Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: "ХХХХ" ХХК-нд холбогдох

 

35.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                  ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                         ХХХХ  

Хариуцагчийн өмгөөлөгч                                             ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                  Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “ХХХХ” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгдсэн дулаан граж бүхий 10 давхар барилгын 1 дүгээр давхарт нийт 216 м.кв үйлчилгээний талбай худалдан авахаар "Орон сууц захиалгаар барих тухай" гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 151.200 ам.долларын 58 хувь болох 87.000 ам долларын төлбөрийг гэрээг байгуулсан өдөр бэлнээр төлсөн. Гэрээ байгуулснаас хойш барилгын ажил нь явагдаагүй, цаашид хийгдэх эсэх нь ч тодорхойгүй байсан тул 2009 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр тус компанид хандан гэрээ цуцалж, 87.000 ам долларыг эргүүлэн авах тухай мэдэгдэл өгсөн. Улмаар 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “ХХХХ”ХХК нь "Орон сууц захиалгаар барих тухай" гэрээний дагуу хүлээсэн үүргээ санхүүгийн байдлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд 2009 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 0.1 хувийн алданги төлнө" гэсэн баталгаа гаргасан. Тус компаниас авах ёстой төлбөрийн үлдэгдлийг тооцоход 38.689.660 төгрөг болж байсан. Энэ тооцоог тус компанийн захирал ХХХХ баталгаа гарган өгч байсан. Ингээд уг төлбөртөө ХХХ дүүрэг, ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт “ХХХХ”ХХК-ийн барьж буй арван давхар барилгын 9 дүгээр давхарт 28 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцож 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахад “ХХХХ”ХХК байрыг 2011 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна гэж байсан боловч хугацаандаа дуусгалгүй явсаар 2014 оны эцэс гэхэд дуусгасан. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн захирал ХХХХ ын хүү ХХХХ нь "нийт 28.500.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулна. Хэрэв төлж барагдуулаагүй бол ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХ тоот 21 м.кв байрыг ХХХ-ны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн утгатай бичиг өгсөн. Надад 67 тоот байрыг өгсөн паркетан шал шахах ажлыг хийсэн . Энэ нь 500.000 төгрөг болсон юм. Ингээд хариуцагч байгууллагад холбогдуулан 28 мкв талбай бүхий орон сууц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл уг байр нь иргэн ХХХХ-ын өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 1 м.кв талбайг 1.590.000 төгрөгөөр тооцон 28 м.кв талбайтай орон сууцны үнэд 44.545.200 төгрөг гаргуулахаар өөрчилж байна юм. Одоо нэхэмжлэлийн шаарлагаасаа 9.458.000 төгрөгөөр багасгаж, 35.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.     

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байхад цуцалсан юм шиг яригдаж байна нэг л орон сууцны талаар яригдаад байна. Эхлээд байрны үнэнд 100.000.000 төгрөг төлөгдсөн гэдэг дээр 94.000.000 төгрөг төлөөд үнээс 6.000.000 төгрөг нь газрын төлбөр юм. 2009 оны 6 сард "ХХХ" ХХК-ийг төлөөлөөд 2009 оны 7 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн байдаг. Хэрвээ 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж чадахгүй бол сарын 0,1 хувийн алданги төлнө гэж заасан. 1 өрөө орон сууц өгсөн. Зуслангийн газар дээр маргаан байхгүй. Бид баталгаанд заасан 0.1%ийн алдангийг 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 94.000.000 төгрөгийн 59 хоногийн алданги 5.546.000 төгрөг, 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 108 хоногийн 6.102.000 төгрөгийн алданги, 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 70 хоногийн алданги 3.780.000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 6 хоногийн алданги 289.000 төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 30 хоногийн алданги 1.260.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 178 хоногийн алданги 5.696.000 төгрөг, нийт 23.573.000 төгрөгийн алданги, төлөгдөөгүй үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нэмж бүгд 29.573.000 төгрөгийн 28.000.000 төгрөгийг байрны 9 давхарт орон сууц авбал 1 м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр тооцно гээд гэрээ байгуулаад тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан боловч энэ биелэгдээгүй гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ”ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иргэн ХХХХ тай 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 2009 оны 3 дугаар улирал дуустал хугацаагаар ХХХХ дүүргийн ХХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 68 айлын орон сууцны нэг давхрын 216 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 700 ам.доллараар тооцож нийт 151.200 ам.доллараар бариулах гэрээ байгуулсан. Иргэн ХХХХ нь гэрээ байгуулсан өдрөө 87.000 ам доллар биш харин 94.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба Шарга морьтод байрлах нэг айлын зуслангийн газрыг 6.000.000 төгрөгт тооцож нийт 100.000.000 төгрөгийг өдрөө өгсөн болно. Гэтэл барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дээрх "Гэрээг цуцлах тухай" болон "Баталгаа" гэсэн нэртэй 2009 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн өргөдлийг авчирч, удаа дараа тулгаж шаардсанаар гарын үсэг зуруулсан. Ингээд Шарга морьт дахь газрыг буцаан олгосон. Үүний дараа би өөрийн хүү ХХХХ-ийн ХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХ тоот хаягт байрлах 40.61 м.кв талбайтай нэг өрөө байрыг зах зээлийн ханшаар зарж борлуулан тал мөнгийг эргүүлэн төлье гэж хариу мэдэгдэхэд ХХХХ нь удаа дараа гэр орон, оффисийн байранд эрүүл болон согтуу ирж айлган, утсаар шөнө болгон согтуу залгах, гэрийн хаалгыг удаа дараа балбаж гэр бүлийнхнийг минь айлгах зэргээр дарамталсаар байгаад тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур үнээр буюу 37.500.000 төгрөгөөр тооцож дээрх нэг өрөө байрыг 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ бичүүлж авсан. Ингээд манай компани иргэн ХХХХ д 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5.800.000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 6.200.000 төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 26.000.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөгүүдийг тус тус цувуулан нийт 56.500.000 төгрөгийг бэлнээр байрыг 37.500.000 төгрөгөөр, Шарга морьт дахь 6.000.000 төгрөгийн газрыг буцааж нийт 100.000.000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан. 2011 оны сүүлээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 айлын орон сууцны карказны ажил дуусах шатандаа явж байх үед ХХХХ гэр орон, оффиссын байраар удаа дараа ирж долларын ханшны зөрүүний ашиг авна гэсэн утгагүй үндэслэлгүй шаардлага тавьж сүрдүүлсэн. Балмад үйл ажиллагаа байнга явуулж байсан тул аргагүйн эрхэнд Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 айлын орон сууцны барилгаас 28 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууц авна гэсэн тулгалтаар 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээ хийлгэсэн. Энэ гэрээний дагуу ямар нэгэн төлбөрийг бодитоор шилжүүлээгүй. ХХХХ аас ам.доллар авч байгаагүй. ХХХХ нэмж 28 м.кв талбай бүхий 1 өрөө байрны м.кв-ыг 1.590.900 төгрөгөөр үнэлж нийт 44.545.200 төгрөг нэхэмжилж байгаа нь шүүхэд хандан мөнгө авах гэсэн санаархал илэрхий харагдаж байна. Түүнчлэн ХХХХ 40.61 м.кв байрыг иргэн ХХХХ-д 64.000.000 төгрөгөөр зарсан байсан. ХХХХ намайг дарамталж хямд үнэтэй байр авч цааш өндөр үнээр зарж ашиг олж болдог гэсэн ойлголтоор дахин 28 м.кв орон сууцны үнийг шүүхийн замаар өсгөж мөнгөтэй болох санаархал байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны гэрээгээр алданги бодогдохгүй. Сүүлийн гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2008 оны үйлчилгээний төв худалдан авахаар захиалсан гэрээ 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Урьдчилгаа төлбөр төлөгдсөн. Захиалагч тал гэрээнээс татгалзсан. Энэ гэрээнээс хойш хугацаа тоологдох ёстой. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. ХХХХ орон сууц худалдаж авсанд Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан гэм хорын асуудал яригдахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар "ХХХ" ХХК-иас 28.000.000 төгрөгийг гаргуулж, ХХХХ д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538.626 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ”ХХК-иас 297.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХ д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ... Зохигч талууд анх 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр "Орон сууц захиалгаар барих тухай гэрээ" байгуулсан боловч 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр захиалагч тал дээрхи гэрээг цуцласан учраас анхны гэрээний урьдчилгаа төлбөрт бэлнээр төлсөн 94.000.000 төгрөгийг төлж барагдуулахын тулд талууд 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Орон сууц захиалгаар барих тухай гэрээ" байгуулж Хан-уул дүүрэгт байршилтай 4 давхарын 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч талд 37.500.000 төгрөгөөр худалдсан бөгөөд 2010 онд нийт 56.500.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн шаардлагаар 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ХХХХ дүүрэгт байршилтай 28 м.кв талбайтай орон сууц өгөхөөр дахин гэрээ байгуулсан боловч 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр сард Хан-уул дүүргийн 40 м.кв талбайтай орон сууцны гэрчилгээ гарсан учраас Баянзүрх дүүргийн орон сууцыг нэхэмжлэгч талд буцаан олгосон үйл явдал бодит байдал дээр болж өнгөрсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл явдлыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад огт дурьдаагүй алдангийн тооцоогоор сүүлд байгуулсан халхавчилсан гэрээний үнийн дүнд дүйцүүлэн тааруулж алдангид тохируулж 28.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа нь нэг талаар нэхэмжлэлийн шаардлага, агуулгад таарахгүй, цаг хугацааны хүчин зүйлийг ялгаж салгахгүйгээр, гэнэт хийсвэрээр хувийн журмаар нэхэмжлэгч талын өмнөөс алданги бодож, орон сууцны төлбөр мэт хувиргаж нөгөө талаар бодит байдлыг мушгин гуйвуулсан илт нэг талыг баримталсан хууль зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр гарсан. Анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн баримтуудыг л харахад нэхэмжлэлтэй холбоотой асуудал 8 жилийн өмнөх үйл явдал байсан гэдгийг үгүйсгэх аргагүй бөгөөд хариуцагч тал бүх төлбөр тооцоог дуусгачихсан байхад нэхэмжлэгч тал урьд нь нэг байр төлбөртөө авчихаад ханахгүй зохиомлоор дахин байр нэхэмжилж байгаа дүр зураг нь нэг талаар бодит байдалд хоёр орон сууцтай болсон байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг зөвтгөх үүднээс шүүх алдангийн тооцоо гэсэн хийсвэр аргачлалаар нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. 2011 оны 3 дугаар сарын 26 өдөр байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэсэн учраас алдангийн тооцоог шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг тооцохдоо 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуусан гэрээнээс алданги тооцож эхэлсэн бөгөөд энэ гэрээний талаар талууд огт маргаагүй байхад шүүгч өөрийн үзэмжээр алданги тооцож байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгч ХХХХ бодит байдалд 28.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй" гэж шүүгч үндэслэлээ тайлбарлаж байгаа мөртлөө 28.000.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар хангаж шийдвэрлэж байгаа нь авцалдаагүй, утгагүй зүйл бөгөөд орон сууцны мөнгийг захиалагч тал огт өгөөгүй байхад гэрээний гүйцэтгэгч тал орон сууц байр өгөх ёстой мэт нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнийг нь шүүх хангаж нэхэмжлэгч талаас огт төлөгдөөгүй, хариуцагчид өгөөгүй мөнгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хууль, шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...ХХХХ миний бие нь 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагч "ХХХ" ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах" тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ХХХ дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгдсэн дулаан граж бүхий 10 давхар барилгын 1 дүгээр давхарт нийт 216 м.кв талбай бүхий орон сууцыг гэрээнд заасны дагуу барьж хүлээлгэн өгөх, захиалагч 1 м.кв талбайг 700 ам.долларт тооцож, нийт 151.200 ам.доллар төлөх бөгөөд гэрээ байгуулахад 58 хувь буюу 87.000 ам долларыг гүйцэтгэгчид урьдчилан төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу уг 58 хувийн төлбөрт 6.000.000 төгрөгийн үнэ бүхий зуслангийн газар, бэлнээр 94.000.000 төгрөг нийтдээ 100.000.000 төгрөгийн төлбөрийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл "ХХХ" ХХК барилгын ажил огт явагдахгүй байсан учраас тус компанийн захирал ХХХХ тай харилцан тохиролцож гэрээг цуцалсан бөгөөд "ХХХ" ХХК миний төлсөн мөнгийг 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор буцаан төлж барагдуулна, хэрэв уг хугацаанд төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0.1 хувийн алданги төлнө гэж тохиролцсон. Гэвч тус компани тохирсон хугацаандаа мөнгийг маань эргүүлэн төлөлгүй, цувуулж төлсөөр 1 жил 8 cap болсон бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөртөө дээрх орон сууцны барилгын 9 дүгээр давхарт байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр болсон. Уг орон сууцыг 2011 оны 4 дүгээр улиралдаа барьж дуусган хүлээлгэж өгнө гэсэн боловч уг хугацаанд барилга баригдаж дуусалгүй 3 жил гаран болсоны эцэст 2014 оны сүүлээр ашиглалтад орсон. Байр ашиглалтад орсоны дараа тус компани "танайд өгөх 28 м.кв талбайтай байр алга байнаа, тиймээс уг байрны 67 тоот, 22 мв талбайтай байрыг оронд нь ав" гэсэн тул уг байрыг арга буюу хүлээн авахад байрны шал нь хийгдээгүй байсан тул шалыг нь яах юм бэ гэхэд чи өөрөө шалыг нь хийлгээд ор гэхээр нь өөрөөсөө мөнгө гарган паркетан шал суулгуулсан. Уг байрыг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн ХХХ-д 35.000.000 төгрөгөөр худалдан мөнгийг маань өгөлгүй алга болсон учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч "ХХХ" ХХК-иас уг байрыг худалдан борлуулсан үнэ болох 35.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн уг үндэслэлд холбогдуулан ямар нэг дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч "ХХХ" ХХК-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 28 м.кв талбайтай орон сууцыг гаргуулан өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 28.м.кв талбайтай орон сууцны үнэд 44.545.200 төгрөг гаргуулахаар өөрчилж, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 35.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.  /хх 2, 63, 103/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэнэ. 

 

Нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагаа “ХХХХ” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээн дээр үндэслэсэн байна. Уг гэрээгээр гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нь ХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, арван давхар барилгын 9 давхарт 28 м.кв талбайтай орон сууцыг захиалагч ХХХХ д хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. /хх 9-11 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “…Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын барилгаас байр авах тухай 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хууль бус гэрээ, энэ гэрээний дагуу мөнгө төлөгдөөгүй” гэсэн үндэслэл зааж тайлбарлажээ. Хэргийн 12 дугаар талд “ХХХХ” ХХК-ийн менежер ХХХХ-ийн “Захирамж” гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байгуулсан гэрээний дагуу 28.500.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлж барагдуулах үүрэг хүлээж байна гэсэн агуулга бүхий бичгийн баримт авагджээ.  

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох талуудын тайлбараас үзэхэд ХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, арван давхар барилын 9 давхарт 28 м.кв талбайтай орон сууцны үнэд 28.000.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, уг үйл баримтад талууд маргаагүй болно.  

 

Иймд талуудын хооронд маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, арван давхар барилын 9 давхарт 28 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу нэхэмжлэгч ХХХХ төлбөр төлөөгүй тул уг орон сууцыг өмчлөх эрх шилжүүлэх үүргээ хариуцагч “ХХХХ” ХХК зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Гэрээний үндсэн үүргийг шаардах, үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан боловч хариуцагч “ХХХХ” ХХК нь өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотойгоор гэрээний үүргээ зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байхад уг үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хохирол төлөх үүрэг үүсэхгүй юм. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийг дуусгавар болгож, 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10 давхар байрны 9 дүгээр давхарт 28 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч “ХХХ” ХХК-иас нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “ХХХХ” ХХК-аас нэхэмжлэгч ХХХХ нь  ХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай арван давхар барилгын 1 давхарт 216 м.кв талбай орон сууцыг худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

 Зохигчид 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Баталгаа” гэсэн гарчигтай барилгын ажил эхлээгүй, санхүүгийн байдлаас болж тодорхой хугацаагаар хойшлогдож байгаа тул ХХХ хүсэлтээр гэрээг цуцалж, барилгад оруулсан 82.700 ам.долларыг 2009 оны 7 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна” гэсэн агуулга бүхий бичгийн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар дээрх худалдах, худалдан авах гэрээ цуцлагджээ.  

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” бөгөөд хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХХХ орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ байрны урьдчилгаа төлбөрт бэлэн мөнгөөр 94.000.000 төгрөг, Шарга морьтод байрлах зуслангийн газрыг 6.000.000 төгрөгт тооцож өгсөн, гэрээ цуцлагдсаны дараа  хариуцагч байгууллага нэхэмжлэгч ХХХХ д бэлэн мөнгөөр 56.000.000 төгрөгийг, мөн нэг өрөө 40.67 м.кв бүхий орон сууц, газрыг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул гэрээний гүйцэтгэлийг буцааж өгөх үүргээ хариуцагч биелүүлсэн  гэж үзнэ. /хх 102/ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” бөгөөд хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нэхэмжлэгч буюу гүйцэтгүүлэгч ХХХХ д орон сууцны урьдчилгаа төлбөрийг буцаан төлснөөр зохигчдын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ХХХ-ны “ХХХХ” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний дагуу бодит байдалд үнэ төлөөгүй төлөөгүй боловч 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр гүйцэтгээгүй үүрэгт 0.1 хувийн алдангид тооцож, нийт 23.573.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн 6.000.000 төгрөгийг нэмж тооцон 29.573.000 төгрөгийн авлагыг 28.000.000 төгрөгийн үнэд төлсөнд тооцож орон сууц авахаар тохиролцсон гэсэн тайлбарыг шүүх анхаараагүй байна. Алдангийн талаарх талуудын тохиролцоо нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилготойгоороо нэмэлт үүргийг үүсгэдэг тул талууд гэрээнээс татгалзсанаар гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг дуусгавар болж, гэрээгээр шилжсэн хөрөнгө буцаах, хохирол төлөх зэрэг үүрэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, дуусгавар болсон гэрээний үндсэн үүрэгт алданги тооцон, уг тооцоогоор өөр гэрээний үнэ төлөгдсөн гэж үзэж, хохирол шаардах эрх үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/02146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ХХХ-ны хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч ХХХ-ын төлсөн 298.000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО