Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0732/З |
Дугаар | 507 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 507
“М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “М у р” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг хариуцагчид даалгах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Г.Б нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “М у р” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0603 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч "М у р” ХХК нь хариуцагчид холбогдуулан нэгт “хүрэн нүүрсний ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, хоёрт "нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодис биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Магадлалд анхан шатны шүүхийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгаж” гэж нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэрлэсэн байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...”М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Мөн нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байсан үндэслэл буюу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэл хөтөлж байгааг хуулийн үндэслэлгүй болохыг тогтоож тогтоох хэсэгт “...нэхэмжлэгч "М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “хариуцагчаас, нэхэмжлэлийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг... хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Ингэснээр нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл болох бүртгэлийг тусдаа хөтөлж байгаа гэх үндэслэл, мөн бүртгэл өөрчлөхгүй байгаа татгалзал хууль бус болохыг шүүх тогтоож өгсөн. Гагцхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд эргэлзээ үүсч магадгүй гэдэг үүднээс нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэг дэх шаардлагыг “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж илүү тодорхой болгон найруулж өгөхийг хүссэн” буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байсан.
5. Магадлалд “иймээс нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” зэргээс аль шийдвэр гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэсэн байна. Нэхэмжлэгч анхнаасаа “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг цацраг идэвхт бодисын төлөвөөр бүртгэж байгааг өөрчилж ердийн ашигт малтмалын бүртгэлд бүртгэхийг даалгах” гэсэн шаардлага гаргаж, шаардлагаа дэмжиж хуралд оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өргөдлийн хариуг нэхэмжлэгчийн хүссэнээр өгөхгүй гэсэн татгалзлаа шүүхэд хангалттай илэрхийлсэн.
6. Магадлалд "...2011 оноос 2015 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “М у р” ХХК-д тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд... хайгуулын ажлын тайлан... зэрэг баримтуудыг... тусгай зөвшөөрөл гэж үзэх,... тухайлбал хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэх болох эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэжээ.
7. Хайгуулын ажлын явцад ямар ч төрлийн ашигт малтмал олдож болох бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг бүрэн хайж илрүүлэх, иж бүрнээр судлах үүрэг хүлээдэг. Газрын хэвлийн доор ямар ашигт малтмал байгааг зөвхөн геологийн эрэл хайгуулын ажил хийсний үндсэн дээр л тогтоох боломжтой. Харин энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүд тухайн жил хийж гүйцэтгэх геологийн эрэл хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулдаг хуулийн зохицуулалттай байдаг. Энэ хүрээнд нэхэмжлэгч тал жил бүрийн хайгуулын ажлын төлөвлөгөөнд бусад ашигт малтмал эрэх хайх ажлыг төлөвлөж батлуулж байсан ба 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр батлагдсаны дагуу хүрэн нүүрсний ордыг илрүүлсэн байна. Геологийн хайгуулын ажлын үр дүнг мөн л жил бүрийн тайлангаар баталгаажуулан эрх бүхий байгууллагад хуулийн дагуу тушааж батлуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг гэсэн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэн, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан.
8. “М у р” ХХК энэ үүргийнхээ дагуу цацраг идэвхт ашигт малтмал хайх явцдаа хүрэн нүүрсний нөөцийг илрүүлж тайлагнасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 оны 12 сард Цөмийн энергийн газар татан буугдаж, Ашигт малтмал, газрын тосны газарт чиг үүрэг нь шилжсэний дараагаа буюу 2017 онд албан ёсоор уран болон нүүрсний хайгуулын ажлын төлөвлөгөө гарган батлуулж, хайгуулын ажлын тайлангаар үр дүнг нь тайлагнасан. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу анхны жилүүдэд хүрэн нүүрсний нөөц илэрснийг тухайн үед харьяалах агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж тайлагнаж байсан нь өнөөдрийн шүүхийн маргаанд нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзэж байна.
9. Шүүх энэ талаар хурал дээр тодруулах боломжтой байхад нүүрсний тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж хэргийн анхан шатанд буцааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
10. Магадлалд “...Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь тухайн талбайд ураны илэрцгүй болохыг тогтоох эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах, уг албан бичгээр тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ураны илэрцгүй болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийж нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийх нь зүйтэй” гэсэн байна.
11. Хайгуулын талбайд ураны илэрцийг зөвхөн геологийн эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаар тогтоодог. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт тушаагддаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд геологи уул уурхайн болон ашигт малтмалын талаар дүгнэлт гаргах цорын ганц эрх бүхий байгууллага нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс болно. Геологи хайгуулын хэлтсээс ураны илэрцгүй болохыг тогтоож, улмаар Ашигт малтмалын газрын дарга албан бичгээр баталгаажуулсан. Үүнийг шүүх асуултаар асуух боломжтой байснаас гадна хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа гээд хайгуулын ажлын тайлангаас өөр ураны илэрцийг тогтоосон баримт байхгүй тул Магадлалд бичсэн даалгаврын дагуу анхан шатны шүүх нотлох баримт нэмж бүрдүүлэх ажиллагаа хийх боломжгүй, өөрөөр хэлбэл магадлалын энэ хэсгийн заалт биелэгдэх боломжгүй юм. Хайгуулын ажлын үр дүнгээс үзэхэд өрөм тавьж геологийн судалгаа хийсний үр дүнд ураны илэрц дэлхийн хэмжээний байх ёстой дунджаас буюу хэвийн хэмжээнээс даруй 1.8 дахин бага байгаа нь тогтоогдсон.
12. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3, 121.3.4-т заасанд нийцсэн байна.
14. Нэхэмжлэгч “М у р” ХХК нь анх шүүхэд “...хайгуулын ажлын үр дүн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, Ашигт малтмалын газрын хүрэн нүүрсний нөөцийг хүлээн авч, улсын нэгдсэн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэн тус компанид нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох захиргааны акт гаргахыг даалгах, мөн ХV-018247 дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаанд “...шийдвэр зэрэгт үндэслэн хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,... үлдэх хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсон /тодруулсан гэх/ нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шүүхийн шийдвэрийн “удиртгал”, “үндэслэх” хэсгүүдэд тодруулсан гэх уг шаардлагыг бичиж, “тогтоох” хэсэгт “нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
15. Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн анх гаргасан болон шүүх хуралдаанд тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага өөр өөр, шүүх “тодруулсан” гэх шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа анх болон сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг “хольж” шийдвэрлэсэн, ингэхдээ өөрийн санаачилгаар хариуцагчийн “татгалзал” болон “эс үйлдэхүй”-г тогтоож шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
16. Тухайлбал, нэхэмжлэлийн зүйл нь хайгуулын талбайн хэсэгт дэх нүүрсний нөөц тогтоолгосон хэсэг /орд/-т ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар маргасан энэ тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгуулах шаардлага гаргах боломжгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “...орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, үлдэж байгаа хайгуулын талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсныг шүүх уг хүрээнд шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцэхгүй.
17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчид анх Цөмийн энергийн газраас олгосон “Ц-003Х” тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “ХV-018247” тусгай зөвшөөрөл болгож бүртгэсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй атлаа тусгай зөвшөөрлийг өөрчлөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, энэ маргааны тухайд “цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-өөр олгогдсон талбайд хайгуул хийсний үр дүнд “уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлал илрээгүй” гэх нөхцөлд уг тусгай зөвшөөрлийн төрлөөс шалтгаалж хайгуулын талбайн бүртгэлийг өөрчлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, үндэслэлд холбогдох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
18. Магадлалд, маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр заагаагүй бөгөөд хуульд заасны дагуу “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба үүнийг хэрэглэх боломжтой бол” шүүх уг шаардлагыг нэхэмжлэгчээр хангуулах ба энэ хэргийн тухайд анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасны дагуу ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраагийн хяналтын журмаар гаргасан “...хэргийг буцаалаа гээд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхгүй, түүний эсрэг хариуцагчийн татгалзал бүхий тайлбар хэвээр байх болно,... хариуцагч урьдаас татгалзана гэдэг байр суурьтайг мэдсээр байж тухайн татгалзсан хариуг нь гаргуулж авах тухай нь ач холбогдолгүй,... нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад уг шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүх шийдвэр гаргах бүрэн боломжтой,... хэргийн оролцогчид нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэсэн ойлголттой байсан,... хэрэв /шийдвэрлээгүй/ гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулаад залруулах байсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
19. Харин, давж заалдах шатны шүүх нь маргааны үйл баримтыг Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар зааглаж, улмаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг уг зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайн хилийн дотор “хүрэн нүүрс” хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэж, үүгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болгосон нь буруу байна.
20. Учир нь Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-д “ хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон заалтыг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх олгосон заалтыг тус тус эдгээр хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиудаар хүчингүй болсонд тооцсон, иймээс энэ хугацаанаас хойших буюу хэрэгт авагдсан 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд холбогдуулан “нүүрс” илрүүлсэн үйл баримтыг эрх олгосон ямар баримтаар “хайсан”-ыг тодруулах нь энэ маргаанд хамааралгүй юм.
21. Түүнчлэн маргаан бүхий талбайд хайгуулын ажлын үр дүнд “уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлал илрээгүй” болохыг хэргийн оролцогчид маргаагүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн гэх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/5029 дугаартай албан бичигт дурдагдсан “...тусгай зөвшөөрлийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хэтийн төлөвгүй” гэсэнд холбогдуулан түүнийг энэ асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалган тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.
22. Иймд, магадлалын дээрх 2 заалтын талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ