Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0853

 

2017 оны 12 сарын 05 өдөр

  Дугаар 221/МА2017/0853

 Улаанбаатар хот

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор, 5285088 /таван сая хоёр зуун наян таван мянга наян найман/ төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглээгүй, хууль тогтоомж, ажлын байрны чиг үүргээ зөрчсөн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

1. Баянтоорой сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Б-ийн хууль, тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг нягталж шалгаагүй.

2. Баянтоорой сургуулийн захиралаар ажиллаж байсан Б.Б нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд /20.2.14. суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, 20.2.15. сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих/ заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Энэ талаар холбогдох байгууллагуудын баримтуудыг хэрэг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хүүхэд зодсон байрын багш Ц.П тухайн зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байхад энэ зөрчилд нь холбогдуулан сургуулийн захиралыг ажлаас чөлөөлөх буюу хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна” гэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Баянтоорой сургуулийн захиралаар ажиллаж байсан Б.Б нь Ц.П-ийн удаа дараагийн үйлдлээр хүүхдийн эрхийг зөрчиж байхад албан тушаал дэвшүүлэн байрны багш болгосон. Үүний улмаас дахин зөрчил гаргаж хүүхэд зодож, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал дээр ажлаас нь чөлөөлсөн боловч хэлбэр төдий буцаагаад ажилд нь авсан нь хүүхдийн эрхийг зөрчих нөхцөл, боломжийг дахин бүрдүүлж байгаа нь хууль зөрчсөн, ямар нэгэн ашиг сонирхолтой байгааг харуулж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах байтал аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, Б.Б-ийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захиралын ажилд эргүүлэн тогтоох нь зүйтэй байна гэсэн нь ойлгомжгүй, ямар зүйл, заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

3. Төсвийн тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл /20.2.4. сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориуцлалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх, 20.2.5. сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах/-д заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, 2014, 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг харгалзан үзээгүй.

4. Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж аймгийн Засаг даргын 2017 оны захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан, мөн 2017 оны 01-04 сарын хугацаанд Шилэн дансны хуулийг хангалтгүй хэрэгжүүлэх байсан талаар Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргад ирүүлсэн санал зэргийг харгалзан үзээгүй.

5. Сургуулийн захиралаар ажиллаж байхдаа 1996 онд тэтгэвэрт гарсан хүнд 2014 онд 19000000 /арван есөн сая/ төгрөгийн тэтгэмж олгож байсан нь Боловсролын тухай, Төсвийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байсан байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл, түүнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар хариуцлага тооцож сануулах арга хэмжээ авсан ...хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль дээр нь хүүхдийн эрх зөрчигдөх, багш ажилчид хүүхдүүдийг зодох байдал удаа дараа гарсан ...энэ үйлдэлд нь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлсөн ...аймгийн Аудитын газрын 2014, 2015, 2016 оны тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчилд албан шаардлага, акт байгаа ...Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй ...” сургуулийн дотуур байрны багш нь хүүхэд зодож, ноцтой зөрчил гарч хүүхдийн эрх зөрчигдсөн ...сургуулийн сурагч нас барсан ...сум орон нутгийн иргэдээс аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт ирсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн..., хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг нягталж шийдвэрлээгүй ...санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг харгалзан үзээгүй...” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.   

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14, 20.2.15, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн “хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих эрхийг удаа дараа зөрчсөн” гэж буруутгаж нэхэмжлэгч Б.Б-ийг Баянтоорой тосгоны сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамж үндэслэл бүхий болоогүй байна. 

Маргаан бүхий актад Төсвийн тухай болон, Шилэн дансны тухай хуулиудыг баримтлаагүй, энэ талаар зөрчил дутагдал гаргасан гэж заагаагүй атлаа хариуцагч талаас “...аймгийн Аудитын газрын 2014, 2015, 2016 оны тус сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчилд тавигдсан албан шаардлага, акт байгаа, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй тул Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн. Иймээс ажлаас чөлөөлсөн захирамжийн 1 дэх заалтад “...хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ...” гэж зааж ажлаас чөлөөлсөн гэх агуулга бүхий тайлбар гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:”, 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж, мөн хуулийн 25.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:”, 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж хуульчилснаас үзвэл тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг байдлаар зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “...тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтан сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа боловсролын газрын санал үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг тус тус үндэслэж шийдвэр гаргахаар байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Б-ийн 2016 оны “Үр дүнгийн гэрээ”[1] “А” буюу маш сайн /95 %/ гэж дүгнэгдсэн, Баянтоорой тосгоны сургууль Ерөнхий боловсролын сургуулийн “2015 оны ажлын үнэлгээ[2]”-ээр 28 сургуулиас нийт 77.6 оноогоор 3 дугаар байрт, 2016 оны ажлын үнэлгээ[3]-ээр нийт 84,8 оноогоор 1 дүгээр байрт орсон, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудын 2015 оны үр дүнгийн гэрээний үнэлгээ[4] 97 хувь гэж үнэлэгдсэн, Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Улирлын мөнгөн урамшлын хэмжээ батлах тухай” А/58 дугаар тушаалын хавсралтаар[5] Баянтоорой сургуулийн захирал Б.Б-ийн ажлыг 93 хувь гэж дүгнэж, улирлын мөнгөн урамшлыг 45 хувиар, 2017 оны 1 дүгээр улирлын ур чадварыг 84 хувь гэж дүгнэж 20 хувиар ур чадварын нэмэгдлийг бодож олгосон, Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Улирлын мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох тухай” А/18 дугаар тушаалын хавсралтаар[6] Б.Б-ийн улирлын мөнгөн урамшлыг 45 хувиар, ур чадварыг 25 хувиар тус тус тооцож олгосон зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б-ийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг байдлаар зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн “...Баянтоорой тосгоны малчин Шийхэрийн Байгаль гэдэг хүнээс аймгийн Засаг даргад өргөдөл ирүүлснээр хуульд заасан арга хэмжээг авч холбогдох мэргэжлийн байгууллагад албан бичиг хүргүүлж, сургуулийн үйл ажиллагааг шалгахаар аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар гэсэн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг очиж шалгахад хүүхдийн эрхийн зөрчил гарсан нь тогтоогдсон, сургуулийн дотуур байрны багш нь хүүхэд зодож, ноцтой зөрчил гарч, хүүхдийн эрх зөрчигдсөн нь Б.Б-ийн хариуцлагатай шууд холбоотой...” гэж тайлбарлан нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...сургуулийн дотуур байрны багшийн хүүхэд зодсон асуудлыг ...нуун дарагдуулсан зүйл байхгүй, хариуцлага тооцоод ажлаас нь хүртэл чөлөөлсөн ...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянтоорой тосгоны дунд сургуулийн байрын багш Ц.П-ийн “2016 оны 12 дугаар сарын 19-ний орой удаа дараа хүмүүжлийн зөрчил гаргаж, багш, жижүүр, сургуулийн зүгээс тавьсан шаардлагыг үл тоосон гэж сурагч Б.Г, 8а ангийн сурагч П, 8а ангийн сурагч У, 7а ангийн сурагч Д нарыг зодсон” гэх зөрчилд холбогдуулан сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар тус багшид “3 сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг авсан болох нь тогтоогдсон байна.  

Гэтэл дотуур байрын багшийн дээрх үйлдэлтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гэгээт багийн малчин Шийхэрийн Байгаль гэх иргэнээс аймгийн Засаг даргад хандаж “...тус тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын эрх зөрчигдсөөр байна ...” гэх агуулга бүхий өргөдөл ирүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Асуудлыг шалгаж хариу ирүүлэх тухай” 5/05 дугаар албан бичгийг Аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт хүргүүлжээ.

Аймаг дахь Цагдаагийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37/119 дүгээр албан бичгээр “Цогт сумын Баянтоорой тосгоны иргэн Ш.Байгалиас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох шалгалтыг хийхэд дотуур байрны багш Ц.П нь дотуур байрны сурагчдыг “шаардлага биелүүлээгүй байна” гэх шалтгаанаар алгадаж, зодсон болох нь тогтоогдсон боловч зодуулсан гэх сурагчдад гэмтэл тогтоогдоогүй, уг асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн” гэж хариу мэдэгдсэн байх бөгөөд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Багшийн ёс зүйн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар албан бичиг[7] -ээр “...Ц.П нь багшийн ёс зүйн дүрмийн 2.1.3, 2.1.4, 2.1.7, 2.2.2, 2.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Аймгийн багшийн ёс зүйн зөвлөл хэлэлцээд багшаар ажиллах эрхийн болон багшлах эрхийн үнэмлэхгүй, ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг давтан зөрчиж байсан зэргээс үндэслэн цаашид хүүхэдтэй ажиллах боломжгүй...” гэх дүгнэлт гарч хүргэгдсэнээр Баянтоорой тосгоны дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар “Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.4, 2.1.7, 2.2.2, 2.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон” гэх үндэслэлээр дотуур байрын багш Ц.П-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдсон байх тул “хүүхэд зоддог багшид хариуцлага тооцох ёстой байсан...” гэх нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон тусгай зарчим, журамд нийцсэн байхаас гадна тухайн харилцааг буюу энэ тохиолдол хөдөлмөрлөхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан зарчим, журамд нийцсэн байх шаардлагатай.

Хариуцагчийн “дотуур байрын багш хүүхэд зодсон асуудалд шууд шалтгаант холбоотой” гэж үзэж “суралцагчийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуултийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасантай тус тус нийцээгүй хууль бус байх бөгөөд хууль бус тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хавтаст хэрэгт аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллээ 2016 оны 04 дүгээр сараас 12 дугаар сард байршуулаагүй, хугацаа хоцорч байршуулсан зэрэг удаа дараа зөрчил гаргаж, уг хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа...“ гэх үндэслэлээр Б.Б-т сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн Б/16 дугаар захирамж авагджээ.

Тус захирамжийг нэхэмжлэгч Б.Б “хариуцагчийн тайлбартай танилцахдаа мэдсэн” гэж тайлбарласныг хариуцагчаас баримтаар няцаагаагүйн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/22 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиуд, дээрх Б/16 дугаар захирамж дурдагдаагүй, нэхэмжлэгчийг шилэн дансны мэдээлэл, төсвийн хөрөнгө захиран зарцуулах үүрэгтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Төсвийн тухай хууль ...заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, 2014, 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг харгалзан үзээгүй, Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын 2017 оны захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан, 2017 оны 01-04 сарын хугацаанд Шилэн дансны хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байсан талаар Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргад ирүүлсэн санал зэргийг харгалзан үзээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ