Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02120

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/02120

 

 

 

 

 

Б.И.ДХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэртэй нэхэмжлэгчБ.И.ДХХК-ийн хариуцагч П.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 112 504 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, гэрээний 2.1.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.О нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №ЗГ 160000204633 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000609928 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2204020495 тоот гэрчилгээтэй. Баянзүрх дүүрэг. 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 44-3 байр, 12 тоот 99.35 м.кв хувын сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 60 000 000 төгрөгийг нэг сарын 4.0 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч П.Од байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй ч зээлийн гэрээний 3.1.3-т дах заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч П.Одсурэнгээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 60 000 000 төгрөг. зээлийн хүүнд 35 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 624 000 төгрөг. Түүнчлэн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн ЗГ1600000204633 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 10 200 000 төгрөг буюу нийт 112 504 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үургийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа хөлс 10 200 000 төгрөг гаргуулахаас татгалзсан учир зээлийн гэрээний дагуу 102 304 000 төгрөг гаргуулан манай компанид олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үургийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Г.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байна. Би 60 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үндэслэлгүй ихээр тооцсон байна. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байдаг бөгөөд энэхүү хугацаагаа зөрчвөл Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү л төлөх үүрэгтэй ч хугацаандаа төлөхгүй бол сарын 3 хувийн хүү дахин нэг хувийг төлөх үүрэг хүлээхээр заасан нь зээлээ хугацаандаа төлөөгүй үйлдэлд маань давхар хариуцлага хүлээлгэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн үндэслэлгүй шаардлагын хэмжээг зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн хүүгийн хэмжээг бодитоор буюу 3 хувиар тогтоон тооцсон дүнгээр буюу нэхэмжлэлээс 23 760 000 төгрөгийн шаардлагыг л зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.О би 2019 оны 01 сард Howo sinotruck маркийн ачааны автомашин худалдан авах зорилгоорБ.И.ДХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Престиж төвийн 203 тоот хаягг байрлах салбарын захирал Ч.Түвшинбаяртай анх зээлийн асуудлаар уулзсан юм. Ч.Түвшинбаяр захирал нь өөрийн эрхийнхээ дагуу надад 36 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 60 000 000 төгрөгийг зээлүүлэх боломжтой гэхэд би хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаар болсон. Гэрээ байгуулах үед гэрээнд 4 хувийн хүү хэмээн зааж өгсөн байсан тул Захирал Ч.Түвшинбаяраас асуухад ... өө зүгээр зүгээр гарын үсгээ зурчих 2.4 дэх заалтанд оруулсан байгаа асуудалгүй... гэсэн тул би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Учир нь гэрээний 2.4 дэх заалтад "Зээлдэгч нь зээлийн хүүг гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэж заасан нь намайг төөрөгдөлд оруулахад хүргэж би 3 хувь юм байна гэж ойлгосон ба зээл олгох хүсэлтийг 4 хувиар бичээд өгөөрэй гэхээр нь мөн бичиж өгсөн юм. Би анхнаасаа ББСБ-аас 4 хувийн хүүтэй зээл авах хүсэл зориггүй байсан бөгөөд 3 хувиар зээл авсан хэмээн бодож явсан. ГэтэлБ.И.ДХХК нь 2020 оны 02 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлд 60 000 000 төгрөг, хүүнд 35 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 624 000 төгрөг нэхэмжилсэн байсан ба хүүг 4 хувиар тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Бизнес Инвест девелопмент ББСБ" ХХК-аас иргэн П.Отэй 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан ЗГ160000204633 дугаар Зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэг нь Монгол улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж хийсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

НэхэмжлэгчБ.И.ДХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус ББСБ-ын салбарын захирал Ч.Түвшинбаяр нь нэхэмжлэгч П.Од 60 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээнд заасан хүүтэйгээр олгох бүрэн эрхтэй этгээд юм. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн хүссэнчлэн хүү, хугацаа, хэмжээ тохирсон зээлийн гэрээг байгуулсан өөрөө хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Хариуцагч нь анх зээлийн гэрээг байгуулахдаа 4 хувийн хүүтэй болохыг нэхэмжлэгчид өөрт нь тайлбарласан. Зээлийн гэрээг анх байгуулахдаа зээлдэгч нь уншиж танилцаад зээлийн гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч тус ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ160000204633 тоот зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээл олгохыг хүссэн нэхэмжлэгчийн өөрийн бичсэн хүсэлт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж бичсэн хүсэлт зэргээр зээлийн гэрээний хүүг 4%-ийн хүүтэй болохыг бүрэн мэдсэн, зээлийн гэрээгээ ямар үүрэг хүлээсэн болохоо анхнаасаа мэдэж байсан нь харагдаж байна. Иймд хариуцагч талаас нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ нь иргэний хуулийн 5 8 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм. Анх зээлийн гэрээг байгуулах үедээ зээлдэгч нь гэрээний заалт бүрийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа гэж тус ББСБ нь үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг төөрөгдүүлэх ямар нэгэн санаа зорилго агуулаагүй үйлдэл хийгээгүй болох нь дээрх бичгийн нотлох баримтаас бүхэн харагдаж байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч П.Огээс 102,304,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан ЗГ160000204633 тоот зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 44-3 байрны 12 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020495 дугаартай, 99.35 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 790,670 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч П.Огээс 516,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгч талтай 2019 онд Зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгний зээл авсан талаар маргадаггүй бөгөөд хэргийн маргааны үндэслэл нь анх зээл авахдааБ.И.ДХХК-тай сарын 3 хувийн хүүтэй , 36 сарын хугацаатай зээл авахаар тохиролцож байсан талаар сөрөг нэхэмжлэлдээ дурдаж, түүний үндэслэлдээ тайлбарласан. ХариуцагчаасБ.И.ДХХК-ний Баянзүрх салбар дахь салбар хариуцсан захирал Түвшинбаярыг гэрчээр асуулгахыг хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Гэрч Мөн иргэний хуулийн Түвшинбаяр нь шүүх хуралдаан дээр зээлийн хүүг захирал өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох эрхтэй гэсэн ба мөн хариуцагчтай анх 3 хувийн хүүгийн талаар ярицсан талаар мэдүүлдэг. Гэтэл энэ талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нь 2020 оны 05 сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан ба ургамлын харшил маань хүндэрч амьсгаа боож, хамар битүүрч, нүднээс нулимс гоожиж байсан тул эмчийн зүгээс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ талаарх хүсэлтээ 2020 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд өгсөн боловч  шүүгч Э.Энэбиш нь ургамалын харшилыг хөнгөн хэмээн оношилж, миний эзгүйд  шүүх хуралдааныг явуулсан байгаа юм. Өөрөө хэлбэл 2020 оны 05 сарын 06-ны  өдөр би Б.И.ДХХК-тай  2019 оны 01 сарын 24-ний өдөр байгуулагсан ЗГ160000204633 дугаар гэрээний 2.1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба Б.И.ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг өгсөн бөгөөд хариу тайлбартай хариуцагч нь танилцаагүй. ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй  шүүхээс нэг талыг барьж  ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэснийг зөрчиж шийдвэр гаргасан. Би өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж хэрэгт гэрээг өгсөн болохоос биш өөрийн нэрийн өмнөөс тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх болон эвлэрэх эрхийг олгоогүй болно. Иймд 2020 оны 05 сарын 15-ны баянзүрх дүүргийн иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 01732 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчБ.И.ДХХК нь хариуцагч П.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112 504 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч гэрээний 2.1.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчБ.И.ДХХК нэхэмжлэлийн шаардлагаа 10 200 000 төгрөгөөр багасгасан байна.

“Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК нь П.Отэй 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ160000204633 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлүүлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн өмчлөлийн  үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-1, 6-10/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн,  дээрх зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 60 000 000 төгрөгийг зээлдэгч П.Огийн дансанд шилжүүлэн өгсөн, зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болон, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний 2.5-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдэл, шаардлага, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул  зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. /хх-10, 12, 15/

Талууд зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүүг нэг сарын 4 хувь байхаар, 2.4 дэх хэсэгт зээлдэгч зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1 хувийн хөнгөлөлт эдлэхээр тус тус тохиролцсон агуулгатай байна.  Гэрээний энэ тохиролцоог эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй, уг заалтыг хүчин төгөлдөр бус  хэлцэл болохыг тогтоох нөхцөл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Талууд зээлийн хүүг нэг сарын 4 хувь гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, түүний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хуваариар нотлогдсон. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талуудын дээрх тохиролцоо болох зээлийн хүүг 3 хувиар тооцох боломжгүй юм. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймээс хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй буюу зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцоо нь хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/06/02 тоот гэрээний үүргээ гүйцэтгэх тухай шаардлага, мэдэгдлээр хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардаж байжээ. Улмаар хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хандаж нэхэмжлэл гарган Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас нь өмнө буцаан шаардсан атал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тооцоо хийн, зээлийн төлбөрийг шаардсан нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.  Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалж дуусгавар болсноос хойшхи хугацаанд 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/06/02 тоот гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүнд 6 528 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд цуцалснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. /хх15/

Иймд, хариуцагч П.Огээс зээлийн үндсэн төлбөр 60 000 000 төгрөг, зээлийн хүү 29 840 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 936 000 төгрөг, нийт 95 776 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 6 528 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцааны зүйл болох П.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44-3 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 99.35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.

Хариуцагч 2020 оны 5 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгийн магадлагааг ирүүлжээ.

Дээрх магадлагаанд эмнэлэгийн байгууллагын тамга дарагдаагүй, ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн магадлагаа гаргах журмын 4.5-д заасныг зөрчсөн байх тул шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үүргийг дүгнэхдээ хуулийн нэрийг “Иргэний хууль” гэж андуурч бичсэн нь алдаатай боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “102 304 000”  гэснийг “95 776 000” гэж, “олгож” гэсний араас “6 528 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэж, 3 дах заалтын “516 720” гэснийг “636 830” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                                         Б.НАРМАНДАХ