Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Мөнхзул,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр Б.Мт холбогдох эрүүгийн 1708013710321, 201725010523 дугаартай хэргүүдийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чухал овгийн Базарын М, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар /;

Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 2-10 тоотод оршин суух иргэн Б.Эгийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийг машин механизм ашиглан хулгайлж, 2.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Мын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чухал овогт Базарын Мыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас хоёр сая наян таван мянган төгрөг гаргуулж, хохирогч Б.Э /УК65091617/-Д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.  

 

Прокурор А.Мөнхзул бичсэн прокурорын дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Базар овогтой М нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13-41 тоотод оршин суух иргэн Т.Алтанцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, цул мөнгөн толь 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 248.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчингийн 5-10 тоотод оршин суух иргэн М.Мөнххишигийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Самсунг” маркийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 265.000 төгрөгийн хохирол, гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгийн, нийт 271.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 2-14 тоотод оршин суух иргэн Д.Жавзандуламын өвлийн сууцны цоожийг эвдэн нэвтэрч, 16 инчийн “Dell” маркийн notebook, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 12-358 тоотод оршин суух иргэн Д.Энхтөрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Monel” маркийн өнгөт зурагт, биет 9.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13-391-13А тоотод оршин суух иргэн Г.Алтангэрэлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга, биет 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 120.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгийн, нийт 126.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-863 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.272.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9-342 тоотод оршин суух иргэн Д.Энхтуулын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “BSB” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчингийн 7-7А тоотод оршин суух иргэн Б.Сугарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “LCD” өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 542.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 65-22А тоотод оршин суух иргэн Д.Отгоны монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Toshiba” маркийн өнгөт зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 233.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 366а тоотод оршин суух иргэн Б.Төгсжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн, зөөврийн компьютер, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 8.150.400 төгрөгийн, шууд бусаар 12.000 төгрөгийн, нийт 8.162.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1230 дугаар шүүгчийн захирамжаар “...яллагдагч Б.М нь дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байхдаа хорих 403 дугаар хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Энэхүү нөхцөл байдал нь яллагдагч Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Иймд Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Б.М нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 2-10 тоотод оршин суух иргэн Б.Эгийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийг машин механизм ашиглан хулгайлж, 2.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

 

Гэтэл Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 8.150.400 төгрөгийн, шууд бусаар 12.000 төгрөгийн, нийт 8.162.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1708013710321 дугаартай хавтаст хэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үйлдлүүдийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялыг нэмж нэгтгэх боломжгүй байна.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм.

 

 Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Б.Мт оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг журмыг хэрэглэх боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу ялтан Б.Мт ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

 

Иймд прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: