Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2024/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Л-ийн,

Хариуцагч: ДЦНБд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 37,731,666 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Л миний бие ДЦНБд шувууны хяналтын ажилтан, сахиулаар ажилдаг байсан. Тус нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/22 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож, тус шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд миний бие дахин шүүхэд хандаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд маань эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул миний бие хууль бусаар ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарыг дуустал 21 сарын хугацааны цалинг нэхэмжилж байна. Миний ажиллаж байхдаа авч байсан сүүлийн 3 сарын дундаж цалин маань 1,796,746 төгрөг болж байгаа бөгөөд тус мөнгийг ажилгүй байсан 21 сараар үржихээр нийт 37,731,666 төгрөг болж байна. Иймд ДЦНБлаас миний ажилгүй байсан хугацааны цалинд 37,731,666 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Л шүүх хуралдааны ирцийн талаар шүүхэд гаргасан саналдаа: “Шүүх хуралдааны ирцийн талаар саналгүй” гэв.

Хариуцагч ДЦНБлын дарга Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Лгийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөрт багтаан хариу тайлбарын тодруулсан тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Г.Лгийн 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Г.Лгийн 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ДЦНБлын даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаартай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай шийдвэрийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/25 дугаартай тушаал, Г.Лгийн цалингийн дэлгэрэнгүй бүртгэл гэх баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас ДЦНБлын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч ДЦНБд холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 37,731,666 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Нэхэмжлэгч Г.Лгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ДЦНБлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/22 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож, тус шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд миний бие дахин шүүхэд хандаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд маань эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлс 37,731,666 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэв.

3. Хариуцагч ДЦНБлын дарга Л.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотолж, мэтгэлцээгүй.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад явагдсан шүүх хуралдаанд цахимаар холбогдож оролцсон бөгөөд тус шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарлаж танилцуулсан.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийн материалтай цахимаар танилцах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл 14 хоногийн хугацаатай хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны хойшилсон товыг мэдсэн байна.

Шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ............................. хаягаар хэргийн материалыг цахимаар хүргүүлсэн байна.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад явагдсан шүүх хуралдаанд мөн хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний гэх ................... дугаарын утсанд шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга удаа дараа холбогдсон боловч хариу өгөөгүй.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад явуулахаар товлож, шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...................... дугаарын утсанд зурвас явуулж мэдэгдсэн байна.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутад явагдсан шүүх хуралдаанд мөн хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .................... дугаарын утсанд холбогдоход утсаа аваагүй, хариу өгөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Г.Лгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ДЦНБлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/22 тоот тушаалыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, түүнийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч байгууллага нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалаар дахин ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Л ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Лг урьд эрхэлж байсан ДЦНБлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч ДЦНБ нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улмаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.2. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Г.Лгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 7 дугаар сараас эхлэн сэргээсэн болох нь нэхэмжлэгч Г.Лгийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ДЦНБлаас 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй. 

5.3. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнө буюу 2022 оны 8 дугаар сард үндсэн цалин 800,800 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 96,096 төгрөг, үр дүнгийн урамшуулал 320,320 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл 64,000 төгрөг, хоолны мөнгө 345,000 төгрөг, нийт 1,626,216 төгрөгийн цалин хөлс авсан бол 2022 оны 7 дугаар сард үндсэн цалин 800,800 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 96,096 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл 65,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 320,320 төгрөг, хоолны мөнгө 240,000 төгрөг, нийт 1,522,216 төгрөгийн алин хөлс авчээ.

Харин нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 5 дугаар сард ажиллавал зохих 22 өдрөөс 12 өдөр ажиллаад ээлжийн амралтаа авсан байх бөгөөд 6 дугаар сард ажлын 12 өдөр амарч, 8 өдөр ажилласан болох нь хэрэгт авагдсан ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл гэх баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь заалт, 2.3.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрын хэмжээг тооцох дундаж цалин хөлсийг түүний сүүлийн 3 сарын хөлсөөр тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 5 болон 6 дугаар сард албан үүргээ гүйцэтгээгүй, ээлжийн амралттай байсан байх тул нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний албан үүргээ гүйцэтгэж байсан хугацааны буюу 2022 оны 8,7,4 дүгээр саруудын цалин хөлсөөр тооцов.

Ийнхүү тооцохдоо тус журмын 1.5 дахь заалтыг баримтлан 2022 оны 8 дугаар сарын хоолны хөнгөлөлт 345,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын хоолны хөнгөлөлт 240,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын хоолны хөнгөлөлт 315,000 төгрөгийг нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулаагүй болно.

Нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын цалин хөлс 1,626,216-345,000=1,281,216 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын цалин хөлс 1,522,216-240,000 = 1,282,216 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 1,532,216-315,000=1,217,216 төгрөг байна.

Дээрх тооцооллоор нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (1,281,216+1,282,216+1,217,216)/3= 1,260,216 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарыг дуустал нийт 21 сарын хугацаанд 1,260,216x21=26,464,536 төгрөгийн дундаж цалин хөлсийг хариуцагч ДЦНБлаас шаардарх эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 26,464,536 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 11,267,130 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6.3. Хариуцагч ДЦНБ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Лгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хангав.

7. Нэхэмжлэгч Г.Лгийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,464,536 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦНБлаас улсын тэмдэгтийн хураамж 290,273 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦНБлаас урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,464,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,267,130 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ДЦНБд даалгасугай.

2. Нэхэмжлэгч Г.Лгийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦНБлаас улсын тэмдэгтийн хураамж 290,273 (хоёр зуун ерэн мянга хоёр зуун далан гурав) төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА