Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Ж.М,

 

Хариуцагч:Ө.С нарт холбогдох,

 

 82 700 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Б.Г, хариуцагч Ж.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ө.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, гэрч Ө.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ө.Стай бизнес хамтарч хийхээр тохиролцож өөрийн өмч болох 2 ширхэг, 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж ББСБ-ын ажилтан Баасанжаргалаас 90 000 000 төгрөг аваад Ө.Сгийн Хаан банкны 5029......62 тоот дансанд шилжүүлсэн. Ө.С нь Төв аймгийн Жаргалант сумыг хот болгох төсөл хэрэгжих гэж байгаа ба Испани улсаас хөрөнгө оруулагч авчрах ба тэр болтол 90 000 000 төгрөг хэрэгтэй байна, их хэмжээний хөрөнгө оруулалт 10 хоногийн дотор орж ирэнгүүт буцааж өгнө гэсэн. Улмаар хөрөнгө оруулалт орж ирээгүй, Ө.С бизнесээ эхлүүлээгүй. Харин Ө.С болон түүний ээж Ж.Мтай хамт миний хөрөнгүүдийг барьцаалж авсан 90 000 000 төгрөгөөр Ариг банкинд барьцаалсан Хөгжил хотхон дахь орон сууцаа чөлөөлүүлж авсан. Ж.М авсан зээлээсээ 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний эгч Б.Байгалмаагийн дансанд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс гадна би Ө.Сд цувуулан 26 427 000 төгрөгийг зээлдүүлснээс эргүүлж надад 11 418 000 төгрөг өгсөн, үлдсэн 15 900 000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд Ө.С, Ж.М нараас зээлийн үлдэгдэл 81 900 000 төгрөг, хохирол 800 000 төгрөг нийт 82 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 11 сарын 30-ны өдөр Ө.Стай ББСБ-ын Баасанжаргал гэдэг хүн дээр очиж би өөрийн 2 байраа барьцаанд тавьж 90 000 000 төгрөгийг зээлж Ө.Сгийн дансанд шилжүүлсэн. Ө.С анх Испани улсаас том хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа. Тэрэн дээр зээл гаргахын тулд миний нэр дээр төслийн зээл гарах шаардлагатай байна гэж хэлж байсан. Ө.С тухайн үед Ариг банкинд 80 000 000 гаруй төгрөгийн зээлтэй байсан ба тэр зээлээ надаас авсан мөнгөөр хаасан, 90 000 000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний эгч Б.Байгалмаагийн данс руу Ж.М 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би 26 427 000 төгрөгийг Ө.Сд зээлснээс 11 418 000 төгрөгийг надад буцааж өгсөн, үүний үлдэгдэл 15 900 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс болж би нэг орон сууцаа авахдаа 2017 оны 10 дугаар сарын 25-нд Баянгол дүүргийн татварын хэлтэст 2 хувийн татварт 800 000 төгрөг төлсөн. Ингээд нийт 123 313 000 төгрөгийг зээлснээс 41 418 000 төгрөгийг надад төлсөн байна. Одоо үлдэгдэл төгрөг үлдсэн. Энэ мөнгийг Ө.Сгаас нэхэмжилж байна, хариуцагч Ж.Маас татгалзаж байна. Мөн 82 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 6 891 000 төгрөгөөс татгалзаж байна. Би Ө.Стай гэр бүлийн харьцаатай байсан гэдэг нь үнэн гэв.

 

Хариуцагч Ж.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан тайлбартаа:Ө.С нь Б.Бтэй 2014 онд танилцаж хамтын амьдралтай байсан хэдий ч хамтарч бизнес хийх талаар тохиролцоо хийж байгаагүй, хамтын амьдралтай байхдаа Б.Б нь Ө.Сг байнга зодож, дарамталж, өөрийн эрхшээлд байлгадаг байсан. Ингээд Б.Б нь өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байраа барьцаалан ББСБ-аас зээл авах гэж байгаа тул чимээгүй цуг очоод гарын үсгээ зур гэж дарамталж байсан тул Ө.С 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг. Ингээд ББСБ-ын ажилтан дансны дугаараа гэхэд Б.Б Ө.Сг дансны дугаараа өгчих миний дансаар байгууллагын мөнгө их орж ирдэг болохоор болохгүй гэсэн тул тус мөнгийг Ө.С нь өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж аваад Б.Бд бэлнээр өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Ө.С болон ээж Ж.М нарын хүсэлтээр ББСБ-аас зээл авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, тухайн мөнгийг Б.Б өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Б.Б нь Ө.С, Ж.М нарт мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй буюу харилцан үүрэг хүлээгээгүй байна. Иймд Ж.М нь Б.Бд зээлийн гэрээний үүрэгт төлбөр шилжүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүхэд гаргасан тайлбартаа:Ө.С нь Б.Бтэй 2014 онд танилцаж хамтын амьдралтай байсан, Б.Б нь өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байрыг барьцаалан ББСБ-аас зээл авах гэж байгаа тул чимээгүй цуг очоод гарын үсэг зур гэж дарамталж байсан тул Ө.С нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг, мөнгийг Ө.С өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж аваад Б.Бд бэлнээр өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Ө.С болон түүний ээж Ж.М нарын хүсэлтээр ББСБ-аас зээл авсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгийг Б.Б өөрийн хэрэгцээнд зарцуулсан байдаг. Б.Б нь Ө.С, Ж.М нарт мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй буюу харилцан үүрэг үүсээгүй байна. Иймд Ө.С нь Б.Бд зээлийн гэрээний үүрэгт төлбөр шилжүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ зээлийн гэрээний харилцаанд Ө.С оролцоогүй, хамтран зээлдэгчээр оролцсон. Гэхдээ дарамт шахалтын улмаас гарын үсэг зурсан гэж ярьдаг. Энэ зээлийн гэрээг харахаар ББСБ-аас биш иргэн Баасанжаргал гэдэг хүнээс зээлсэн харагддаг. Энэ хүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж үүргийн гүйцэтгэл хангагдсан. Б.Б, Ө.С нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, 26 427 000 төгрөгийг Ө.Сд зээлдүүлсэн гэж ярьдаг. Энэ нь юугаар үгүйсгэгддэг вэ гэхээр зээлийн харилцаа биш хамтын амьдралтай буюу хайр сэтгэлийн холбоотой байсан үедээ нэгэндээ шилжүүлсэн гэдэг асуудал нь мөнгө зээлсэн гэсэн үг биш. Гаргаж өгсөн Ай Си Ци Си гэдэг банкаас 250 000 юань, 200 000 юань ч юм уу авч байсан. Энэ мөнгөөрөө Ариг банкны 80 000 000 төгрөгийн зээлийг хаасан. Б.Бгээс мөнгө зээлж, зээл хаасан асуудал байхгүй. Манайх мөнгө дансаар авсан гэдэг дээр маргаагүй. Энэ мөнгийг надад аваад ир гэхэд нь аваачиж өгсөн гэж ярьдаг. Б.Бг эмчилгээтэй байх үед нь 82 000 000 төгрөгийг Ө.С шилжүүлж байсан. Б.Б гэдэг хүн Ө.Сгаас мөнгө шаардах ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуульд зааснаар тэдний хооронд гэрээний болон гэрээний бус ямар ч харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ө.С 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Б тухайн мөнгийг Танай аав ээж чинь мөнгөтэй хүн аав ээжээсээ түр зээлээд аваад өгөөч гэж хэлэхэд нь энэ 30 000 000 төгрөгийг ББСБ-д төлсөн. Б гэрчийн мэдүүлэг дээрээ энэ талаар дурдсан байгаа. Тухайн үед Б.Б болон Ө.С нар гэр бүлийн буюу хайр сэтгэлийн холбоотой байсан, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үйл явдлыг нотолно. Тухайн үед гарын үсэг зурахдаа Ө.С өөрийн хүсэл зоригийн үүднээс зураагүй, шахалт, дарамтанд орсны улмаас Ө.С гэрээнд гарын үсэг зурсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь Ө.Сгийн хамт Б.Б-аас 90 000 000 төгрөг аваад Ө.Сгийн дансанд шилжүүлсэн, Ж.М 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр миний эгч Б.Б-ийн дансанд 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Би Ө.Сд 26 427 000 төгрөг зээлдүүлснээс эргүүлж надад 11 418 000 төгрөг өгсөн, үлдсэн 15 009 000 төгрөгийг өгөөгүй, хохирол 800 000 төгрөг нийт 82 700 000 төгрөгийг хариуцагч нараас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн дүнгийн 6 891 000 төгрөг болон хариуцагч Ж.Маас тус тус татгалзаж, зөвхөн Ө.Сгаас төгрөгийг шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ө.С нар нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б-аас 90 000 000 төгрөгийг, хоногийн 1 хувийн  хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх-7/

 

Нэхэмжлэгч Б.Б нь Б.Б-тэй 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, 90 000 000 төгрөгийн барьцаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 30-12 тоот болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18-50 тоот орон сууцнуудыг тавьсан, Б.Б нь тухайн өдрөө дээрх 2 орон сууцыг худалдах, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэн авах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.Бд олгож итгэмжлэл үйлдсэн байна./хх-8, 11/

 

Дээрх зээлийн гэрээний 5-д заасны дагуу зээлийн 80 000 000 төгрөгийг Ө.Сгийн Хаан банкны 5029......62 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтад зохигчид маргахгүй байна./хх-7/

 

Б.Б, Ө.С нарын Б.Баас зээлсэн 90 000 000 төгрөгийг зээлдэгч нар нь Ө.Сгийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авснаар энэхүү зээлийн эргэн төлөлтийг Ө.С хариуцана гэж үзэх боломжгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар л төлөх үүрэгтэй байна.

 

Мөн Б.Б-аас зээлсэн 90 000 000 төгрөгийг зөвхөн зээлдэгч Ө.С нь төлж барагдуулна гэх тайлбараа Б.Б нь баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Баас зээлсэн 90 000 000 төгрөгийг зээлдэгч Ө.С нь төлнө, зээлдэгч Б.Б төлөхгүй гэх байдлыг нотолсон баримтыг талууд шүүхэд ирүүлээгүй байна.

 

О.Н 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны үед Ж.М, Ө.С нар манай Их Мөнх Наран ХХК-иас 90 000 000 төгрөгийг, 10 хоногийн хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд Б.Бгийн эзэмшлийн 2 орон сууцыг тавьсан, 90 000 000 төгрөгийг Ө.Сгийн дансанд шилжүүлсэн гэжээ./хх-102, 103/

 

Б.Б 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: Б.Бгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Ө.Сгийн нэр дээр 90 000 000 төгрөгийг, 10 хоногийн хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулан 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5029......62 тоот дансанд шилжүүлсэн гэжээ./хх-104/

 

Дээрх 2 гэрчийн мэдүүлэгээс үзэхэд О.Н нь Ж.М, Ө.С нарыг Их Мөнх Наран ХХК-иас 90 000 000 төгрөг зээлсэн гэж, Б.Б нь С 90 000 000 төгрөг зээлсэн гэж зохигч талуудын тайлбарлаж байгаа үйл баримтаас өөр зүйлийн талаар мэдүүлсэн байна.

 

Б.Бгийн гомдолоор үүссэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2637 тоот тогтоолоор хаасан байна.

 

Иймээс Ө.С нь Б.Бгийн 60 000 000 төгрөгийг өгөхгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Б.Бгийн эзэмшлийн Хаан банкин дахь данснаас 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд Ө.Сд шилжүүлж байсан 56 удаагийн мөнгөн гүйлгээнүүдийн дүн болох 26 427 000 төгрөгийг Б.Б нь  Ө.Сд зээлдүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Б.Б, Ө.С нар нь тодорхой хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан, мөн дээрх зарим мөнгөн гүйлгээний утга агуулгаас харахад тэдний хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн харилцаа үүссэн байна гэж үзэх боломжгүй байх тул энэхүү 26 427 000 төгрөгийг үлдэгдэл гэж шаардсан 15 009 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О.Н, Итгэлбуян нартай хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцэлд Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Баас 90 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 2 орон сууц барьцаалсан, барьцааны Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 30-12 тоот орон сууцны өмчлөх эрх нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Нгийн өмчлөлд, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Итгэлбуянгийн өмчлөлд тус тус шилжсэн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18-50 тоот орон сууцыг О.Н нь Голомт банкны зээлд барьцаалсан гэж дурджээ./хх-12, 13/

 

Дээрх хэлцлийн дагуу Б.Б өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн татварын 800 000 төгрөгийг Ө.С төлөх үндэслэлгүй  байх бөгөөд үүнийг гэрээнээс үүссэн хохирол гэж үзэхгүй юм./хх-15/

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 571 450 төгрөг төлөхөөс 641 400 төгрөг төлж 69 950 төгрөг илүү төлсөн байгааг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ө.Сгаас /далан таван сая найман зуун есөн мянган/ төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 400 төгрөгөөс 571 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 69 950 /жаран есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж Б.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН