Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01086

 

А.Амарсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1107 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Амарсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Арвин сан тех” ХХК-д холбогдох,

35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Амарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Арвин сан тех” ХХК-тай 2008.9.06-ны өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгдсэн дулаан гарааш бүхий 10 давхар барилгын 1 дүгээр давхарт нийт 216 м.кв үйлчилгээний талбай худалдан авахаар “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 151.200 ам.долларын 58 хувь болох 87.000 ам.долларын төлбөрийг гэрээг байгуулсан өдөр бэлнээр төлсөн. Гэрээ байгуулснаас хойш барилгын ажил нь явагдаагүй, цаашид хийгдэх эсэх нь ч тодорхойгүй байсан тул 2009.4.03-ны өдөр тус компанид хандан гэрээ цуцалж, 87.000 ам.долларыг эргүүлэн авах тухай мэдэгдэл өгсөн. Улмаар 2009.6.25-ны өдөр “Арвин сан тех” ХХК нь “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээний дагуу хүлээсэн үүргээ санхүүгийн байдлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг 2009.7.31-ний өдрийн дотор төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд 2009.8.01-ний өдрөөс эхлэн 0.1 хувийн алданги төлнө” гэсэн баталгаа гаргасан. Тус компаниас авах ёстой төлбөрийн үлдэгдлийг тооцоход 38 689 660 төгрөг болж байсан. Энэ тооцоог тус компанийн захирал Б.Ганбат баталгаа гарган өгч байсан. Ингээд уг төлбөртөө Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Арвин сан тех” ХХК-ийн барьж буй арван давхар барилгын 9 дүгээр давхарт 28 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв-ыг нь 1 000 000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцож, 2011.3.26-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулсан.Энэхүү гэрээг байгуулахад “Арвин сан тех” ХХК байрыг 2011 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна гэж байсан боловч хугацаандаа дуусгалгүй явсаар 2014 оны эцэс гэхэд дуусгасан. 2014.12.11-ний өдөр тус компанийн захирал Б.Ганбатын хүү Г.Бат-Эрдэнэ нь “нийт 28 500 000 төгрөгийг 2015.2.01-ний өдөр төлж барагдуулна. Хэрэв төлж барагдуулаагүй бол Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 36-67 тоот 21 м.кв байрыг А.Амарсайханы нэр дээр шилжүүлж өгнө” гэсэн утгатай бичиг өгсөн. Надад 67 тоот байрыг өгсөн паркетан шал шахах ажлыг хийсэн. Энэ нь 500 000 төгрөг болсон юм. Ингээд хариуцагч байгууллагад холбогдуулан 28 м.кв талбай бүхий орон сууц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл уг байр нь иргэн Н.Алтанзулын өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 1 м.кв талбайг 1.590.000 төгрөгөөр тооцон 28 м.кв талбайтай орон сууцны үнэд 44.545.200 төгрөг гаргуулахаар өөрчилж байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагаасаа 9.458.000 төгрөгийг багасгаж, 35.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.Иргэн А.Амарсайхантай 2008.9.06-ны өдрөөс эхлэн 2009 оны 3 дугаар улирал дуустал хугацаагаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 68 айлын орон сууцны нэг давхрын 216 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 700 ам.доллараар тооцож, нийт 151.200 ам.доллараар бариулах гэрээ байгуулсан. Иргэн А.Амарсайхан нь гэрээ байгуулсан өдрөө 87.000 ам доллар биш харин 94 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн ба Шарга морьтод байрлах нэг айлын зуслангийн газрыг 6 000 000 төгрөгт тооцож, нийт 100 000 000 төгрөгийг өгсөн болно. Гэтэл барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад 2009.3.04-ний өдөр дээрх “Гэрээг цуцлах тухай” болон “Баталгаа” гэсэн нэртэй 2009.4.03-ны өдрийн өргөдлийг авчирч, удаа дараа тулгаж шаардсанаар гарын үсэг зуруулсан. Ингээд Шарга морьт дахь газрыг буцаан олгосон.Үүний дараа би өөрийн хүү Г.Бат-Эрдэнийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, 48а-15 тоот хаягт байрлах 40.61 м.кв талбайтай нэг өрөө байрыг зах зээлийн ханшаар зарж борлуулан тал мөнгийг эргүүлэн төлье гэж хариу мэдэгдэхэд А.Амарсайхан нь удаа дараа гэр орон, оффисийн байранд эрүүл болон согтуу ирж айлган, утсаар шөнө болгон согтуу залгах, гэрийн хаалгыг удаа дараа балбаж гэр бүлийнхнийг минь айлгах зэргээр дарамталсаар байгаад тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур үнээр буюу 37 500 000 төгрөгөөр тооцож дээрх нэг өрөө байрыг 2009.9.28-ны өдөр гэрээ бичүүлж авсан. Ингээд манай компани иргэн А.Амарсайханд нийт 100 000 000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан. 2011 оны сүүлээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 айлын орон сууцны карказны ажил дуусах шатандаа явж байх үед А.Амарсайхан гэр орон, оффиссын байраар удаа дараа ирж долларын ханшны зөрүүний ашиг авна гэсэн утгагүй үндэслэлгүй шаардлага тавьж сүрдүүлсэн. Балмад үйл ажиллагаа байнга явуулж байсан тул аргагүйн эрхэнд Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 айлын орон сууцны барилгаас 28 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц авна гэсэн тулгалтаар 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээ хийлгэсэн.Энэ гэрээний дагуу ямар нэгэн төлбөрийг бодитоор шилжүүлээгүй. А.Амарсайханаас ам.доллар авч байгаагүй. А.Амарсайхан нэмж 28 м.кв талбай бүхий 1 өрөө байрны м.кв-ыг 1 590 900 төгрөгөөр үнэлж нийт 44 545 200 төгрөг нэхэмжилж байгаа нь шүүхэд хандан мөнгө авах гэсэн санаархал илэрхий харагдаж байна. Түүнчлэн А.Амарсайхан 40.61 м.кв байрыг иргэн З.Аззаяад 64 000 000 төгрөгөөр зарсан байсан. А.Амарсайхан намайг дарамталж хямд үнэтэй байр авч цааш өндөр үнээр зарж ашиг олж болдог гэсэн ойлголтоор дахин 28 м.кв орон сууцны үнийг шүүхийн замаар өсгөж мөнгөтэй болох санаархал байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар “Арвин сан тех” ХХК-иас 28 000 000 төгрөгийг гаргуулж, А.Амарсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Амарсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 626 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Арвин сан тех” ХХК-иас 297 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Амарсайханд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1107 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.Амарсайханы хариуцагч “Арвин сан тех” ХХК-д холбогдуулан гаргасан 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын төлсөн 298 000 төгрөгийг буцаан олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч А.Амарсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт хийсэн шийдэл болсон гэж үзэж байна. ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “Анхан шатны шүүх ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ. Харин ч давж заалдах шатны шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.Тухайлбал, хэрэгт авагдсан 2008.9.06-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, 2009.6.25-ны өдрийн “Баталгаа”, 2011.3.26-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, 2014.12.11-ний өдрийн “Захирамж” зэрэг баримтууд нь маргааны бодит нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлох баримтууд юм.Хариуцагч “Арвин сан тех” ХХК 2011.3.26-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” хүчин төгөлдөр бус эсэхтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд үнэхээр л 28 000 000 төгрөг надад төлөх ёсгүй байсан юм бол яахаараа гэрээндээ төлсөн гэж бичдэг юм бэ, яахаараа 28 500 000 төгрөгийг 2015.2.01-ний өдрийн дотор төлнө гэх зэргээр хариуцагч уг тооцоог хүлээн зөвшөөрөөд байв гэдгийг анхаарсан бол арай ч ийм дүгнэлт хийхгүй байсан болов уу.Хамгийн гол нь талуудын хооронд 2008.9.06-ны өдрийн гэрээний харилцаа үргэлжлээд өнөөдрийг хүрсэн бус уг харилцаа 2009.6.25-ны өдөр дуусгавар болж, мөн өдрөөс төлбөр тооцооны харилцаа болж өөрчлөгдсөн, төлбөр тооцооны харилцаа нь 2011.3.26-ны өдөр дуусгавар болж, худалдах-худалдан авах харилцаа болж өөрчлөгдсөн, одоо бидний маргаан сүүлийн худалдах-худалдан авах харилцааны хүрээнд үүссэн болохыг анхааралгүй хэтэрхий хийсвэр, бодит амьдралд нийцэхгүй шийдэл гаргасан. Тийм ч учраас “Арвин сан тех” ХХК-иас иргэн А.Амарсайхан надад 87000 ам.долларын төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлд тооцогдсон алдангийг бидний хооронд анх байгуулагдсан 2008.9.06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүрэгт тооцсон мэтээр ойлгож “дуусгавар болгосон гэрээний үндсэн үүрэгт алданги тооцон, уг тооцоогоор өөр гэрээний үнэ төлөгдсөн гэж үзэж, хохирол шаардах эрх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн байх юм. Нөгөө талаас шударга ёсны үүднээс авч үзэхэд иргэн хүн барилгын компанид байр захиалж мөнгөө өгчихөөд, мөнгөө 6 жил ашиглуулчихаад, одоо үндсэн мөнгөө л буцааж авсан бол болоо, өөр ямар нэг хариуцлага барилгын компани хүлээх ёсгүй гэж үзэж байгаа нь шударга санагдахгүй байна.Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1107 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч “Арвин сан тех” ХХК-иас 35 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зоригчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хариуцагч “Арвин сан тех” ХХК-д холбогдуулан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах агуулга бүхий нэхэмжлэгч А.Амарсайханы нэхэмжлэлийг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зохигчдын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ захиалагч А.Амарсайханы гэрээнээс татгалзсанаар цуцлагдаж, ажил гүйцэтгэгч “Арвин сан тех” ХХК Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 10 давхар барилгын 1 дүгээр давхарт 216 мкв үйлчилгээний зориулалттай талбайг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн уг гэрээний үнэ болох 151 200 ам.доллараас урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хариуцагч  нэхэмжлэгчид буцаан төлснөөр гэрээний үүрэг, гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагавар дуусгавар болжээ. Нэхэмжлэгч А.Амарсайхан дээрх гэрээний дагуу 94 000 000 төгрөгийг бэлнээр, зуслангийн байрыг 6 000 000 төгрөгт тооцож төлбөрт өгсөн бол хариуцагч “Арвин сан тех” ХХК нь 20 500 000 төгрөг, 5 800 000 төгрөг, 6 200 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 26 000 000 төгрөг, 6 000 000 төгрөг нийт 74 500 000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн баримт хэрэгт авагдсанаас гадна зуслангийн байрыг эгүүлэн өгч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, х\д 48-А байрны 15 тоот, 40,96 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.   

Зохигчид 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээгээр нэхэмжлэгч А.Амарсайхан төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “Арвин сан тех” ХХК-ийг гэрээний зүйл болох 28 500 ам.долларын үнэ бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж үзэхгүй.    

Маргааны үйл баримтын  талаар бүрэн эрхийн дагуу хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

 Орон сууц захиалгаар барих тухай ажил гүйцэтгэх 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний харилцаа 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс төлбөр тооцооны харилцаа болж өөрчлөгдсөн, төлбөр тооцооны харилцаа нь 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болж, худалдах-худалдан авах гэрээний харилцаа болж өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т заасан үүргийг өөр үүргээр сольсноор түрүүчийн үүрэг дуусгавар болдог эрх зүйн нөхцөл талуудын хоорондох харилцаанд үүсээгүй болно.         

Иймд нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1107 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН