Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2016/0004

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 Хэргийн индекс: 006/2014/0035

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ц.Байгалмаа, Ж.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: П.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, “Шитех пүүс” ХХК-ний захирал Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч П.Энхтуяа миний нэр дээр уг Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1-р хавсралтын 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжийн “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:

            Иргэдийн төлөөлөгч: С.Баасанжаргал

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Онги

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч буюу гуравдагч этгээд Ц.Батнанжин, Д.Уламбаяр нарын төлөөлөгч: П.Батжаргал

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болор-Эрдэнэ

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхсоёл

            Гуравдагч этгээд “Сэлэнгэ оюу” ХХК-ний өмгөөлөгч: А.Мөнхбат

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний аав Дашцэрэнгийн Пүрэвсүрэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Цэвээн-Очирын 2001 оны 203 тоот захирамжаар тус сумын Баянхааны 4 дүгээр багт 9200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан юм. Аав маань 2005 онд нас барсан бөгөөд хуулийн дагуу би түүний өв залгамжлагч тул дээрх газрыг өвлөн авахаар материал бүрдүүлэн 2006 онд хуулийн хугацаанд нь багтаан нотариатаар өв залгамжлах эрхээ нээлгэж баталгаажуулан уг газраа авсан юм. Уг газрын төлбөрийг 2001 оноос өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн бөгөөд газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар аймгийн Газрын албанд хүсэлт гаргатал, Сүхбаатар сумын Засаг дарга Н.Чойжамц 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжийн дагуу уг газрыг маань хууль бусаар “Сэлэнгэ-Оюу” ХХК-нд давхардуулан олгосон байсан. Иймд газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтын дагуу Сүхбаатар сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Чойжамцын гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгож Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч Д.Энхтуяа миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан. Уг өргөдлийг шийдвэрлүүлэхээр Засаг дарга аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн бөгөөд тус газраас янз бүрийн шалтгаан хэлж хугацаа хожиж хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэн бөгөөд хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй харин манай газраас тодорхой хэсгийг хасч “Сэлэнгэ-Оюу” ХХК-нд оруулахаар газрын албаны дарга улаарч зүтгэсээр байсан. Ийнхүү би төрийн байгууллагын даргын хүнд суртал, хувийн ашиг сонирхолын улмаас аргагүй эрхэнд орж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Онги “Сэлэнгэ-Оюу” компанийн захирал н.Хонгорзул нар уулзан газрын асуудлаар дахин маргаан гаргахгүй байх асуудлаар харилцан тохиролцож хөршийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд “Сэлэнгэ-Оюу” компанийг төлөөлж Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж гарын үсэг зурсан байна. Ингэж хөршийн гэрээ байгуулснаар миний бие өөрийн газраасаа 846 м.кв газрыг “Сэлэнгэ-Оюу” компанид тасалж өгч байгаа юм. Энэ нь газрынхаа шийдвэрийг хурдан гаргуулж үйл ажиллагаа явуулахын тулд аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл юм.

            Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамжийн төслийг Газрын албаны мэргэжилтэн Б.Болормаа боловсруулж төсөлд санал авах хуудсыг аймгийн ЗДТГазрын хэлтсүүдэд танилцуулан 9 хүнээр гарын үсэг зуруулаад Засаг даргын орлогч бөгөөд “Сэлэнгэ-Оюу” компанийн төлөөлөгч Н.Батдорж дээр ороход П.Энхтуяа миний нэр болон “Сэлэнгэ-Оюу” компанийн нэрийг захирамжийн төслийн хавсралтаас хасч дахин оруулж ирэхийг шаардсан байна. Иймийн учир миний бие төлөөлөгч Л.Онги “Сэлэнгэ-Оюу” компанийн захирал н.Хонгорзулаас энэ талаар тодруулахад: “Би ажлаа өгч байгаа Н.Батдорж өөрөө захирал болж байгаа цаашид энэ талаар надад хандах шаардлагагүй Батдоржтой учраа ол” гэсэн хариу өгсөн. Л.Онги дээрхи хариуг авсаны дараа аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржтой орж уулзахад “Энэ газрын захирамжийн төсөлд би гарын үсэг зурахгүй. Миний компани ямар ч газаргүй боллоо, чамтай шүүхдэнэ, шүүх дээр уулзана” гэсэн хариуг авч өрөөнөөс нь гарсан байна.

            Миний бие энэ газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Лувсандорж овогтой Онгид 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Газрын гэрчилгээ авах, түүнтэй холбоотой баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах гэсэн итгэмжлэл хийж нотариатаар баталгаажуулсан гарын үсэг зурж өгсөн. Үүнээс хойш энэ газрын асуудлыг шийдэлгүй өдийг хүрсэн шалтгаан нь “Сэлэнгэ-Оюу” компанийн ард талд аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж холбоотой байж Газрын албаны дарга түүнд үйлчилсээр өнөөдрийг хүргэсэн нь тодорхой байна. Энэ үйлдлээрээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч бөгөөд “Сэлэнгэ-Оюу” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батдорж нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 8.2, 11.1, 12.1, 14.1, 18.1, 20.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Сэлэнгэ-Оюу” ХХК-д газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгож уг газрын хууль ёсны эзэмшигч П.Энхтуяа миний нэр дээр болгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч 2015.01.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, “Шитех пүүс” ХХК-ийн захирал Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч Д.Энхтуяа миний нэр дээр уг Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 м.кв газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах” тухай гэж өөрчилжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээрс сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1-р хавсралтын 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжийн “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн 1-р хавсралтаар “Шинэ техник технологи” ХХК-ний эзэмшлийн 9200 мкв газраас 971 мкв газрыг 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-нд давхцуулан газар олгосон тухай тайлбар, холбогдох газрын байршлын зургийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 1/110 тоото албан бичгээр ирүүлсэн хавтаст хэргийн 50-52-р хуудсанд авагдсан байдаг. Уг албан тоотод “МБМХ” ХХК-нд эзэмшил газрыг эзэмших эрхээ “Грийн полис” ХХК-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар шилжүүлсэн.... дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гарсан тохиолдолд “Грийн полис” ХХК-ний эзэмшил газартай давхардсан 971 мкв газруудыг хасч тооцвол 6728 мкв газар үлдэж байгаа юм гэжээ. Иймд Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын дээрх шийдвэрүүд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан маргаан бүхий газартай холбогдож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот захирамжаар Баянхааны 4-р багт “Шитех пүүс” ХХК-д 9200 мгазарт эзэмшүүлэхээр захирамж гарсаны дагуу 171200398 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад зааснаар Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэж заасан байдаг боловч сумын засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар “Сэлэнгэ-Оюу” ХХК-д 7357.6 м2 газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

            “Шитех пүүс” ХХК нь одоог хүртэл эзэмшиж буй газраа тэмдэгжүүлж / хашаа бариагүй / кадастрын зурагт оруулж бүртгүүлээгүй бөгөөд эзэмшиж буй газарт одоог хүртэл ямар нэгэн газрын эрх шилжилт хийгдсэн нэр өөрчлөгдсөн талаархи мэдээлэл газар эзэмших эрхийн улсын эрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д газар эзэмшигч аж ахуй нэгж байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Шитех пүүс” нь нэр хариуцлагын хэлбэрээ өөрчилж “Шинэ техник технологи” ХХК болгон өөрчлөгдөж 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан байна гэж ирүүлжээ. Иймд “Шитех пүүс” ХХК-ийн газар эзэмших эрх 2006 онд дуусгавар болсон байна. Иймд Сүхбаатар сумын Засаг дарга 2008 онд “Сэлэнгэ-Оюу” ХХК-д эзэмшүүлсэн дээрхи газар нь “Шитех пүүс” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхардсан гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг бөгөөд “Шитех пүүс” ХХК нь газрын төлбөрийг 2013.03.23-ны өдөр 1014300 төгрөг, 2014.01.14-ны өдөр 82800 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.

            Тэгсэн боловч 2013 оны 12 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймаг ГХБХБГазраас манай суманд ирүүлсэн албан бичгийг судалж үзээд маргаан гаргаж буй дээрхи 2 байгууллагатай холбогдон хугацаа тохирон 2014.02.18-ны өдөр уулзаж “Сэлэнгэ-Оюу” ХХК-ийн эзэмшил газартай хөршийн гэрээ хийж баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Энэ нь газрын байршил дээр ямар  нэгэн маргаангүй гэсэн утга илэрхийлнэ. Дээрхи хөршийн гэрэгээр “Шитех пүүс” ХХК нь “Сэлэнгэ-Оюу” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газрыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 395 тоот захирамжийн дагуу 2009 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд дээрхи газар хамаарагдах болсон. Иймд сумын Засаг даргын газрын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудалд хамаарахгүй тул Сумын Засаг дарга хариуцагч байх боломжгүй байна гэжээ.

 

            Хамтран хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Пүрэвсүрэнгийн Энхтуяа нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “Шитех пүүс” ХХК нь аймгийн Засаг даргад 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасаныг харьяалалын дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн судалж үзэхэд дараах асуудлууд гарч ирсэн. Үүнд:

            1. “Шитех пүүс” ХХК-ийн эзэмшил газар нь Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар олгосон “Сэлэнгэ-Оюу” ХХК-ийн газартай зарим хэсгээрээ давхацсан байв. /Эзэмшил газрын давхацсан байдлыг зургаар харуулж хавсаргав. Зураг №1/

            2.Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр “Шитех пүүс” ХХК-ийн эзэмшилд олгогдсон газар доогуур дулааны салбар шугам дайран гардаг бөгөөд өнгөрсөн онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 644,0 сая төгрөгийн санхүүжилттэй 741 метр урт шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн нь нотолгоо болно.

            3.Мөн “Шитех пүүс” ХХК-ийн эзэмшил газар, Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тоот захирамжийн хавсралтын 1-д 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-ийн эзэмшил газруудын хооронд 971м2 хэмжээтэй давхцал үүссэн байна. “МБМХ” ХХК нь энэхүү газрын маргааныг үүсэхээс өмнө буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар “Грийн полис” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн юм. Эдгээр нь кадастрын зургаар тодорхой харагдаж байна. /“МБМХ” ХХК  болон “Грийн полис” ХХК-ийн эзэмшилд олгогдсон материалуудыг хавсаргав./

            4. “Шитех пүүс” ХХК, “Сэлэнгэ-Оюу” ХХК-иудын эзэмшил газар зарим хэсгээрээ давхардаж олгогдсон маргаантай байгаа учир хөршийн гэрээ байгуулах замаар уг маргааныг зохицуулах боломжтой гэсэн санал тавьсан боловч 2 тал тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас шүүхэд хандацгаасан тул шийдвэрлэх ажиллагаа зогссон. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гарсан тохиолдолд П.Энхтуяад 9200 м2 газрыг олгох боломжгүй дулааны шугамын хамгаалалтын зурвас газарт хамааралтай 1501 м2, “Грийн полис” ХХК-ийн эзэмшил газартай давхардсан 971 м2 газруудыг хасч тооцвол 6728 м2 газар үлдэж байгаа юм. “Шитех пүүс” ХХК-д анх олгосон газар, “Сэлэнгэ-Оюу” ХХК-ийн эзэмшилтэй давхацаж байгаа газар, дулааны шугам түүний хамгаалалтын зурвас, “Грийн полис” ХХК-ийн эзэмшил газар болон газар олгох боломжтой байх хувилбар зэргийг зургаар харуулж хавсаргав гэжээ

            Гуравдагч этгээд Ц.Батнанжин бие даасан шаардлагадаа:  Ц.Батнанжингийн нэхэмжлэлтэй татан буугдсан “Шинэ техник технологи” ХХК-ний эрх залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон тул миний бие энэ хэрэгт бие даасан шаардлагыг дараахь үндэслэлээр гаргаж байна.

            1.Хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 тооот захирамжийн 1 дүгээр хавсралтаар “Шинэ техник технологи” ХХК-ний эзэмшлийн 9200мкв газраас 971 мкв газрыг 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-нд давхцуулан газар олгосон тухай тайлбар, холбогдох газрын байршлын зургийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 1/110 тоот албан бичгээр ирүүлсэн хавтаст хэргийн 50-52 дугаар хуудсанд авагдсан байдаг. Уг албан тоотод “МБМХ” ХХК-нд эзэмшил  газрыг эзэмших гэрээ “Грийн полис” ХХК-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 тоот захирамжаар шилжүүлсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан тохиолдолд “Грийн полис” ХХК-ний эзэмшилийн газартай давхардсан 971 мкв газруудыг хасч тооцвол 6728 мкв газар үлдэж байгаа юм гэснээс үзэхэд “Шинэ техник технологи” ХХК-ний эзэмшлийн 9200 мкв газраас 971 мкв газрыг “МБМХ” ХХК-нд давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.

            2.Миний талийгаач нөхөр Д.Пүрэвсүрэн 1991 онд “Шетих пүүс” ХХК үүсгэж байгуулж 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Шинэ техник технологи” ХХК  болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөн байгуулж 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компаний улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа компаниа Ц.Батнанжин намайг оролцуулан 2 гишүүнтэйгээр бүртгүүлсэн юм. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр намайг уг компаниа эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Шетих пүүс” ХХК-д /миний нөхөр Д.Пүрэвсүрэнд/ Сүхбаатар сум Баянхааны 4 дүгээр баг “Шүдэнз” ХХК-ний зүүн урд талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 92мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж 171200938 дугаартай гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

            Гэтэл Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар “Шитех пүүс”-ийн эзэмшлийн газартай давхцуулан “Сэлэнгэ Оюу” ХХК-д газар олгосон байна. “Сэлэнгэ Оюу” ХХК-д олгосо газрын хил дотор тухайн үед “Шинэ техник технологи” ХХК-ний балансад бүртгэгдсэн, тус компаний 9200мкв газар дээр байршилтай 160 кв талбайтай зоорь, цементен талбай бүтнээрээ, үйлдвэрлэлийн зориулалттай 7500м куб барилгын зарим хэсэг орсон байдаг.

            “Шитех пүүс”-ийн эзэмшлийн газартай давхцуулан “Сэлэнгэ Оюу” ХХК-д газар олгосон нь Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгохоор энэхүү бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байр 20 тоотод оршин суух иргэн П.Энхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2-р багийн иргэн Л.Онги нар нь  Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технолги” ХХК-ний захирал Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч П.Энхтуяа миний нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын 2864061 регистрийн дугаартай “МБМХ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай захирамжийн “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, шүүх хуралдааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “Грийн полис” болон нэр бүхий иргэдэд давхардуулж олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч П.Энхтуяа нь уг газрын маргаантай асуудлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар уг өргөдлийг хянаад хариуг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/363 албан тоотоор хүлээн авснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжтой байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

“Шинэ техник технологи” ХХК татан буугдсан эсэх талаар

          Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 1317000041 бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт хийсэн үзлэгээр баримтжуулан авсан нотлох баримтаар “Шитех пүүс” болон “Шинэ техник технологи” ХХК-тай холбоотой дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

          Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссийн 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай захирамжаар 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдагдсан Шүдэнзний үйлдвэрийн хуучин уурын зуухны барилгыг Дашцэрэн овогтой Пүрэвсүрэнд олгожээ. /хх-н 202/

          Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссийн 1991 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 67 дугаартай эрхийн гэрчилгээгээр 120000 төгрөгний үнэ бүхий Шүдэнзний үйлдвэрийн уурын зуухны байр, 9200 мкв талбайн хамт өмчлүүлжээ.

          “Шитех пүүс”-ийн 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийдвэрээр “Шитех пүүс”-д барилга, хүнсний чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч 127965 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтас 11-р хуудас/ олгожээ.

          1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компанийн гэрээ, дүрмийг үндэслэн “Шитех пүүс” нь “Шинэ техник технологи” ХХК болж нэрээ өөрчилж Д.Пүрэвсүрэн захиралтай, хоёр гишүүнтэй гадаад, дотоод худалдаа эрхлэх зориулалттай 2001071 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Сэлэнгэ аймгийн дэргэдэх Татварын хэлтсээс авчээ. 

          Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших, ашиглах, зөвшөөрөл олгох тухай захирамжаар “Шитех пүүс”-д Баянхааны 4 дүгээр баг “Шүдэнз” ХК-ний урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 9200 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ. /хх-н 07-10-р хуудас/

          2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр “Шинэ техник технологи” ХХК-ний захирал Д.Пүрэвсүрэн нь 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан үндэслэлээр түүний төрсөн охин П.Энхтуяад Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р багт байрлах 000189431 тоот гэрчилгээтэй Ү-1317000044 улсын бүртгэлийн дугаартай 7500 метр куб, 160 мкв талбайтай үйлдвэрлэл, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 9200 мкв эзэмшлийн газрын хамт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

          Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 301 дугаартай шийдвэрээр Сүхбаатар сумын тойргийн нотариатч Р.Төгсбаярын П.Энхтуяад олгосон 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ. /хх-н 88-89/

          Нэхэмжлэгч талаас 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Пүрэвсүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар Үндэсний шуудан сонинд зарлуулсан байх бөгөөд зарыг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэс болон Сүхбаатар тойргийн нотариатчид хандаж өргөдөл гаргаж 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр П.Энхтуяад улсын бүртгэлийн Ү-1317000041 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 03 дугаар сарын 28-ний өдөр Д.Пүрэвсүрэнд улсын бүртгэлийн Ү-1317000041 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг дахин олгожээ. /ХХ-226/

          Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтсээс “Шинэ техник технологи” ХХК-ний үүсгэн байгуулагдахтай холбоотой, татан буугдсан эсэх талаар лавлагаа авахад тус компани нь 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан тухай хариуг албан тоотоор ирүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2009 онд Татварын хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэст хувийн хэргийг шилжүүлсэн талаар хариу ирүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх аж ахуйн нэгжийн хувийн хэрэг, архивт  үзлэг хийж шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч “Шинэ техник технологи” ХХК-ийг татан буулгах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй болох нь үзлэгийн явцад тогтоогдож, уг хуулийн этгээдийг татан буугдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь:

          Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ... компанийг татан буулгахад хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана ... 26.2-д шүүх компанийг дор дурьдсан үндэслэлээр татан буулгана ... 26.2.1-д дампуурсан, 26.2.2-д нэг ч гишүүн үлдээгүй, 26.2.3-д хуульд заасан бусад үндэслэлээр,

          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ... хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь...мэдэгдэлд хавсаргана, 24.2-т Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс ....хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэнэ, 24.3-т энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн бүртгэх байгууллага .... хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийхэээр,

          Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг шүүхийн журмаар татан буулгах үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд үүнээс дүгнэж үзэхэд “Шинэ техник технологи” ХХК-ийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэээр татан буулгасан эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гараагүй, татан буулгасан тухай эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гараагүйн улмаас улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчиж татан буулгах тухай шийдвэрийг мэдэгдлийн хамт хүлээж аваагүй боловч улсын бүртгэлд татан буугдсанаар бүртгэж бичилт хийсэн, Компаний тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан субъектийн зүгээс хуулийн этгээдийг татан буулгах талаар ямар нэг шийдвэр гарсан болох нь үзлэгийн явцад хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

          Татварын байгууллагын 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийг татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт хэрэгт авагдсан боловч а/ татан буулгах шийдвэрийн огноо дугаар байхгүй, б/ өргөдөл гаргагч этгээдийн тэмдэглэгээ байхгүй, компаний эрх залгамжлагч, өв залгамжлагчийн талаар тодруулж шалгаагүй зөвхөн татвар төлөгч нас барсан үндэслэлээр уг өргөдлийг татварын улсын байцаагч бүртгэх байгууллагад гаргасан байна.

          “Шинэ техник технологи” ХХК татан буугдсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан үндэслэлээр уг компаний газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

          Мөн 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Шитех пүүс”, “Шинэ техник технологи” ХХК болон нэрээ өөрчилж улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ авахад гишүүдийн тоо 2 / хоёр / гэж бүртгүүлсэн байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр тус компаний эрх залгамжлагчаар компаний захирал Д.Пүрэвсүрэнгийн эхнэр Ц.Батнанжинг компанийн эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Д.Пүрэвсүрэнгийн охин П.Энхтуяаг өв залгамжлагчаар тогтоосон Сүхбаатар тойргийн нотариатчийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байгаа зэрэг нь “Шинэ техник технологи” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрын талаар охин П.Энхтуяа,  эхнэр Ц.Батнанжин нар шүүхэд өмчлөх эрх болон эзэмших зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргах, гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргах бүрэн эрхтэй байна.

Газар эзэмших эрх давхцуулан олгосон эсэх талаар

          Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаартай “Газар эзэмших, ашиглах, зөвшөөрөл олгох тухай захирамжаар “Шитех пүүс”-д Баянхааны 4-р баг “Шүдэнз” ХК-ний урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 9200 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Үүнээс хойш дээрх 223 дугаартай хүчин төгөлдөр захирамжтай  давхцуулан дараах компаниудад газар эзэмших  эрх олгож гэрээ байгуулж гэрчилгээ олгожээ. Үүнд:

          Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Сэлэнгэ Оюу” ХХК-д 7357.6 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Шитех пүүс”-ийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн 4931 мкв газартай давхардуулан олгосон.

          Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 295 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “МБМХ” ХХК-д 26583 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Шитех пүүс”-ийн эзэмшлийн  971 мкв газартай давхардуулан олгосон

          Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “МБМХ” ХХК-ний 26583 мкв газар эзэмших эрхийг “Грийн полис” ХХК-д 26562 мкв болгон шилжүүлсэн. /Захирамжийн 5 дахь заалтаар “МБМХ” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон./

          Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “Грийн полис” ХХК-ний эзэмшлийн 26562 мкв газар эзэмших эрхийг “Грийн полис” ХХК-д 23567 мкв, иргэн Ч.Нарангэрэлд 628 мкв, иргэн М.Доржсүрэнд 625 мкв, иргэн Д.Цогтбаатарт 627 мкв, иргэн Ч.Насанжаргалд 630 мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн. /Захирамжийн 5 дахь заалтаар “Грийн полис” ХХК-д  газар эзэмших эрх шилжүүлсэн А/386 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон./

          Хариуцагч нар нь эдгээр захирамжуудыг гаргахдаа зөвхөн “Шинэ техник технологи” ХХК татан буугдсан тул газар эзэмших эрх дуусгавар болсон гэх үндэслэлийг иш үндэс болгон газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас биш тухайн газрыг эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлага болсон  хүсэлт гаргасан газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, бусдын эзэмшил газартай давхцсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоолгүй бусдад олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...  гэснийг зөрчсөн болох нь хариуцагчийн өөрийн тайлбар /2-р хавтас хх-н 50-53/, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын тодорхойлолт /2-р хавтас хх-н 36/, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэжаргалын маргаантай газарт газрыг хэрхэн давхцаж байгааг мэдээллийн сангаас харуулсан тойм зураг /2-р хавтас хх-н 52/ шүүхээс Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл фото зураг, баримтжуулан авсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгч П.Энхтуяа нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технологи” ХХК-ний эзэмшлийн 9200 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаруулахыг хүссэн өргөдөл холбогдох 10 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч хуулийн хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан бөгөөд хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар ирүүлээгүй харин тухайн газарт эзэмших эрх олгох боломжгүй, дулааны шугамын зурвас, бусдын буюу сүүлд “Сэлэнгэ Оюу” ХХК болон “Грийн полис” ХХК-д олгосноос бусад газар олгох боломжтой байх хувилбар гэх мэт ойлгомжгүй тайлбарыг ирүүлжээ.

          Үүнээс дүгнэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, баталгаажуулах, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ хариуцагч нь /Сэлэнгэ аймгийн Засаг дарга/ шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:

          Нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан “Шитех пүүс”-ийн эзэмшилд хүчин төгөлдөр байгаа 9200 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулж гэрчилгээ гаргуулахыг хүссэн өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан бөгөөд шинээр ямар нэг газар эзэмших хүсэлт гаргаагүй, хариуцагчийн дээрх эс үйлдэхүй нь хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өв залгамжлах эрхийн тухайд

          Нэхэмжлэгч П.Энхтуяа нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар тойргийн 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр 2 /хоёр/ гишүүнтэй “Шинэ техник технологи” ХХК-ний өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг уг компанийн захирал  төрсөн эцэг Д.Пүрэвсүрэн нас барсан үндэслэлээр өвлөн авчээ. 

          Хавтаст хэрэгт цугларсан баримтаар 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлэх маягтад захирал Д.Пүрэвсүрэн, түүний төрсөн дүү Д.Уламбаяр нарыг үүсгэн байгуулагч хоёр гэж өргөдлөө гаргаж /1-р хавтас хх-н 235/ 1996 онд улсын бүртгэлд бүртгүүлж хоёр гишүүнтэйгээр гэрчилгээ авсан тул Д.Уламбаярыг компаний эрх залгамжлагч гэж үзэх үндэслэлтэй боловч  Д.Уламбаяр нь төрсөн ахын охин П.Энхтуяатай эрх залгамжлах болон өв залгамжлах талаар ямар нэг маргаан гаргаагүй талаар бичгээр мэдэгджээ/

          Дээрх 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг  нотариатч Р.Төгсбаяр олгохдоо Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч нотариатч Р.Төгсбаярын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай П.Энхтуяад дээрх компанийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг өвлүүлсэн гэрчилгээг хүчингүй болгоогүй уг гэрчилгээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч П.Энхтуяаг өв залгамлах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:

          Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т ... хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өвлөх эрх нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.. гэснээс үзэхэд П.Энхтуяа нь төрсөн эцэг Д.Пүрэвсүрэнг 2005 оны 05 дугаар сарын 05-ний өдөр нас барснаас хойш нэг жилийн дараагаас буюу 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хэдий хугацааны дараа ч өв залгамжлах эрхтэй байна.

          Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт тайлбар, мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Батнанжингийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн “Сэлэнгэ Оюу” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 4931мкв давхардсан хэсгийг, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1-р заалтын “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 971мкв давхардсан хэсгийг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технолги” ХХК-ний захирал Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч П.Энхтуяагийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн  “МБМХ” ХХК-д холбогдох хэсгийг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч нараас тус бүр 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Энхтуяа-д олгосугай.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР

                         ШҮҮГЧ                                   Ц.БАЙГАЛМАА

                                                                 Ж.БУРМАА