Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01973

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           06              17                                                102/ШШ2020/01973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, ө хороолол, 00 байр, 000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, К овогтой Б-ны Б /РД: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, Ү х-ийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өндөр хүчдлийн шонгийн мод мөргөөд машин нь шидэгдэж хажууд байсан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26 гудамжны 518 тоот хашаа байшинг гэмтээсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШШ2018/03301 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас 9,721,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 91,643 төгрөг бичигдсэн. Үүнээс Б.С төлсөөр байгаад 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.С дахин хэрэгт холбогдож Хорих 461 дүгээр ангид 1 жил гаруй хоригдож байгаа тул төлөх боломжгүй болсон.

Улсын бүртгэлийн Ү-2201015467 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байрны 101 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцанд эцэг Б.Б, охин Б.Ризагийн хамт 2-уул амьдарч байна. Б.С энэ байранд амьдардаггүй, 10 жил өөр газар амьдарсан. Ээж С.Жамига нь өөр газар амьдардаг. Б.Риза нь шизофрени өвчтэй хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гадуур явж чаддаггүй, би дагуулж явж асран хамгаалдаг. Дүүргийн албан ёсны асран хамгаалах гэрчилгээтэй.

Улсын бүртгэлийн Ү-2201015467 дугаартай, СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зах зээлийн ханш 200,000,000 сая төгрөг болж байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2 мэдэгдэл бидэнд өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061 дугаартай худалдан борлуулах мэдэгдэл бидэнд өгсөн.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061 дугаартай мэдэгдэлд Улсын бүртгэлийн Ү-2201015467 дугаартай, СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай орон сууцыг 111,704,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Бид байраа заруулж орох оронгүй болох хүсэл алга. Б.Сийн ээж шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 100,000 төгрөгийг сар болгон өгч шийдвэрийг барагдуулах хүсэлтээ хэлж байсан.

Хүү Б.С гэм буруутай байхад бидний үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан заалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчиж байна. Бидний өмчлөх эрхэд халдаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү.

Энэхүү тогтоол, мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл зах зээлийн үнээс доогуур үнэлж байгаа тул дахин шинжээч томилуулах хүсэлттэй байна ... гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03301 дугаар захирамжаар Бердигулийн Серикээс 9,812,643 төгрөгийг гаргуулж К.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох газруудаас тодруулахад СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн бөгөөд өөр эд хөрөнгө илрээгүй.

Төлбөр төлөгч Б.С-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийн арилжааны банкуудад хүргүүлсэн.

СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19250396/05 дугаар тогтоолоор тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шинжээч томилох тухай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/219 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15061, 4/15060 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарлаад байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д талуудад үнэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан өмчлөх эрхэд халдаж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03301 дугаар захирамжаар К.Соёл-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөг татгалзаж, хариуцагч Б.С үлдэгдэл 9,721,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00234 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Сийн Б.Б, С.Жамига, Б.Риза, Б.Тилек нартай хамтран өмчлөлийн СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144/63 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19250396/05 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нараас үнэлгээний талаар санал өгөхөөс татгалзсан байна. /хэргийн 43 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч иргэний өмчлөлийн, хамтран өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийхээс өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.3, 86.4-т заасан ажиллагааг хийхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоол, төлбөр төлөгч Б.Сийн эзэмшилд тээврийн хэрэгсэл, машин механизмын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх мэдэгдэл, түүний эзэмшил, өмчлөлд газар бүртгэлтэй эсэх лавлагаа зэргийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг бэлнээр болон дансанд тушаахыг удаа дараа шаардаж, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг ирүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс төлбөр төлөгч Б.Сийн бусадтай хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахтай холбоотой ажиллагаа хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар хамтран өмчлөгч нар санал өгөхөөс татгалзсан үндэслэлээр НШШГГ нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/219 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр “Баянмодот” ХХК-ийг томилсон, шинжээч СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг 111,704,000 төгрөг болохыг тогтоосон байна.

 

НШШГГ энэ талаар төлбөр төлөгч Б.С, хамтран өмчлөгч Б.Б, С.Жамига, Б.Риза нарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгджээ. /хэргийн 71 тал/

 

Шинжээч “Баянмодот” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хэргийн 65, 67 тал/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох СХД-ийн 00 дугаар хороо, 0 хороолол, 00 дугаар байрны 000 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ