Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 762

 

Ө.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Г,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Бд холбогдох 201525012932 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ө.Б, 1984 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Визард Констракшн” ХХК-д инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

Ө.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Визард Констракшн” ХХК-ийн барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт “Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцөрийн нягт шаардлага хангахгүй байна” гэснийг, “Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна” гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, “Үндэсний төв архив, хуулбар үнэн” гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ө.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Ө.Бг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлаж өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Ө.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Ө.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Хохирогч Д.Б нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Ө.Бгийн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлаж өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэрлэсэн байна. Мөрдөн байцаагчийн мэргэжлийн ур чадваргүй байдлаас болж хэргийн жинхэнэ эзэн, захиалагч “Визард Констракшн” ХХК-ийн захирал Ф.Ц ял завшиж байна. Хэргийн материалтай өнгөц танилцах юм бол шүүгдэгч Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ганцаараа хийсэн мэт харагддаг. Тэгвэл Ө.Б нь хэний төлөө хуурамч бичиг баримт үйлдээд байна вэ, энэ асуултын хариуг олж чадаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь хохирогч миний эрх ашгийг хамгаалж чадсангүй гэж үзэж байна.

1. Комиссын гишүүн Ж.Мөнх-Эрдэнэ, комиссын нарийн бичиг М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар зурсан этгээд, захиалагчийг олж тогтоох,

2. Гарын үсэг хуурамчаар зурсан гэх Ө.Б улсын комиссын акттай танилцах эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтоох,

3. “Визард Констракшн” ХХК-ийн захирал Ф.Ц нь манай компанийг гэрээний аргаар залилан 62.950.530 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоож байж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл явдлын талаар үнэн бодитой мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед байгууллагын үйл ажиллагаа нилээн доголдолтой байсан. Гэхдээ захирал Цогоо зааварчилгаа өгч тухайн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. Би өөрөө “Photoshop” программыг сурч байсан ба сонирхлынхоо дагуу засварлаж үзэж байгаад хайнга, хэнэггүй байдлаасаа болж нотлох баримттай хамт шүүхэд өгсөн байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Компанийн зүгээс надад тулгасан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үнэн бодитой гарсан гэж үзэж байна, хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхийг хориглоно...” гэсэн байсан. Уг нь шүүгч тогтоолоо танилцуулахдаа согтууруулах ундаа гэж хэлж байсан ба яагаад ингэж бичсэнийг ойлгохгүй байна. Прокуророос Ө.Бгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “иргэний шүүхийн ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” байхыг ойлгоно. Харин энэ хэрэг анх үйлдэгдсэн үе буюу 2015 оны 9 дүгээр сард Ө.Бд “Визард Констракшн” ХХК-иас гаргаж өгсөн итгэмжлэл байгаагүй. Харин сүүлд 10 дугаар сард тус компаниас Ө.Бд итгэмжлэл өгсөн байдаг. Ийм учраас анхан шатны шүүх эрүүгийн хуулийн буцаан хэрэглэж, Ө.Бгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.  Харин “Визард Констракшн” ХХК-ийн захирал Ф.Ц гэх хүнийг яллагдагчаар татаж шалгуулъя гэж хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргасан. Үүний дагуу Ф.Цг шалгаж, сэжигтнээр татсан боловч түүний үйлдэл холбогдол тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэгэнт хуулийн байгууллага шалгаад Ф.Цг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг нь тогтоосон тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хохирогчид шүүхээс удаа дараа мэдэгдсэн. Хохирогчийн утас руу удаа дараа залгаж, гэрийн хаягаар нь очиж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч уг хаяг, дугаар дээрээ хохирогч байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан ба тухайн ажиллагаануудыг хийгээд хохирогч болон яллагдагч нарт тухай бүр нь хэргийн материалыг танилцуулсны үндсэн дээр прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хязгаарлалт тогтоох арга хэмжээг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд авсан гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан гарсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэх дээр маргасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйл нь хөнгөн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйл нь хүнд ялын санкцитай байсан тул прокуророос Ө.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Ө.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн субъект болж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ...” гэв.

                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул  шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

1. Баянзүрх дүүргийн прокуророос Ө.Бгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт 3 сараас 6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял оногдуулахаар, харин Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байхад анхан шатны шүүхээс “оногдуулах ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн” байна.

2. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...ял шийтгэл оногдуулах нь зүйтэй...” , “... түүнд оногдуулсан хорих  ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй ...” гэх зэргээр агуулгын хувьд илт зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал, Ө.Б нь “Визард Констракшн” ХХК-д ажилладаг, өөрөөр хэлбэл ажилтай хүнд “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсэн”, хэрэгт авагдсан баримтаар Ө.Б нь мансууруулах бодис хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад    “мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон” зэргээр Ө.Бгийн хувийн байдалд тохироогүй үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй ойлгож хэрэглэсэн.

4.   “Уургын хонгор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Визард Констракшн” ХХК-д холбогдох,   “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгтэй холбоотой маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлсэн байхад нэхэмжилсэн 62.950.530 төгрөгийг эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хор гэж үзэн “...  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.  

Түүнчлэн хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, тэднийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэсэн заалтыг зөрчиж,  мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” гэсэн хохирогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй байна.  

Иймд хохирогч Д.Бын “... хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд нь буцаах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН