Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02032

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02032

 

 

 

 

Ц.Эгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01658 дугаар шийдвэртэй, Ц.Эгийн нэхэмжлэлтэй, Ц.Бд холбогдох, 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э би Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Бтай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 51-07 УБЯ улсын дугаартай, Subaru Impreza маркийн GH3019057 арлын дугаартай авто машиныг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ц.Б нь тээврийн хэрэгслийн төлбөрт 6.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгт газар тооцуулж өгнө эсхүл бэлнээр удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл барагдуулаагүй болно. Миний бие утсаар ярьж, гэрээний дагуу төлбөрөө нэхсэн боловч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Иймд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Бгаас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э 2 удаа очиж газрыг үзэж, Сүхбаатар дүүрэг 20-р хороо Зуслан, Бэлхэд байрлах 0.07 га газрыг 4.000.000 төгрөгөөр тооцож, бэлэн мөнгөөр 6.000.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр Subaru Impreza 51-07 УБЯ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж, миний бие өөрийн эзэмшлийн Toyota Sai маркийн 74-63 УБӨ дугаартай автомашинаа Транскапитал ББСБ ХХК-д барьцаанд тавьж 6.500.000 төгрөгийг сарын 3.3%-ийн хүүтэй зээлэн авсан. 6.000.000 төгрөгийг Ц.Эгийн Хаан банкны 5016284068 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2-т Төлбөр төлөх нөхцөлд Тооцоо дууссаныг нотариатч гэрчилж баталгаажуулсан байгаа. Сүхбаатар дүүргийн газрын албанд хөрсний шинжилгээ хийх, хашаа барих шаардлагатай гэсний дагуу бид бүх асуудлуудыг шийдвэрлэсний үндсэн дээр 2019 оны 12 сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 45 минутад Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /бүртгэлийн дугаар 2691/ хийж, Ц.Эгийн эхнэр гэх Сэлэнгэ овогтой Эрдэнэчимэгт шилжүүлсэн. Ц.Эгийн эхнэр гэх С.Эрдэнэчимэгт эх хувиараа газрын гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээ, хөрсний шинжилгээний бичиг, бусад холбогдох баримт бичгүүд байгаа болно гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Ц.Бгаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 78.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 7 сарын 19-ний өдөр Ч.Энх-Амгалантай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 6 сая төгрөгийг бэлнээр, 4 сая төгрөгөнд нь Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Зуслан Бэлхэд байрлах 0.007 га газрыг өгөхөөр тохиролцсон. Бид газрын хөрсний шинжилгээ хийлгэж, хашаа бариад, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулж аваад Ц.Эгийн эхнэр С.Эрдэнэчимэг гэгчид газрын эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар баталгаажуулан бүх бичиг баримтаа өгсөн байтал анхан шатны шүүх надаас 4 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж, зохигч нарын хооронд байгуулсан гэрээний нөхцөл хангагдсаар байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Бд холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Ц.Э болон  Ц.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ц.Э нь худалдан авагч Ц.Бд өөрийн өмчлөлийн 51-07 УБЯ улсын дугаартай Субару Импрэза /Subaru impreza/ маркийн тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 5-6 дугаар тал/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан Ц.Эгийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөгийг “машины төлбөр” гэх утгаар мөнгө шилжүүлсэн, гэрээний дагуу төлөх төлбөрөөс 4 000 000 төгрөг үлдсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.     

Талууд гэрээний үлдэгдэл 4 000 000 сая төгрөгт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлж, үнэ төлөх үүргийг дуусгавар болохоор тохиролцсон боловч хариуцагч Ц.Б нь газар эзэмших эрхийг бодитойгоор шилжүүлж өгөөгүй. Худалдах худалдан авах гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хангалттай хугацаа өнгөрсөн ч гэрээний үлдэгдэл төлбөр төлөх үүрэг дуусгавар болоогүй учир нэхэмжлэгч Ц.Э худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл болох 4 000 000 төгрөгөө шаардах эрхтэй.

Харин анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан худалдан авагчийн эрхтэй холбоотой эд хөрөнгийн доголдлын талаарх заалтыг баримтласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзнэ.

Тодруулбал, шүүхээс газар эзэмших эрх нь доголдолтой байсан эсэхийг худалдах худалдан авах гэрээний гол зүйл /автомашин/ буюу гэрээгээр шилжүүлж өгөх зүйлийн доголдолтой холбоотойгоор дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм. Худалдан авагч буюу хариуцагч нь автомашиныг доголдолтой, доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад  гарсан зардлаа төлүүлэхээр шаардсан талаар хэрэгт баримтггүй байна.

            Иймд хариуцагч Ц.Бгаас 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бгаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                        Б.НАРМАНДАХ