Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 02144

 

 

 

 

 

 

 

 

Э.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/02313 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Тгийн хариуцагч Т.М ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй халсныг тогтоолгож, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Трансвест Монголиа” ХХК-д агуулахын ажилтнаар ажилд орсон. Туршилтын 3 сарын хугацаанд ногоон малгай хөтөлбөрт хамрагдаж ногоон малгайтайгаар аюулгүй байдлын стандарт, шаардлагыг мөрдөн ямар нэгэн зөрчилгүйгээр ажилласан. Ажлын үнэлгээгээр 71.9 %-тай үнэлэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг сунгаж хугацаагүйгээр байнгын ажлын байранд агуулахын ажилтнаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтан болсон. Гэтэл бараа материалын тоологч ажилтай Э.Энэрэлийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг гомдол нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх агуулгатай байх ба тухайн гомдол, өргөдлийг хүлээн аваад хяналт шалгалтыг хүний нөөцийн хэлтсээс хийсэн гэх боловч ямар нэгэн нотлох баримтгүйгээр барахгүй уг гомдлын талаар ч танилцуулалгүй ажлаас халсан болно. Тухайн нөхцөл байдлыг тодруулбал: 2020 оны 5 дугаар сарын эхээр өглөө эрт 7:30 цагийн үед бараа материал тоологч Э.Энэрэл, Б.Баянмөнх нар НD-В байршилд сэлбэг тоолж байхад нь миний бие ранкны хажуунаас холоос очиж байхдаа тэр хоёрыг хоёулаа нойрмог байх шиг байхаар нь гараа өргөн даллаж сэргээрэй гэх дохиог өгсөн. Өөрөөр хэлбэл гараа өргөж мэндчилсэн. Гэтэл цайны цагаар Э.Энэрэл надад өглөө чи алсын зайны үнсэлт илгээсэн үү гэхээр нь би та хоёрыг л сэргээрэй гэж далласан гэхэд уг дохиог алсын зайны үнсэлт илгээсэн гэж ойлгосон гэхээр нь гараа огцом өргөсөн нь тэгж харагдсан юм байхдаа уучлаарай гэхэд за би уучиллаа гээд л өнгөрсөн. Гэтэл уг дохиог бэлгийн дарамт гэж компанийн зүгээс ажлаас халах үндэслэл болгосон нь хэт туйлширсан, харин ч бүр ялгаварласан гэж үзэхээр үйлдлийг хийсэн гэж үзэж маш их гомдолтой байна. Иймд үндэслэлгүй халсныг тогтоолгож, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Трансвест Монголиа” ХХК нь нэхэмжлэгч Э.Ттэй 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, сэлбэг нийлүүлэлтийн хэлтэст агуулахын ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажиллуулсан. Тэрээр 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн компанийн үндсэн ажилтан болсон. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сэлбэг нийлүүлэлтийн хэлтсийн ажилтан Э.Энэрэлээс “...ажлын байран дээрээ ёс бус үг, үйлдэлд өртөж байгаа тухай” агуулга бүхий гомдлыг компанид гаргасан. Ажилтны тухайн гомдлын дагуу компанийн хүний нөөцөөс шалгалт явуулсан. Тус шалгалтаар нэр бүхий дөрвөн ажилтан гомдол гаргагч ажилтан Э.Энэрэлийг зүй бус үгээр хэлж, түүний биед нь удаа дараа хүрч байсан нь нотлогдсон. Эдгээр ажилчдын нэг нь нэхэмжлэгч Э.Т юм. Компанийн зүгээс уг асуудлыг шалгахдаа холбогдох ажилтан болон гомдол гаргагчтай уулзаж, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн. Компанийн хүний нөөцөөс нэхэмжлэгч Э.Тд ажилтан Э.Энэрэлийн гаргасан гомдлын агуулгыг танилцуулж, энэ тухай түүнтэй ярилцсан. Тухайлбал, тухайн дөрвөн ажилтнууд ажилтан Э.Энэрэлийн биеийнх нь эмзэг хэсгүүдээр хүрэх, бэлгийн ёс бус үг хэллэг хэлэх, түүнийг хөгжлийн бэрхшээлтэй буюу сонсголын аппарат зүүдгийг нь далимдуулж ёс бус үг хэллэгийг сонсохгүй байгаа гэж бодон тохуурхаж ойр ойрхон удаа дараагийн давтамжтайгаар ёс бус үг хэлж, биед нь хүрдэг байсан нь нотлогдсон. Компаниас эдгээр ажилтнуудын гурван ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсны нэг нь Э.Т юм. Иймээс компанийн зүгээс Э.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Үлдэх нэг ажилтанд сахилгын бусад шийтгэлийн төрлийг ногдуулсан. Нэхэмжлэгч Э.Т нь дээрх үйлдлийг гаргаснаар компанийн Ёс зүйн дүрмийн GV.1.05-ийн 3.5, 3.82.18 дахь хэсэг, Хүндэтгэлтэй ажлын байр, HR 1.03-ийн 5.2.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.12.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн учир түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.1.4, 10.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгч Э.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Трансвест Монголиа” ХХК-д холбогдох, үндэслэлгүй ажлаас халсныг тогтоолгох, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Э.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс Э.Т нь хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн тул түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба өөрийн татгалзлаа нотлох үүднээс ажилчидтай уулзсан уулзалтын тэмдэглэлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч Э.Т, Хүний нөөц, Бизнес үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул, хүний нөөцийн хэлтсийн дарга М.Батсайхан, бичиг хэргийн ажилтан С.Мөнхцэцэг нарын оролцсон уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэгч Э.Т “....тухайн үедээ зүгээр тоглоод тэгсэн, нэг удаа надаас яагаад ингээд байгаа юм бэ гэхээр нь би хоёр охинтой болохоор зүгээр өхөөрдөөд тэгсэн юм Э.Энэрэл дахиад битгий тийм үйлдэл гаргаарай гэхэд “за уучлаарай гээд дахиад тэгээгүй, ийм хүндээр тусна гэж бодсонгүй” гэсэн тайлбарыг гаргаж байжээ. Дээрхи бичгийн баримтуудыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хиймэл шүдтэй учир амаа эвгүй хөдөлгөөд байдаг. Үүнийг Энэрэл буруугаар ойлгосон байх”, гэрч Э.Энэрэлийн “.... Тэмүүлэн надруу хандаж хоёр ч удаа эвгүй үйл хөдлөл хийж намайг эвгүй байдалд оруулсан, надаас ямар ч уучлалт гуйгаагүй” мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгч Э.Тг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна хэмээн дүгнэн шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа үүсээд байгаа асуудал бол агуулахын ажилтан Э.Энэрэлээс түүнтэй хамт ажилладаг 4 нэр бүхий ажилтан түүнд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэдэг талаар компанид бичгээр гомдол гаргасан. Уг гомдлын дагуу нэр бүхий 4 ажилтанг шалгахад Э.Энэрэл гэх ажилтанд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн нь шалгалтаар нотлогдсон гэх ч ийнхүү шалгалт хийсэн болон Э.Тд холбогдуулан гаргасан гомдол ч байдаггүй. Харин Э.Тэмүүлэлд холбогдуулан гаргасан гомдлын дагуу хамтран ажиллаж байсан Батмөнх болон гомдол гаргагч Э.Энэрэл нартай уулзалт зохион байгуулсан хэдий ч бараа тоологч албан тушаалтай Э.Энэрэлийн гаргасан гомдлын дагуу Э.Ттэй биш харин Э.Ттэй уулзсан гэх тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн байдаг. Э.Тд ажлаас халах тушаалыг л өгсөн болохоос ямар нэгэн байдлаар танилцуулж уулзалт хийсэн гэж үзэх боломжгүй, учир нь танилцуулсан эсхүл байлцуулсан гэх ямар ч гарын үсэггүй байдаг. Хэдийгээр компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд энэхүү үйлдэл нь шууд хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах тухай заасан ч ийм үйлдэл болсон болон шалтгаант нөхцөл, үнэхээр бэлгийн дарамт байсан эсэх үүнээс үүдсэн хор хохирол учирсан талаар нотолсон байх шаардлагатай байтал зүгээр л алсаас сайн уу хэмээн дохисон ийнхүү дохих үед хамт байсан Батмөнх гэх гэрч нь ямар нэг бэлгийн дарамт бүхий үйлдэл байгаагүй талаар, мөн нэг ч удаа ганцаараа байх үед нь харилцаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг огт үнэлээгүй төдийгүй Э.Энэрэл нь Тэмүүлэнд гаргасан дохио нь эвгүй байсан талаар хэлэхэд уучлаарай гэсэн гэж хэлсэн талаар баримт байсаар байхад огт уучлал гуйгаагүй мэтээр шүүх дүгнэлтдээ тусгасан зэрэг нь хэргийг тал бүрээс нь, бүрэн дүүрэн, бодитоор судалж үзсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Т.М ХХК-д холбогдуулан үндэслэлгүй халсныг тогтоолгож, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Э.Т нь Т.М ХХК-д анх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс Сэлбэг нийлүүлэлтийн газарт агуулахын ажилтнаар томилогдон ажиллаж, улмаар Т.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны  5 дугаар сарын 20-ны өдрийн 200520/53 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, компанийн Ёс зүйн дүрэм GV.1.05-ийн 3.5, 3.82.18-р хэсэг, Хүндэтгэлтэй ажлын байр HR 1.03-ийн 5.2.6-р хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.12.2-р хэсэг, №45/008/20 тоот Хөдөлмөрийн гэрээний 10.1.4, 10.1.7-д заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх 6-12/

Байгууллагын дотоод журмын “Ёс зүйн дүрэм” GV.1.05-ийн 3.82.18-д Бэлгийн дарамт гэдэг нь ахлах, удирдах албан тушаалд буй этгээд нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэл болон үйлдлээр илэрхийлэх, бэлгийн сэдлийг зөвшөөрөх нь ажилтан ажлаа хадгалж үлдэх, албан тушаал дэвших болон хийсэн ажлаа сайнаар үнэлүүлэх нөхцөл болох зэрэг үйлдэл юм. Үүнд бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, улмаар сэтгэл санааны хувьд хохироох үр дагавар бүхий дайсагнасан эсхүл доромжилсон орчинг ажлын байранд бүрдүүлэх явдал орохоор тодорхой заажээ. Гэвч нэхэмжлэгч Э.Тгийн хувьд  Э.Энэрэл гэх ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

Хэргийн 25 дугаар талд авагдсан “Уулзалтын тэмдэглэл”-д Э.Энэрэл “... Э.Т холоос харчихаад үнсмээр байна гэж байгаа юм шиг эвгүй үйлдэл гаргасан ...” энэ үйлдэл нь надад эвгүй байдаг, таалагддаггүй гэж хэлэхэд “...Э.Т за за ойлголоо, би хоёр охинтой болохоор рефлэксээрээ тэгчихлээ...” гэсэн агуулгаар тайлбарласан.  Нэхэмжлэгчийн энэ үйлдлийн талаар гэрч Б.Баянмөнх “...  бид хоёрыг тооллого хийж байхад гараараа далласан зүйл байгаа, өөр ёс бус үйлдэл гаргаж байсныг мэдэхгүй..”. гэжээ./хх25,96/

Дээрх үйлдлийг шууд бэлгийн дарамт үзүүлэх зорилготой үйлдэл хийсэн, “Ёс зүйн дүрэм”GV.1.05-ийн 3.82.18, хөдөлмөрийн гэрээ /стандарт нөхцөл/-ний 10.1.4, 10.1.7-д заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байхаас гадна нэхэмжлэгч нь бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” талаар зохицуулсан.

Анхан шатны шүүх ажилтны гаргасан гэх зөрчил эргэлзээгүй тогтоогдсон эсэх, уг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл байгаа эсэхэд хуульд нийцүүлэн дүгнэлт өгч чадаагүй алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

“Трансвест Монголиа” ХХК-ийн захирлын нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан тушаалын үндэслэлд заагдсан ноцтой зөрчил гэх үйлдлүүдийг ажилтан гаргасан талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй. Тухайлбал, бэлгийн дарамт үзүүлсэнтэй холбоотой байгууллага дээр үүссэн нөхцөл байдал, бусад этгээдүүдийн хийж байсан үйлдэл, үүнтэй холбоотой гаргасан ажилтан Э.Энэрэлийн гомдолд Э.Тг анх дурдаагүй байсан нөхцөл байдлуудаас үзэхэд Э.Тг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, байгууллагын зүгээс шалгаж тогтоосон болох нь тодорхойгүй. Хариуцагч байгууллагын нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч Э.Тг “Трансвест  Монголиа” ХХК-ийн агуулахын ажилтаны ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7 108 400 төгрөг /1 563 848: 22 = 71 084 х 100 хоног/-ийг хариуцагч “Трансвест Монголиа” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус нийцнэ. Ажилгүй байсан хугацааг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 100 хоногоор тогтоох бөгөөд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн сүүлийн 3 сарын дундаж цалин 1 563 848 төгрөгөөс тооцсон болно. /хх- 4/

Ажилтныг ажилд нь эгүүлэн томилсонтой холбоотойгоор түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийлгэхийг “Трансвест Монголиа” ХХК-д даалгавал зохино. Харин нэхэмжлэгчийн үндэслэлгүй халсныг тогтоолгох нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул тусад нь нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэх шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/02313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тг “Трансвест Монголиа” ХХК-ийн агуулахын ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 108 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “...дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч “Трансвест Монголиа” ХХК-аас 513 370 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                                                 ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                          Б.НАРМАНДАХ