Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02119

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/02119

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 3123 дугаар шийдвэрээр Б.Э надаас 63 701 420 төгрөг гаргуулан Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401-41 тоотын 68.43 м.кв талбай бүхий орон сууцанд төлбөр авагчтай үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилон, хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 113 549 600 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр надад танилцуулсан. Миний өмчлөлийн уг байр худалдаж аваад удаагүй, хотын төвд байрлалтай, засвар хийсэн байр бөгөөд би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03123 дугаар шийдвэрээр Б.Эаас 53 227 334 төгрөгийг гаргуулж Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20260295 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Б.Эт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул барьцааны хөрөнгө болох Б.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044880 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 401 байр 41 тоотод байрлах 58.43 мкв талбайтай орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 202600295/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260295/5 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан болон төлбөр төлөгч Б.Э нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/290 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилоход 113,549,600 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/19451 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Эын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байр 41 тоот 68.43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барилгыг “Баянмодот” ХХК шинжээчээр томилогдож 113 549 600 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянмонгол хороолол, 401 дүгээр байр нь 2008 онд ашиглалтад орсон харьцангуй насжилт бага, хамгийн эхэнд баригдаж ашиглалтад орсон чанар сайн баригдсан барилга юм. Баянмодот ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангийн зах зээлийн мэдээлэлд хавсаргасан харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 401 дүгээр байрны талаарх мэдээлэл биш Хан-Уул дүүрэгт байрладаг байр гэсэн мэдээлэл байгаа нь зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3123 дугаартай шийдвэрээр Б.Эаас 63 227 334 төгрөг гаргуулан, “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044880 бүртгэлийн дугаартай, Баянмонгол хороолол 401 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 68.43 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 5-8/

Хариуцагч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044880 бүртгэлийн дугаартай, Баянмонгол хороолол 401 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 68.43 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 20260295/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20260295/5 дугаар тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 31-48/

Хариуцагч нь дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч Б.Э нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/290 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэ цэнийг 113 549 562,29 төгрөгөөр тогтоосон байна. /хх50-63/

Хэргийн 56-62 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044880 бүртгэлийн дугаартай, Баянмонгол хороолол 401 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 68.43 м.кв талбайтай орон сууцыг үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Баянмонгол хороолол 68 м.квадрат талбайтай 3 өрөө, Баянмонгол хороолол, 58 м.квадрат 3 өрөө орон сууц буюу нийт хоёр үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 113 549 562,29 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Б.Эт 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх61/

Нэхэмжлэгч “... Баянмодот ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангийн мэдээлэлд хавсаргасан зах зээлийн харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 401 дүгээр байрны талаарх мэдээлэл биш ...” гэх гомдол гаргасан хэдий ч шинжээчийг заавал тухайн байртай холбоотой мэдээлэлд харьцуулах үүрэгтэй гэж буруутгах боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.   

Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, түүний хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                                           Б.НАРМАНДАХ