Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02122

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.Э.Б.И ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю.Э.Б.И ХХК-ийн хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан дутсан барааны үнэ 86 696 646 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-д даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ю Эм Би Интернэйшнл ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани нь Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хоум плаза 2” супермаркетын 2 дугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг байсан. Хариуцагч Д.Б нь 2016 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Д.Б дээр байгаа бараанд тооллого хийтэл 29 нэр төрлийн нийт 21.105.200 төгрөгийн бараа дутаасан байсан. Энэ дутаасан мөнгийг Байгалмаа нь ямар ч байсан төлж барагдуулна гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд ер төлбөрөө барагдуулж дуустал нь үргэлжлээд ажилламаар байна гэхээр нь зөвшөөрсөн. Мөн дээрх дутаасан барааны үнийн дүн болох 21.105.200 төгрөгийг бүгдийг нь биш 70 хувь болох 14.773.640 төгрөгийг л төлүүлье гэж тохиролцсон ба 2017 оны 4-р сард 710.000 төгрөг, 5-р сард 710.000, 6-р сард 710.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 12.643.640 /арван хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун дөч/ төгрөг болгож өр төлбөрөөсөө багасгасан. Үүнээс хойш Д.Бд дахин бараа нэмж гарган хүлээлгэн өгөөд ажиллуулсан ба “Хоум плаза” дээрх дэлгүүрийн ашиг орлого муу байсан тул "Зайсан скүэр” супермаркет дээрх салбар дэлгүүр руу бараагаа нийлүүлж татахаар болж Д.Б дээр байсан бараанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийсэн. Энэ тооллогоор Д.Б нь 19 нэр төрлийн нийт 74.053.006 төгрөгийн бараа дутаасан. Өмнөх дутаасан барааны үлдэгдэл тооцоо болох 12.643.640 төгрөгийг нэмэхэд нийт 86.696.646 төгрөгийн эд зүйл, бараа дутаасан. Д.Б нь “Ямар ч байсан төлж барагдуулна. Манай нөхөр Солонгос улсад байгаа. Ажил хийж байгаа” гээд одоо огт холбоо барихгүй. Холбогдохоороо ямар ч байсан төлж барагдуулна гэдэг боловч огт төлөлгүй явсаар өдийг хүргэсэн болно. Иймд Д.Б нь нийт 86.696.646 /наян зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан байх тул яаралтай дээрх мөнгийг хариуцагч Д.Бгаас гаргуулж нэхэмжпэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б нь нэхэмжлэгч О.Оюумаатай ямар нэг байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан зүйлгүй. Харин 2012 оны 3 сарын 13-ны өдөр “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Скай их дэлгүүр дэх үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 5 сараас Скай их дэлгүүр хаагдаж, “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх Зайсан Скуэр салбарт худалдагчаар ажиллаж байгаад 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи март ХХК-ийн Хоум плаза 2 салбарт худалдагчаар ажиллаж байсан. Хоум плаза 2 салбарын ашиг орлого муу байсны улмаас уг салбарыг 2018 оны 7 сард хааж, Зайсан Скуэр салбарт үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа гарсан. Дээрх бүх шилжилт хөдөлгөөн бүрт компаниас Д.Булгамаа гэх ажилтан ирж барааны үлдэгдлийг тоолж, тулган гарын үсэг зурж баримт үйлддэг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримтууд нь уг “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-ийн ажилтан Д.Булгамаа, хариуцагч Б.Байгалмаа нарын үйлдсэн барааны үлдэгдэл тоолсон баримтууд юм. Хариуцагч Б.Байгалмаагийн хувьд уг компанид ажиллаж байх хугацаандаа доголдол гаргаж байсан зүйлгүй, тооллого бүрээр ямар нэг зөрчил дутагдал илрээгүй. Мөн “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-д худалдагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа компанаас цалингаа авч, нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу бүрэн төлж байсан. Гэтэл О.Оюумаа нь хувь хүнийхээ хувьд өр төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүний эрхийг зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй байтал шүүхэд хандсан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд О.Оюумаагийн Д.Бд холбогдуулан гаргасан дэлгүүрийн дутаасан барааны үнэ болох 86 696 646 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 3 сарын 13-ны өдөр "Ю Эм Би Интернэйшнл” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, сарын 608,642 төгрөгийг цалинтай худалдагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Анх “Скай” их дэлгүүр дэх үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байгаад 2015 оны 5 сараас Хан-Уул дүүрэг дэх “Зайсан Скуэр” салбарт, 2016 оны 12 сарын 7-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хаппи март” ХХК-ийн “Хоум плаза 2” салбарт худалдагчаар ажиллаж байсан. “Хоум плаза 2” салбарын ашиг орлого муу байсны улмаас уг салбарыг 2018 оны 7 сард хааж, үргэлжпүүлэн “Зайсан Скуэр” салбарт ажлаас гарах хүртлээ ажилласан. Уг ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган авч байсан тул хуулийн дагуу төлөгдөж байна гэж бодож байсан. Ингээд 2019 оны 2 сарын 15-ны өдөр дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнийг тоолон хүлээлгэн өгч, 2019 оны 2 сарын 26-ны өдрөөс ажлаасаа гарсан. Ингээд 2020 оны 3 сарын 22-ны өдөр О.Оюумаа нь Д.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжпэл гаргасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг авч үзэхэд 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болохыг олж мэдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Ю Эм Би Интернэйшнл ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Иргэн Д.Б нь “Ю Эм Би интернэйшнл” ХХК-аас 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 2 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын нөхөн төлбөр болох 608,642 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 04 өдөр “Ю ЭМ БИ ИНТЕРНЭЙШНЛ” ХХК-тай Д.Б нь борлуулалтын гэрээ хийж уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Борлуулагч нь бараа бүтээгдэхүүнийг Ханган нийлүүлэгчийн тогтоосон үнээр зарж борлуулах бөгөөд борлуулалтын 10% хувийн шимтгэл авахаар харилцан тохиролцсон. Д.Б нь борлуулалтын гэрээ байгуулснаас хойш өөрөө нийгмийн даатгалаа үргэлжүүлэн төлнө гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш Ю.Э.Б.И ХХК нийгмийн даатгалыг нь хариуцахгүй болсон. Иймд Ю.Э.Б.И ХХК нь иргэн Д.Бгийн нийгмийн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Д.Байгальмаагаас 86 696 646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю-Эм-Би Интернэйшнл ХХК-д олгож, 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-д даалгахыг хүссэн хариуцагч Д.Оюумаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591 433 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 сарын 30-ны өдрийн хоорондох 7 сар 23 хоногийн хугацааны үйл баримт, энэ 2 баримт нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн 86 696 646 төгрөгийн барааг хүлээлцээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч В.Булгамаа болоод хариуцагчийн гаргаж өгсөн 2018 оны 7 сарын 31-ний өдрийн актуудаар тогтоогдож байна гэж талууд эцсийн тооцоо нийлж төгсгөлд нь гарын үсэг зураагүй, доторх агуулга нь шүүхэд шууд харагдахааргүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хүснэгтийг үндэслэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх бусдаас дутагдуулсан барааны үнийг гаргуулах гэж байгаа бол тэр барааны үнэ нь хууль ёсны байж чадаж байгаа эсэх, тэр нь ямар баримтаар нотлогдож байгаа эсэхийг тодруулж байж шийдвэр гаргах ёстой атал хариуцагч дутагдуулсан эд зүйлийн үнэлгээтэй маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн үнэлсэн үнээр тооцон гаргасан болно гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлийн эрс тэс байдалд цэг тавьж байгаа нь уг шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 2017 оны 1 сарын 04-ний өдрийн 2017/02 дугаартай Борлуулалтын гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны 1 сарын 04-ний өдрийн 2017/02 дугаар бүхий борлуулалтын гэрээг хариуцагч борлуулагчаар ажиллахаар хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн гэж үзсэн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үүргийг Д.Байгальмаагийн өмнө хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1 дэх заалтын албан журмаар даатгуулагчийн талаарх өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, эсэн заалт болон 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан заалтуудыг ор тас орхисонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ю.Э.Б.И ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ю.Э.Б.И ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан дутсан барааны үнэ 86 696 646 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг  “Ю Эм Би Интернэйшнл” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр худалдагчийн ажил албан тушаалд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ, мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр борлуулалтын гэрээг тус тус байгуулсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа хохирол учирсан, эсхүл хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүсэх хариуцлагын алин болохыг тодруулах шаардлагатай байжээ.

Хэрэгт 2017  оны  12 дугаар сарын 07-ны өдрийн, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн огноо бүхий тооллогын гэх баримт авагдсан. Нэхэмжлэгч эдгээр баримтыг тооцоо бодсон акт гэж нэрлэн зааж, хариуцагчийн бараа дутаасан болох нь уг баримтуудаар нотлогдоно гэжээ. Эхний баримтад бичигдсэн бараа бүтээгдэхүүн нь хариуцагчид хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүн, харин дараагийн баримтаар  Хоум плаза дахь дэлгүүрийг нүүлгэж, Зайсан скүэр дэх дэлгүүртэй нэгдэхэд бараагаа тоолж хүлээлцэх үед дутагдсан гэж тайлбарласан. Гэтэл дутаасан гэх М2929, М2933, М2052, М2371, М2567 зэрэг индекс бүхий бараа бүтээгдэхүүн нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн барааны жагсаалтад бичигдээгүй байгаагаас үзэхэд хариуцагчийг эдгээр барааг дутагдуулсан, эсхүл борлуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй./хх5-13,78-87/

Хариуцагч Д.Б нь 2019 оны 2 дугаар сарыг дуустал нэхэмжлэгч компанийн дэлгүүрт ажиллаад ажлаасаа гарсан гэх ба ажил хүлээлцэх тухайн үед ажлыг хүлээн авсан акт болон тойрох хуудас зурсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба энэ талаар хэргийн оролцогчид бүрэн мэтгэлцээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 633 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                   Б.НАРМАНДАХ