Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 12

 

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00104 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: “КБ” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.С,

Хариуцагч: А.Б нарт  холбогдох,

Үндсэн зээл 32411745 төгрөг, хүү 7163754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618627 төгрөг, нийт 40194126 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “КБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.С, А.Б нар нь тус банктай 2013 оны 12 сарын 26-ны өдөр байгуулагдсан 3016-13/202 дугаартай Зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 50 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Улмаар зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2016 оны 04 сарын 22-ны өдөр “3016-13/202 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”, “3016-13/202 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0714002325 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Хилчин 2-1 тоот хаягт байрлах, 192 м.кв талбайтай авто граж, 000421783 гэрчилгээний дугаартай, 100502416 нэгж талбарын дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Хилчин 2-1 тоотод байрлах, 380 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ж.С нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 17588254.74 төгрөг, үндсэн хүүнээс  46789161.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 424434.79 төгрөг, нийт 64801842.24 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байсан учир тус банк нь  удаа дараа зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс гадна талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 32411745 төгрөг, хүү 7163754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618627 төгрөг, нийт 40194126 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийг хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.  Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие Капитрон банкнаас 2013 оны 12 сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл авсан нь үнэн. Энэхүү гэрээний дагуу зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж байсан. Үндсэн зээл болон зээлийн хүүг тус банкнаас буруу бодсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хариуцагч байгаа хэрнээ нэхэмжлэлийн шаардлага дээрээ Ж.Саас гаргуулж өгнө үү гэсэн нь хамтран зээлдэгч А.Б энэ хэрэгт хамааралгүй мэт бичсэн нь харагдаж байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээн дээр маргахгүй байгаа. 2013 онд анх зээлийн гэрээ байгуулагдаж 2016 оны 04 сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэлийн шаардлага болгоод байгаа үнийн дүн нь нийт 40194126 төгрөг, гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 26-ны өдөр дууссан байхад хүү бодоод байгаа, мөн бодсон хүүн дээрээ нэмэгдүүлсэн хүү бодоод байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэлтэйгээ хавсаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол дээр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хүү тооцсон байсан. Энэ илүү нэхэмжлээд байгаа мөнгөн дүн нь 2019 оны 11 сарын 24-ний өдөр хүү 636350.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71088.99 төгрөг, 2019 оны 12 сарын 21-ний өдөр хүү 615823.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73383.40 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр 1005844.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211487.16 төгрөг, нийт 2613977.8 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой гэж үзэж байна. Энэ үндэслэлгүй гаргаж ирсэн мөнгийг 40194126 төгрөгөөс хасахад 37580150 төгрөг болж байна. Зээлдэгч нар нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 64801842 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр албадан гаргуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэсэн байсан. Өнөөдөр 64801842 төгрөгийг төлсөн байхад нэмээд 40194126 төгрөг нэхэмжилж, дээрээс нь амьдралаа залгуулж байгаа гражийг нь хураачихаар энэ хүмүүс яаж амьдрах юм бэ, урьд хийсэн гэрээг бол үгүйсгээгүй. Тэгэхээр жилийн 22,8 хувийн хүүтэй аваад графикийн дагуу сард 1400000 төгрөг хариуцагч талаас тогтмол төлж байгаад жоохон доголдсон, учир нь Ж.Сын ээж нь хүнд хагалгаанд ороод бүтэн жил ажил нь зогссон. Ингээд хариуцагч талаас банкинд хүү болох 7000000 төгрөгийг бүтнээр нь төлөөд зээлийн гэрээнд цаашдаа өөрчлөлт оруулмаар байна гэсэн хүсэлт амаараа гаргаж байсан. Санаатайгаар банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн зүйл байхгүй. Үндсэн зээл дээр хариуцагч маргадаггүй. Гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой. Энэ нь нийт 2613977 төгрөг болж байгаа. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасах хууль зүйн үндэслэл байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад байгаа хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэсэн нь учир дутагдалтай байна гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ дууссаныг хэлж байгаа боловч түүнээс хойш хэрхэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодсон талаар хэлэхдээ зөвхөн банкны програмаар бодсон гэсэн. Банкны програм нь хуулиас давсан зүйл байж болохгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн байдаг. Энэ нь шүүхийн эрх хэмжээнд гаргаад өгсөн заалт байгаа. Зээл авснаас хойш хүүнд 46789161.71 төгрөгийг төлсөн, нийт 64801842.24 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байгаа...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.С, А.Б нараас үндсэн зээл 32411745 төгрөг, хүү 5934071.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118681.43 төгрөг, нийт 38464498.39 төгрөгийг гаргуулан “КБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1729627.61 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ж.С, А.Б нар нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, Хилчин 2-1 тоот хаягт байрлах 192 м.кв талбайтай Ү-0714002325 улсын бүртгэлийн дугаартай авто граж, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, Хилчин 2-1 тоот хаягт байрлах, 380 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000241783 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай газрыг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358921 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.С, А.Б нараас 350272.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгохоор,

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар давж заалдсан гомдолдоо: “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хариуцагчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Ж.Саас нийт 40194126 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байхад шүүх Ж.С, А.Б нараас 38464498.39 төгрөгийг гаргуулан “КБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос зөрсөн шийдвэр болсон. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч мөн адил Ж.Саас нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах тухай тайлбарласан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 2613977.8 төгрөгийг хасаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээ хийсэн өдрөөс хойшхи хугацаанд нийт 64801842.24 төгрөгийг төлсөн атал анхан шатны шүүх барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг ханга гэж шийдвэрлэсэн нь амьдралаа залгуулж байгаа хөрөнгийг хураавал хариуцагчийн амьдрал хүнд байдалд орох болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн шүүхийн эрх хэмжээнд байгаа заалтыг хэрэглээгүй. Иймд 104 дүгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай банкны зүгээс зээлдэгчээс барьцаа хөрөнгийг нь хураана гэж хэлээгүй. Зээлдэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж үзсэн. Хэвийн явагдаж байгаа ч энэ хүнд зээлээ төлөх сонирхол байхгүй. Нүдэн дээр үйл ажиллагаа нь хэвийн яваад байдаг. Би энэ ажлыг 2018 онд хүлээж авахдаа, зээлдэгчээс өдрөөр нь орлогоо хий, зээлийн нэмэгдүүлсэн хүү чинь ингэж бодогдоод явна гээд посс машин хүртэл байрлуулж өгсөн. Тэрнээс хойш зээлдэгч зээлийн ямар ч төлөлт хийгээгүй. Гомдолдоо ээжийн бие муу байна гэж хэлж байсан. Манайд хандахдаа ямар ч хүсэлт өгөөгүй. Манай банкны зүгээс эхнэртэй нь хамт дуудаж уулзаад өдөрт 20000 төгрөг хийгээч ээ эсвэл посс машин байрлуулж өгье гэж зөндөө хүссэн. Зээлдэгч нь зээлээ төлөх ямар ч сонирхолгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч Ж.С, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 32411745 төгрөг, хүү 7163754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618627 төгрөг, нийт 40194126 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар нар эс зөвшөөрч “...2 хариуцагч байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлага дээр Ж.Саас гаргуулж өгнө үү гэсэн, ... гэрээний хугацаа дууссан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон буюу зээл, зээлийн хүүг буруу бодсон, ... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгах, ... барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагыг хасаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 38464498.39 төгрөгийг хангаж, үлдсэнийг буюу 1729627.61 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “КБ” ХХК-иас хариуцагч нар нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, эргэлтийн хөрөнгө буюу багаж хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 50000000 /тавин сая/ төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн, улмаар хариуцагч нарын хүсэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, одоо гэрээний хугацаа дууссан, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0714002325 дугаарт бүртгэгдсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилчин 2-1 тоотод байршилтай авто гарааш зориулалттай, 192 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилчин 2-1 тоот, нэгж талбарын 100502416 дугаар бүхий, 380 м2 , гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий, эзэмших эрхийн 000421783 дугаар гэрчилгээтэй газрыг тус тус барьцаалсан, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн болох нь тус тус тогтоогдсон, зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

            Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлд заасан хариуцагч нарыг зөв тогтоосон байх ба энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1, 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тус тус нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “... тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ...” журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаар Ж.С, А.Б нарыг зааж, гагцхүү нэхэмжлэлийн агуулга, үндэслэл хэсэгт хариуцагч Ж.Саас төлбөрийг гаргуулахаар дурдаж, улмаар шүүх хуралдаанд энэ талаар тайлбараа гаргаж хариуцагчаар Ж.С, А.Б нарыг зааж, тэдэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан талаараа тодорхой дурджээ.

 

            Энэ нь нэхэмжлэгч хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба нэхэмжлэгч нэгэнт хариуцагч А.Болор-Эрдэнийг хариуцагчаар зааж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тэрээр хэргийн оролцогчийн эрхийг эдлээгүй гэх нөхцөл үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй буюу тэрээр хариуцагч Ж.Сд итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг төлөөлж Ж.С оролцсон, мөн хариуцагч А.Б нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд анхан шатны шүүх энэ талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч А.Б, Ж.С нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тэднээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь энэхүү хууль болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

 

            Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх боловч энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн хийсэн зээлийн хүүгийн талаарх тооцооллыг буруутгах боломжгүй, улмаар энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

            Мөн хариуцагч талаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэснийг үндэслэж хүүгийн хэмжээ өндөр байгаа талаар татгалзалдаа дурдсан байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчдын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээ буюу жилийн 22,8 хувь, сарын 1,9 хувь хэмжээг хариуцагч нарт буюу зээлдэгч нарт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

            Иргэний хуулийн бүтэц, агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зээлийн хүүг багасгах тухай зохицуулалт нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамааралтай байх ба харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэгт хамаарч байгаа болно.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд энэхүү гэрээний үүргийг хангах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нар нь дээр дурдсан эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 165, 166 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах журмыг зөрчөөгүй, улмаар Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь хангагдах шаардлагатай салшгүй холбоотой салгаж үл болох эрх юм.

 

            Анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн бөгөөд харин энэхүү шаардлага нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэх үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд хэрэгжих учиртай ба хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлсэн нөхцөлд барьцааны эрх дуусгавар болно.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

             Хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагч Ж.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдах гомдол гаргахад хариуцагч Ж.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                             ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                               Н.БАТЧИМЭГ