Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01043

 

   

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2119 дүгээр магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 3123 дугаар шийдвэрээр ******* надаас 63,701,420 төгрөг гаргуулан Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401-41 тоотын 68.43 м.кв талбай бүхий орон сууцанд төлбөр авагчтай үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Баян модот ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 113,549,600 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг 2020.5.29-ний өдөр надад танилцууллаа. Миний өмчлөлийн уг байр худалдаж аваад удаагүй, хотын төвд байрлалтай, засвар хийсэн байр бөгөөд би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 101/ШШ2019/03123 дугаар шийдвэрээр *******аас 53,227,334 төгрөгийг гаргуулж Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.03.04-ний өдрийн 20260295 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч *******т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул барьцааны хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044880 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 401 байр 41 тоотод байрлах 58.43 мкв талбайтай орон сууцыг 2020.04.16-ны өдрийн 202600295/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.05.05-ны өдрийн 20260295/5 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан болон төлбөр төлөгч ******* нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020.05.22-ны өдрийн 5/290 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилоход 113,549,600 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020.05.28-ны өдрийн 4/19451 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2119 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 2119 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

******* миний бие Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д 63,701,420 төгрөг хариуцан төлөхөөр шийдвэрлэгдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 3123 дугаар шийдвэрийн дагуу ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байр 41 тоот 68.43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барилгыг Баян модот ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийсэн.

Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээ 113,549,600 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Баянмонгол хороолол, 401 дүгээр байр нь 2008 онд ашиглалтад орсон харьцангуй насжилт бага, хамгийн эхэнд баригдаж ашиглалтад орсон чанар сайн баригдсан барилга юм.

Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангийн зах зээлийн мэдээлэлд хавсаргасан харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 401 дүгээр байрны талаарх мэдээлэл биш Хан-Уул дүүрэгт байрладаг байр гэсэн мэдээлэл байгаа нь зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дугаартай шийдвэрээр ******* миний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж давж заалдах гомдлыг гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 2119 дүгээр магадлалаар миний дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг мөн хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

******* нь *******т холбогдуулан үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   *******аас 63,227,334 төгрөгийг гаргуулж Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-д олгох, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн шийдвэрт 2020.03.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байрны 41 тоот 68.43 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад талууд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Баян модот ХХК-ийг шинжээчээр томилоход хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 113,549,600 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

******* нэхэмжлэлийн үндэслэлээ: ...уг байрыг худалдаж аваад удаагүй, хотын төвд байрлалтай, засвар хийсэн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэж тайлбарласан боловч шаардлага болон шинжээчийн дүгнэлтийг буруутгах баримтыг гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцжээ.

 

2.   Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлангийн зах зээлийн мэдээлэлд хавсаргасан, харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 401 дүгээр байрны талаарх мэдээлэл биш, Хан-Уул дүүрэгт байрладаг байр гэсэн мэдээлэл байгаа нь зах зээлийн талаарх судалгаа бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. ...албадан дуудлага худалдаа явуулахад хөрөнгийн үнээс хямдруулан нийтэд зарлаж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна, ...орон сууцны зах зээлийн үнэ ханш огцом нэмэгдэж байгаа нь тухайн байршилд байгаа орон сууцны үнийн талаарх зараас харагдаж байна, ...иймд шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй ... гэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2.-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцсэн байна гэж, 8 дугаар зүйлийн 8.1.-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэжээ.

 

Зах зээлийн жишиг үнийн хандлагын арга нь тухайн хөрөнгийг үнийн мэдээлэл хангалттай олдох ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогтоодог хандлага. (ҮОУС. 2012. х-12)

 

Шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо тус орон сууцтай биечлэн танилцаж, тухайн хороололд байрлах, ойролцоо хугацаанд ашиглалтад орсон, ижил байршил, ижил хийцтэй, ойролцоо талбайн хэмжээтэй орон сууцтай харьцуулсан бөгөөд, ашиглалтад орсон хугацаа, ашиглалтын байдал, засвар үйлчилгээ хийсэн байдал зэргийг харгалзан тохируулга хийж, зах зээл дээр худалдагдсан, зарахаар санал болгосон орон сууцыг худалдсан, тохируулга хийсэн үнэтэй харьцуулж жишиг үнийг тооцож гаргасан болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхой тусгажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэхдээ нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй тул ...зах зээлийн талаарх судалгаа бодит байдалд нийцээгүй... гэх гомдол үндэслэлгүй.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д тухайлан заасан тул хуульд заасан үнэлгээгээр албадан дуудлага худалдааны үнийг зарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд түүнийг үнэлэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдол, нэмэлт тайлбарт хавсаргаж өгсөн үнэлгээтэй холбоотой зарын баримтыг үнэлэхгүй, эдгээр нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5., 116 дугаар зүйлийн 116.3.-т заасныг зөрчинө.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02929 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2119 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2020.11.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД