Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00462

 

“Б И Д” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа,С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2120 дугаар магадлалтай,

“Б И Д” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

П.Од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 102,504,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 2.1.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Огийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б И Д” ББСБ ХХК нь П.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,504,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч гэрээний 2.1.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч П.Огээс 102,304,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б И Д ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан ЗГ0000000000 тоот зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 44-3 байрны 12 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 99.35 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 790,670 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч П.Огээс 516,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б И Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2120 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “102 304 000” гэснийг “95 776 000” гэж, “олгож” гэсний араас “6 528 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэж, 3 дах заалтын “516 720 гэснийг “636 830” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч П.О хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.5-д заасан зохигчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн тул дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хариуцагч зохигчийн хооронд байгуулсан 2019 оны ЗГ0000000000 тоот гэрээний 2.1.3 дахь заалтыг хучин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 25 дугаар зуйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй...”.

Магадлалын хянавал хэсэгт: “...зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хууг нэг сарын 4 хувь байхаар. 2.4 дэх хэсэгт зээлдэгч зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хугээс 1 хувийн хөнгөлөлт эдлэхээр тус тус тохиролцсон агуулгатай байна. Гэрээний энэ тохиролцоог эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй, уг заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нөхцөл хэргийн баримтаар тогтоогдсонгүй...”гэсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгч талтай 2019 онд зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгний зээл авсан талаар маргадаггүй бөгөөд хэргийн маргааны үндэслэл нь анх зээл авахдаа “Б И Д ББСБ” ХХК-тай сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авахаар тохиролцож байсан талаар сөрөг нэхэмжлэлдээ дурдаж, түүний үндэслэлээ тайлбарласан. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан “Б И Д ББСБ” ХХК-ийн Баянзүрх салбар дахь салбар хариуцсан захирал Түвшинбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Гэрч Түвшинбаяр нь шүүх хуралдаан дээр “...зээлийн хүүг захирал өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох эрхтэй...” гэсэн ба мөн хариуцагчтай анх 3 хувийн хүүгийн талаар ярилцсан талаар мэдүүлдэг. Гэтэл энэ талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2. Хариуцагч нь 2020.05.14-ний өдрөөс 05 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан ба ургамлын харшил маань хүндэрч амьсгаа боож, хамар битүүрч, нүднээс нулимс гоожиж байсан тул эмчийн зүгээс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ талаарх хүсэлтээ 2020.05.15-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд өгсөн боловч шүүгч Э.Энэбиш нь ургамлын харшлыг хөнгөн хэмээн оношилж, миний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан байгаа юм. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-д “...шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-д “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 25.1.5-д “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих” оролцогчийн эрхүүдийг хязгаарлаж, ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2020.05.06-ны өдөр би “Б И Д ББСБ” ХХК-тай 2019.01.24-ний өдөр байгуулсан ЗГ0000000000 дугаар зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба “Б И Д ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020.05.15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг өгсөн бөгөөд хариу тайлбартай нь хариуцагч танилцаагүй. ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй шүүхээс нэг талыг барьж ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “ Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэснийг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр  хэргийг хянан хэлэлцээд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Б И Д” ББСБ ХХК нь хариуцагч П.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,504,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч гэрээний 2.1.3 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч 2020.02.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа гэрээний үүргийг 2020.04.14-ний өдрөөр тодорхойлсон нь үндэслэлгүй” гэж үзэж, 2020.02.07-ны өдрөөр үүргийг тооцож хариуцагчаас 95,776,000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй боловч хоёр шатны шүүх зээлийн хүүг тогтоосон гэрээний нөхцөлийг тайлбарлаж чадаагүй байх тул залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Б И Д” ББСБ ХХК болон  П.О нарын байгуулсан 2019.01.24-ний өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх  үндэслэлтэй дүгнэжээ. Нэхэмжлэгч нь 2019.01.29-ний өдөр 60,000,000 төгрөгийг П.Огийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу буцааж төлөх үүргээ биелүүлээгүй, нэг ч төлөлт хийгээгүй байна.

9. Зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүүг нэг сарын 4 хувь гэж, 2.4 дэх хэсэгт зээлдэгч зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1 хувийн хөнгөлөлт эдлэхээр буюу зээлийн хүүг 3 хувь байхаар заажээ. Хариуцагч нь 3 хувийн хүүтэй зээл авахаар тохирсон гэж маргажээ. Хоёр шатны шүүх талууд зээлийн хүүг нэг сарын 4 хувь гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, түүний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хуваариар нотлогдсон, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүүг 3 хувиар тооцох боломжгүй, уг тохиролцоо нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. Хариуцагч нь гэрээний 2.1.3-т зээлийн хүүг нэг сарын 4 хувь гэж заасан нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчөөгүй. Харин гэрээний уг нөхцөл нь ойлгомжгүй, эргэлзээтэй тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагчийн талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасны дагуу тайлбарлах үндэслэлтэйг шүүх анхаараагүй нь буруу байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хүү” гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг ойлгоно гэж нэр томьёог тайлбарласан. Зээлийн хүү нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хамаарч хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл байхгүй байна. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх буюу уг хариуцлагыг хүлээхийг хуулиар зохицуулсан. Үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол зээлийн хүү 3 хувь, хугацааг зөрчсөн бол 4 хувь байх нь хариуцлага хүлээлгэсэн шинжийг агуулсан, энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчинө. “Б И Д ББСБ” ХХК-ийн зүгээс тогтоосон зээлийн хүүгийн хэмжээ ойлгомжгүй тул хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, зээлийн хүүг сарын 3 хувь гэж үзэж, хариуцагчийн үүргийн хэмжээг тодорхойлж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулав.

11. Хариуцагч П.О нь үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүүг 3 хувиар бодоход сард 1,800,000 төгрөг, 2019.02.25-наас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.02.07 хүртэл 11 сар 13 хоногийн хугацааны хүү 29,580,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,116,000 төгрөг нийт 84,696,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

12. Хариуцагчийн гомдлоос “зээлийн хүүг 3 хувиар тогтоож үүргийг тодорхойлох ёстой” гэх хэсгийг хангаж, “анхан шатны шүүх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгийн магадлагаа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн магадлагаа гаргах журмын 4.5-д заасан шаардлагад нийцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2120 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч П.Огээс 84,696,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б И Д ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,808,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын “...516,729” гэснийг “581,430” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.09-ний өдөр төлсөн 777,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД