалгах төлөвлөгөөг гаргаж, уг төлөвлөгөөний дагуу холбогдох ажиллагаануудыг хийсний дараа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингист “Цагдаагийн ахлах дэслэгч Б.Б*******, цагдаагийн ахмад М.О******* нар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл “Хээл хахуул авах” гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлэх саналтай байгааг илтгэн танилцуулав” хэмээн санал хүргүүлжээ. 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б*******, цагдаагийн ахмад М.О******* нарт холбогдох Г-96 дугаартай материалыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн байна. 

Цагдаагийн ерөнхий газрын дарга Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М*******ын О*******г 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/504 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, М.О*******гийн цагдаагийн ахмад цолыг хураан авчээ.

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын 51 дүгээр тогтоолоор “Б.Б******* нарт холбогдох эрүүгийн 201501000135 дугаартай хэргээс яллагдагчаар шалгагдсан Хэрдэг овогт М*******ын О*******д холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” хэмээн нэхэмжлэгч М.О*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн “...нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн  нэхэмжлэл гаргасан” гэх тайлбарын хувьд: 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан ба нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах” тухай тушаалыг хүлээн авч, мэдсэнээс хойш 30 хоногийн хугацаа хэтрээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2259 дугаартай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан тэмдэглэгээ,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2б/1544 дүгээр албан бичиг зэргээр тогтоогдож байна. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарсан өдрөөс хойш М.О******* нь эрүүгийн хэргээр шалгагдаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “...гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан цагдаагийн ахмад М.О*******гийн гаргасан сахилгын зөрчлийн тухайд: 

Дээр дурдсан мэдээллийн дагуу Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэрэг бүртгэгч М.О*******, Б.Б******* нарын ажлын өрөөнд нэгжлэг хийж, тэдгээрийг асуусан тэмдэглэл зэргээс үзвэл Б.Б******* нь нэг сая төгрөгийг сэжигтэн Ч.Алимасугаас авсан, энэхүү хохирлын мөнгөнөөс Б.Б******* М.О*******д 500.000 /таван зуун мянга/ төгрөг зээлдүүлсэн үйлдлийг “хээл хахууль авах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэн Б.Б*******, М.О******* нарт халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас гаргасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаалаа гаргажээ.          

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”,  13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.1-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 4.1.4-т “Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих” гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл М.О*******гийн “...500.000 төгрөгийг Б.Б*******гоос зээлсэн” үйлдлийг ноцтой зөрчилд хамруулж, сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй шийтгэл ногдуулжээ.

“...М.О*******г би танихгүй, мөнгөө Б******* байцаагчид өгсөн...” гэх Ч.Алимасугийн тайлбар, “...Орой ажил тарахаас өмнө түр хэрэглээд буцаагаад өгье гээд М.О******* зээлсэн ... хохирлын мөнгөнөөс бусдад зээлүүлж болохгүй” гэх Б.Б*******гийн тайлбар, С.Ганцацралыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор байцаасан тэмдэглэлд “... өмнө нь хохиролд 1000.000 төгрөг авсан байсан, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр 1200.000 төгрөг авахаар тохиролцсон байсан, Б******* байцаагч ирж хохирлоо аваарай гэж байсан” гэх тайлбаруудаас үзвэл М.О******* бусдаас мөнгө зээлэхдээ хохирлын төлбөр гэдгийг мэдсээр байж зээлж авсан үйлдэл гаргасан нь нотлогдож байна.            

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараахь сахилгын зөрчлийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар зөрчил гаргасан, эсхүл албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ дурдаагүйн дээр тухайн зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай хуульд заасан зохицуулалтыг харгалзаж үзээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.О*******гийн гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь тохироогүй байна гэж шүүх дүгнэв.    

Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн байх тул тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.          

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т тус тус заасныг баримтлан М.О*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах” тухай Б/504 дүгээр тушаалын М.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.О*******г өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч М.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.САЙХАНТУЯА