Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

 улсын яллагч Б.Алтанцэцэг,

 хохирогч Д.Баттогтох, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

 шүүгдэгч Ө.Б түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

                                                                                                                                                      

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн 201525012932 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "Визардконстракшн" компанид инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Санрайс таун" хотхоны 40а байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЗ84090418, хэрэг хариуцах чадвартай, ОвБ.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Визардконстракшн" ХХК-ны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт "Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна" гэснийг, "Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна" гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, "Үндэсний төв архив. Хуулбар үнэн" гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…. Уг хэргийн хувьд анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхэд 2 удаа нийтдээ 3 дахь жилдээ шүүх хурал болж байна. Хохирогчийн хувьд эдийн засгийн хувьд хохирч байгаа гэдгийг ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа би буруутай гэдгээ хэлсэн.” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баттогтох мэдүүлэхдээ: Би “Визардконстракшн” ХХК-тай манай компани удаа дараа гэрээ байгуулж ажиллаж байсан. Энэ ажлын хүрээнд өмнөх ажлаа хүлээлгэн өгч 5 номерийн гэрээ буюу Баянгол дүүрэгт байрлах 12 давхар барилга дээр ажиллах ажлын санал авч энэ ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Уг ажлыг гүйцэтгэх хугацаанд “Визардконстракшн” ХХК нь манай “Уургын хонгор” ХХК-д бэлэн мөнгө бага өгч байсан. Бэлэн мөнгөний оронд материал буюу хөөсөнцөр өгье гэсэн захирлынх нь саналыг би хүлээн авч ажлаа 50 хувьтай явж байхад “Визардконстракшн” ХХК цаад компаниасаа хөөсөнцөр авах гэрээ нь дууссан байсан. Тэрнээс хойш манайд өгөх мөнгө алга байна. Танай компани ямар ч байсан ажлаа дуусга, комисс ажиллах гээд байна гэж байсан. Ажлаа дуусгасан тохиолдолд танай мөнгө асуудал биш, ганц өрөө байрны мөнгө орж ирэхэд танай мөнгийг өгнө гэж намайг санаатайгаар хуурч залилсан байдлаар дууссан. Комисс ажилласаны дараа мөнгийг чинь өгнө гэхээр нь би ажлаа хүлээлгэж өгсөн. Комисс ажилласаны дараа би очиж уулзахад манай инженер Ө.Б уулз, танай хийсэн ажил дээр акт тавьсан хүн, ийм акт гаргасан учраас үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй гэж Цогоо захирал нь хэлсэн. Уг баримтыг харж байхад танай компанид ийм акт тавьсан гэсэн гар бичмэлийг нь надад үзүүлсэн. Гар бичмэлийг харахад хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна гэсэн. Тэгээд Ө.Б бид хоёр хоорндоо зөрчилдсөн. Тэгээд би энэ хүмүүстэй учраа олохгүй юм байна гээд хуулийн этгээдээс зөвлөгөө авч хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. “Визардконстракшн” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаад “Визардконстракшн” ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөн чинь гаргаж өгсөн бичиг баримт нь хуурамч бичиг баримт байсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийг нь дахин шалгуулахаар би өргөдөл гомдол гаргаж өгч өдийг хүртэл явж байна….. Би хугацааны хувьд асар их хохирогч байна. Заавал Батмагнайг яллах гээд ял өгүүлье гээд байгаа юм биш, хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоолгож, хохирлоо гаргуулж авмаар байна.” гэв. 

 

           Мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас Үндэсний төв Архивын хуулбар /1хх-33-40/, “Визардконстракшн” ХХК-ийн иргэний шүүхэд гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэл /1хх-45-49/, хохирогч Д.Баттогтохын мэдүүлэг /1хх-51-52/, гэрч М.Сэлэнгийн мэдүүлэг /1хх-55-56/, гэрч Л.Мэндсайханы мэдүүлэг /1хх-59/, гэрч М.Амартүвшингийн мэдүүлэг /1хх-60/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3529 дугаартай акт /1хх-102-104/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх-28/, шүүгдэгч Батмагнайгийн өгсөн тайлбар /1хх-7/, Улсын комиссын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлын тэмдэглэл /1хх-14-21/, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн комиссийн акт /1хх-21-24/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1хх-26/, сөрөг нэхэмжлэл /1хх-31/, гэрч Цогоогийн мэдүүлэг /1хх-53/, шүүгдэгч Батмагнайгийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /1хх-64-65, 214-215/, хохирлын 10.000.000 төгрөг хүлээн авсан баримт /1хх-76/, Баянзүрх дүүргийн прокурорын хариу мэдэгдэх хуудас /1хх-127/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1хх-143/, сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай прокурорын тогтоол /1хх-216/, прокурорын зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /1хх-247/, “Уургын хонгор” ХХК-ний шинээр нотлох баримтууд гаргаж өгсөн талаархи баримтууд /2хх-72-78/, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн магадлал /1хх-185/, Иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-196-212/, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн магадлал /2хх-187/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Визардконстракшн" ХХК-ны барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт "Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна" гэснийг, "Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна" гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, "Үндэсний төв архив, хуулбар үнэн" гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баттогтохын өгсөн: "Би 2014 оноос эхлэн “Визардконстоакшн” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Визардконстракшн” компанитай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 давхар барилгын гадна пасадыг манай компани гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу мэргэжлийн комисст хүлээлгэж өгч үлдэгдэл 62 сая төгрөгөө “Визардконстракшн” компаниас авах гэтэл өгөхгүй “танай компани ажлаа чанаргүй хийсэн, өвөл хийсэн” гэх шалттаанаар акт тавина гэж хэлсэн учир манай компани “Визардконстракшн” компанийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн чинь “Визардконстракшн” компани манай компаний эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж манай компаниас 174 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа шүүхэд хуурамч нотлох баримтыг гаргаж өгсөн байсан. Үүнд барилга хүлээн авах комиссын хурлын тэмдэглэлийг үндэсний төв архиваас хуулбарлаж уг хуулбарыг техникийн аргаар Комиссын дарга Ж.Мөнх-Эрдэнийн хэлсэн үгэнд "Гадна фасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна" гэж хэлсэнийг хөөсөнцөрийн нягт гэдгийг нь арилгаж гадна фасад шаардлага хангахгүй байна гэж хэлсэн болгосон байсан. Манай компани уг барилгын гадна фасадны хөсөнцөрийг “Визардконстракшн” компаниас өөрөөс нь авч ажлыг нь хийсэн юм. Мөн архивийн хуулбар үнэн гэсэн тамга болон архивчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж шүүхэд нотлох баримт болгож өгсөн." /1хх-52/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Сэлэнгийн өгсөн: "2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Визардконстракшн” компаны ажилтан Л.Мэндсайхан гэх хүн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 175 айлын орон сууцны барилгын хувийн хэргээс комиссын гишүүний саналын хуудас 4 хуудас, материал авч явсаны дараа 9 дүгээр сарын 24-ний өдөр “Визардконстракшн” компаний харуул хамгаалалтын дарга М.Амартүвшин гэх хүн ирээд 6-н хуудас баримт авчраад хуулбар үнэн тэмдэг дараад өгөөч гэхээр нь уг баримтыг нь харахад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт 175 айлын орон сууц барьсан барилгын баримтууд байсан. Уг баримтуудыг архивт байгаа үндсэн хувьтайгаа тулгаж үзэхэд 4-н хуудас баримт нь их хувьтайгаа таарч байсан. 2 хуудас баримт нь их хувьтайгаа таарахгүй засвар оруулсан байсан. Засвар оруулсан 2 хуудас баримтан дээр нь хуулбар үнэн тэмдэг дарж өгөөгүй. Уг засвар оруулсан 2 хуудас баримт дараах баримтууд байсан. Нэгдүгээрт барилгын комиссын гишүүдийн саналын хуудасны комиссын гишүүн Ж.Мөнх-Эрдэнийн хэлсэн үгэн дээр гадна фасадны хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй гэж хэлсэнийг, хөөсөнцөрийн нягт гэдэг үгийг хасчихсан байсан. Хоёрдугаарт Ж.Мөнх-Эрдэнийн гараар бичсэн саналын хуудсан дээр мөн адил хөөсөнцөрийн нягт гэдэг үгийг бас хасчихсан байсан.”….Би уг 2 баримтыг үзлээ миний хуулбарлаж өгсөн баримт биш байна. Архивт байгаа их хувьтайгаа зөрсөн 2 баримт байна. Хуулбар үнэн тэмдэг, мөн миний гарын үсэг аль аль нь хуурамч байна..." /1хх-54-55/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Мөнх-Эрдэнийн өгсөн: "...Би “Визардконстракшн” компаны барилгыг хүлээж авах комиссын хурал дээр амаар болон саналын хуудсан дээр барилгын гадна фасадыг дахин хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна гэж хэлж, саналын хуудсанд бичсэн болно. Хөөсөнцөрийн нягт нь шаардага хангахгүй байсан юм...", "...2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хурлын тэмдэглэл дээрхи гарын үсэг миний гарын үсэг биш байна. Дуурайлгаж зурсан байна. Улсын комиссын актан дээрхи гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Актан дээр гарын үсгээ зурсан тохиолдолд хурлын тэмдэглэл дээр гарын үсгээ шууд зурдаг, гэвч Визардконстракшн компаны хүмүүс залхуурсанаасаа болсон уу цаг хугацаа хэмнэх гэж миний гарын үсгийг дуурайлгасан байна. Над дээр хурлын тэмдэглэлийг авчирсан бол шууд зурах байсан..." /1хх-57/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Мэндсайханы өгсөн: "...Би “Визардконстракшн” компанид менежерийн ажлыг хийдэг. 2015 оны 8-аас 9-н сард шиг санаж байна. Намайг захирал Цогоо архивын ерөнхий газраас барилгын зураг, 10 дугаар хорооллын комиссын хурлын тэмдэглэлийг хуулбарлаад аваад ир гэж хэлсэний дагуу Архивын ерөнхий газраас уг хуулбаруудыг авч ирж инженер Ө.Б өгсөн." /1хх-59/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Амартүвшингийн өгсөн: "... Би “Визардконстракшн” компанид тухайн үед хамгаалалтын албаны даргын ажлыг хийж байсан. Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. 2015 оны зун шиг санаж байна дулаахан байсан. Манай компаны инженер ....утсаар над руу залгаад “би гадуур ажилтай явж байна, ажил амжихгүй байна, миний ширээн дээр хавтастай бичиг баримт байгаа тэрнийг аваад “Туушин” зочид буудлын тэнд архивын газар байгаа авч очоод хуулбар үнэн даруулчих” гэж хэлэхээр нь ширээн дээр цагаан хавтсанд хийсэн бичиг баримтууд байсан. Доторхыг нь би үзээгүй шууд авч гараад “Туушин” зочид буудлын архивиын газар ороод залуухан архивч эмэгтэйтэй уулзаад нөгөө бичиг баримтуудаа хуулбар үнэн даруулахаар өгсөн чинь тэр эмэгтэй аваад их хувьтай нь тулгаж үзээд 1 бичиг баримтыг нь буцааж өгөөд энэ бичиг баримтан дээр хуулбар үнэн дарахгүй их хувиасаа зөрөөтэй байна гэхээр нь би “энэ бичиг баримтуудыг танайхаас авсан байхаа, дараад өгч болохгүй юу” гэж хэлсэн “болохгүй” гэхээр нь бичиг баримтуудаа аваад явсан.” /хх-61/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн 3529 дугаартай актад

1. Архивын ерөнхий газар хадгалагдаж буй 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Визард констракшн” ХХК-ний байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл” гэсэн эх хувь баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт /Ж.Мөнх-Эрдэнэ/ гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Ж.Мөнх-Эрдэнийн.

2. Уг баримтын 7 дугаар хуудасны дунд хэсэгт “/М.Дунгаамаа/ гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь М.Дунгаамаагийнх гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

3. Хавтаст хэргийн 14-20 хүртэлх хуудсууд дахь баримтууд, түүний баруун доод хэсэгт “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн бичиглэл бүхий тэмдэгний дардас мэт зүйл нь бүхэлдээ шингэн төрлийн хортой /Инк жет/ хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. Компьютерийн бичвэрийн хамт нэг хэвлэгчээр нэг удаагийн үйлдлээр хэвлэсэн байна. Харин архивт хадгалагдаж байгаа эх хувь баримтуудыг хар цагаан /лазер жет/ хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байхаас гадна цаасны дээд ирмэгээс гарчиг хүртэлх зай, зах ирмэгийн хэлбэр, комьпютерийн бичиглэлүүд ашигласан хэвлэгчээрээ ялгаатай байна.

4. Хавтаст хэргийн “46” гэсэн хуудас дахь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний хуудас” гэх баримтын “2” гэсний ард “Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна” гэсэн өгүүлбэр бичигдсэн байна. Харин шинжилж буй эх хувь баримтын “2” гэсний ард “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэж бичигдсэн байгаа нь уг 2 шинжилж буй баримтууд өөр байна. Өгүүлбэрт оруулсан засварыг комьпютерийн программууд, скайнер зэргийг ашиглан засварлах боломжтой. /1хх-102-104/, гэх дүгнэлт    

 

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /1хх-75/,

Иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-196-212/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нь “Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөрдөн байцаалтад захирал Цогоогийн асуудлыг гэрчийн мэдүүлгээр хэрэгсэхгүй болгосон. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь хэнд ашигтай байдал бий болж байгаа гэдгийг тал бүрээс нь харах ёстой. Ө.Б хувийнхаа эрх ашгийн төлөө хуурамч бичиг баримт бүрүүлсэн юм уу, эсхүл Ө.Б фотошоп сонирхож байгаад энэ хэргийг үйлдээд байгаа юм уу, үүнд нь итгээд байгаа юм уу өмгөөлөгчийн зүгээс нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Тийм учраас нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж захирал Цогоог зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна.” гэж тайлбар гаргах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ө.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн учир өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нь “Миний үйлчлүүлэгч Ө.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэн байна. Энэ зүйчлэлийн хувьд субьект нь иргэний шүүн тасалгаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол гэж тодорхой зааж өгсөн байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Ө.Б нь Иргэний Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч биш учраас түүнийг цагаатгаж өгнө үү.” гэж тайлбар гарган мэтгэлцэх боловч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Бгийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн оролцогч болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний хэргийн оролцогч, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцох итгэмжлэл авсан болох нь /1хх-208/ “Визардконстракшн” ХХК-ний албан бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-210/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

          Прокуророос шүүгдэгч Ө.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Бгийн үйлдэл нь иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Ө.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Бд хуульд заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ө.Б нь мөрдөн байцаалтын шатанд 10.000.000 төгрөгийг хохирогч Д.Баттогтоход төлсөн байна.

            Хохирогч Д.Баттогтохын зүгээс нэхэмжилсэн 52.950.530 төгрөг нь “Уургын хонгор” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Визард констракшн” ХХК-д холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгтэй холбоотой маргаан болохоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн учирсан хохирол биш байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бат овгийн ӨвБ иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар  Ө.Бг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.Б нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Баттогтохын нэхэмжилсэн 52.950.530 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Хохирогч Д.Баттогтох нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ө.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,                            Э.ЧИНГИС

                                              ШҮҮГЧ