Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02046

 

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй                                                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02217 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-д холбогдох

Автомашины үнийн үлдэгдэл 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сард 70-53 УНЭ улсын дугаартай Тоёота альфард маркийн автомашиныг Б.Г- нь Ц.Сонгуулиар 14 000 000 төгрөгөөр заруулахаар харилцан тохиролцсон. Ц.С- Да хүрээ зах орж үзлээ, Тоёота альфард маркийн автомашины үнэ буурч 12 000 000 төгрөгөөр зарах боломжтой талаар хэлсэн. Иймд Б.Г- нь 12 000 000 төгрөгөөр зарахыг хүлээн зөвшөөрч Ц.С-д итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн үндсэн дээр Тоёота альфард маркийн автомашиныг зарах гэж байгаа талаараа Ц.Гэрэлнямын нөхөр Н.Төгөлдөртэй ярьсан боловч хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаараа мэдэгдээгүй. Б.Г-ын автомашиныг цэнхэр өнгийн суудлын автомашинаар сольж хашаанд нь авч ирсэн. Тус автомашиныг авахгүй гэж мэдэгдэж буцааж өгсөн. Тоёота альфард маркийн автомашины үнийг нэхэхэд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн дансаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Ц.С- үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сард өгнө гэж хэлсэн боловч огт утсаа авахаа больсон. Энэ асуудлаар Б.Г- цагдаагийн байгууллагад хандахад иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаан байна, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэх хариу өгсөн учир 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад Ц.С- оршин суух хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс шалтгаалж Ц.Сонгуулийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон. Иймд Тоёота альфард маркийн автомашиныг худалдсан төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг Ц.Сонгуулиас гаргуулж өгнө үү гэжээ. 

 Хариуцагч Ц.С- шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г-ын нөхөр над руу утасдаж машинаа зармаар байна эсвэл борлуулалтад явуулах орж ирсэн машинаар сольж өгөөч гэж гуйсан. Бид хоорондоо тохиролцоод 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Г- нь надад итгэмжлэл өгч миний бие тухайн үед машин нь бэлэн мөнгөөр зарагдахгүй байсан тул тохирсон ёсоор 10 500 000 төгрөгийн үнэтэй орж ирсэн машин Ниссан Вингроод машин болгосон. Би сонгосон машинаа гэрт нь ааваачиж үзүүлсэн. Үзүүлэхэд Б.Г-ын нөхөр Н.Төгөлдөр хүлээн авч, болж байна сайхан машин байна гээд зөвшөөрөөд гар бариад хашаандаа оруулсан. Төд удалгүй Б.Г- хэл ам хийсэн. Тэдний хашаанд 2 хоноод би машиныг очиж авсан. Би зарах гэтэл зарагдахгүй цаг хугацаа орох байсан. Гэтэл Б.Г- байнга залгаж хэм амаар доромжилж мөнгө нэхсэн. Тэгэхээр нь “Нэткапитал” ББСБ-д 6 000 000 төгрөгөөр явдгаар барьцаанд тавиад 6 000 000 төгрөгийг Б.Г-ын данс руу шилжүүлсэн. Зээл, зээлийн хүүг би төлж явсан. Миний бие Б.Г-, нөхөр Н.Төгөлдөр хоёрын хооронд зөрчилдөөнөөс болж зээл төлөх болж 2020 оны 3 дугаар сарын сүүлээр 8 200 000 төгрөгөөр зарсан. Зээлээ нөгөө хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд Б.Г-ын нэхэмжилж байгаа 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 200 000 төгрөгийг зөвшөөрч төлөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Сонгуулиас 5 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сонгуулиас 102 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайханы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.С- нь нэхэмжлэгч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан учир Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу түүний хийсэн хэлцдийн үр дагавар, эрх, үүрэг нь төлөөлүүлэгч Б.Г-д шууд шилжсэн. Ц.С- арилжиж авсан автомашиныг гэрт нь хүргэж өгөхөд нэхэмжлэгчийн нөхөр Б.Төгөлдөр гэртээ хүлээж авсан. Энэ нь арилжсан автомашин нэгэнт Б.Г-ын нөлөөллийн хүрээнд орсон, Ц.С- нь “Тоёота альфард” маркийн автомашиныг арилжих үүргээ биелүүлж тэдгээрийн хоорондын үүргийн харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар нэгэнт дуусгавар болсныг илтгэдэг. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт дуусгавар болсон үүргийн харилцаатай холбоотой буюу “Тоёота альфард” маркийн автомашиныг худалдах ёстой үнийн дүнгийн үлдэгдэл гэх 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай байсан. Нөгөө талаас хариуцагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд автомашиныг арилжих сонголт хийж, “Ниссан вингрөүд” маркийн автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзэхдээ талуудын маргаангүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Ц.С-д холбогдуулан “Тоёота альфард” маркийн автомашинын үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 2 200 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч Ц.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г-, түүний нөхөр Б.Төгөлдөр нарын хүсэлтийн дагуу тэдний өмчлөлийн 70-53 УНР улсын дугаартай “Тоёота альфард” маркийн автомашиныг худалдах, эсхүл өөр автомашинаар солихоор тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна /хх-ийн 6 /

 

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Г- итгэмжлэл үйлдэн автомашиныг худалдах, бэлэглэх, арилжих, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэл хийх бүрэн эрхийг хариуцагч Ц.С-д олгосон байна. /хх-ийн 6 /

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд даалгавар гүйцэтгэгч  Ц.С- нь “Тоёота альфард” маркийн автомашиныг борлуулсан орлогын зохих төлбөрийг нэхэмжлэгчид  шилжүүлэх, арилжсан бол арилжсан зүйлийг болон зөрүү гарсан тохиолдолд үнийн зөрүүг нэхэмжлэгч Б.Г-д шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь итгэмжлэлээр 70-53 УНР улсын дугаартай “Тоёота альфард” маркийн автомашиныг худалдахаас гадна, арилжих эрх олгогдсон тул уг автомашиныг 10 500 000 төгрөгийн үнэтэй “Ниссан Вингроод” маркийн автомашинаар сольж, нэхэмжлэгчийн хашаанд хүргэж өгснөөс гадна автомашин арилжсаны  зөрүү үнэ 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.  Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар даалгаврын гэрээний дагуу эд зүйл хүлээн авсан даалгавар гүйцэтгэгч нь тухайн эд зүйлийг захиран зарцуулсантай холбоотой олсон орлогыг даалгавар өгөгчид буцааж өгөх  үүрэгтэй бөгөөд уг үүргээ дээрх байдлаар биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч Б.Г-  нь Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй атал “Тоёота альфард” маркийн автомашиныг буцаан авахаар шаардаж, 1 000 000 төгрөгийг Ц.С-д буцаан өгсөн үйл баримт мөн зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Улмаар хариуцагч “Ниссан вингроод” маркийн автомашиныг 8 200 000 төгрөгөөр худалдаж, 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон. Иймд уг автомашиныг худалдсанаас олсон орлого 2 200 000 төгрөг, өмнө өгөх ёстой байсан 1 000 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөөс олсон орлого гэж буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин шүүх зохигчийн хооронд үүссэн тухай маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан нь буруу байна.

 

Даалгаврын гэрээний хүрээнд хариуцагч Ц.С- нь нэхэмжлэгчийн автомашиныг өөр маркийн машинаар сольж авсан зөрүүг 1 000 000 төгрөг, түүнчлэн уг автомашиныг худалдаж олсон орлогыг Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар даалгавар өгөгч буюу нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул  шийдвэрт өөрчлөлт  хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02217 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Сонгуулиас 3 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “102 950” гэснийг “66 150” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайханы  төлсөн 102 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                  Н.БАТЗОРИГ