Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201725010523 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, яс үндэс Дарьганга, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2-78 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар  дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Чухал овогт Б.М, /регистрийн дугаар /

 

       Үйлдсэн хэргийн талаар:

              Б.Мнь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо Дэнжийн 2-10 тоотод оршин суух иргэн Б.Энхнасангийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийг машин механизм ашиглан хулгайлж 2.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                   

                                                                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо Дэнжийн 2-10 тоотод оршин суух иргэн Б.Энхнасангийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Энхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 2-10 тоотод зуслангийн хашаа байшинтай юм. Уг байшиндаа зуны цагт очоод өвөл эргэж тойроод байдаг юм. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид 2 очиж байшингаа үзэхэд байшин зүгээр байсан. Тэгээд 01 сарын 23-ны өдөр эхнэрийн хамт байшингаа очиж эргэхэд байшингийн зүүн талын төмөр сараалжийг татаж аваад вакум цонхыг тал хөрөөдөж байгаад байшин дотор байсан том 5 ханатай монгол гэр бүтнээр нь алдагдсан, мөн 40 литрийн бетон зэрэг зүйлс алдагдсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг Нарантуул зах дээр зогсож байхад 27-28 орчим насны туранхай намхан бор залуу ганцаараа хүрч ирээд гэр авах уу гэхээр нь “ямар учиртай, ямар гэр байгаа юм бэ” гэхэд байшингаа бариад дуусгачихсан юм, шалгүй дан бүрээстэй, бургасан унь, ханатай гэр байгаа юм гэхээр нь “авъя” гэхэд товчоон дээр байгаа би өөрөө аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би утасны дугаараа өгөөд явуулахадаа “янз бүрийн хулгайлсан, салж сарниад зарж байгаа гэр биш биз” гэхэд тийм асуудал байхгүй гэсэн… Тэгээд ирээд над руу залгаад гадаа ачаад ирчихлээ, гараад ир гэсэн. Тэгээд очиж үзээд 180.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 5644062899 гэсэн дансруу 150.000 төгрөг хийгээд 30.000 төгрөгийг бэлнээр жолоочид нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Ч.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“2017 оны 01 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 15 цагийн үед Нарантуул зах дээр 51-52 УНР улсын дугаартай Портер-2 маркийн машинтай байж байхад нэг бор залуу ирээд Баянзүрхийн товчооноос гэр ачуулах гэсэн юм хэдээр явах вэ гэхээр нь би 40.000 гэсэн чинь 30.000 байдаг шүү дээ гэхээр нь тохиролцоод 30.000 төгрөгөөр Нарантуул захаас Баянзүрхийн товчооруу явсан. Тэгээд тэр залуу хаягаа зааж өгөөд өөрөө хашааныхаа хаалгыг онгойлгоод энэ манай байшин байгаа юм, гадна засвар дуусчихсан, дотор засал үлдсэн байгаа. Мөнгөний хэрэг болоод гэрээ зарж байгаа гэж хэлсэн… Би тухайн гэрийг хулгайн гэр гэж мэдээгүй, тэр залуу тэр гэрийг өөрийнхөө гэр гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-н 45/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

-хохирогч Б.Энхнасангийн БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 09/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед үйлдсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18/

-эд зүйлийн үнэлгээ /19-21/

 

Шүүгдэгч Б.Мн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2017 оны 01 сарын 15-наас 23-ны хооронд БЗД-ийн 11-р хороо Дэнжийн 2-10 тоотоос иргэн Энхнасангийн өвлийн байшинг судалж байгаад цонхоор нь орж хураалттай байсан Монгол 5 ханатай гэрийг ганцаараа гаргаж байшингийнх нь үүдэнд тавиад би өөрөө зах орж Портер машин хөлсөөр аваад очиж гэрээ ачаад буцаж зах дээр очоод танихгүй гэр авдаг ченж залууд 180.000 төгрөгөөр зараад 30.000 төгрөгийг жолоочийн хөлсөнд нь өгсөн… Би ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-Б.М.н иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54/

-Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай Б.Мөнхбаярын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 63/

-сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 64/

-Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааны хуулбар /хх-ийн 85-86/ зэрэг баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

  Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.  

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Мн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Шүүхээс хуульд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал зэрэг хөнгөрүүлэн үзэж болохоор нөхцөл байдлыг,

үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хэргийн улмаас шүүгдэгч нь нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байх учир шүүгдэгчээс 2.085.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхнасан /УК65091617/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзсэн хэдий боловч тухайн тээврийн хэрэгслийг хөлсөлж гэмт хэрэг үйлдсэн эд зүйлийг тээврэлсэн, тухайн тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Б.Мг хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан зүйл гэдгийг мэдээгүй болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байх учир тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохгүй байхаар шийдвэрлэж энд дурдав.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Мн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулахаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

  2015 оны шинэчлэн найруулсан, одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд баривчлах гэх ял байхгүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хууль дахь уг ялыг гүйцэтгэх эрх зүйн орчин одоогийн байдлаар байхгүй болсон байна.

  Шүүгдэгчид ашигтайгаар зохицуулагдсан хуулийг буцаан хэрэглэх нь эрх зүйн чухал ойлголт мөн хэдий ч энэ байдал нь оногдуулах ял шийтгэлийг зохицуулсан хэсэгт л хамааралтай. Хэдийгээр шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай хуулийг буцаан хэрэглэж байгаа ч уг буцаан хэрэглэж байгаа нөхцөлд тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулж болохоор хуульчлагдсан хамгийн хүнд ялын дээд хэмжээг харгалзах нь зүйтэй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чухал овогт Б.Мг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мн цагдан хоригдсон тавин зургаа хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Мс хоёр сая наян таван мянган төгрөг гаргуулж хохирогч Б.Энхнасан /УК65091617/-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ