Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 182ШШ2020/01658

 

 

 

 

 

 

 

 

                      2020         07         27  

                  182/ШШ2020/01658

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Ц.Эгийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Ц.Бд холбогдох

  

4.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Ц.Б, гэрч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Э миний бие Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Бтай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу улсын дугаартай, Subaru Impreza маркийн арлын дугаартай авто машиныг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ц.Б нь тээврийн хэрэгслийн төлбөрт 6.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгт газар тооцуулж өгнө эсхүл бэлнээр удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл барагдуулаагүй болно. Миний бие утсаар ярьж, гэрээний дагуу төлбөрөө нэхсэн боловч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Иймд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Бгаас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э 2 удаа очиж газрыг үзэж, Сүхбаатар дүүрэг 20-р хороо байрлах 0.07 га газрыг 4.000.000 төгрөгөөр тооцож, бэлэн мөнгөөр 6.000.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр Subaru Impreza улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж, миний бие өөрийн эзэмшлийн Toyota Sai маркийн дугаартай автомашинаа “Т ББСБ” ХХК-д барьцаанд тавьж 6.500.000 төгрөгийг сарын 3.3%-ийн хүүтэй зээлэн авсан. 6.000.000 төгрөгийг Ц.Эгийн Хаан банкны  тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2-т Төлбөр төлөх нөхцөлд Тооцоо дууссаныг нотариатч гэрчилж баталгаажуулсан байгаа. Сүхбаатар дүүргийн газрын албанд хөрсний шинжилгээ хийх, хашаа барих шаардлагатай гэсний дагуу бид бүх асуудлуудыг шийдвэрлэсний үндсэн дээр 2019 оны 12 сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 45 минутад Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /бүртгэлийн дугаар 2691/ хийж, Ц.Эгийн эхнэр гэх Сэлэнгэ овогтой Эрдэнэчимэгт шилжүүлсэн. Ц.Эгийн эхнэр гэх С.Эт эх хувиараа газрын гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээ, хөрсний шинжилгээний бичиг, бусад холбогдох баримт бичгүүд байгаа болно гэв.   

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Бд холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ц.Б нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгт нь газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. 6.000.000 төгрөгийг өгсөн. 4.000.000 төгрөгт нь газрын эзэмших эрхийг шилжүүлнэ. Харин бэлнээр 4.000.000 төгрөгийг төлөх ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохигчдын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээгээр худалдагч Ц.Э нь худалдан авагч Ц.Бд өөрийн өмчлөлийн 51-07 УБЯ улсын дугаартай, Subaru Impreza маркийн арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, автомашиныг 10.00.000 төгрөгөөр худалдаж, үнийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлж дуусгахаар тохирсон байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Ц.Бгаас автомашины төлбөрт 6.000.000 төгрөгийг авсан, Ц.Б нь 6.000.000 өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /хавтас хэргийн 6-7, тал/

 

Нэхэмжлэгч нь автомашины үлдэх 4.000.000 төгрөгт хариуцагч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, байрлах 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцож, Сүхбаатар дүүргийн нотариатч Д.А дээр очиж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч тухайн газар нь Ц.Бгийн аавын газар байсан. Мөн газрын эзэмших эрхийн хугацаа дууссан, тэрээр газар эзэмших эрхийн хугацааг сунгах талаар харьяа газрын албанд хүсэлт гаргаж хандсаны дагуу газар эзэмших эрхийн хугацаа нь сунгагдсан. Тэгээд өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл газрын татвар төлөх мөнгө байхгүй байна гэх шалтгаанаар шилжүүлэхгүй байсаар жил гаран болсон. Маш их удаасан. Одоо газрын төлбөрөө төлөөгүй, тухайн газар нь жалга ихтэй, тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй тул одоо тухайн газрыг авахгүй, 4.000.000 төгрөгөө авна гэх тайлбар, хариуцагч нь тухайн үед би газрын эзэмших эрхийн хугацаа дууссаныг мэдээгүй, газар эзэмших эрхийн хугацаа сунгагдах гэж удсан. Мөн тухайн үед би хүүхэд төрүүлсэн байсан учраас надад мөнгө байхгүй байсан зэрэг шалтгаанаас болж газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй удаасан нь үнэн. Одоо манай аав газрыг шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй тул 4.000.000 төгрөгийг өгөхгүй. Газрын эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэх тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд автомашины төлбөрийн 10.000.000 төгрөгийн 4.000.0000 төгрөгт нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо,  байрлах 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон тухайд талууд маргаагүй хэдий ч одоо нэхэмжлэгч нь тухайн газар нь зөрчилтэй тул авахгүй гэж маргана.

 

Дээрх “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч нь автомашины 10.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгт нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, байрлах 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд гэрээний талаар болон 6.000.000 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй.

  

Нэхэмжлэгч нь эрхийн зөрчилтэй, газрын төлбөрөө төлөөгүй, тухайн газар нь жалга ихтэй, тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй, хэтэрхий удаасан зэрэг байдлаас улбаалан гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлсэн авахгүй, 4.000.000 төгрөгийг авна гэж байх тул автомашины үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгох нь зүйтэй.

          

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                  

 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Ц.Бгаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 78.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ДАВААСҮРЭН