| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2015/0004/З |
| Дугаар | 159/ШШ2016/0002 |
| Огноо | 2016-02-01 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2016/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2015/0004/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох,
Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын яам /цаашид БОНХАЖЯ гэх/-аар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь “Засаг даргын тодорхойлолтыг” Орхонтуул сумын засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн захирал *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Найдвартай төлөгч өргөмжлөлт “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 7978А, 201А тоот лицензүүдийг эзэмшиж уулын үйлдвэрлэлийн ажил явуулдаг юм. 201А талбайнхаа шороон ордыг олборлож дуусган улмаар үндсэн ордын хайгуулын ажлыг 2006-2011 онуудад компанийн хөрөнгө, өөрийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн юм. Ингээд манай байгууллага 2012 оны 06 сарын 08-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж тус газрын даргын 321 тоот тушаалаар “Монгол Улсын******* Сан”-д бүртгүүлж улмаар Техник Эдийн Засгийн үнэлгээ /цаашид ТЭЗҮ гэх/-г нь 2014 оны 10 сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл /цаашид ЭБМЗ гэх/ алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг хүлээлгэн өгсөн юм. Тус талбайн шороон ордыг ашиглах үедээ “*******” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ерөнхий үнэлгээ зэргийг бүгдийг хууль тогтоомжийн дагуу хийлгэж байсан.
Харин үндсэн ордоо ашиглаж эхлэхтэй холбогдуулан дээрх талбайд дахин шинээр байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг шинээр боловсруулан хийлгэх шаардлагатай болсон юм.
Ийнхүү “*******” ХХК-ийн зүгээс БОНХАЖЯ-аар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулахаар холбогдолтой бусад баримт бичгүүдийг бүрдүүлж байсан бөгөөд уг шаардлагатай баримт бичгийн жагсаалтын 4-т “Тухайн орон нутгийн засаг даргын тодорхойлолт” гэж тусгагдсан болно. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаярт хандан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар “Албан тоот хүсэх тухай” албан бичгээр хандсан, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/048 тоотоор “Хариу хүсэх тухай” албан бичгээр тус тус хандаж тодорхойлолт хүссэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй бөгөөд түүнээс удаа дараа шаардсан боловч ямар нэгэн тодорхой үндэслэл заахгүйгээр, эс үйлдэхүй хийж, “*******” ХХК-ийн эрх ашгийг ноцтойгоор хохироосоор байна. Ашигт малтмал ашиглагч нь үндсэн ордыг ашиглахын тулд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг батлуулж, үйл ажиллагаа явуулж буй газар дээр байлгах үүрэгтэй билээ. Ашигт малтмалын харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудад заагдсанаар Байгаль орчны Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг БОАЖНХЯ-аар гаргуулсаны үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай байдаг. БОНБҮТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. “9.3-д Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус заасан байдаг. Энэ хүрээнд байгаль орчны Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг БОАЖНХЯ-аар гаргуулах шаардлагатай бөгөөд ийнхүү ерөнхий үнэлгээний дүгнэлтийг эрх бүхий байгууллагаар гаргуулахын тулд тухайн орон нутгийн Засаг даргын тодорхойлолт шаардлагатай байгаа боловч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргаад байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус тодорхойлолтыг “*******” ХХК-д гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-аас Орхонтуул сумын Засаг даргын нэр дээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №15/041 тоот албан бичиг, түүний дараа хариу хүссэн тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №15/048 тоот албан бичгүүдтэй танилцлаа. Энэхүү албан бичигт заагдсан та бүхний гаргасан хүсэлт гэж бичсэн байна. Бидний зүгээс “*******” ХХК-ийн тухайн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт тавиагүй, харин тухайн тусгай зөвшөөрөл бүхий 201А талбайд байгаль, экологид учруулсан хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуул гэсэн чиглэл өгч байсан.
1. Уг албан бичиг нь утга авцалдаа ойлгомжгүй, мөн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хууль бусаар зохих зөвшөөрөлгүй ашиглалт явуулсан мөртлөө үүндээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргуулах гэж буй нь Монгол улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ... байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” .. гэж заасныг зөрчсөн.
2. Тухайн “201А” тусгай зөвшөөрөлтэй талбайд БОНХАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/2319 тоот албан бичгийн хавсралт 2015/01 дугаартай дүгнэлтэд “201А тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулж байгаагүй, ашиглалт явуулж эвдрэл учруулсан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тухай тодорхой дурдсан байх тул сумын Засаг даргаас ямар нэгэн санал, дүгнэлт өгөх шаардлагагүй.
3. “*******” ХХК-ийн ирүүлсэн албан бичигт дурдсанаар Засаг даргын тодорхойлолт гэж хүсээд байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчиж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т ... төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ... гэж заасан бөгөөд дээрх хуулийн засаг даргаас тодорхойлолт биш санал авах тухай заасан байна.
4. “*******” ХХКомпани нь 201А тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлөөс гадна холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг бүрэн авалгүйгээр өөрөөр хэлбэл хууль бусаар ашиглалт явуулж байгаль экологид хохирол учруулсан. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах биш харин байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах биш харин байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох “Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамаар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь “Засаг даргын тодорхойлолтыг” Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Тодорхойлолт” гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т дахь хэсэгт зааснаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримтыг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ гэж тус тус заажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... төсөл хэрэгжүүлэхэс өмнө хийнэ” гэжээ.
“*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 7978А, 201А тоот лицензүүдийг эзэмшиж уулын үйлдвэрлэлийн ажил явуулдаг, 201А талбайнхаа шороон ордыг олборлож дуусган улмаар үндсэн ордын хайгуулын ажлыг хийж дуусган, үүнийгээ 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, Ашигт малтмалын газрын даргын 321 тоот тушаалаар Монгол улсын Эрдэс баялагийн санд бүртгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 44 тоот тушаалаар Алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч үндсэн ордоо ашиглаж эхлэхтэй холбогдуулан дахин шинээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /ХХ-ийн 1-3 хуудас/, Ашигт малтмалын газрын даргын тушаал /ХХ-ийн 17-18 хуудсууд/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар тухайн сумын Засаг даргын санал нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэр мөн боловч бүрдүүлэх бичиг баримт нь төсөл хэрэгжүүлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос хамааралтай, харин сумын Засаг даргаас санал авах асуудал нь тусгайлан хуулиар зохицуулагдсан, захиргааны байгууллагын албан тушаалтнаас шууд хамааралтай, тэдний үйл ажиллагааны дүнд бий болдог асуудал юм. Сумын Засаг даргаас өгөх санал нь үр дагаврын хувьд Төрийн эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэрээ гаргахад шууд нөлөөлдөг, өөрөөр хэлбэл уг саналыг аваагүй байхад байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Засаг дарга санал өгч тодорхойлолт гаргаж өгснөөр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналын үндэслэлийг хянан үзээд үнэлгээний дүгнэлт гаргах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр хуулиар зохицуулагдсан байна.
“Засаг даргын санал” нь нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргаж буй, тодорхой тохиолдол буюу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх эсэхэд шийдвэрлэх ач холбогдол бүхий үр дагавартай, гадагш чиглэсэн үйлчилгээтэй, зохицуулалт бүхий, захиргааны албан тушаалтны өөрийнх нь хүсэл зоригоос шууд хамааралтай захирамжилсан шинжтэй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт мөн болно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг үндэслэж Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаал Аргачлал батлах тухай, Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоол Байгаль орчны үнэлгээний журам, БОНХ-ийн сайдын 2014 оны А-11 дүгээр тушаалаар Байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, Ерөнхий үнэлгээ хийх аргачлалыг тус тус заажээ.
Ерөнхий үнэлгээ хийх аргачлалдаа: Төсөл хэрэгжүүлэгч нь Ерөнхий үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргахдаа ... Тухайн орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, Уул уурхайн төслийн хувьд: тусгай зөвшөөрөл, эрх бүхий байгууллагаар баталсан ТЭЗҮ, нөөц баталсан шийдвэр гэх мэт гэж заажээ.
Жич: Дээрх материалын бүрдэл хангаагүй төсөлд Ерөнхий үнэлгээ хийх боломжгүй болохыг анхаарна уу гэжээ.
“*******” ХХК-ийн зүгээс БОНХАЖЯ-аар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь “Засаг даргын тодорхойлолтыг” дээрх шаардлагын дагуу Орхонтуул сумын Засаг даргаас тодорхойлолт гаргуулахаар хүсч албан бичиг хүргүүлсэн. /ХХ-ийн 1-3 хуудас, 5-18 хуудас, 74-79 хуудас/ зэрэг баримтуудаас тогтоогдож байна.
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заажээ.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад “*******” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар “Албан тоот хүсэх тухай” албан бичиг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/048 тоотоор “Хариу хүсэх тухай” албан бичгээр тус тус хандаж тодорхойлолт хүссэн боловч хариу өгч байгаагүй болох нь хариуцагчийн хариу тайлбар /ХХ-ийн 25-р хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 74 хуудас/, ирсэн болон явуулсан баримт бичгийн бүртгэл /ХХ-ийн 75-79 хуудас/ зэрэг баримтуудаас тогтоогдож байна.
Хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаярын гаргасан хариу тайлбарт “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч нь тухайн үнэлгээг дан ганц хуульд заасан эрх шинээр авахад шаардагдах үнэлгээ гэж ойлгон төсөл хэрэгжүүлэхээс өмнө гаргуулах асуудлыг орхигдуулсан байна.
Гэвч хуулийг өөрийн зүгээс тайлбарлан ойлгох нь тухайн асуудалд хариу өгөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Засаг дарга тухайн тодорхойлолтоор өөрийн саналаа илэрхийлэх нөхцөл боломж нь хуулиар нээлттэй байхад төрийн байгууллагын иргэдэд үйлчлэх үндсэн зарчмын хүрээнд өөрийн харьяалан шийдвэрлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолтыг Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тодорхойлолт гаргахыг хариуцагч Орхонтуул сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байх тул
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталж Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолтыг Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-д БОНХАЖЯ-аар ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолт гаргахыг хариуцагч Орхонтуул сумын Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА