Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02060

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02060

 

 

 

 

   Б.Бгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/02399 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Ө.С, Ж.Мд нарт холбогдуулан гаргасан 82 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч Ж.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт, хариуцагч Ө.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ө.Стай бизнес хамтарч хийхээр тохиролцож өөрийн өмч болох 2 ширхэг, 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж ББСБ-ын ажилтан Баасанжаргалаас 90 000 000 төгрөг аваад Ө.Сгийн Хаан банкны 5029803862 тоот дансанд шилжүүлсэн. Ө.С нь Төв аймгийн Жаргалант сумыг хот болгох төсөл хэрэгжих гэж байгаа ба Испани улсаас хөрөнгө оруулагч авчрах ба тэр болтол 90 000 000 төгрөг хэрэгтэй байна, их хэмжээний хөрөнгө оруулалт 10 хоногийн дотор орж ирэнгүүт буцааж өгнө гэсэн. Улмаар хөрөнгө оруулалт орж ирээгүй, Ө.С бизнесээ эхлүүлээгүй. Харин Ө.С болон түүний ээж Ж.Мтай хамт миний хөрөнгүүдийг барьцаалж авсан 90 000 000 төгрөгөөр Ариг банкинд барьцаалсан Хөгжил хотхон дахь орон сууцаа чөлөөлүүлж авсан. Ж.М авсан зээлээсээ 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний эгч Б.Байгалмаагийн дансанд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс болж би нэг орон сууцаа авахдаа 2017 оны 10 дугаар сарын 25-нд Баянгол дүүргийн татварын хэлтэст 2 хувийн татварт 800 000 төгрөг төлсөн. Ингээд нийт 123 313 000 төгрөгийг зээлснээс 41 418 000 төгрөгийг надад төлсөн байна. Энэ мөнгийг Ө.Сгаас нэхэмжилж байна, хариуцагч Ж.Маас татгалзаж байна. Мөн 82 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 6 891 000 төгрөгөөс татгалзаж байна. Би Ө.Стай гэр бүлийн харьцаатай байсан гэдэг нь үнэн гэжээ.

Хариуцагч Ж.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.С нь Б.Бтэй 2014 онд танилцаж хамтын амьдралтай байсан хэдий ч хамтарч бизнес хийх талаар тохиролцоо хийж байгаагүй, хамтын амьдралтай байхдаа Б.Б нь Ө.Сг байнга зодож, дарамталж, өөрийн эрхшээлд байлгадаг байсан. Ингээд Б.Б нь өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байраа барьцаалан ББСБ-аас зээл авах гэж байгаа тул чимээгүй цуг очоод гарын үсгээ зур гэж дарамталж байсан тул Ө.С 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг. Ингээд ББСБ-ын ажилтан дансны дугаараа гэхэд Б.Б Ө.Сг дансны дугаараа өгчих миний дансаар байгууллагын мөнгө их орж ирдэг болохоор болохгүй гэсэн тул тус мөнгийг Ө.С нь өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж аваад Б.Бд бэлнээр өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Ө.С болон ээж Ж.М нарын хүсэлтээр ББСБ-аас зээл авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тухайн мөнгийг Б.Б өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Б.Б нь Ө.С, Ж.М нарт мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй буюу харилцан үүрэг хүлээгээгүй байна. Иймд Ж.М нь Б.Бд зээлийн гэрээний үүрэгт төлбөр шилжүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн шүүхэд гаргасан тайлбартаа:Ө.С нь Б.Бтэй 2014 онд танилцаж хамтын амьдралтай байсан, Б.Б нь өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байрыг барьцаалан ББСБ-аас зээл авах гэж байгаа тул чимээгүй цуг очоод гарын үсэг зур гэж дарамталж байсан тул Ө.С нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг, мөнгийг Ө.С өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж аваад Б.Бд бэлнээр өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Ө.С болон түүний ээж Ж.М нарын хүсэлтээр ББСБ-аас зээл авсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгийг Б.Б өөрийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Энэ хүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж үүргийн гүйцэтгэл хангагдсан. Б.Б, Ө.С нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, 26 427 000 төгрөгийг Ө.Сд зээлдүүлсэн гэж ярьдаг. Энэ нь юугаар үгүйсгэгддэг вэ гэхээр зээлийн харилцаа биш хамтын амьдралтай буюу хайр сэтгэлийн холбоотой байсан үедээ нэгэндээ шилжүүлсэн гэдэг асуудал нь мөнгө зээлсэн гэсэн үг биш. Гаргаж өгсөн Ай Си Ци Си гэдэг банкнаас 250 000 юань, 200 000 юань ч юм уу авч байсан. Энэ мөнгөөрөө Ариг банкны 80 000 000 төгрөгийн зээлийг хаасан. Б.Бгээс мөнгө зээлж, зээл хаасан асуудал байхгүй. Манайх мөнгө дансаар авсан гэдэг дээр маргаагүй. Энэ мөнгийг надад аваад ир гэхэд нь аваачиж өгсөн гэж ярьдаг. Б.Бг эмчилгээтэй байх үед нь 82 000 000 төгрөгийг Ө.С шилжүүлж байсан. Б.Б гэдэг хүн Ө.Сгаас мөнгө шаардах ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуульд зааснаар тэдний хооронд гэрээний болон гэрээний бус ямар ч харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ө.С 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Б тухайн мөнгийг танай аав ээж чинь мөнгөтэй хүн аав ээжээсээ түр зээлээд аваад өгөөч гэж хэлэхэд нь энэ 30 000 000 төгрөгийг ББСБ-д төлсөн. Баасанжаргал гэрчийн мэдүүлэг дээрээ энэ талаар дурдсан байгаа. Тухайн үед Б.Б болон Ө.С нар гэр бүлийн буюу хайр сэтгэлийн холбоотой байсан, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үйл явдлыг нотолно. Тухайн үед гарын үсэг зурахдаа Ө.С өөрийн хүсэл зоригийн үүднээс зураагүй, шахалт, дарамтанд орсны улмаас Ө.С гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ө.Сгаас /далан таван сая найман зуун есөн мянган/ төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 400 төгрөгөөс 571 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 69 950 /жаран есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж Б.Бд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь үйл явдалд хамаатуулах байдлаар үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь Б.Баасанжаргалаас хамтарч зээлийн гэрээ байгуулсан, 90 000 000 төгрөгийг Ө.Сгийн дансаар авсан, мөн уг төлбөрөөс 30 000 000 төгрөгөөс бусдыг нь төлж барагдуулаагүй, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б миний бие төлж барагдуулсан гэх үйл явдалд талууд огт маргадаггүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн 60 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг заахдаа хамтран зээлсэн 90 000 000 төгрөгийг гагцхүү Ө.С төлнө гэдгийг баримтаар нотлоогүй гэжээ. Харин хариуцагч нар нь уг зээлсэн мөнгийг нэхэмжлэгч надад буцаан өгсөн гэдэг боловч энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй бөгөөд уг мөнгөнөөс миний хувьд нэг ч төгрөг хүлээн аваагүй. Уг зээлийн төлбөрийг Ө.С нь хүлээн авч 2014 оны 11 сарын 30-ны өдөр Эрэл банкнаас авсан зээлийн төлбөрт төлсөн нь Ө.Сгийн Эрэл банкны зээлийн дансны хуулбар, зээлийн ажилтны тэмдэглэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 2637 тоот тогтоолоор тогтоогддог. Өөрөөр хэлбэл бусдаар үл хөдлөх хөрөнгүүдийг нь барьцаалуулж, зээл авахуулж, өөрийнхөө төлж чадахгүй байгаа банкны зээлийн төлбөрийг барагдуулчихаад харин үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, зээл авахуулсан хүнийхээ зээлийн төлбөрийг ч төлөхгүй өөрөөр нь авсан зээлээ дахин төлүүлж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал гэж үзэж байна. Ө.С ээж Ж.М нар нь зээл авах гэж явсан боловч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл олгоогүй талаар Б.Баасанжаргал, О.Нансалмаа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Мөн зээлийн төлбөр 11 418 000 төгрөгийн тухайд миний хувьд өөрийн эзэмшлийн дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд түүнд 2014-2017 оныг дуусах хүртэлх хугацаанд нийт 26 427 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс Ө.С нь 14 947 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдох бөгөөд одоо үлдэгдэл 11 480 000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа юм. Ө.С нь уг зээлийн төлбөрийг төлөхгүй гэх тайлбараа гаргахдаа надтай хамтын амьдралтай байсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс энэ талаар дүгнэлт хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан гэж дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Ө.Стай гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй, анхнаасаа надтай гэр бүлийн харилцаа үүсгэх зорилгогүй гагцхүү өөрийнхөө өр төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой байсан гэж ойлгож байна. Мөн 2014 оны 11 сарын 28-ны өдөр авсан зээлийн гэрээний төлбөрийг барагдуулахад үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд гарсан зардал болох 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 72 280 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ө.С, Ж.М нарт холбогдуулан 82 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Б.Б, Ө.С нар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баасанжаргалаас 90 000 000 төгрөгийг, хоногийн 1 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн, мөн өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 30-12 тоот болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18-50 тоот орон сууцнуудыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх8, 11-р тал/

Зээлдүүлэгч Б.Баасанжаргалд төлөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь талуудын тайлбараар нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Нэхэмжлэгч нь уг үүрэгт зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүд их хэмжээний мөнгө төлсөн гэх тайлбараа нотлосон санхүүгийн баримт гаргаагүй байх тул зээлийн гэрээний хэмжээнд зээлдэгч нарын үүргийг тодорхойлох үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

            Дээрх зээлийн гэрээний дагуу 90 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Баасанжаргалаас хариуцагч Ө.Сгийн дансанд шилжүүлсэн, мөн өдрөө Ө.С нь Ариг банкин дахь 80 000 000 төгрөгийн зээлийг хаасан болохыг нотлосон баримт хавтаст хэргийн 19 дүгээр тал, 110 дугаар талд авагдсан. Хариуцагч нь Ариг банкны өөрийн зээлийг өөр мөнгөний  эх үүсвэрээс төлсөн гэх  боловч эргэлзээгүй баримтаар нотлож чадаагүй. Иймээс зээлийн мөнгөн хөрөнгийг Ө.С ашигласан гэж үзнэ.

            Зээлдэгч Ө.С нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Баасанжаргалын Хаан банк дахь 5031215288 дугаарын дансанд 30 000 000 төгрөгийг “Сувдмаагаас”, 2017 оны 11 сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийг “Мөнхжаргалаас Б.Бд төлбөр” гэх утга бүхий гүйлгээ хийгдэж зээлийн үүргээс нийт 60 000 000 төгрөгийг Ө.С төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон. Зээлийн гэрээний дагуу хүү 9 000 000 /90 сая төгрөгийн 1 хувь буюу /900 000*10 хоног/ төгрөг болох ба  нийт 99 000 000 /9 000 000+90 000 000/ төгрөгийн үүргээс 60 000 000 төгрөгийг Ө.С гүйцэтгэсэн байна. /1хх109,113/

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд үлдэх 39 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б төлж, тухайн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчаас энэ хэмжээгээр шаардах эрхтэй болно.

            Хариуцагч Ө.С нь “... 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баасанжаргалтай байгуулсан зээлийн гэрээнд дарамт шахалтаар гарын үсэг зурсан...” гэх тайлбар гаргах боловч баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь Ө.Сгийн Хаан банкин дахь 5029803862 тоот дансанд хариуцагчийн хүсэлтээр зээл олгосон, зээлийн үлдэгдэл 15 900 000 төгрөг гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нотлох зорилгоор банкны дансны хуулгыг /хх24-74/ хэрэгт хавсарган ирүүлсэн хэдий ч зөвхөн уг баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

            Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид түүний хүсэлтээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж дүгнэхгүй юм. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн нь нэхэмжлэгчийн гаргасан нэг талын дээрх баримтуудыг үндэслэн тогтоох боломжгүй байна. Харин ч хамтран амьдрах үедээ хэрэглээний мөнгө харилцан шилжүүлэн авч байсан болох нь мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утгаар нотлогдсон.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирол гэх 800 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно.     

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчаас 39 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 809 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь 6 891 000 төгрөгийн шаардлагаас болон хариуцагч Ж.Маас татгалзсан байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/02399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Сгаас 39 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх 36 809 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 6 891 000 төгрөгийн шаардлагаас  болон хариуцагч Ж.Маас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дах заалтыг “3” гэж, орлогоос гэсний дараа “,  хариуцагч Ө.Сгаас улсын тэмдэгтийн хурамжид 352 950 төгрөгийг тус тус” гэж, 3 дах заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 571 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                                                  ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ