Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/02117

 

 2020            08           10                                                       183/ШШ2020/02117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............. тоотод байрлах Ю ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух О овогт Д.Б /0000000/-д холбогдох

дутсан барааны үнэ 86.696.646 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч Ц.Ц, В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                               

Нэхэмжлэгч Ю ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани нь Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х 2” супермаркетын 2 дугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг байсан. Хариуцагч Д.Б нь 2016 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Д.Б дээр байгаа бараанд тооллого хийтэл 29 нэр төрлийн нийт 21.105.200 төгрөгийн бараа дутаасан байсан. Энэ дутаасан мөнгийг Б нь ямар ч байсан төлж барагдуулна гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд ер төлбөрөө барагдуулж дуустал нь үргэлжлээд ажилламаар байна гэхээр нь зөвшөөрсөн. Мөн дээрх дутаасан барааны үнийн дүн болох 21.105.200 төгрөгийг бүгдийг нь биш 70 хувь болох 14.773.640 төгрөгийг л төлүүлье гэж тохиролцсон ба 2017 оны 4-р сард 710.000 төгрөг, 5-р сард 710.000, 6-р сард 710.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 12.643.640 /арван хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун дөч/ төгрөг болгож өр төлбөрөөсөө багасгасан. Үүнээс хойш Д.Бд дахин бараа нэмж гарган хүлээлгэн өгөөд ажиллуулсан ба “Х” дээрх дэлгүүрийн ашиг орлого муу байсан тул "З” супермаркет дээрх салбар дэлгүүр руу бараагаа нийлүүлж татахаар болж Д.Б дээр байсан бараанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийсэн. Энэ тооллогоор Д.Б нь 19 нэр төрлийн нийт 74.053.006 төгрөгийн бараа дутаасан. Өмнөх дутаасан барааны үлдэгдэл тооцоо болох 12.643.640 төгрөгийг нэмэхэд нийт 86.696.646 төгрөгийн эд зүйл, бараа дутаасан. Д.Б нь “Ямар ч байсан төлж барагдуулна. Манай нөхөр Солонгос улсад байгаа. Ажил хийж байгаа” гээд одоо огт холбоо барихгүй. Холбогдохоороо ямар ч байсан төлж барагдуулна гэдэг боловч огт төлөлгүй явсаар өдийг хүргэсэн болно. Иймд Д.Б нь нийт 86.696.646 /наян зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан байх тул яаралтай дээрх мөнгийг хариуцагч Д.Бгаас гаргуулж нэхэмжпэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхэд өгсөн тайлбартаа: “О.О нь нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х 2 супермаркетын 2 дугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүр хувиараа ажиллуулдаг байсан. Хариуцагч Д.Б нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оны 3 сарын сүүлээр, ... 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус Д.Б дээр байгаа бараанд тооллого хийхэд, нийтдээ 86 696 646 төгрөгийн эд зүйл, бараа дутаасан ... гэжээ. Д.Б нь нэхэмжлэгч О.О-тай ямар нэг байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан зүйлгүй. Харин 2012 оны 3 сарын 13-ны өдөр Ю ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, С их дэлгүүр дэх үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 5 сараас С их дэлгүүр хаагдаж, Ю ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх З салбарт худалдагчаар ажиллаж байгаад 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ХХК-ийн Х 2 салбарт худалдагчаар ажиллаж байсан. Х 2 салбарын ашиг орлого муу байсны улмаас уг салбарыг 2018 оны 7 сард хааж, З салбарт үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа гарсан. Дээрх бүх шилжилт хөдөлгөөн бүрд компаниас Д.Б гэх ажилтан ирж барааны үлдэгдлийг тоолж, тулган гарын үсэг зурж баримт үйлддэг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримтууд нь уг Ю ХХК-ийн ажилтан Д.Б, хариуцагч Б.Б нарын үйлдсэн барааны үлдэгдэл тоолсон баримтууд юм. Хариуцагч Б.Бгийн хувьд уг компанид ажиллаж байх хугацаандаа доголдол гаргаж байсан зүйлгүй, тооллого бүрээр ямар нэг зөрчил дутагдал илрээгүй. Мөн Ю ХХК-д худалдагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа компаниас цалингаа авч, нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу бүрэн төлж байсан. Гэтэл О.О нь хувь хүнийхээ хувьд өр төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчтэй иргэний эрх зүнй харилцаанд оролцоогүй, түүний эрхийг зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй байтал шүүхэд хандсан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд О.Огийн Д.Бд холбогдуулан гаргасан дэлгүүрийн дутаасан барааны үнэ болох 86 696 646 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 3 сарын 13-ны өдөр "Ю” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, сарын 608,642 төгрөгийг цалинтай худалдагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Анх “С” их дэлгүүр дэх үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байгаад 2015 оны 5 сараас Хан-Уул дүүрэг дэх “З” салбарт, 2016 оны 12 сарын 7-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Х” ХХК-ийн “Х 2” салбарт худалдагчаар ажиллаж байсан. “Х 2” салбарын ашиг орлого муу байсны улмаас уг салбарыг 2018 оны 7 сард хааж, үргэлжпүүлэн “З” салбарт ажлаас гарах хүртлээ ажилласан. Уг ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган авч байсан тул хуулийн дагуу төлөгдөж байна гэж бодож байсан. Ингээд 2019 оны 2 сарын 15-ны өдөр дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнийг тоолон хүлээлгэн өгч, 2019 оны 2 сарын 26-ны өдрөөс ажлаасаа гарсан. Ингээд 2020 оны 3 сарын 22-ны өдөр О.О нь Д.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжпэл гаргасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг авч үзэхэд 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болохыг олж мэдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Иргэн Д.Б нь “Ю” ХХК-аас 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 2 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын нөхөн төлбөр болох 608,642 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 04 өдөр “Ю” ХХК-тай Д.Б нь борлуулалтын гэрээ хийж уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Борлуулагч нь бараа бүтээгдэхүүнийг Ханган нийлүүлэгчийн тогтоосон үнээр зарж борлуулах бөгөөд борлуулалтын 10% хувийн шимтгэл авахаар харилцан тохиролцсон. Д.Б нь борлуулалтын гэрээ байгуулснаас хойш өөрөө нийгмийн даатгалаа үргэлжүүлэн төлнө гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш “Ю” ХХК нийгмийн даатгалыг нь хариуцахгүй болсон. Иймд “Ю” ХХК нь иргэн Д.Бгийн нийгмийн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Д.Бгаас дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 86 696 646 төгрөг гаргуулахыг  хүссэн  шаардлагыг, хариуцагч 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарыг дуусталхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, бичилт хийхийг Ю ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг  гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ц.Дт итгэмжлэл олгосон байна.

Хариуцагч Д.Бг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг Д.Ганбатад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 0340 дугаартай  албан бичгээр 3 жилийн хугацаатай  олгожээ.

 

Улмаар нэхэмжлэгч нь дутагдуулсан барааны үнэ болох 86 696 646 төгрөгийг гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2017/02 дугаар бүхий борлуулалтын гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар бараа материал хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг.

Харин хариуцагчийн зүгээс уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямарваа нэг байдлаар доголдол гаргаж байсан удаагүй, тооллогоор зөрчил илэрч байгаагүй тул хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Зохигчид 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, сарын цалинг 608 642 төгрөгөөр тохирч, Д.Б худалдагчаар ажиллаж байсан талаар хэн аль нь маргаагүй ба харин 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс талууд борлуулалтын гэрээг байгуулж, цалин бус ашгийн 10 хувийн урамшуулал өгч авахаар тохирсон талаар маргадаг.

Тодруулбал хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2017/02 дугаартай гэрээнд бичигдсэн Д.Бгийн гарын үсэг биш талаар төлөөлөгч маргахаас гадна байнгын ажлын байранд өөр төрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг.

Шүүх уг гэрээг агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул гэрээ байгуулах үеийн талуудын эрх, ашиг сонирхолд нийцсэн, хариуцагч борлуулагчаар ажиллахаа хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

Улмаар нийгэм эдийн засгийн байдал буюу ашиг орлого муудсан тул дээрхи гэрээг дуусгавар болгож, 2019 оны 02 дугаар сараас хойш бараа бүтэгдэхүүн борлуулах ажлаа Д.Б хийгээгүй болох нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 3 дугаар сарын сүүлээр тооллого хийхэд дутагдсан гэх 21 105 200 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн гэх 14 773 640 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооллого хийхэд дутагдсан гэх 19 нэр төрлийн барааны үнэ 74 053 006 төгрөгийг, нийт 86 696 646 төгрөгийг нэхэмжилдэг ба шүүх уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 5-13 дугаар талд авагдсан В.Б, Д.Б нарын гарын үсэг бүхий 2017  оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооллогын жагсаалтаас харахад 316 нэр төрлийн индекстэй бараа бүтэгдэхүүн тоологдсон байх ба талуудын тайлбараас харахад уг бараа бүтээгдэхүүнүүд Х ХХК-ийн өмчлөлийн Х дахь салбарт худалдаалагдаж байжээ.

Энэхүү салбарыг татан буулгахтай холбоотойгоор тооллого хийсэн гэх ба Д.Б нь үүнээс хойш 2019 оны 02 дугаар сарыг хүртэл З дахь салбарт  ажиллаж байсан үйл баримт дээр талууд маргаагүй.

Х салбар дээр хийгдсэн уг тооллогын дараа тоо ширхэг бүхий барааг З дэхь салбарт хүлээн авах ажиллагаа хийгдсэн байх ба хариуцагчаас эдгээр барааг хүлээлгэн өгсөн гэх 78-87 дугаарт авагдсан 2018.07.31-ний өдрийн хүлээлцэх актан дээр талууд хэн аль нь гарын үсэг зурсан байна.

Уг баримтыг нэг бүрчлэн шалгахад нэхэмжлэгчийн хүлээлгэн өгөөгүй гэх М508, М644, М2215, М2229, М2233, М2350, М2369, М2370, М2371, М2380, М2383, М2830, М2928, М2929, М2933, М2986а, М3062, А183, А207 зэрэг индекс бүхий 19 нэр төрлийн 74 053 006 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг хүлээлцээгүй байна. 

Түүнчлэн М520, М2002, М2052, М2222, М2233, М2371, М2383, М2567, М2772, М2784, М2814, М2830, М2897,М2899, М2926, М2928, М2986а, М3062, А179, А181 зэрэг 20 төрлийн 21 105 200 төгрөгний бараа бүтээгдэхүүн нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооллогоор байсан боловч мөн л 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хүлээлцэх актанд байхгүй байна.

2019 оны 02 дугаар сарыг дуустал Д.Б нь З салбарт бараа бүтээгдэхүүн борлуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дутагдуулсан гэх дээрхи индекс бүхий бараа бүтээгдэхүүнийг хариу тайлбарт дурьдсан шиг нягтлан В.Бд үлдээгээд явсан гэх тайлбар үндэслэлгүй ба ширхэгийн бараанууд болох 86 696 646 төгрөгийн барааг хүлээлцээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч В.Б болоод хариуцагчийн гаргаж өгсөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний  өдрийн актуудаар тогтоогдож байна.

 

2019 оны 02 дугаар сард талууд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хүндэтгэн үзэх буюу ашиг орлогогүй байгаа үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон байна.

Энэхүү гэрээ дуусгавар болсон тул Д.Б нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар үүргийн зүйлийг дутаасан байх тул мөнгөөр нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал эд зүйлийг дутаагаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй, дутагдуулсан эд зүйлийн үнэлгээтэй маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн үнэлсэн үнээр тооцон гаргасан болно.

 

Cөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2017/02 дугаар бүхий борлуулалтын гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг гэх үндэслэлээр гэрээ байгуулах үеийн талуудын эрх, ашиг сонирхолд нийцсэн, хариуцагч борлуулагчаар ажиллахаа хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн гэж үзсэн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үүргийг Д.Бгийн өмнө хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

               

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Д.Б-гаас 86 696 646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

 

2. 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгахыг хүссэн хариуцагч Д.О-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591 433 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                                О.ЧУЛУУНЧИМЭГ