Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бердигулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01973 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бердигулийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Б.Серик нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өндөр хүчдлийн шонгийн мод мөргөж машин нь шидэгдэж хажууд байсан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26 гудамжны 518 тоот хашаа байшинг гэмтээсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2018/03301 дугаартай шүүгчийн захирамж гарсан. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудсаар 9 721 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 91 643 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс Б.Серик 6 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Б.Серик дахин хэрэгт холбогдож хорих 461 дүгээр ангид 1 жил гаруй хоригдож байгаа тул төлөх боломжгүй болсон. Улсын бүртгэлийн Ү-2201015467 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцанд эцэг Б.Б, охин Б.Ризагийн хамт амьдарч байна. Б.Серик энэ байранд амьдардаггүй, 10 жил өөр газар амьдарсан, ээж С.Жамига нь өөр газар амьдардаг. Б.Риза нь шизофрени өвчтэй хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гадуур явж чаддаггүй, би дагуулж явж асран хамгаалдаг. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зах зээлийн ханш нь 200 000 000 төгрөг байгаа. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2 мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061 дугаартай худалдан борлуулах мэдэгдэлийг өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061 дугаартай мэдэгдэлд дээрх орон сууцыг 111 704 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Бид орох оронгүй болох хүсэлгүй байна. Б.Серикийн ээж шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 100 000 төгрөгийг сар болгон өгч төлбөрөө барагдуулах хүсэлтийг хэлж байсан. Хүү Б.Серик гэм буруутай байхад бидний үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчиж, бидний өмчлөх эрхэд халдаж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү. Орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлж байх тул дахин шинжээч томилуулах хүсэлттэй байна гэжээ.

   Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03301 дугаар захирамжаар Бердигулийн Серикээс 9 812 643 төгрөгийг гаргуулж К.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох газруудаас тодруулахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Б.Серикт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд санаатай зайлсхийсэн тул арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийн арилжааны банкуудад хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19250396/05 дугаар тогтоолоор тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/219 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061, 4/15060 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарлаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3-д зааснаар талуудад үнэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 32 дугаар байрны 101 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Бердигулийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний хүү Серик гэм буруутай байхад бидний үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл. 16.14 дэх хэсэгт гэм буруугийн ял зэмлэлийг түүний гэр бүлийп гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчиж байна. Серикийн ээж нь төлбөрийг нь барагдуулах талаар хэлж байхад сэтгэцийн өвчтэй охинтой, тэтгэврийн надад хүндрэл учруулж бидний өмчдөх эрхэд халдсан хууль бус үйлдэл гаргасныг шүүх анхаарч үзээгүй. Тухайн үед зуны амбаарыг засаж өгье гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлээгүй, өвчтэй охинтой намайг гудамжинд гаргах гэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчээс тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж тайлбарлаж байгаа боловч үнэдслэлээ баримтаар нотлоогүй гэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага хүү Б.Сериктэй хэрхэн ажилласан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй атлаа миний байрыг худалдан борлуулах гэж байгаад үнэлэлт огч чадсангүй. Шинжээч зах эээлийн үнэлгээг нарийн судалж харьцуулсан шинжилгээ хийгээгүй. Манай хороололд байгаа 4 өрөө орон сууцны зураг, зах эээлийн үнэлгээг оруулаагүй тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хохирогч гэх Соёл-Эрдэнэд тухайн үед эвдэрсэн зуны байшинг бүрэн засаж хохиролгүй болгох талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй. Миний хүү тухайн үед 6 000 000 гаруй төгрөг үлдсэн байхад дахин хэрэгт холбогдоод 15 жилийн ял авсан. Би 350 000 төгрөгийн тэтгэвэртэй, тэтгэврийн зээлтэй. Төлбөр төлөгч Б.Серикт Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 29.1.9 зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэлт байдал тогтоогдсон. Гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон. Учир нь Б.Серик хорих 509-р ангид 15 жилийн хорих ял эдэлж байна. Төлбөр төлөгч байхгүй байхад аавыг нь төлбөр төлөгч болгож байгаа буруутай үйл ажиллагааг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэнгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн заалтыг зөв хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 111 704 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03301 дугаар захирамжаар Бердигулийн Серикээс 9 721 000 төгрөгийг Соёл-Эрдэнэд төлөхөөр эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэсэн байна./хх25-34/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар дурдсан ажиллагааны талаар маргаагүй.   Харин хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр томилогдсон шинжээч хуульд заасан журмыг зөрчсөн талаар, нэхэмжлэгч Б.Б нь үнэлгээг хийхдээ тухайн орон сууцны зураг, зах зээлийн үнэлгээг оруулаагүй гэж гомдол гаргасан.

            Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг явуулжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар төлбөр төлөгч Б.Серик нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсноос 2020 оны 01 сарын 22-ны өдрөөс цагдан хоригдож байгаа болох нь нотлогдсон./хх56-58/

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 4 сарын 21-ний өдрийн 4/219 дүгээр тогтоолоор Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 111 703 597 төгрөгөөр тогтоосон байна. /хх61-68/

Хариуцагч байгууллага нь дээрх хөрөнгийн үнэлгээний талаар талуудад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061, 4/15060 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцжээ./хх-60-70/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Төлбөрт хураагдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууц нь Б.Б, С.Жамига, Б.Риза, Б.Тилек, Б.Серик нарын 5 хүний өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015467 дугаарт бүртгэж, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг   олгосон үйл баримтад талууд маргаагүй болно./хх-33/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.8 дах хэсэгт “Төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй” гэжээ.

Хариуцагч нь хэргийн 59 дүгээр талд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоолд заахдаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууцыг үнэлгээ тогтоохыг даалгасан.

 “Баян модот” ХХК-ийн шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 111 704 000 төгрөгөөр тогтоохдоо үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь үнэлгээ хийсэн нь алдаатай байна. Хариуцагч нь хамтран өмчлөгч, төлбөр төлөгч Б.Серикэд орон сууцнаас ногдох хэсгийн үнийг тогтоолгох ёстой бөгөөд түүнд ногдох хэсгийг бусад өмчлөгчдөд зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад хамтран өмчлөгч нар худалдан авахаас татгалзсан тохиолдолд төлбөр авагч албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй байхад эдгээр ажиллагааг хийгээгүй нь буруу юм. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Иймд хариуцагч буюу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамтран өмчлөгч нарын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл зөвхөн төлбөр төлөгч Б.Серикэд ногдох хэсгийг үнэлсэн, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг бодиттой тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 111 704 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангах үндэслэлтэй юм. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01973 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 11 704 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, 2 дах заалтын  “... үлдээсүгэй гэснийг “...үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                        Б.НАРМАНДАХ