Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 110/2018/0024/З |
Дугаар | 493 |
Огноо | 2018-12-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 493
Ө.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн
Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны
даргалагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 14 дугаартай Хурлын дарга Ө.С- ыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгох, тус сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018. оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/2018/0053 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0533 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т /2457/,
Хариуцагчийн өмгөөлөгч К.Ж /2215/ нар
Хариуцагч К.Р-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/2018/0053 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны Хурлын дарга Ө.С-ыг огцруулах тухай 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.С- ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч К.Р-ын гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0533 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч К.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Х.Бахытханы мэдүүлэг /хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй/ нь худал болохыг цагдаагийн байгууллага шалгаж байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл бүрдсэн боловч эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ, 65.1.3-т эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж тус тус заасныг зөрчсөн.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Х.Б нь хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй болох нь тогтоогдсон гэж үзсэн боловч энэ нь огт үндэслэлгүй юм. Х.Бахытхан нь хамаатны хүн өвдсөн гэж мэдүүлсэн боловч хамаатны хүн өвдсөн гэдэг нь ор үндэсгүй, худлаа мэдүүлэг гэж үзэж байна. Учир нь сумын Засаг дарга С.Б-д “нэгэн дарга наад хуралд оролцож болохгүй, орхиж гар гэж үүрэг өгсөн” гэж Х.Б өөрөө хэлсэн байдаг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй.
5. Шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тогтоох нотлох баримт цуглуулаагүй атлаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-т хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
6. Давж заалдах шатны шүүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасны дагуу Хурлын даргад “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө огцруулах санал гаргах болсон үндэслэл, судалгаа зэрэг холбогдох материалуудыг хавсаргаж нийт төлөөлөгч нарт урьдчилан танилцуулаагүйгээс хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ө.С-д үг хэлэх, тайлбар, санал гаргах, хурлын төлөөлөгч нарын хувьд хэлэлцэж байгаа асуудлыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох зэрэг хуульд заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна” гэж дүгнэсэн.
7. Гэтэл Ө.С нь ээлжит 5 дугаар хуралдааныг хуралдуулахгүй, ажлаа хийхгүй, зөвхөн Засаг даргыг огцруулах асуудлыг удаа дараагийн хурлаар хэлэлцүүлэх зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ба түүнд аливаа шаардлага, шийдвэр, тооцоо, судалгааг гардуулахаар хүлээж авахгүй зугтдаг байсан. Өөрөөр хэлбэл хуралдааныг хуульд заасан журмаар хуралдуулах, огцруулах үндэслэлээ түүнд танилцуулах ямар ч боломж бүрдээгүй ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.3-т уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёсгүй бөгөөд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа. гарах шийдвэрийн төслийг Ө.С- ад гардуулаагүйгээс болж түүний эрх, ашиг, сонирхол хөндөгдөөгүй болно.
8. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Хурлын дарга Ө.С-ыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоолыг 11 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн олонхи оролцсон хуралдаанаар гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
9. Анхан шатны шүүх мөн хуулийн 23.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ямар ч нотлох баримтгүйгээр төлөөлөгч Х.Б-ыг хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй байна, нийт төлөөлөгчдийн олонхи оролцоогүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь буруу гэж үзэж байна.
10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн221/МА2018/0533 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор ээлжит 5 дугаар хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт товлон зарлаж, 4 асуудал хэлэлцэхээр тогтоосны дагуу мөн өдрийн 16 цагт 19 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдааныг нээж эхлүүлсэн боловч асуудлаа хэлэлцэж эхлэхээс өмнө маргаан үүсч, улмаар МАН-ын бүлэг завсарлага авснаар маргааш өдөр нь үргэлжлүүлэхээр болсон, уг хуралдааны үргэлжлэл буюу 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, зарим төлөөлөгчийн гаргасан саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй 2 асуудлыг нэмж хэлэлцэхээр болсон, Хурал дахь МАН-ын бүлэг хуралдааныг орхин гарч, үлдсэн 11 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлсэн ч Хурлын дарга Ө.С нь өөрөө хуралдааныг орхиж гарснаас үлдсэн 10 төлөөлөгч маргааш цугларахаар тарсан, маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 9 цагт хуралдааныг нээж эхлүүлэхэд Хурлын дарга Ө.С байсан боловч “аймгаас дуудсан” гэж хуралдааныг орхиж гарсан, үдээс хойш үлдсэн 10 төлөөлөгч дахин цугларч хуралдааныг үргэлжлүүлж, /төсөв батлах иргэдийн шаардлагаар гэх/ даргалагчаар К.Р-ыг сонгож, хэлэлцэхээр тогтоосон 4 асуудлаас 3-ыг нь хэлэлцэж, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай” 15, “2018 оны төсөв батлах тухай” 16, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 17 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан үйл баримт тогтоогджээ.
13. Мөн ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэл гэх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг Хурлын дарга Ө.С даргалж 11 төлөөлөгчийн ирцтэйгээр өмнө тогтоосон 4 асуудлыг хэлэлцэхээр болсон, сумын Засаг даргын 2017 оны үйл ажиллагаанд “хангалтгүй” үнэлгээ өгч Засаг дарга С.Бекетийг огцруулж, ажлыг нь Засаг даргын орлогчоор гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, үлдэх 3 асуудлын хувьд хэлэлцэх боломжгүй гэдгээр дараа хэлэлцэхээр хуралдааныг нээлттэй үлдээсэн байна.
14. Дээрх үйл баримтаар ээлжит 5 дугаар хуралдааныг анх товлогдсон буюу 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хийж чадалгүйгээр түүний үргэлжлэл гэх 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааныг Хурлын даргаас өөр этгээд буюу төлөөлөгч К.Р даргалж, 10 төлөөлөгч хуралдаж, асуудал хэлэлцсэн, үүний дараа мөн үргэлжлэл гэх 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг Хурлын дарга Ө.С даргалж, 11 төлөөлөгч хуралдаж, асуудал хэлэлцсэн, эдгээр хуралдаан, үүгээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэгчээс болон өөр бусад этгээдээс эрх нь зөрчигдсөн гэж үзэж маргаагүй учир энэ асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ардчилсан намын Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумын хорооноос 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр Хурлын дарга Ө.С болон Тэргүүлэгчдэд хандан “...Хурлын дарга Ө.С нь зарлагдсан хуралдааныг удирдахгүй, цаг хугацаа алдагдуулж байгаа, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарах, төрийн ажилд саад хийх, зөвхөн Засаг даргыг огцруулах асуудлаар удаа дараа ээлжит бус хуралдааныг зарлах... зэрэг зөрчил гаргаж байгаа”-г дурдаж, “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах, Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг нээлттэй байгаа хуралдаанаар хэлэлцүүлэх”-ээр санал гаргаж, хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт хуралдуулах”-ыг мэдэгдсэн, уг мэдэгдлээ биечлэн болон утсаар Хурлын 15 төлөөлөгчид мэдэгдсэн талаарх баримт үйлдсэн, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд Хурлын дарга Ө.С оролцоогүй, ирцийн бүртгэл болон хуралдааны тэмдэглэлд тусгаснаар 11 төлөөлөгч оролцсон гэх уг хуралдааныг К.Равдалаар даргалуулан “Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт”-ийг хэлэлцэхээр баталж, улмаар “Хурлын дарга Ө.С ыг огцруулах тухай” 14 дүгээр, ”Хурлын даргад нэр дэвшүүлэн сонгох тухай” 15 дугаар, ”Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх тухай” 16 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан, ирцэд бүртгэгдсэн боловч төлөөлөгч Х.Бахытхан нь хуралдаанаас чөлөө авч, дээрх асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”-аар Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч,... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тусгайлан заасан, энэ тохиолдлын хувьд Ардчилсан намын Алтанцөгц сумын хороо нь “...Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх”-ээр санал гаргасныг буруутгахгүй ч Хурал дахь Ардчилсан намын гишүүн төлөөлөгч нарын олонхийн ирцтэй хуралдааныг зохион байгуулж, улмаар Хурлын даргыг огцруулсан нь хуулиар Хурлын даргад олгосон нийтлэг бүрэн эрхийг тухайлбал, хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах зэргээр хуулиар тусгайлан олгосон эрхийг зөрчсөн байна.
17. Хэдийгээр Хурлын дарга Ө.С нь “хэлэлцэхээр тогтоосон асуудлыг хэлэлцэж дуусгалгүйгээр хуралдааныг өөрөө орхиж гардаг, нээлттэй үлдээсэн асуудлаа хэлэлцэхээр дараагийн хуралдааныг товлон зарладаггүй, хуралдааныг “гацаах” ...” зэрэг үйлдэл гаргасан нь буруу боловч энэ нь төлөөлөгчдийн олонхийн ирцгүй хуралдаан, эрх олгоогүй этгээдээс хуралдааныг даргалсан буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд 10 төлөөлөгч оролцсон, Хурлын тэргүүлэгч биш К.Р тухайн хуралдааныг даргалсан, Хурлын дарга Ө.С-д “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцэж, улмаар түүнийг “огцруулах” 14 дүгээр тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдах”-аар, 23.7-д “..., сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцох”-оор, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхийн саналаар тус тус батлах”-аар заасныг тус тус зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
18. Түүнчлэн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж зааснаас үзэхэд, хэрэгт авагдсан баримтаар “хуралдаанаас чөлөө авсан” болох нь тогтоогдсон төлөөлөгч Х.Бахытханыг тус хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцох үндэслэлгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...Х.Бахытхан хуралдаанд оролцсон ирцийн бүртгэл авагдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шүүх шалгаагүй,... хуулийн 23.8-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
19. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдолгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0533 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтын “...8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1” гэснийг “...22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ