Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Б.Б  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Аймгийн Засаг дарга С.Г холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий хэргийг  2017 оны 08 дугаар сарын 24-ний  өдөр шүүгч Б.Саранчимэгээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гуравдагч этгээд Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Бүрэнтогтох нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цогт сумын Баянтоорой багийн  бага сургуульд 1988-1989 онд багшаар, 1989-1990 онд бага сургуулийн эхлэгчээр, 1990-1996 онд Баянтоорой 8 жилийн сургуулийн багшаар, 1996-2017 онд Баянтоорой тосгоны сургуулийн захирлаар  29 жил тус сургуульд тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ажлаа шаардлагын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан. Сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтонд сургуулийг багш, ажилтнаар хангах, багш ажилчдыг сонгон шалгаруулалтаар ажилд томилох, чөлөөлөх гэсэн асуудал байдаг. Манай хамт олон шинээр сургууль төгсөж ирж байгаа хүмүүсээ хүн болгож авах гэж бид нар их зорьдог. Ажил хийж байгаа хүмүүст алдаа дутагдал байдаг. Санамсаргүй болон санаатайгаар алдаа дутагдал гаргадаг. Хамт олныхоо хурлаар хэлэлцээд арга хэмжээ авсан. Төрлөх сургуульдаа ажиллах саналаа хэлсэн бид нар мэргэжлийн дагуу ажил байхгүй гээд ажилчнаар дотуур байрны жижүүрээр шалгаруулж авсан. Жижүүрийн ажлаа сайн хийж байхдаа санамсаргүйгээр нэг удаа алдаа дутагдал гаргасан түүн дээр нь сануулах арга хэмжээ авсан. Дараа нь ажиллах боломжтой гэж үзээд байрын багш байсан хүн нь шилжсэн тул Пүрэвдоржийг байрын багшаар томилон ажлуулсан байгаа. Дахин зөрчил гаргасан тул багш ажилчдын хурлаар авч хэлэлцээд цалинг 3 сараар хасах арга хэмжээ авсан. Сургуулийн захиргаанд эцэг, эхчүүдээс өргөдөл, гомдол огт ирээгүй. 01 сард ажлын хэсэг ирж ажилласан  бидэнд дүгнэлт гаргаж танилцуулаагүй. Аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Пүрэвдорж, Уранчимэг бид гуравтай уулзсан. *******той садан төрлийн холбоогүй. Хамгийн гол нь залуу хүнийг дэмжиж ажиллахыг бодсон. Аймгийн Засаг даргын сануулах арга хэмжээ авсан захирамжтай өнөө өглөө хэргийн материалтай танилцахдаа үзсэн. Шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбарт Бага дунд боловсролын тухай хуулиас заалт оруулсан байдаг энэ нь багштай холбоотой заалтууд байгаа. 2014 онд Аудитын санхүүгийн хяналт шалгалтаар сайн шалгагдсан. Сургуулиудын үйл ажиллагааг Боловсрол соёлын газраас шалгаж үнэлж дүгнэдэг. 2016 оны жилийн ажлыг үнэлэхэд 1-р байранд шалгарсан байгаа. Суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих энэ заалтуудын тухайд сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаад сар сардаа ажил зохион байгуулагдаад явдаг. Сургуулийг хөгжүүлэх маш том төлөвлөгөө, хөтөлбөр явагдаж байгаа. Пүрэвдоржтой Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа гэрээнд хүүхдэд хяналт тавих, эрүүл аюулгүй орчинд байлгах зэргээр бүх зүйлийг тодорхой тусгаад өгчихсөн. Би байрны хүүхдүүдтэйгээ өдөр болгон уулзаж хоол унд, халаалт дулаан, орчны талаар ярилцдаг.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь нийтдээ улсад 27 жил ажилласан. Мэргэшсэн төрийн албан хаагч, менежер хүн болох нь эндээс тодорхой харагдаж байгаа. Аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар ажлаас чөлөөөлсөн байгаа. Уг захирамжийн чөлөөлсөн үндэслэл болох хуулийн заалтыг нэг бүрчлэн авч үзье гэж бодож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалт нь Засаг даргын захирамж гаргах эрх хэмжээний асуудал байгаа. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 энэ нь аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох тэдгээрийн  үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалт байгаа. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14, 20.2.15 гэсэн заалтууд байгаа 20.2.14.суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, 20.2.15-д сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэсэн ийм заалтуудыг үндэслээд аймгийн Засаг даргын захирамж гарсан. Хариуцагч нь нэхэмжлэлтэй танилцаад 7 заалт бүхий  тайлбар гаргасан байдаг. Сургуулийн дотуур байрны багшийн хүүхэд зодсон асуудлыг Б.Б нь нуун дарагдуулсан зүйл байхгүй хариуцлага тооцоод ажлаас нь хүртэл чөлөөлсөн. Пүрэвдоржийн хүүхэд зодсон нотлох баримт нь *******ийн ажил амьдралаа шийдэх энэ хэрэгт их цугларсан. Хэн нэгэн хүний хариуцлагагүй буруутай асуудлыг тохон халдаах заалт ямар ч хуульд байдаггүй. Тухайн хүнийг ажлаас нь халсныг энд байгаа албан тушаалтнууд нь мэддэггүй. Өргөдлийг Б биш аймгийн Засаг даргад гаргачихсан байхад зөрчил гаргасан болон өргөдөл гаргасан хүмүүстэйгээ уулзаагүй байдаг. Сургуулийн удирдлага эцэг эхийн анхаарал халамж муугаас сургуулийн сурагч нас барсан гэдэг өвчний улмаас нас барсан байгаа. Мэргэжлийн хяналтын даргаас л бичиг авсан байдаг. Уг асуудлыг хариуцсан хяналтын улсын байцаагч нь 1 дүгээр сард Б.Б шалгалттай холбоотой асуудлаар албан бичгээ хүргүүлсэн. Тэр талаараа Боловсрол соёлын газарт мэдэгдсэн байгаа. 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Баянтоорой тосгоны сургуулийн хүүхдүүд хамгийн сүүлд орсон гэдэг. Нотлох баримтаас харахад дунд нь орсон байгаа. Ямар дутагдал байгаа нь тодорхойгүй, удаа дараа хүсэлт ирсэн гэдэг гэтэл Байгальмаа гэх хүний өргөдөл л байдаг. Аймгийн Засаг даргын захирамж хүүхэд зодсон асуудлаар л гарсан. Сахилгын шийтгэл ноогдуулахад хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Хамааралгүй нотлох баримтуудыг  хэрэгт хавсаргасан байгаа. Аудитын газрын албан шаардлагад Б.Б хариуцлага тооц гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Хэрхэн энэ сургуулийг авч явж амжилт гаргаж байсан нь нотлох баримтууд дээр тодорхой байгаа. Үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас дээр 95 хувьтай дүгнүүлсэн байдаг. Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Захирамжийн үндэслэл болоод байгаа суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих тал дээр дэлгэрэнгүй тайлбарыг хийе. Гэмт хэрэг, зөрчил гэдэг ойлголт холбогдох хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, холбогдох албан тушаалтанд эрүүгийн болон захиргааны арга хэмжээ тооцсоноор шийдэгддэг. Сургуулийн захиргаа хүмүүсийн харилцаа зан төлөвт нь байнгын хяналт тавиад явах боломжгүй. Багшийн буруутай үйлдлийг сургуулийн захиралтай холбож тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. Өнөөдөр захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Өргөдөл гаргасан хүнтэйгээ уулзалгүй нөхцөл байдлыг яаж тогтоосон юм бол гайхаж байна. Б.Б гэх хүнийг буруутгахын тулд 2-5 жилийн өмнөх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Б.Б  ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны зардлыг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ..

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаар захирамж, шийдвэрээр хариуцлага тооцож сануулах арга хэмжээ авагдсан нь захирал Б.Б хариуцлагагүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргасан. Баянтоорой тосгоны сургуулийн дотуур байрны багш нь хүүхэд зодож, ноцтой зөрчил гарч, хүүхдийн эрх зөрчигдсөн нь Б.Б хариуцлагатай шууд холбоотой. Сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн анхаарал халамж дутагдсанаас сургуулийн сурагч нас барсан.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/137 дугаар албан бичгээр сургуулийн захирлын хариуцлага сайжруулах талаар албан бичиг ирж, ажлын хариуцлага алдсан ******* сахилга хариуцлага тооцож, эргэж мэдэгдэх шаардлагатай байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын 2016 оны Баянтооройн сурагчдын оноо аймагт хамгийн эцэст орсон. Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.7 дугаар заалтуудыг зөрчсөн. Б.Б захирал хууль зөрчиж, хариуцлагагүй ажиллаж ажлаас чөлөөлөгдөх талаар сум орон нутгийн иргэдээс аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт ирсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар Баянтоорой тосгоны сургуулийн захирал Б.Б үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Үндэслэл нь Б.Б захирал нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль дээр нь хүүхдийн эрх зөрчигдөх, багш ажилчид хүүхдүүдийг зодох байдал удаа дараа гарсан. Энэ үйлдэл дээр нь аймгийн Засаг дарга хариуцлага хүлээлгэж ажлаас нь чөлөөлсөн байгаа. Баянтоорой тосгоны малчин Шийхэрийн Байгаль гэдэг хүнээс аймгийн Засаг даргад өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн дагуу хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан бичиг хүргүүлж Баянтоорой тосгоны сургуулийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар гээд дөрвөн байгууллагын хамтарсан ажлын хэсэг очсон байгаа. Ажлын хэсгийг очиж ажилласан шалгалтаар хүүхдийн эрхийн зөрчил гарсан нь тогтоогдсон. Энэ талаарх байгууллагуудын ирүүлсэн албан бичиг, санал, тоотууд хэргийн материалд байгаа. Б.Б нь ажиллах хугацаандаа хууль зөрчиж чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар холбогдох байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Тухайлбал: Аймгийн Аудитын газрын 2014, 2015, 2016 оны тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчилд тавигдсан албан шаардлага, акт байгаа. Б.Б нь ажиллах хугацаандаа хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй талаар өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан. Тухайлбал: Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй. Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байгаа иймээс нотлох баримтуудыг цуглуулж өгсөн байгаа. Пүрэвдорж нь ямар учиртай хүн юм бэ? ажлаас халж байдаг, эргүүлээд авч байдаг, албан тушаал ахиулж байдаг. 2016 оны 05 сарын 25-нд сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг. Дараа нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр *******ийг дотуур байрны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөөд байрын багшийн ажилд томилсон байдаг. Удалгүй 12 сарын 26-нд сахилгын шийтгэл дахин ноогдуулсан. Удаа дараа хүүхэд зодоод байхад сахилгын шийтгэл ноогдуулаад байлгаад байсан. Хүүхдийн эрхийн төлөө тодорхой арга хэмжээ авдаггүй нь эндээс харагдаж байна. Сургуулийн захирлын хуулиар хүлээсэн үүрэгт байгаа. Тухайлбал: Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14, 20.2.15 гэсэн заалтууд байгаа 20.2.14.суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, 20.2.15. сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих энэ үүргээ сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хэрэгжүүлж ажиллаагүй. Б.Б нь сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил хийгээгүй нь эндээс мөн харагдаж байна. Шилэн дансны хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн байна гээд аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн  байгаа. 2014, 2015, 2016 оны Аймгийн Аудитын газрын санхүүгийн шалгалтаар зөрчил илэрч албан шаардлага хүргүүлж мөн акт тогтоосон.  Ажлын хэсгийн илтгэх хуудас болон бусад нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа.  Төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд Хөдөлмөрийн тухай хуулиар арга хэмжээ авч хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан байдаг. Хариуцлага ярихаар бултаж бусдыг буруутгахаа болих хэрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтонд захирлын хийх ажлыг заагаад өгчихсөн байгаа. Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулиудыг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан. Ямар эрх үүрэгтэйгээ хүртэл мэдэхгүй явж байна. ******* захирал нь ажиллах хугацаандаа 1996 онд сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Баасанжав гэдэг хүнд 2014 онд 19.000.000 төгрөгийн тэтгэмж үндэслэлгүйгээр олгосон байгаа. Захирлын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа Боловсрол соёл урлагын газрын ирүүлсэн Баянтоорой тосгоны сургууль дээр ажилласан илтгэх хуудас байна. Үүнд: Тухайн сургуулийн дотуур байрны жижүүрийн рабортын дэвтэр дээр байсан тэмдэглэлийг баримтжуулж авсан. Дараагаар нь дэвтэр нь алга болсон байдаг. Илтгэх хуудсанд дурдсанаар 2016 оны 12 сарын 19-ний орой байрны сурагчдийг хуралтай гэж цуглуулаад шаардлага биелүүлээгүй гээд Гэрэлт-Од, *******, Уламбаяр, ******* нарыг зодсон байна гэсэн тэмдэглэлийг бичсэн байгаа. Дотуур байрны багш жижүүрийн дүрэм журам нь чанга хүүхдийг бие засуулдаггүй, шаардлагтай үед нойл явуулдаггүй нь улмаас хүүхэд өмдөндөө бие зассан тохиолдлууд удаа дараа гардаг. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх ажил зохион байгуулдаггүй тасагт нь хорьдог. Ийм зөрчлүүд гарсныг илтгэх хуудсанд оруулсан байгаа. Нэг биш удаа дараагийн зөрчлүүд байгаа. Хүүхдийг зодох эрх багшид байхгүй, зоддог багшийг өөхшүүлэх эрх захиралд байхгүй. Сургуулийн захирал нь хүүхдийг зоддог багштай хатуу хариуцлага тооцох ёстой байсан. Өргөдөл дээр хүүхдүүдийг хэрцгийгээр зодож байхад Химийн багшид нь орж хэлэхэд үл оошоож хэл амаар доромжилсон, захиралд нь хэлэхээр очоогүй гэдгийг өргөдөл дээр дурдсан байгаа.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Н.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1994-2002 онд Баянтоорой дунд сургууль, 2002-2004 онд Есөнбулаг сумын 1 дүгээр сургууль, 2004-2008 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг Биологийн багш, 2009-2012 онд тус сургуульд магистр хамгаалсан. 2008 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Баянтоорой тосгоны сургуульд биологийн багшаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Б/23 дугаартай захирамжийн дагуу Баянтоорой тосгоны сургуулийн захирлын үүрэгт ажилд томилогдоод одоог хүртэл ажиллаж байна гэжээ.  

 

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Хамт олны зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хамт олны зөвлөлөөс захирлын асуудлын талаар хурал хийсэн. Хурлын тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байх. Хамт олноос захирлыг үүрэгт ажилд нь ажиллуулах санал гарсан учраас гарын үсэг зуруулж баталгаажуулсан байгаа. Хуралд захирлын нөлөө ороогүй. Хүүхдийн хувьд ангийн дарга нь зохион байгуулж авч өгсөн, нэгтгэлийг би хийсэн. Багийн иргэдээс ажилд нь ажиллуулах хүсэлтүүд ирсэн. Хурлаас гарсан шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Заавал гарын үсэг зур гэж шаардаагүй хүмүүсийн хүсэлтийг л баталгаажуулж зуруулсан.

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Б.Б захирал нь сургалтын орчин хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймагтаа эхний 5-т орж, сургалтын үзүүлэлт тогтмол өссөн дүнтэй байгаа. Б.Б захирал нь хэрхэн яаж ажиллаж байсныг бусад сургуулийн захирлууд, Цогт сумын Засаг даргын Тамгын газрынхан, манай хамт олон мэдэж байгаа. Б.Б захирал нь ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсан удаа байхгүй. Энэ хүний хүчинд манай сургууль 12 жилтэй болсон. Шинэ сургуулийн дотуур байртай болсон мөн улсад хийсэн ажил нь үнэлэгдээд  5.000.000 төгрөгөөр шагнагдаж байсан. Манай сургалт багш нарын ажиллах нөхцөл сурагчдийн суралцах орчин материаллаг баазыг үнэхээр сайн бүрдүүлж өгсөн байгаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

          Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2017 оны 03 дугаар сарын 17-ны 164 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирал Б.Б “Баянтоорой тосгоны сургуулийн байрын багш удаа дараа хүүхэд зодож хэрэг зөрчил гаргаад байхад байрын багшаар ажиллаж байгаа мэдээлэл, ...багшийн ёс зүйн зөвлөлийн өгсөн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй, Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/137 тоот албан бичигт хүүхдийн эрх ноцтой зөрчсөн тухай дурдсан зэрэг дутагдалтай байна” гэсэн ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлсэн .

Аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14, 20.2.15, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих эрхийг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирал Б.Б 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.    

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Б.Б захирал нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль дээр нь удаа дараа хүүхдийн эрх зөрчигдөх, багш ажилчид хүүхдүүдийг зодох байдал удаа дараа гарсан ....Баянтоорой тосгоны малчин Шийхэрийн Байгаль гэдэг хүнээс аймгийн Засаг даргад өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн дагуу хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан бичиг хүргүүлж Баянтоорой тосгоны сургуулийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар гээд дөрвөн байгууллагын хамтарсан ажлын хэсэг очсон байгаа. Ажлын хэсгийн очиж ажилласан шалгалтаар хүүхдийн эрхийн зөрчил гарсан нь тогтоогдсон...” гэжээ.

           Цогт сумын Баянтоорой тосгоны бүрэн дунд сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны багш ажилчдын хурлын тэмдэглэлд дотуур байрын багш ******* нь “...миний бие 8 дугаар ангийн сурагч *******, ******* нарыг өшиглөсөн, Гэрэлт-Од, *******, *******, ******* нарыг алгадсан нь үнэн”, Баянтоорой тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  сахилгын шийтгэл ногдуулсан  Б/48 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дотуур байрын багш *******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дотуур байрын багш *******ийг сургуулийн хүүхэд зодсон, хүүхдийн эрхийг зөрчсөн, багшийн ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.15 “сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих” үүргийн хүрээнд сургуулийн захирал тухайн багшийг ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцсон байна.

         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн зарчмын хүрээнд хүүхэд зодсон дотуур байрын багш ******* тухайн зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байхад энэ зөрчилд нь холбогдуулан сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх буюу хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд зодсон гэх этгээдэд тухайн зөрчилдөө хариуцлага хүлээсэн байна.

 

           Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус  сургуулийн сурагч нь багш эцэг эхийн анхаарал халамж дутсанаас нас барсан гэх зүйл  нотлогдохгүй байх ба тус сургуульд 30 дахь жилдээ ажиллаж байгаа *******гийн гэрчийн мэдүүлэгээс харахад Баянтоорой сургуульд сурч байсан болон одоо суралцаж байгаа сурагчдаас нас барсан асуудал байхгүй харин 2013 оны намар нэг сурагч өвчний улмаас нас барсан гэсэн мэдүүлэгээр дээрх тайлбар няцаагдаж  байна. 

  

         Баянтоорой тосгоны сурагчдын сурлагын дүн муу 2016 онд Баянтооройн сурагчдын оноо аймагт хамгийн эцэст орсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын тухайд тухайн сургууль нь 2016 онд нийт 28 сургуулиас 681  оноогоор 45 хувийн гүйцэтгэлтэй 18 дугаар байранд орж байсан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн тухайн сургуулийн хамт олны амжилтуудаас харахад Баянтоорой тосгоны сурагчдын сурлагын амжилтыг хангалтгүй муу гэж үзэхээргүй байна.    

 

         Аймгийн Засаг даргад “малчдын төлөөлөөс Гэгээт багийн малчин эх Шийхэрийн Байгаль” өргөдөл гаргасан боловч тухайн иргэнийг шүүх хуралдаанд гэрчээр асуухад “Шийхэрийн Дугармаа, 1982 оны 05 сарын 20-нд төрсөн, Ам бүл 4, Цогт сумын Гэгээт багт малчин, РД: ***********, ... намайг бага байхад л аав, ээж маань Байгаль гэж дууддаг байсан, Шийхэр гэдэг овогтой хүн манай ааваас өөр хүн байхгүй, миний өмнөөс өөр хүн өргөдөл бичсэн байж магадгүй” гэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах байтал аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, Б.Б Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор 5285088 мянган төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан *******ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 01-03 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-г Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор 5285088 /таван сая хоёр зуун наян таван мянга наян найман/ төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ